Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 3

Ехова ажил үйлсийг бүтэмжтэй болгодог

Ехова ажил үйлсийг бүтэмжтэй болгодог

«Ехова Иосефтой хамт байж, ... түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байв» (ЭХ. 39:2, 3)

ДУУ 51 Бид Еховад үнэнч

ТОЙМ a

1, 2. а) Сорилт тулгарахад бид яагаад гайхдаггүй вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

 ЕХОВАГИЙН ард түмэн сорилт учрахад гайхдаггүй. Учир нь Библид «Бид их зовлон үзэж байж Бурхны Хаант төрд орох учиртай» гэж байдгийг мэддэг (Үйлс 14:22). Мөн «үхэл байхгүй, ... гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болох» Бурхны шинэ ертөнцөд амьдрах тэр цаг хүртэл зарим асуудал бүрэн шийдэгдэхгүй байж болохыг ч ойлгодог (Илч. 21:4).

2 Ехова бидэнд сорилт учрахыг зөвшөөрдөг ч тэвчихэд тусалдаг. Элч Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ юу гэж хэлснийг анхаараарай. Тэрбээр өөрт нь болон ах дүү нарт нь тулгарсан янз янзын сорилтыг эхлээд дурдсан. Тэгээд «биднийг хайрладаг нэгний ачаар энэ бүхнийг ялдаг» гэж бичжээ (Ром 8:35–37). Өөрөөр хэлбэл сорилт тулгараад дуусаагүй байхад ч гэсэн Ехова таны ажил үйлсийг бүтэмжтэй болгоно гэсэн үг юм. Одоо Ехова Иосефт хэрхэн тусалж ажил үйлсийг нь бүтэмжтэй болгосон болон танд хэрхэн туслахыг ярилцъя.

ГЭНЭТИЙН ӨӨРЧЛӨЛТ ГАРАХАД

3. Иосефын амьдрал хоромхон зуур хэрхэн өөрчлөгдсөн бэ?

3 Яаков хүү Иосефтоо маш их хайртай байсан нь илэрхий байв (Эх. 37:3, 4). Тийм учраас том хөвгүүд нь дүү Иосефтоо атаархдаг болов. Тэд түүнийг боломж гарангуут мидиан наймаачдад худалддаг. Ингээд Иосефыг олон зуун километрийн цаана орших Египетэд аваачаад дахин худалдсан. Энэ удаа түүнийг фараоны ордны харуулын захирагч Потифарт худалджээ. Ийнхүү аавын хайртай хүү Иосефын амьдрал хоромхон зуур орвонгоороо эргэж Египетэд дорд муу боол болсон! (Эх. 39:1).

4. Ямар бэрхшээл бидэнд тохиолдож Иосефын адилаар зовлон амсаж болох вэ?

4 Бүгдэд «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» хамаатай гэж Библид байдаг (Ном. 9:11, ШЕ). Заримдаа бидэнд бэрхшээл учирдаг ч энэ нь бүх хүнд «тохиолддог л юм» (1 Кор. 10:13). Гэхдээ бас Есүсийн дагалдагч гэдгээс болж зовох тохиолдол бий. Жишээлбэл итгэл үнэмшлийнхээ улмаас болж шоолуулж, доромжлуулж, бүр хавчигддаг (2 Тим. 3:12). Гэхдээ ямар ч сорилт учирсан Ехова таны ажил үйлсийг бүтэмжтэй болгоно. Иосефын ажил үйлсийг хэрхэн бүтэмжтэй болгосон бэ?

Египетэд Потифарын боол болсон үед ч Ехова Иосефт тусалж ажил үйлсийг нь бүтэмжтэй болгосон (5-р догол мөрийг үзээрэй)

5. Потифар Иосефын ажил үйлс бүтэмжтэй байгааг хараад ямар дүгнэлт хийсэн бэ? (Эхлэл 39:2–6).

5 Эхлэл 39:2–6-г уншина. Потифар Иосефыг маш чадварлаг хөдөлмөрч залуу гэдгийг нь анзаарчээ. Бас яагаад тийм байгааг нь ч мэддэг байв. Ехова «түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв». b Яваандаа Иосефыг гэрийнхээ даамал болгож, түүний гарт бүх эд хөрөнгөө даатгасан. Тиймээс ч Потифарын амьдрал ахуй нь дэвжин дээшилж байлаа.

6. Иосеф юу хүсэж байсан бол?

