Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 43

Бурхан таныг хэрхэн батжуулах вэ?

Бурхан таныг хэрхэн батжуулах вэ?

«[Ехова] та нарыг батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална» (1 ПЕТР 5:10).

ДУУ 60 Бурхан таныг бататгана

ТОЙМ a

1. Эрт үед Бурхны үйлчлэгчид хэрхэн хүчтэй болдог байсан бэ?

 БУРХНЫ ҮГЭНД үнэнч хүмүүсийг голдуу хүчтэй гэж бичсэн байдаг. Гэхдээ хамгийн хүчтэй хүнд ч хүчин мөхөс санагдах үе байсан. Жишээлбэл Давид хаанд «уул» шиг хүчтэй гэж бодогдох үе байсан ч айх ч үе байжээ (Дуу. 30:7). Самсон Бурхны агуу хүчийг аваад ер бусын хүчтэй болдог байсан ч Бурхан туслахаа боливол «доройтон жирийн хүний адил болно» гэдгээ мэддэг байлаа (Шүү. 14:5, 6; 16:17). Ехова хүч өгдөг байсан учраас л эдгээр үнэнч хүн хүчтэй болдог байв.

2. Паул яагаад өөрийгөө хүчин мөхөс, бас хүчтэй гэсэн бэ? (2 Коринт 12:9, 10).

2 Элч Паул Еховагаас хүч авах хэрэгтэйгээ бас ойлгож байлаа (2 Коринт 12:9, 10-ыг уншина). Тэрбээр бидний адилаар өвдөж зовдог байсан (Гал. 4:13, 14). Заримдаа зөвийг үйлдье гэсэн ч хэцүү санагдаж байв (Ром 7:18, 19). Мөн санаа нь зовниж, өөрт нь юу тохиолдох бол гэж айдаг байсан (2 Кор. 1:8, 9). Гэхдээ хүчин мөхөс байхдаа хүчтэй байв. Яагаад? Ехова яг шаардлагатай хүчийг түүнд хайрладаг байсан. Тийнхүү Паулыг батжуулсан.

3. Энэ өгүүллээр ямар асуултуудыг ярилцах вэ?

3 Ехова бидэнд ч хүч хайрлаж батжуулахаа амладаг (1 Петр 5:10). Гэхдээ гараа хумхиж суугаад Еховагаас хүч авна гэж бодох ёсгүй. Жишээ нь машин моторын хүчээр хөдөлдөг. Гэхдээ жолооч хаазаа гишгэж байж л машин явна. Үүнтэй адилаар Ехова шаардлагатай хүчийг дуртайяа өгөх ч бид өөрсдөө алхам хийж байж ач тусыг нь хүртэнэ. Ехова биднийг хүчирхэгжүүлэхийн тулд яадаг вэ? Харин бид яах ёстой вэ? Библид гардаг зөнч Иона, Есүсийн эх Мариа, элч Паулын жишээг ярилцаад дээрх асуултад хариу авна. Мөн өнөө үеийн үйлчлэгчид нь яавал Ехова тэднийг хүчтэй болгодгийг ярилцъя.

ЗАЛБИРЧ, БИЕ ДААН СУДАЛБАЛ

4. Яавал Еховагаас хүчийг нь авах вэ?

4 Залбирах нь Еховагаас хүч авах нэг арга юм. Тэрбээр залбиралд маань хариулж «хэрээс хэтэрсэн хүч» өгдөг (2 Кор. 4:7). Бас Үгийг нь уншиж, эргэцүүлэн боддог бол хүчийг нь авна (Дуу. 86:11). Библи дэх Еховагийн мэдээ бидэнд «хүчтэй» нөлөөлдөг (Евр. 4:12). Еховад залбирч, Үгийг нь уншдаг бол зовлонг тэвчих, баяр хөөртэй байх, мөн хэцүү даалгаврыг биелүүлэх хүчтэй болно. Ехова зөнч Ионаг хэрхэн хүчирхэгжүүлснийг анхааръя.

5. Иона яагаад хүчтэй байх хэрэгтэй болсон бэ?

