Skip to content

Гарчиг руу орох

Та эмэгтэйчүүдэд Ехова шиг ханддаг уу?

Та эмэгтэйчүүдэд Ехова шиг ханддаг уу?

БАТ итгэлтэй эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн Еховад үйлчлэх нь үнэхээр завшаан юм. Үнэнч, ажилсаг тэдний нэг бүрийг бид хайрлаж, эрхэмлэдэг. Тиймээс эрчүүд ээ, тэдэнд сайхан сэтгэлээр, шударгаар, хүндэтгэлтэй хандахыг хичээгээрэй. Бид төгс бус учраас заримдаа ийн хандах амаргүй байж болох юм. Гэхдээ заримд нь үүнээс өөр шалтгаан бий.

Эмэгтэй хүнийг дорд үздэг улс оронд төрж өссөн эрчүүд байдаг. Жишээлбэл Боливид дүүрэг хариуцагчаар үйлчилдэг Хансын ярьснаар эрэгтэй хүнд бардам байхыг уриалдаг соёл дунд өссөн эрчүүд бий. Тэд өөрсдийгөө эмэгтэйчүүдээс илүү гэж үздэг бөгөөд ихэвчлэн хүндэтгэлгүй харьцдаг ажээ. Тайванд ахлагчаар үйлчилдэг Шенгсиан: «Миний амьдардаг газар эмэгтэйчүүд санал бодлоо хэлэх эрхгүй гэж эрчүүд үздэг. Эмэгтэй хүний санал бодлыг сонсож, хүлээн авдаг эрэгтэйг дорд үздэг» гэжээ. Зарим нь эмэгтэйчүүдийг алаг үздэгээ өөр байдлаар илэрхийлдэг. Жишээ нь эмэгтэйчүүдийг доромжилсон онигоо ярьдаг.

Хүн ямар ч соёлд хүмүүжсэн өөрчлөгдөх боломжтой. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс давуу гэсэн үзлээс ч салж чадна (Эф. 4:22–24). Ингэхийн тулд Еховагийн жишээг дуурайх хэрэгтэй. Энэ өгүүллээр, Ехова эмэгтэйчүүдэд хэрхэн ханддагийг, хурлын эрчүүд хэрхэн Ехова шиг хандаж сурахыг болон ахлагчид эмэгтэйчүүдийг хүндлэх талаар хэрхэн үлгэр дуурайл үзүүлэхийг ярилцана.

ЕХОВА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ?

Энэ талаар Ехова төгс жишээ үзүүлдэг. Тэрбээр бүх хүнийг хайрладаг өрөвч сэтгэлтэй Эцэг юм (Ёох. 3:16). Үнэнч эмэгтэйчүүдийг хайртай охидоо гэж үздэг. Ехова тэднийг хэрхэн хайрлан хүндэлдэг вэ?

Ялгаварладаггүй. Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн (Эх. 1:27). Эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү ухаантай, авьяас чадвартайгаар бүтээгээгүй. Мөн тэднийг эмэгтэйчүүдээс илүү гэж үздэггүй (Ш.дэд 19:7). Хэн хэнд нь Библийн үнэнийг ойлгох, сайхан зан чанаруудыг нь дуурайх чадвар өгсөн. Ехова өөрт нь итгэдэг бүх хүнийг эрхэмлэдэг. Эрэгтэй хүнд ч, эмэгтэй хүнд ч диваажин дэлхийд мөнх амьдрах эсвэл тэнгэрт хаан, тахилчаар үйлчлэх найдвар хайрласан (2 Петр 1:1). Тийм ээ, Ехова эмэгтэйчүүдийг ялгаварладаггүй нь тодорхой.

Сонсдог. Ехова эмэгтэйчүүдийн сэтгэл мэдрэмж болон тэдэнд ямар бэрхшээл тулгарч буйг анхаардаг. Жишээ нь Рахел Ханна нарын залбирлыг сонсоод хариулсан (Эх. 30:22; 1 Сам. 1:10, 11, 19, 20). Мөн эмэгтэй хүнийг сонсдог эрчүүдийн тухай Библид бичүүлжээ. Жишээлбэл Абрахам эхнэр Сарагаа сонсоорой гэсэн Еховагийн зааврыг дагасан (Эх. 21:12–14). Давид хаан ч Абигаилыг чих тавин сонсдог. Ехова түүнийг өөртэй нь яриулахаар явуулжээ гэж бодсон (1 Сам. 25:32–35). Эцгийнхээ зан чанарыг төгс дуурайсан Есүс эх Мариагийнхаа үгийг сонсдог байсан (Ёох. 2:3–10). Эдгээр жишээ Ехова эмэгтэйчүүдийг сонсож хүндэлдгийг онцлон харуулж байна.

