Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 48

Хэцүү цагт бат итгэлтэй байгаарай

Хэцүү цагт бат итгэлтэй байгаарай

«“Зоригтой байгтун ... Би та нартай хамт байгаа ...” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав» (ХАГ. 2:4).

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

ТОЙМ a

1, 2. а) Бидний нөхцөл байдал Иерусалимд буцаж ирсэн иудейчүүдийнхтэй юугаараа төстэй вэ? б) Иудейчүүдэд ямар ямар бэрхшээл тулгарсан бэ? ( «Хаггаи Зехариа Езра нарын үед» гэсэн хавсралтыг үзээрэй).

 ИРЭЭДҮЙНХЭЭ талаар санаа зовох үе танд байдаг уу? Ажилгүй болоод гэр бүлийнхнээ хэрхэн тэжээх вэ гэж та санаа зовж байж болох юм. Эсвэл улс төрийн тогтворгүй байдал, хавчлага, дэлгэрүүлэхэд тулгарах эсэргүүцлээс болж гэр бүлийнхээ аюулгүй байдлын талаар санаа зовж байж магадгүй. Эдгээр бэрхшээлийн аль нэг нь яг одоо тулгарч байна уу? Хэрэв тийм бол эртний израйлчуудад ийм бэрхшээл тулгарахад Ехова хэрхэн тусалж байсныг бодох нь танд тус болно.

2 Вавилонд төрж өссөн иудейчүүдийн хувьд тав тухтай амьдралаа орхиж, бараг мэдэхгүй шахам нутагт очиж суурьшихад итгэл шаардлагатай байв. Иерусалимд ирээд удаагүй байхдаа тэд эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал болон эсэргүүцэлтэй нүүр тулсан. Ийм учраас Еховагийн сүмийг сэргээн барих ажлыг анхаарахад амаргүй байв. Тиймээс МЭӨ 520 онд Ехова ард түмнийхээ урам зоригийг бадраахын тулд Хаггаи, Зехариа гэдэг хоёр зөнчөө илгээсэн (Хаг. 1:1; Зех. 1:1). Тэд ч энэ даалгавраа амжилттай биелүүлсэн. Гэвч 50 орчим жилийн дараа, буцаж ирсэн иудейчүүд дахин урам зориггүй болов. Хуулийн чадварлаг хуулан бичигч Езра Вавилоноос Иерусалимд ирж, жинхэнэ шүтлэгийг амьдралынхаа эн тэргүүнд тавихыг уриалан Бурхны ард түмнийг зоригжуулсан (Езр. 7:1, 6).

3. Ямар асуултуудыг ярилцах вэ? (Сургаалт үгс 22:19).

3 Бурхны эрт үеийн ард түмэнд эсэргүүцэл тулгарахад Еховад бат итгэсээр байхад нь Хаггаи Зехариа нарын зөгнөл тус болсон. Мөн өнөө үед бидэнд ямар ч бэрхшээл тулгарсан Еховад итгэсээр байхад маань тустай (Сургаалт үгс 22:19-ийг уншина). Хаггаи Зехариа хоёроор Бурхан юу хэлүүлснийг болон Езра ямар жишээ үзүүлснийг судлаад дараах асуултын хариуг мэдэж авъя. Иерусалимд буцаж ирсэн иудейчүүд бэрхшээлтэй нүүр тулаад яасан бэ? Хэцүү цагт ч яагаад Бурхны хүслийг биелүүлэхийг үргэлж анхаарах учиртай вэ? Хүнд хэцүү үед Еховад итгэх итгэлээ хэрхэн батжуулах вэ?

ИУДЕЙЧҮҮДЭД БЭРХШЭЭЛ ТУЛГАРСАН НЬ

4, 5. Юунаас болж иудейчүүдийн идэвх зүтгэл суларсан бэ?

4 Иудейчүүдийг Иерусалимд буцаж ирэхэд хийх ажил мундахгүй их байлаа. Тэд ирэнгүүтээ Еховагийн тахилын ширээг сэргээн барьж, сүмийн суурийг тавьсан (Езр. 3:1–3, 10). Гэвч удалгүй идэвх зүтгэл нь суларчээ. Яагаад? Тэд сүмийг сэргээн барихаас гадна орон гэрээ барьж, тариалангийн талбайд ажиллан гэр бүлээ тэжээх шаардлагатай байв (Езр. 2:68, 70). Түүнчлэн дайснууд сүм барих ажлыг зогсоох гэж эсэргүүцэж байсан (Езр. 4:1–5).