5 Зөнч Ионад хүчтэй байх шаардлага гарчээ. Еховагийн өгсөн хэцүү даалгавраас болоод тэрбээр усан онгоцонд суугаад зугтдаг. Тэгээд далайн шуурганд өртөж, өөрийнх нь болон өрөөлийн амь нас аюулд орсон. Хүмүүс Ионаг далай руу хаяхад аварга загас залгичихдаг. Ийнхүү загасны гэдсэн дотор буюу тас харанхуй, аймшигтай газар анх удаа орсон нь энэ ажээ. Ионад ямар санагдсан гэж та бодож байна вэ? Ингээд л эндээ үхдэг юм байж гэж бодсон байх. Тэгээд Ехова өөрийг нь орхисон гэж санагдсан байж ч болох юм. Иона үнэхээр их сандарсан нь ойлгомжтой.

Сорилт тулгарсан үед Ионаг дуурайн хэрхэн хүчтэй болох вэ? (6–9-р догол мөрийг үзээрэй)

6. Иона 2:1, 2, 7-д бичсэнийг үзвэл Иона загасны гэдсэнд байхдаа хэрхэн хүчтэй болсон бэ?

6 Загасны гэдсэнд гав ганцаараа байхдаа хүчтэй, зоригтой байхын тулд Иона яасан бэ? Залбирсан (Иона 2:1, 2, 7-г уншина). Хэдийгээр дуулгаваргүй загнасан ч даруухнаар буруугаа хүлээн залбирвал Ехова сонсоно гэдэгт итгэж байв. Бас өмнө нь уншиж байсан Судрын эшлэлүүдийг эргэцүүлсэн. Ингэснийг нь хаанаас мэдэх вэ? «Иона» номын 2-р бүлэгт байдаг залбиралд нь «Дуулал» номд бичсэнтэй адил үг, хэллэг олон бий (Жишээлбэл, Иона 2:2, 5-ыг Дуулал 69:1; 86:7-той харьцуулаарай). Тэгэхээр Иона Судрыг сайн мэддэг байсан нь илт байна. Бас хүнд хэцүү нөхцөлд Судрын эшлэлүүдийг тунгаан бодсоноор Ехова тусална гэсэн итгэлтэй болсон. Дараа нь тэрбээр хуурай газар дээр гарч ирсэн. Тэгээд Бурхны тушаасныг биелүүлэхэд бэлэн болжээ (Иона 2:10—3:4).

7, 8. Тайваний нэг Гэрч эрэгтэй сорилтын үед хэрхэн хүчтэй болсон бэ?

7 Янз янзын сорилт бэрхшээл тулгарахад Ионагийн жишээ бидэнд тустай. Жишээлбэл Тайванд амьдардаг Зимин b гэдэг Гэрч эрэгтэй хүнд өвчин тусжээ. Түүнээс гадна Бурханд итгэдгээсээ болж гэр бүлийнхнийхээ хүчтэй эсэргүүцлийг тэвчих шаардлага гарна. Гэсэн ч тэрбээр залбирч, бие даан судалж Еховагаас хүч тэнхээ авдаг. Зимин: «Заримдаа маш хэцүү байдаг. Хэтэрхий их санаа зовсноосоо болоод бие дааж судлахдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй» гэжээ. Гэхдээ бууж өгдөггүй. Цааш нь тэрбээр: «Юуны түрүүнд би Еховад залбирдаг. Тэгээд чихэвчээрээ Хаант төрийн дуунуудыг сонсоно. Заримдаа тайвшрах хүртлээ аяархан дуулна. Дараа нь судалж эхэлдэг дээ» гэж ярьжээ.

8 Зимин бие дааж судалсны ачаар санаанд оромгүй байдлаар хүчтэй болдог байв. Жишээ нь түүнийг хүнд хагалгаанд орсны дараа цусны улаан эсийнх нь тоо маш бага учраас цус сэлбүүлэх шаардлагатай гэж эмч хэлжээ. Гэхдээ хагалгаанд орохынхоо өмнөх шөнө нь тэрбээр өөртэй нь адил хагалгаанд орсон Гэрч эмэгтэйн тухай уншсан байжээ. Тэр эмэгтэйн улаан эсийн тоо Зиминийхээс хавьгүй бага байсан бөгөөд цусгүй эмчилгээ хийлгээд эдгэсэн байна. Энэ түүх нь Зиминд үнэнч байх хүч өгсөн.