6 Иосефт ямар санагдаж байсныг төсөөлөхийг хичээгээрэй. Тэрбээр юуг хамгаас илүү хүсэж байсан бол оо? Потифар өөрийг нь анзаараад ивээл хишгээ хүртээгээсэй гэж бодсон болов уу? Үнэндээ аль болох хурдхан чөлөөлөгдөж аав дээрээ очихыг хүссэн нь лавтай. Иосеф Потифарын гэрт маш их эрх мэдэл бүхий даамал болсон ч Еховаг шүтдэггүй эзний боол хэвээрээ л байсан. Ехова Иосефыг Потифарын боолчлолоос чөлөөлөөгүй. Тэгээд ч нөхцөл байдал нь улам бүр доройтохыг Иосеф яахин мэдэх билээ дээ.

ХЭРЭВ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ ДОРДВОЛ

7. Иосефын байдал хэрхэн улам бүр дордсон бэ? (Эхлэл 39:14, 15).

7 «Эхлэл» номын 39-р бүлэгт бичсэнээр Потифарын эхнэр Иосефт дурлаж өөртөө татахыг нэг биш удаа оролдсон. Тэгэх бүрд нь Иосеф татгалздаг. Эцэст нь тэр эмэгтэй уурлан хорсож, өөрийг нь хүчиндэхийг оролдсон гэж Иосефыг гүтгэжээ (Эхлэл 39:14, 15-ыг уншина). Энэ тухай Потифар сонсоод Иосефыг шоронд хийсэн. Тэнд нэлээд хэдэн жил хоригддог (Эх. 39:19, 20). Шорон нь ямархуу янзтай байсан бол? Иосефын «шорон» гэж хэлсэн еврей үг нь «худаг» юм уу «нүх» гэсэн утгатай байж болох юм. Өөрөөр хэлбэл тас харанхуй нүхэнд хаягдаж, ямар ч найдваргүй болсныг нь илтгэж байв (Эх. 40:15). Түүнчлэн Библид бичсэнээр Иосефын хөлийг дөнгөлж, төмөр хүзүүвч углажээ (Дуу. 105:17, 18). Ийнхүү байдал нь бүр дордож, итгэл хүлээсэн боолоос дор хоригдол болж хоцров.

8. Нөхцөл байдал улам бүр дордсон ч бид юунд итгэлтэй байж болох вэ?

8 Хүнд бэрхшээлтэй тулгарч, чин сэтгэлээсээ залбираад байсан ч нөхцөл байдал тань улам бүр дордож байсан уу? Ийм юм тохиолддог. Сатаны ертөнцөд амьдардаг бидэнд тулгардаг сорилтыг Ехова алга болгодоггүй (1 Ёох. 5:19). Гэхдээ танд юу тохиолдоод байгааг Ехова маш сайн мэддэг төдийгүй санаа тавьдаг гэдэгт итгээрэй (Мат. 10:29–31; 1 Петр 5:6, 7). Мөн Ехова: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэж амласан байдаг шүү дээ (Евр. 13:5). Нөхцөл байдал сайжрах найдваргүй мэт санагдсан ч тэвчихэд тань Ехова тусална. Иосефт хэрхэн тусалсныг одоо ярилцъя.

Шоронд байхад нь ч Ехова Иосефтой хамт байсан учраас шоронгийн харгалзагч бүх хоригдлыг түүнд хариуцуулсан (9-р догол мөрийг үзээрэй)

9. Ехова шоронгийн хоригдол Иосефтой хамт байсныг хаанаас мэдэх вэ? (Эхлэл 39:21–23).

9 Эхлэл 39:21–23-ыг уншина. Шоронд хоригдож байсан хэцүү үед ч Ехова Иосефын ажил үйлсийг бүтэмжтэй болгосон. Яаж? Иосеф Потифарын ч, шоронгийн ахлах харгалзагчийн ч итгэл, хүндэтгэлийг хүлээсэн хүн болсон. Бас ахлах харгалзагч шоронгийн бүх хоригдлыг Иосефын гарт даатгасан. Библид «шоронгийн харгалзагч нь Иосефт даатгасан бүхнээ хянадаггүй байлаа» гэж бичжээ. Одоо Иосеф зовлонгоо бус ажлаа анхаарах боломжтой болсон. Үнэхээр санаанд оромгүй өөрчлөлт байгаа биз? Фараоны түшмэлийн эхнэрийг хүчиндэхийг завдсан хэмээн буруутгагдсан хоригдол яаж итгэл хүлээсэн хүн болж ийм ажил хийх болов оо? Ганцхан хариулт бий. Эхлэл 39:23-т «Ехова Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ» гэж байдаг.

10. Иосефын ажил үйлс бүтэмжтэй байгааг тэрбээр яагаад мэдрээгүй байж болохыг тайлбарлана уу.