5 Мөн эдийн засаг болон улс төрийн байдал тогтворгүй байв. Газар нутгийг нь Персийн эзэнт гүрэн захирч байлаа. Персийн хаан Корешийг МЭӨ 530 онд нас барсны дараа түүний залгамжлагч Камбис Египетийг байлдан дагуулахаар хөдлөв. Цэргүүд нь замдаа израйлчуудаас хоол унд, хоргодох байр шаардаж байсан нь тэднийг улам хүнд байдалд оруулж байсан. Мөн Камбисын залгамжлагч I Дариусын захиргааны эхэн үед бослого гарч улс төрийн байдал тогтворгүй болсон. Ийм нөхцөл байдлаас болж олон иудей хүн гэр бүлээ хэрхэн тэжээх вэ гэж санаа зовж байсан нь ойлгомжтой. Зарим нь тулгарч буй бэрхшээлээс болоод Еховагийн сүмийг сэргээн барих цаг биш гэж боджээ (Хаг. 1:2).

6. Иудейчүүдэд өөр ямар бэрхшээл учирсан бэ? Зехариа тэдэнд юу гэж батлан хэлсэн бэ? (Зехариа 4:6, 7)

6 Зехариа 4:6, 7-г уншина. Эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлаас гадна иудейчүүд эсэргүүцэл хавчлагатай тулгарав. МЭӨ 522 онд дайснууд Еховагийн сүмийг сэргээн барих ажилд хориг тавиулж чадсан. Гэхдээ ямар ч саад учирсан Ехова агуу хүчээрээ арилгана гэдгийг Зехариа иудейчүүдэд батлан хэлжээ. МЭӨ 520 онд Дариус хаан хоригийг цуцалсан. Мөн тэрбээр сүм барих ажилд шаардлагатай хөрөнгө мөнгөөр хангаж, албаны хүмүүст тэдэнд туслахыг тушаасан (Езр. 6:1, 6–10).

7. Иудейчүүд Бурхны ажлыг эн тэргүүнд тавьснаар ямар ивээл хүртсэн бэ?

 7 Ард түмэн нь сүмийг сэргээн барих ажлыг эн тэргүүнд тавивал тусална гэдгээ Ехова Хаггаи Зехариа хоёроор хэлүүлсэн (Хаг. 1:8, 13, 14; Зех. 1:3, 16). Иудейчүүд зөнчдийн хэлсэн үгэнд урамшин МЭӨ 520 онд сүм барих ажлаа дахин эхлүүлж 5 жилийн дотор дуусгажээ. Тэд янз янзын бэрхшээлтэй тулгарсан ч Еховагийн ажлыг эн тэргүүнд тавьсан учраас Ехова хэрэгцээтэй юмаар нь хангаад зогсохгүй өөртэй нь дотно байхад тусалсан. Үүний дүнд тэд баяр хөөртэйгөөр Бурхнаа шүтэж байв (Езр. 6:14–16, 22).

БУРХНЫ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙГ ҮРГЭЛЖ АНХААРЪЯ

8. Бурхны хүслийг биелүүлэхийг үргэлж анхаарахад Хаггаи 2:4-т бичсэн үг тустай гэхийн учир юу вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

8 Агуу их гамшиг ойртож буй энэ үед дэлгэрүүл гэсэн тушаалыг биелүүлэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болж байгааг бид ойлгодог (Марк 13:10). Гэхдээ мөнгө төгрөгөөр гачигдах юм уу дэлгэрүүлэхэд тулгарах эсэргүүцлээс болж энэ ажлаа анхаарах амаргүй байж болох юм. Хаант төрийг эн тэргүүнд тавихын тулд яах вэ? «Түмэн цэргийн ЭЗЭН» бидний талд гэдэгт итгэлтэй байгаарай. b Бурхны хүслийг өөрийнхөөсөө илүүд үздэг бол тэрбээр биднийг дэмжинэ. Тиймээс бид юунаас ч айх хэрэггүй (Хаггаи 2:4-ийг уншина).

9, 10. Нэгэн хос Матай 6:33-т байдаг Есүсийн үг үнэн гэдгийг хэрхэн биеэрээ мэдэрсэн бэ?