9. Сорилтод ороод хүчгүй болсон бол яах нь зүйтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Сорилт тулгарахад хэтэрхий их зовсноосоо болж юу гэж залбирахаа ч мэдэхгүй үе танд байсан уу? Эсвэл бие дааж судлах ч тэнхэлгүй болж байсан уу? Ехова нөхцөл байдлыг тань маш сайн ойлгодгийг санаарай. Тиймээс ганц хоёр үг хэлээд залбирсан ч танд яг тохирсон аргаар тусална гэдэгт итгээрэй (Эф. 3:20). Хэрэв таны бие юм уу сэтгэл өвдөөд уншиж, судлах амаргүй санагдвал Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийн аудио бичлэгийг сонсож болох юм. Бас jw.org сайтаас дуу сонсох юм уу видео үзэх нь тустай. Залбирч, залбирлынхаа хариуг Еховатай дотно болгох бүхнээс хайхыг хичээгээрэй. Тэгвэл тэрбээр таныг хүчтэй болгоно.

АХ ДҮҮСИЙНХЭЭ ТУСЛАМЖИЙГ АВБАЛ

10. Итгэл нэгт ах дүүс маань бидэнд хэрхэн хүч өгдөг вэ?

10 Ехова итгэл нэгт ах дүүсээр маань биднийг батжуулдаг. Сорилт тулгарахад эсвэл биелүүлэхэд амаргүй даалгавар авахад тэд «асар ихээр тайвшруулдаг» (Кол. 4:10, 11). Ялангуяа «хэцүү цагт» түшиг тулгуур болох найз бидэнд хэрэгтэй (Сур. 17:17). Тусламж хэрэгтэй үед ах дүүс маань хэрэгцээтэй юмаар хангаж, сэтгэлийн дэм болж, Еховад тасралтгүй үйлчлэхэд тусалдаг. Есүсийн эх Мариа бусдын тус дэмээр хэрхэн хүчтэй болсныг ярилцъя.

11. Мариад яагаад зориг хэрэгтэй болсон бэ?

11 Мариад зориг хэрэгтэй болсон. Тэнгэрийн элч Габриелаас хэцүү даалгавар аваад түүнд ямар санагдсаныг төсөөл дөө. Тэрбээр гэрлээгүй мөртлөө жирэмсэлж, хүүхэд өсгөж үзээгүй мөртлөө ирээдүйд Мессиа болох хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх болжээ. Бас тэрбээр бэлгийн харьцаанд орж үзээгүй ч яагаад жирэмсэлснээ Иосефт хэлэх хэрэгтэй болсон. Үнэхээр амаргүй байжээ (Лук 1:26–33).

12. Лук 1:39–45-д бичсэнийг үзвэл Мариа хэрхэн зоригжсон бэ?

12 Мариа хэрхэн ийм тусгай, амаргүй даалгаврыг биелүүлэх зоригтой болсон бэ? Бусдаас тусламж эрсэн. Жишээ нь даалгаврынхаа тухай Габриелаас лавлан асуусан (Лук 1:34). Дараахан нь Иудагийн «уулархаг нутгийг» туулж Елизабет гэдэг хамаатныдаа очив. Энэ нь ч үнэхээр сайн хэрэг болсон. Елизабет Мариаг магтан, Еховагийн агуу хүчээр удирдуулан хэвлий дэх үрийнх нь тухай урам сэргээм зөгнөлийг хэлжээ (Лук 1:39–45-ыг уншина). Тэгэхэд Мариа, Ехова «хүчит мутраараа энэ бүхнийг хийдэг» гэжээ (Лук 1:46–51). Ехова ийнхүү Габриел Елизабет хоёроор Мариаг зоригжуулжээ.

13. Боливийн Гэрч эмэгтэй найз нөхдийнхөө тусламжийг аваад ямар ивээл хүртсэн бэ?