Итгэдэг. Ехова Евад итгэж дэлхийг бүхэлд нь арчлан тордох ажил даалгасан (Эх. 1:28). Ийнхүү нөхөр Адамаас нь дорд үзээгүй, харин ч тохирох туслагч гэж үздэгээ харуулсан. Түүнчлэн эмэгтэй зөнчид болох Дебора Хулда нарт итгэж ард түмэндээ, түүний дотор шүүгч, хаанд зөвлөгөө өгүүлсэн (Шүү. 4:4–9; Х.дэд 22:14–20). Өнөөдөр ч Ехова Христийн дагалдагч эмэгтэйчүүдэд итгэн чухал ажил даалгадаг. Тэдгээр үнэнч эмэгтэй дэлгэрүүлэгч, эхлэгч, миссионероор үйлчилдэг. Бас цуглааны танхим болон салбарын барилга байгууламжийн зураг төсөл гаргах, барих, засах ажилд оролцдог. Зарим нь Бетелд юм уу орчуулгын алслагдсан оффист үйлчилдэг. Тэд бол Еховагийн хүсэл тааллаа биелүүлэхийн тулд дайчилдаг асар том арми гэлтэй (Дуу. 68:11). Ехова эмэгтэйчүүдийг сул дорой, чадваргүй гэж үздэггүй нь ойлгомжтой.

ГЭРЧ ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХЭРХЭН ЕХОВА ШИГ ХАНДДАГ БОЛОХ ВЭ?

Гэрч эрчүүд ээ, итгэл нэгт эмэгтэйчүүдэд Ехова шиг ханддаг эсэхээ мэдэхийн тулд үзэл бодол, үйл хэргээ шударгаар шалгаарай. Ингэхэд тусламж хэрэгтэй. Зүрх өвчилсөн эсэхийг рентген аппарат илрүүлдэг шиг эмэгтэйчүүдийн тухай таны дотор нуугдаж байж мэдэх сөрөг бодлыг илрүүлэхэд сайн найз болон Бурхны Үг тусална. Энэ тусламжийг авахын тулд яах вэ?

Сайн найзаасаа асуугаарай (Сур. 18:17). Итгэл даасан, сайхан сэтгэлтэй, ухаалаг найзаасаа ийн асууж болох юм. «Чи намайг Гэрч эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг гэж боддог вэ? Тэд намайг өөрсдийг нь хүндэлдэг гэж боддог болов уу? Тэдэнтэй харьцах харьцаагаа сайжруулахын тулд би яах хэрэгтэй вэ?» Хэрэв найз тань зөвлөгөө өгвөл биеэ өмөөрөхөөс зайлсхийгээрэй. Харин дуртайяа өөрийгөө өөрчлөөрэй.

Бурхны Үгийг судлаарай. Итгэл нэгт эмэгтэйчүүдийн талаарх өөрийн хандлага, үйл хэргээ шалгах хамгийн сайн арга нь Бурхны Үгийг судлах юм (Евр. 4:12). Библи судалснаар эмэгтэйчүүдэд сайн, муу хандсан эрчүүдийн тухай мэдэж авна. Тэгээд өөрийгөө тэдэнтэй харьцуулаарай. Түүнчлэн Библийн хэд хэдэн эшлэлийг харьцуулан үзвэл зөвхөн нэг эшлэлд үндэслэн эмэгтэйчүүдийн тухай буруу ойлгохоос сэргийлнэ. Жишээлбэл 1 Петр 3:7-д эхнэр хүнийг «хэврэг савтай» адилтгасан бөгөөд хүндэлж байхыг уриалдаг. a Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс оюун ухаан эсвэл ур чадварын хувьд дутмаг гэсэн үг үү? Огт тийм биш! Петрийн үгийг Галат 3:26–29-тэй харьцуулаарай. Тэнд эрэгтэй, эмэгтэй хүний аль алийг нь Есүстэй хамт тэнгэрт захируулахаар Ехова сонгосныг тодорхой бичсэн байдаг. Бурхны Үгийг судалж, сайн найзаасаа зөвлөгөө авснаар итгэл нэгт эмэгтэйчүүдийг зохих ёсоор хүндэлж сурна.

АХЛАГЧИД ИТГЭЛ НЭГТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХЭРХЭН ХҮНДЭЛДЭГ ВЭ?

Хурлын эрчүүд бас хайр халамжтай ахлагчдыг дуурайн итгэл нэгт эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй хандахыг сурна. Ахлагчид эмэгтэйчүүдийг хүндлэх талаар хэрхэн сайн үлгэр дуурайл үзүүлдэг вэ? Зарим аргыг бодъё.