9 Эхлэгчээр үйлчилдэг гэр бүлийн хос Олег Ирина c хоёрын тухай ярилцъя. Тэд хэрэгцээ ихтэй хуралд үйлчлэхээр нүүжээ. Гэтэл улс оронд нь эдийн засгийн хямрал үүссэнээс болж тэд орлогын эх үүсвэргүй болов. Жил орчим хугацаанд тогтвортой ажил олдоогүй ч хайр халамжтай Бурхныхаа дэмжлэгийг цаг ямагт мэдэрсэн. Бас заримдаа итгэл нэгтнүүд нь хэрэгцээтэй юмаар тусалдаг байв. Тэд энэ амаргүй үеийг хэрхэн даван туулсан бэ? Эхэндээ сэтгэлээр маш их унаж байсан Олег: «Дэлгэрүүлээд завгүй байсан учраас амьдралынхаа хамгийн чухал юмыг анхаарч чадсан» гэжээ. Тэд ажил хайхын зэрэгцээ идэвхтэй дэлгэрүүлсээр байв.

10 Нэг удаа тэднийг дэлгэрүүлчихээд ирэхэд дотнын найз нь 160 километрийн цаанаас хоёр тор дүүрэн идэх юм авчирсан байв. Олег: «Тэр өдөр Ехова, бас хурлынхан маань биднийг хэчнээн их хайрладгийг дахиад мэдэрсэн. Нөхцөл байдал ямар ч найдваргүй мэт санагдсан ч Ехова биднийг хэзээ ч мартдаггүй гэдэгт бат итгэсэн» гэжээ (Мат. 6:33).

11. Хүслийг нь биелүүлэхийг үргэлж анхаарвал Ехова яах вэ?

11 Ехова биднийг шавь бэлдэх, амь аврах ажлыг анхаарч байгаасай гэж хүсдэг.  7-р догол мөрд дурдсанаар Хаггаи ард түмэнд Бурхны ажлыг урам зоригтойгоор дахин эхлэхийг уриалсан. Тэгвэл Ехова «ерөөнө» гэж амласан (Хаг. 2:18, 19). Бид ч даалгасан ажлыг нь амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг бол хүчин чармайлт гаргаж буй биднийг Ехова ивээнэ гэдэгт бат итгэлтэй байж болно.

ЕХОВАД ИТГЭХ ИТГЭЛЭЭ БАТЖУУЛААРАЙ

12. Езра болон хамт буцаж буй иудейчүүд яагаад бат итгэлтэй байх хэрэгтэй байсан бэ?

12 МЭӨ 468 онд Езра өөр хэсэг иудейчүүдтэй Вавилоноос Иерусалим руу явсан. Энэ замыг туулахад Езра болон хамт буцаж буй иудейчүүд бат итгэлтэй байх шаардлагатай байв. Сүмийн ажилд хандивласан их хэмжээний алт мөнгийг тэд авч яваа учраас энэ аялал нь дээрэмчдийн нүдэнд өртөх аюул дагуулж байлаа (Езр. 7:12–16; 8:31). Түүнчлэн тэд Иерусалимд ч нөхцөл байдал хүндхэн байгааг удалгүй ойлгожээ. Хотын хүн ам цөөн, бас хана хэрэм, дааман хаалгануудыг засварлах шаардлагатай байсан. Бид Еховад итгэх итгэлээ батжуулах талаар Езрагаас юу мэдэж авах вэ?

13. Езрагийн Еховад итгэх итгэл хэрхэн батажсан бэ? (Бас зүүлтийг үзээрэй).

13 Сорилт тулгарсан үед Ехова ард түмнээ хэрхэн дэмждэгийг Езра нүдээрээ харсан. Олон жилийн өмнө буюу МЭӨ 484 онд Персийн эзэнт гүрэн даяар иудейчүүдийг устгах Ахашверош хааны зарлиг гарахад Езра Вавилонд амьдарч байсан бололтой (Ест. 3:7, 13–15). Езрагийн амь нас ч аюулд өртсөн! Ийм зарлиг гарсны улмаас «муж бүхэнд» иудейчүүд уйлан орилолдож мацаг барьсан. Ийнхүү Еховагаас удирдлага заавар гуйн залбирсан нь гарцаагүй (Ест. 4:3). Гэтэл тэднийг устгахыг санаархсан хүмүүсийн өөдөө шидсэн чулуу өөрсдөд дээр нь буухад Езра болон элэг нэгтнүүдэд нь ямар санагдсаныг төсөөл дөө! (Ест. 9:1, 2). Езра ийм хүнд бэрхшээлийг туулаад ирээдүйд тулгарах сорилтод бэлтгэгдэж, Ехова ард түмнээ аврах чадалтай гэдэгт улам бат итгэсэн нь лавтай. d

14. Ехова хэцүү цагт санаа тавьж байгааг анзаарсан Гэрч эмэгтэй юуг ойлгосон бэ?