13 Та ч бас Мариагийн адилаар итгэл нэгтнүүдийнхээ тус дэмээр зоригтой, хүчтэй болж чадна. Боливид амьдардаг Дасури гэдэг Гэрч эмэгтэйд яг ийм тусламж хэрэгтэй байлаа. Аав нь эдгэршгүй өвчтэй болж эмнэлэгт хэвтэхэд Дасури чадах ядахаараа аавыгаа асрахаар болов (1 Тим. 5:4). Энэ нь амар байгаагүй ээ. Тэрбээр: «Шантрах үе олон байсан» гэжээ. Дасури итгэл нэгтнүүдээсээ тусламж хүссэн болов уу? Эхэндээ үгүй. «Би ах дүүстээ төвөг болохыг хүсээгүй. Ехова л надад тусална гэж бодсон. Гэхдээ би ганцаараа л асуудлаа шийдэх гэж гүрийсээр байгаад зожигдуу болчихсон байсан юм билээ» гэж тэрбээр ярьжээ (Сур. 18:1). Тэгээд нөхцөл байдлынхаа талаар хэдэн найз руугаа бичсэн. Дасури: «Хайрт найз нөхдөөсөө ямар их хүч авснаа үгээр хэлэх юм биш. Тэд маань намайг хоол хүнстэй эмнэлэг дээр эргэж ирээд, Библийн зүйлээр тайвшруулж байсан. Ганцаараа биш гэдгээ мэдрэх үнэхээр сайхан. Бид бие биедээ тусламжийн гараа сунгахад бэлэн байж, хамтдаа уйлж, хамтдаа тэмцдэг Еховагийн том гэр бүлийн гишүүд шүү дээ» гэжээ.

14. Ахлагчдаас тусламж авах хэрэгтэйн учир юу вэ?

14 Ехова биднийг бас ахлагчдаар батжуулдаг. Тэд бол бидэнд хүч тэнхээ хайрладаг, урмыг маань сэргээдэг Еховагийн өгсөн бэлэг юм (Ис. 32:1, 2). Тиймээс сэтгэл санааг тань зовоох юм байвал ахлагчдад хэлээрэй. Тэдний тусламжийг талархан хүлээж аваарай. Ехова ахлагчдаар туслуулан таныг хүчтэй болгоно.

НАЙДВАРЫНХАА ТУХАЙ БОДВОЛ

15. Христийн дагалдагчид ямар хосгүй найдвартай вэ?

15 Библид бичсэн найдвар Еховад тасралтгүй үйлчлэх хүч өгдөг (Ром 4:3, 18–20). Христийн дагалдагч бидний зарим нь тэнгэрт, нөгөө зарим нь дэлхий дээрх үзэсгэлэнт диваажинд мөнх амьдрах хосгүй найдвар өвөрлөдөг. Энэ найдварын ачаар сорилтыг тэвчих, сайн мэдээг тунхаглах, хуралд янз бүрийн даалгавар биелүүлэх хүчтэй болдог (1 Тес. 1:3). Элч Паул ч энэхүү найдварын ачаар хүчирхэгжсэн.

16. Паулд яагаад хүч хэрэгтэй байсан бэ?

16 Паулд хүч хэрэгтэй байсан. Коринтчуудад бичсэн захидалдаа тэрбээр өөрийгөө шавар савтай адилтгасан. «Зовж», «сандарч тэвдэн», «хавчигдаж», «цохиулж» явсан тэрбээр үхлийн аюулд ч өртөж байжээ (2 Кор. 4:8–10). Энэ тухайгаа миссионерын 3 дахь аяллынхаа үеэр бичсэн. Тэр үед зовлон бэрхшээл нь үүгээр дуусаагүйг мэдээгүй байж болох юм. Гэхдээ дараа нь халдлагад өртөж, баригдаж, далайд живэхээ шахаж, шоронд хоригдож байсан.

17. 2 Коринт 4:16–18-д бичсэнээр Паул хэрхэн сорилтыг тэвчих хүчтэй болсон бэ?

17 Паул найдвараа анхаарч тэвчих хүчтэй болсон (2 Коринт 4:16–18-ыг уншина). Бие махбод нь «ялзарч байгаа ч» үүнээсээ болж сэтгэлээр унахгүй гэдгээ коринтчуудад хэлжээ. Тэрбээр тэнгэрт мөнх амьдрах «илүү хүндтэй» найдвараа анхаарч байсан учраас ямар ч зовлонг тэвчихэд бэлэн байсан. Найдварын тухай тунгаан боддог байснаараа Паул өөрийгөө «өдрөөс өдөрт шинэчлэгдэж байгааг» мэдэрчээ.