10 Иосефт ямар санагдаж байсныг төсөөлөхийг хичээгээрэй. Иосеф хилсээр гүтгэгдэж, шоронд хоригдсон байхад бүх ажил үйлс бүтэмжтэй байна гэж бодсон болов уу? Тэрбээр юуг хамгаас илүү хүсэж байсан бол оо? Шоронгийн ахлах харгалзагчийн сайшаалыг хүртье гэж бодсон болов уу? Гол нь, цагаатгагдаж чөлөөлөгдөхийг л хүссэн нь ойлгомжтой. Тиймдээ ч фараонд өөрийнх нь тухай хэлж өгөхийг суллагдах гэж буй хоригдлоос гуйсан (Эх. 40:14). Гэхдээ тэр хоригдол фараонд тэр даруй хэлж чадаагүй. Түүнээс хойш ч 2 жил шоронд байсан (Эх. 40:23; 41:1, 14). Гэсэн хэдий ч Ехова түүний ажил үйлсийг бүтэмжтэй болгоод л байв. Яаж?

11. Ехова Иосефт ямар чадвар хайрласан бэ? Энэ нь Еховагийн санаа зорилго биелэх боломжийг бүрдүүлсэн гэхийн учир юу вэ?

11 Иосефыг шоронд байхад Ехова Египетийн хаанд нөлөөлж хоёр зүүд зүүдлүүлдэг. Сэтгэл нь зовсон фараон зүүдний тайллыг мэдэхийг маш ихэд хүсэж байв. Тэгээд Иосефыг зүүд тайлах чадвартай гэж сонсоод түүнийг дуудуулж уулздаг. Иосеф Еховагийн тусламжтайгаар зүүдийг тайлсны зэрэгцээ фараонд ашигтай зөвлөгөө өгсөн нь гайхшируулжээ. Түүнтэй хамт Ехова байгааг фараон ойлгоод Египет даяар хоол хүнс зохицуулах ажил даалгадаг (Эх. 41:38, 41–44). Хожим нь Египетэд төдийгүй Иосефын гэр бүлийнхний амьдарч байсан Канаан нутагт ч өлсгөлөн нүүрлэв. Өндөр албан тушаалд дэвшсэн Иосеф тэр үед гэр бүлээ өлсгөлөнгөөс аврах болон Мессиагийн өвөг дээдсийг хамгаалах боломжтой болжээ.

12. Ехова Иосефын ажил үйлсийг яаж бүтэмжтэй болгосон бэ?

12 Иосефын амьдралд болсон сонирхол татам үйл явдлуудыг бод доо. Жирийн нэг боол байсан Иосефт Потифар анхаарлаа хандуулсан нь хэний ач вэ? Дорд муу хоригдол байсан Иосеф шоронгийн ахлах харгалзагчийн сайшаалыг хүртсэн нь хэний ач вэ? Хэн фараонд нөлөөлж сэтгэлийг нь зовоосон зүүд зүүдлүүлж, Иосефыг зүүд тайлах чадвартай болгосон бэ? Иосефыг Египет даяар хоол хүнс зохицуулах ажилд томилох шийдвэрийн цаана хэн байсан бэ? (Эх. 45:5). Ехова л Иосефт тусалсан нь тодорхой. Хэдийгээр ах нар нь Иосефыг алахыг завдсан ч Ехова хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд бүхнийг сайнаар эргүүлсэн.

ЕХОВА ТАНЫ АЖИЛ ҮЙЛСИЙГ ХЭРХЭН БҮТЭМЖТЭЙ БОЛГОХ ВЭ?

13. Ехова бидний бүх үйл хэрэгт оролцдог уу? Тайлбарлана уу.

13 Иосефт тохиолдсон явдлаас бид юу мэдэж авах вэ? Ехова бидний бүх үйл хэрэгт оролцдог уу? Бидэнд тохиолдох муу юм болгоныг Ехова сайнаар эргүүлэх үү? Үгүй. Библид ийм санаа байхгүй (Ном. 8:9; 9:11). Гэхдээ бид нэг зүйлийг баттай мэддэг. Юу гэвэл, Ехова бидэнд сорилт тулгараад байгааг мэддэг, бас тусламж гуйн хашхирахыг маань сонсдог (Дуу. 34:15; 55:22; Ис. 59:1). Тэр бүү хэл, сорилтыг тэвчихэд тусалдаг. Яаж?

14. Сорилт тулгарсан үед Ехова хэрхэн тусалдаг вэ?

14 Еховагийн тусалдаг нэг арга нь яг хэрэгтэй цагт тайвшруулж, зоригжуулах явдал юм (2 Кор. 1:3, 4). Итгэл үнэмшлийнхээ улмаас шоронд 2 жил хоригдох ял авсан Туркменистан дахь Гэрч эрэгтэй Эзизд ийм явдал тохиолдсон. Тэрбээр: «Шүүх хурал болох өглөө нэг Гэрч эрэгтэй надад Исаиа 30:15-д байдаг “Үнэнч итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн” гэсэн зүйлийг үзүүлсэн. Үргэлж тайван байж, Еховад найдахад минь энэ эшлэл тустай байв. Хоригдох хугацаандаа үүнийг эргэцүүлэн боддог байсан учраас тэвчиж чадсан» гэжээ. Зайлшгүй хэрэгтэй үед Ехова таныг тайвшруулж, зоригжуулж байсан тэр үеэ та санаж байна уу?

