Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Элч Паул өөрийгөө «дутуу төрсөн» гэсэн нь ямар утгатай вэ? (1 Коринт 15:8).

1 Коринт 15:8-ыг үзвэл Паул: «Хамгийн сүүлд нь дутуу төрсөн мэт надад үзэгдсэн юм» гэж хэлсэн. Бид үүнийг Паул сүр алдарт Есүсийг харсан үзэгдлийнхээ тухай ярьсан гэж тайлбарладаг байсан. Өөрөөр хэлбэл, тэнгэрт амилах хүмүүс үл үзэгдэх биетэй болж төрсний дараа сүр алдарт Есүсийг харах байсан боловч Паул хожим эдлэх энэ завшааныг бусдаасаа олон зуун жилийн өмнө мэдэрсэн. Гэхдээ үүнийг илүү сайн судалснаар энэхүү тайлбарыг өөрчлөх шаардлага гарсан.

Паулыг Христийн дагалдагч болох үед тохиолдсон үйл явдлыг энэ зүйлд дурдсан нь үнэн. Гэхдээ «дутуу төрсөн» гэсэн нь ямар утгатай вэ? Дараах утгаар хэлсэн байж магадгүй.

Паул Христийн дагалдагч болсон нь гэнэтийн, цочирдмоор явдал байсан. Хүүхэд дутуу төрөх нь ихэнхдээ гэнэт тохиолддог. Саул (хожим нь Паул гэж нэрлэгддэг болсон) Христийн дагалдагчдыг хавчих зорилгоор Дамаск руу явж байхдаа амилсан Есүстэй уулзана гэж санаа ч үгүй байв. Тийм учраас Христийн дагалдагч болсон нь өөрт төдийгүй Дамаскийн Христийн дагалдагчдад ч гэнэтийн явдал болов. Бас Паул Есүсийг харсандаа цочирдож хэдэн өдөр юу ч харахгүй болсон (Үйлс 9:1–9, 17–19).

Паул Христийн дагалдагч болсон нь «цагаа олоогүй» хэрэг байв. «Дутуу төрсөн» гэж орчуулсан грек үгийг бас «цагаа олоогүй төрсөн» гэж орчуулж болно. «Иерусалим Библи»-д энэ зүйлийг «Хэний ч санаанд ороогүй үед би төрсөн» гэж орчуулсан. Паулыг дагалдагч нь болох үед Есүс аль хэдийн тэнгэрт гарчихсан байв. Библийн өмнөх зүйлүүдэд дурдсан хүмүүс амилсан Есүсийг тэнгэрт гарахаас нь өмнө харсан бол Паул тэгээгүй (1 Кор. 15:4–8). Гэхдээ дараа нь Есүстэй гэнэт уулзсан нь «цагаа олоогүй» мэт санагдсан боловч амилсан Есүсийг харах сайхан боломж байв.

Паул даруу байсан. Зарим эрдэмтний үздэгээр «дутуу төрсөн» гэж Паулын хэлсэн энэ үг дорд үзсэн шинжтэй ажээ. Хэрэв Паул энэ утгаар бичсэн бол өөрийгөө элч байх зохисгүй хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг. Энэ тухайгаа цааш нь «Би элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь бөгөөд элч байх хүндтэй хүн биш ээ. Яагаад гэвэл би Бурхны хурлыг хавчиж явсан. Харин Бурхны нигүүлслээр би одоогийн би болсон» гэжээ (1 Кор. 15:9, 10).

Тэгэхээр Паул Есүстэй гэнэт уулзсанаа, Христийн дагалдагч болсон нь цагаа олоогүй явдал байснаа, эсвэл ийнхүү Есүстэй ер бусын аргаар уулзах зохисгүй нэгэн гэдгээ бичсэн байж болох юм. Аль нь ч байсан Паул үүнийг эрхэмлэдэг байсан нь лавтай. Бас энэ явдал нь Есүс амилсанд итгэх нотолгоо нь болсон. Паул амилсан Есүсийн тухай дэлгэрүүлэхдээ энэ санаанд оромгүй явдлыг олонтоо ярьдаг байсан нь гайхах зүйл биш (Үйлс 22:6–11; 26:13–18).