18. Тихомир болон гэрийнхэн нь найдварын ачаар хэрхэн хүчирхэгждэг вэ?

18 Тихомир гэдэг болгар Гэрч эрэгтэй найдвараа анхаарч хүчтэй болдог. Хэдэн жилийн өмнө дүү Здравко нь ослоор өнгөрсөн. Тиймээс Тихомир нэг хэсэгтээ их гашууджээ. Тэгээд дүүгээ амилахад яах тухайгаа гэрийнхэнтэйгээ төсөөлж боддог болсон. Тэрбээр: «Жишээ нь Здравкотой хаана уулзахаа, ямар хоол хамт идэхээ, амилсных нь дараа зохион байгуулах анхны үдэшлэгтээ хэнийг урихаа, бас эцсийн өдрүүдийн талаар түүнд юу ярьж өгөхөө бид ярилцдаг» гэжээ. Тихомир найдвараа анхаарснаар гэр бүлээрээ тэвчээртэй байх, бас Ехова дүүг нь амилуулах цагийг хүлээх хүчтэй болдог.

Та шинэ ертөнц дэх амьдралаа хэрхэн төсөөлж байна вэ? (19-р догол мөрийг үзээрэй) c

19. Найдвараа хэрхэн батжуулах вэ? (Бас зургийг үзээрэй).

19 Найдвараа хэрхэн батжуулах вэ? Та дэлхий дээр мөнх амьдрах найдвартай бол Библиэс диваажингийн тухай бичсэн зүйлүүдийг уншаад эргэцүүлэн бодоорой (Ис. 25:8; 32:16–18). Шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг тунгаан бодоорой. Өөрийгөө тэнд байна гээд төсөөл дөө. Хэнтэй уулзаж байгаа вэ? Ямар дуу чимээ сонсогдож байна вэ? Танд ямар санагдаж байна вэ? Илүү тодорхой төсөөлье гэвэл манай ном хэвлэлээс диваажингийн зураг ажиглан харах юм уу «Бидний хүсэн хүлээдэг шинэ ертөнц», «Диваажин ойрхон байна», «Сайхан цагийг төсөөлье» зэрэг дууны видеог үзээрэй. Шинэ ертөнц дэх найдвараа тод санаж явдаг бол бидэнд тулгарч буй асуудлууд «түр зуурынх бөгөөд ялихгүй» санагдана (2 Кор. 4:17). Еховагийн өгсөн найдварын ачаар та хүчтэй болно.

20. Хүнд бэрх үед ч хэрхэн хүчтэй болох вэ?

20 Хүнд бэрх үед ч «Бурхнаар дамжуулан бид зоригтой» болно (Дуу. 108:13). Хүчтэй, зоригтой болохын тулд яах хэрэгтэйг Ехова хэлж өгсөн. Тиймээс та даалгавар биелүүлж, сорилтыг тэвчиж, баяр хөөрөө алдахгүйн тулд Еховад чин сэтгэлээсээ залбирч, бие дааж судлаад удирдлага зааврыг нь хайгаарай. Итгэл нэгт ах дүүсээсээ урам зориг аваарай. Найдвараа тод санаж яваарай. Тэгвэл та «Бурхны цог жавхлант хүчний ачаар хүчирхэгжиж, бүхнийг баяр хөөртэйгөөр тэвчиж тэсвэрлэнэ» (Кол. 1:11).

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

a Хүнд хэцүү сорилт тулгарсан юм уу даалгавраа биелүүлж чадахгүй юм шиг санагдсан хүнд энэ өгүүлэл тустай. Тиймээс одоо Ехова биднийг хэрхэн батжуулдгийг, тусламжийг нь авахын тулд яах хэрэгтэйг мэдэж авъя.

b Зарим нэрийг өөрчлөв.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Сонсголгүй нэг Гэрч эмэгтэй Библийн амлалтуудыг эргэцүүлэн бодож, шинэ ертөнцөд хэрхэн амьдрахаа тодорхой төсөөлөхийн тулд дууны видеог үзэж байна.