15, 16. Торид тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?

15 Еховагийн ачаар сорилтыг тэвчсэнээ дараа нь ойлгодог тохиолдол бий. Үүний үнэнийг Тори гэдэг Гэрч эмэгтэй биеэрээ мэдэрсэн. Хүү Мэйсон нь 6 жил хорт хавдартайгаа тэмцэж байгаад нас барсан. Тори маш их шаналсан нь ойлгомжтой. Тэрбээр: «Эх хүний хувьд үүнээс хэцүү зовлон гэж байхгүй гэж би боддог. Хүүхэд өвдөхөөр өөрөө өвдөхгүй яав даа гэж халагладаг. Зүрх зүсэм үүнээс илүү зовлон гэж байхгүй гэдэгтэй бусад эцэг эхчүүд ч санал нийлэх байх» гэж ярьжээ.

16 Туулсан зовлон нь хэчнээн хэцүү ч тэвчихэд Ехова тусалсныг Тори хожим нь мэдэрчээ. Тэрбээр: «Хүү маань өвчтэй байхад Ехова халамжилж байсныг хожим нь мэдсэн. Жишээ нь, хааяа Мэйсоны өвчин маш их даамжирч хүмүүстэй уулзаж чадахгүйд хүрдэг байв. Гэсэн ч ах дүүс маань машинаар 2 цаг явж эмнэлэг дээр ирдэг байлаа. Хүлээн авах өрөөнд туслахад бэлэн байх гэсэн хүн дандаа байдаг байв. Тэд бас хэрэгтэй юмаар хангадаг. Хамгийн хэцүү үед ч юугаар ч дутаагүй шүү» гэж ярьсан. Ехова Торид ч, Мэйсонд ч зовлонгоо тэвчихэд шаардлагатай бүхнийг өгсөн ( «Ехова бидэнд яг хэрэгтэй юмыг маань ... өгдөг байсан» гэсэн хавсралтыг үзээрэй).

ЕХОВА ХЭРХЭН ИВЭЭЖ ИРСНИЙГ БҮҮ МАРТААРАЙ

17, 18. Хүнд бэрх сорилтын үед Еховагийн тусламжийг мэдэрч, талархдаг байхын тулд яах вэ? (Дуулал 40:5).

17 Дуулал 40:5-ыг уншина. Уулчин хүн оройд нь гарах зорилготой. Гэхдээ замдаа түр зогсоод байгалийн сайхныг биширдэг. Үүнтэй адилаар хүнд бэрхшээл тулгарсан үед ч Ехова танд хэрхэн тусалж байгааг бодох цагийг тогтмол гаргаарай. Үдэш бүр өөрөөсөө «Өнөөдөр Ехова намайг хэрхэн ивээсэн бэ? Сорилт дуусаагүй ч Ехова тэвчихэд минь хэрхэн тусалж байгаа вэ?» гэж асуугаарай. Таны төлөө Еховагийн хийсэн ганцхан зүйлийг ч болов өдөр бүр олж харахыг хичээгээрэй.

18 Та сорилт дуусаасай гэж залбирдаг байх. Энэ нь ч ойлгомжтой, ингэх нь ч зохистой (Флп. 4:6). Гэхдээ яг одоо хүртэж буй ивээлээ мэдрэх нь чухал. Учир нь Ехова хүч тэнхээ өгнө, тэвчихэд тусална гэж амласан шүү дээ. Еховагийн тусламжид талархахаа хэзээ ч мартаж болохгүй. Тэгвэл хүнд хэцүү сорилтын үед ч Ехова Иосефт тусалж байсан шигээ танд тусалж ажил үйлсийг тань бүтэмжтэй болгоно (Эх. 41:51, 52).

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

a Бидэнд хүнд бэрх сорилт тулгарахад Ехова туслахгүй байгаа юм шиг санагдаж болох юм. Тэгээд саадыг давмагц Ехова тусалсан гэж боддог хүн байдаг. Гэхдээ Иосефт тохиолдсон явдлаас нэг чухал зүйлийг мэдэж авна. Юу гэвэл, бэрхшээл учраад дуусаагүй байхад ч Ехова тусалж ажил үйлсийг маань бүтэмжтэй болгодог. Яаж гэдгийг энэ өгүүллээр ярилцана.

b Боолчлогдож байсан Иосефын амьдралд ямар өөрчлөлт гарсныг Библийн хэдхэн зүйлд дурдсан байдаг ч энэ бүхэн олон жил үргэлжилсэн байж болох юм.