14 Ехова хэцүү цагт санаа тавихад итгэл маань улам батаждаг. Зүүн Европт амьдардаг Анастасиягийн жишээг ярилцъя. Тэрбээр төвийг сахих байр сууриасаа болоод ажлаасаа халагджээ. «Би анх удаа мөнгөгүй болж үзсэн» гээд тэрбээр цааш нь «Энэ асуудлаа Еховад даатгаад надад хэрхэн санаа тавьж байгааг нь анзаарсан. Одоо би дахиж ажилгүй болохоос айхгүй. Тэнгэрийн Эцэг минь өнөөдөр надад санаа тавьж байгаа юм чинь маргааш ч санаа тавина» гэжээ.

15. Юуг санах бүрдээ Езрагийн Еховад итгэх итгэл батаждаг байсан бэ? (Езра 7:27, 28).

15 Езра Еховагийн мутрыг өөрийн биеэр мэдэрсэн. Ехова өөрт нь хэрхэн тусалж байсныг санах бүрдээ итгэл нь улам батаждаг байсан нь эргэлзээгүй. Тэрбээр: «Миний дээрх миний Бурхан ЭЗЭНий мутар» гэснийг анхаараарай (Езра 7:27, 28-ыг уншина). Бурхны «мутар» гэдэг үгийг «Езра» номдоо 6 удаа бичжээ (Езр. 7:6, 9; 8:18, 22, 31).

Ямар үед Бурхны мутрыг илүү их мэдэрдэг вэ? (16-р догол мөрийг үзээрэй) e

16. Ямар үед Еховагийн мутрыг илүү их мэдрэх вэ? (Бас зургийг үзээрэй).

16 Бэрхшээл тулгарах үед Ехова тусалдаг. Жишээлбэл, чуулганд суухын тулд ажлаасаа чөлөө авах, эсвэл цуглаанд тогтмол суухын тулд ажлынхаа хуваарийг өөрчлөх тухай ажил олгогчтойгоо яривал Еховагийн мутрыг мэдрэх боломж гарна. Бүх юм хэрхэн сайнаар эргэхийг хараад та өөрийн эрхгүй гайхах биз ээ. Ийнхүү Еховад улам бүр итгэнэ.

Хүмүүсийн үйлдсэн нүглээс болж шаналсан Езра сүмд уйлан залбирсан. Цугларсан хүмүүс бас уйлж байна. Шеканиа: «Израильд найдвар байна. ... бид тантай хамт» гэж хэлэн Езраг тайвшруулж байна (Езра 10:2, 4). (17-р догол мөрийг үзээрэй)

17. Санаа зовсон үедээ Езра хэрхэн даруу байсан бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

17 Езра даруу байж Еховагаас тусламж гуйсан. Үүрэг даалгавраа хэрхэн биелүүлэх вэ гэж санаа зовох болгондоо даруухнаар Еховад залбирдаг байв (Езр. 8:21–23; 9:3–5). Ийнхүү Еховад найддаг байсан учир бусад нь түүнийг дэмжих, итгэлийг нь дуурайх хүсэлтэй болсон (Езр. 10:1–4). Бид ч зайлшгүй хэрэгцээ, эсвэл гэр бүлийнхээ аюулгүй байдлын талаар санаа зовбол Еховад итгэлтэйгээр залбирах учиртай.

18. Яавал Еховад итгэх итгэл батжих вэ?

18 Даруу байн Еховагаас тусламж гуйж, ах дүү нарынхаа дэмжлэгийг авдаг бол Бурханд итгэх итгэл маань батажна. Гурван хүүхдийн эх Эрика маш хүнд гарз хохирол амссан ч Еховад итгэх итгэлээ алдаагүй. Тэрбээр богинохон хугацаанд хэвлий дэх үрээ, бас хайрт ханиа үхэлд алджээ. Хожим нь тэрбээр: «Ехова хэрхэн туслахыг урьдаас мэдэх аргагүй. Заримдаа санаанд оромгүй аргаар тусалдаг. Ехова миний олон залбиралд итгэл нэгтнүүдийн маань үг яриа, үйлдлээр хариулсан. Юу тохиолдоод байгаагаа найзууддаа хэлдэг бол тэд яаж туслахаа мэдэж авна» гэж дурсжээ.

ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЕХОВАД ИТГЭЭРЭЙ

19, 20. Иерусалим руу буцаж чадаагүй иудейчүүдээс бид юу мэдэж авах вэ?

19 Иерусалим руу буцаж чадаагүй иудейчүүдээс ч сурах юм бий. Тэдний зарим нь өндөр настай, өвчин хуучтай, гэр бүлд хүлээсэн үүргээсээ болоод Вавилонд үлдсэн байх. Гэсэн хэдий ч тэд буцаж явсан элэг нэгтнүүддээ эд хөрөнгөөрөө дуртайяа тусалж байв (Езр. 1:5, 6). Эхний хэсэг хүн буцсанаас хойш бараг 19 жил өнгөрсөн ч Вавилонд үлдсэн хүмүүс Иерусалим руу сайн дурын хандив илгээдэг хэвээр байсан бололтой (Зех. 6:10).

20 Бид хүссэнээрээ Бурханд үйлчлэх боломжгүй болсон ч өөрт нь сайшаагдах гэж чин сэтгэлээсээ хичээж байгааг маань Ехова өндөр үнэлдэгт итгэн сэтгэл тайван байдаг. Яагаад ийнхүү итгэдэг вэ? Зехариагийн үед Ехова Вавилонд үлдсэн хүмүүсийн илгээсэн алт мөнгөөр титэм хийхийг зөнчдөө тушаасан (Зех. 6:11). Энэхүү «титэм» нь өгөөмөр сэтгэлээр өргөсөн хандивынх нь «сануулга» болох байв (Зех. 6:14). Хүнд хэцүү үед ч хичээл зүтгэл гарган үйлчилж байгааг маань Ехова мартахгүй гэдэгт бид бат итгэдэг (Евр. 6:10).

21. Ирээдүйд бэрхшээл тулгарахад яавал бат итгэлтэй байх вэ?

21 Эцсийн өдрүүдэд амьдарч буй бидэнд бэрхшээл тулгарсаар байх нь эргэлзээгүй. Ирээдүйд нөхцөл байдал бүр ч муудах байх (2 Тим. 3:1, 13). Гэхдээ хэтэрхий санаа зовох учиргүй. Хаггаин үед Ехова ард түмэндээ юу гэж хэлснийг санаарай. «Би та нартай хамт байгаа ... Бүү айгтун» (Хаг. 2:4, 5). Хүслийг нь биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг бол Ехова бидэнтэй хамт гэдэгт итгэлтэй байж болно. Хаггаи Зехариа нарын зөгнөл болон Езрагийн жишээнээс мэдэж авснаа амьдралдаа хэрэгжүүлбэл ирээдүйд ямар ч бэрхшээл тохиолдсон Еховад бат итгэнэ.

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

a Энэ өгүүлэл эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал, эсэргүүцэл хавчлагын үед Еховад итгэх итгэлээ батжуулахад туслах зорилготой.

b «Түмэн цэргийн ЭЗЭН» гэдэг үг «Хаггаи» номд 14 удаа гардаг. Энэ нь Ехова хязгааргүй хүчтэй бөгөөд тэнгэрийн элч нараас бүрдсэн хүчирхэг армийг захирдаг гэдгийг иудейчүүдэд сануулсан, бидэнд ч сануулдаг (Дуу. 103:20, 21).

c Зарим нэрийг өөрчлөв.

d Хуулийг чадварлаг хуулан бичигч Езра Иерусалим руу явахаасаа өмнө ч Еховагийн зөгнөлийн үгэнд бат итгэдэг байсан (Ш.дэд 36:22, 23; Езр. 7:6, 9, 10; Иер. 29:14).

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч залуу чуулганд суухын тулд чөлөө гуйхад дарга нь татгалзаж байна. Даргатайгаа дахин ярилцахаар бэлдэхдээ Еховагаас тусламж, удирдамж заавар гуйн залбирч байна. Тэрбээр даргадаа чуулганы урилга үзүүлж Библийн боловсрол ямар ач тустайг тайлбарлаж байна. Дарга нь урилгыг сонирхон харж, шийдвэрээ дахин нэг бодоход хүрчээ.