Skip to content

Гарчиг руу орох

Ехова нэрээ мөнхөд алдаршуулах болно

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 6-р сарын дугаарт нийтэлсэн «Таны нэр ариусаасай» гэсэн өгүүлэл Еховагийн нэр болон хэмжээгүй эрх мэдлийн тухай ойлголтыг хэрхэн улам тодорхой болгосон бэ?

Тэр өгүүлэлд оюун ухаант бүх бүтээлд хамаатай ганц асуудал үүссэн гэдгийг тайлбарласан. Тэр нь Бурхны нэрийг ариусгах явдал юм. Үүнд: Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаарх буюу тэрбээр хамгийн сайн захирагч мөн эсэх асуудал багтдаг; түүнчлэн хүмүүсийн үнэнч байх эсэх асуудал ч багтдаг.

Бид яагаад Еховагийн нэрийг ариусгах явдлыг хамгийн гол маргаантай асуудал гэж тайлбарладаг болсон бэ? Гурван шалтгааныг авч үзье.

Сатан Еден цэцэрлэгт байхдаа Бурханд тэрсэлсэн тэр цагаас эхлэн өнөөг хүртэл нэрийг нь гутааж байна

Нэгдүгээрт, Сатан Еховагийн нэр хүндэд халдсан. Сатан Евад зальжин байрын асуулт тавьж, Ехова бол өгөөмөр Бурхан биш, өгсөн удирдлага заавар нь шударга бус гэсэн санааг цухуйлгасан. Дараа нь Еховагийн хэлснээс эсрэг юм ярьж, нэг ёсондоо Бурхныг худалч гэж гүтгэсэн. Ийнхүү Еховагийн нэр хүндэд халдсан. Тэрбээр «гүтгэгч» гэсэн утгатай «Диавол» гэгдэх болсон (Ёох. 8:44). Ева Сатаны худал үгэнд итгэснээрээ Бурханд дуулгаваргүй болж, хэмжээгүй эрх мэдлийг нь эсэргүүцсэн (Эх. 3:1–6). Өнөөдөр ч Сатан Бурхны нэр хүндийг гутаасан худал хуурмагийг тарааж байна. Тийм үгэнд итгэдэг хүн Еховад дуулгаваргүй болдог. Тиймээс Бурхны ариун нэр хүндэд халдахыг ард түмэн нь хамгийн шударга бус явдал гэж үздэг. Зовлон зүдүүр, муу муухай бүх юм үүнээс эхтэй.

Хоёрдугаарт, бүх бүтээлийнхээ сайн сайхны төлөө Ехова нэрээ ариусгаж, бүх гүтгэлгийг няцаана. Ингэх нь Еховад хамгаас чухал. Тиймээс тэрбээр: «Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно» гэж хэлсэн (Езе. 36:23). Есүс бас жишээ залбиралдаа «Таны нэр ариусаасай» гэснээр энэ нь бүх зүйлээс хамгийн чухал гэдгийг онцолжээ (Мат. 6:9). Библид Еховагийн нэрийг алдаршуулахын чухлыг дахин дахин дурдсан байдаг. Хэдэн жишээг үзье. «Нэрд нь зохих яруу алдрыг [«Еховад», ШЕ] өргөгтүн» (Ш.дээд 16:29; Дуу. 96:8). «Түүний нэрд сүр жавхланг дуул» (Дуу. 66:2). «Таны нэрийг мөнхөд алдаршуулна» (Дуу. 86:12). Есүс Иерусалимын сүмд байхдаа Еховад хандан «Эцэг минь, нэрээ алдаршуулаач» гэж залбирахад Ехова тэнгэрээс «Би нэрээ алдаршуулсан. Дахиж алдаршуулна» гэж хариулжээ (Ёох. 12:28). a

Гуравдугаарт, Еховагийн алсын зорилго нь нэр хүндтэй нь холбоотой. Бодож үзье. Христийн Мянган жилийн засаглалын төгсгөлд болох эцсийн сорилтын дараа юу болох вэ? Бүх оюун ухаант бүтээл Еховагийн нэр ариусах талаарх маргаантай асуудлыг цаашид ч хөндсөөр байх уу? Энэ асуултад хариулахын тулд хоорондоо холбоотой асуудлууд буюу хүний үнэнч байдал, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаар авч үзье. Еховад үнэнч гэдгээ баталсан хүмүүст үүнийгээ дахин дахин батлах сорилт тулгарах уу? Үгүй. Тэд төгс болох бөгөөд бүрэн шалгагдсан байх учраас мөнх амьдарна. Оюун ухаант бүтээлүүд Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаарх маргаантай асуудлыг цаашид ч хөндсөөр байх уу? Үгүй. Еховагийн захирах арга хамгийн зөв, хамгийн сайн гэдэг нь үүрд батлагдсан байна. Тэгвэл Еховагийн нэр ард түмэнд нь хамгийн чухал байсаар байх уу?

Тэр үед Еховагийн нэр бүрэн гүйцэд ариусаж, гүтгэлгийн ул мөр бүрмөсөн арилсан байна. Гэхдээ тэнгэр газар дээрх бүх үнэнч үйлчлэгчдийн хувьд Еховагийн нэр хамгийн чухал хэвээр байх юм. Яагаад? Учир нь тэд Еховагийн хийсээр байх гайхалтай зүйлүүдийг харна. Бодож үзье. Есүс даруу байж Еховад бүх эрх мэдлийг буцааж өгснөөр Бурхан «бүхнийг захирна» (1 Кор. 15:28). Тэгээд дэлхий дээрх бүх хүн «Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ» (Ром 8:21). Ийнхүү тэнгэр газар дээрх бүх оюун ухаант бүтээлүүдийг нэгтгэж нэгэн гэр бүл болгох гэсэн Еховагийн алсын зорилго бүрэн биелнэ (Эф. 1:10).

Эдгээр явдлууд тэнгэр болон газар дээрх Еховагийн гэр бүлд хэрхэн нөлөөлөх вэ? Еховагийн нэрийг магтан алдаршуулах гэсэн оргилуун хүсэл бидэнд байсаар байх нь ойлгомжтой. Дуулалч Давид агуу хүчээр удирдуулан «[«Ехова», ШЕ] Бурхан магтагдах болтугай. Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай» гэж бичсэн (Дуу. 72:18, 19). Еховагийн нэрийг магтах шалтгаан үүрд мөнхөд ундарсаар байх болно.

Еховагийн нэр түүний тухай бүхнийг хэлдэг бөгөөд тэдгээрээс хамгийн гол нь түүний хайр юм (1 Ёох. 4:8). Ехова хайрандаа хөтлөгдөн биднийг бүтээсэн, хайрандаа хөтлөгдөн золиос өгсөн, хайрандаа хөтлөгдөн шударга удирддагийг бид үргэлж санаж явна. Үүгээр зогсохгүй, бид цаашид ч Еховагийн хайрыг мэдэрсээр байна. Бид үүрд мөнхөд тэнгэрийн Эцэгтэйгээ дотносож, агуу нэрийг нь магтан алдаршуулах болно (Дуу. 73:28).

a Ехова аливааг «Өөрийнхөө нэрийн төлөө» үйлддэгийг Библид бас бичсэн байдаг. Жишээлбэл ард түмнээ удирдаж, тэдэнд тусалж, тэднийг аварч, уучилж, сэргээдэг нь Ехова гэдэг агуу нэрийнхээ төлөө юм (Дуу. 23:3; 31:3; 79:9; 106:8; 143:11).