Магтах. Элч Паул ахлагчдад дуурайвал зохих сайн жишээ үзүүлсэн. Тэрбээр Ром дахь хурлынханд бичсэн захидалдаа хэд хэдэн эмэгтэйг магтдаг (Ром 16:12). Хурлынханд захидлыг уншихад тэдгээр эмэгтэй хэчнээн их баярласныг төсөөл дөө! Үүнтэй адилаар ахлагчид итгэл нэгт эмэгтэйчүүдэд сайхан зан чанартайг нь, мөн Еховад идэвх зүтгэлтэй үйлчилдгийг нь харамгүй хэлж магтдаг. Ингэснээр өөрсдийг нь гүнээ хүндэтгэж, үнэлж эрхэмлэдгийг тэд ойлгоно. Ахлагчдын хэлсэн урмын үг Еховад үргэлж үнэнч үйлчлэхэд яг хэрэгтэй зүйл нь байж болох юм (Сур. 15:23).

Магтах

Ахлагчид итгэл нэгт эмэгтэйчүүдийн хийсэн зүйлийг нь чин сэтгэлээсээ, тодорхой хэлж магтдаг. Яагаад? Жессика гэдэг Гэрч: «Хурлын эрчүүд “Сайн байна” гэж хэлэхэд сайхан санагддаг. Гэхдээ ялангуяа тодорхой юм хэлж магтахлаар илүү их урам авдаг. Жишээ нь цуглааны үеэр хүүхдээ томоотой суулгаж сургасныг, мөн цаг гарган гэрт нь очиж суралцагчаа цуглаанд дагуулж ирснийг гэх мэт» гэжээ. Ахлагчид тодорхой хэлж магтдаг бол эмэгтэйчүүд хуралд хэрэгтэй, чухал хүн гэдгээ мэдэрнэ.

Сонсох. Даруу ахлагчид өөрсдийнхөө л саналыг зөв гэж боддоггүй. Тэд эмэгтэйчүүдийн санал бодлыг асууж, яриаг нь анхааралтай сонсдог. Ингэх нь эмэгтэйчүүдийг урамшуулахаас гадна өөрсдөд нь ч ач тустай байдаг. Ямар? Бетелд үйлчилдэг Херардо гэдэг ахлагч: «Эмэгтэйчүүдийн саналыг сонсох нь ажлаа үр бүтээлтэй хийхэд их тустайг би ойлгосон. Гол төлөв тэд ямар нэг ажлыг эрэгтэйчүүдээс урт хугацаанд хийсэн байдаг» гэжээ. Хуралд байнгын эхлэгчээр үйлчилдэг эмэгтэй олон байдаг бөгөөд тэд хэсгийнхээ хүмүүсийн тухай сайн мэддэг. Брайн гэдэг ахлагч: «Итгэл нэгт эмэгтэйчүүд маань олон сайхан зан чанартай бөгөөд ур чадвар эзэмшсэн учир байгууллагад их хувь нэмэр оруулдаг. Тиймээс арвин их туршлагатай тэдэнтэй хамтран зүтгээрэй!» гэжээ.

Сонсох

Ухаалаг ахлагчид итгэл нэгт эмэгтэйчүүдийн саналыг үл ойшоодоггүй. Яагаад? Эдвард гэдэг ахлагч: «Туршлагатай итгэл нэгт эмэгтэйн санаа оноо аливаа юмыг өргөн хүрээтэй харж, бусдын сэтгэл мэдрэмжийг ойлгоход их тус болдог» гэжээ (Сур. 1:5). Хэрэв санал нь хэрэг болоогүй байлаа ч анзаарснаа хэлж, санал бодлоо хуваалцсанд нь талархаарай.

Сургах. Хэрсүү ахлагчид итгэл нэгт эмэгтэйчүүдийг сургах боломжийг хайдаг. Жишээ нь баптисм хүртсэн эрэгтэй байхгүй үед дэлгэрүүлэх ажлын цуглаан хэрхэн хөтлөхийг зааж болно. Бас тоног төхөөрөмж, машин механизмтай хэрхэн ажиллахыг зааж сургавал тэд байгууллагын барилга болон засвар үйлчилгээний ажилд оролцож чадна. Бетелд, хариуцагчид засвар үйлчилгээ, худалдан авалт, тооцоо, компьютерын программ зэрэг янз бүрийн ажилд эмэгтэйчүүдийг сургаж бэлддэг. Ийнхүү ахлагчид тэднийг чадварлаг, итгэмжтэй гэж үздэгээ харуулна.

Сургах

Олон Гэрч эмэгтэй ахлагчдаас сурсан юмаа ашиглан бусдад тусалдаг. Жишээ нь барилгын ур чадвар эзэмшсэн зарим эмэгтэй байгалийн гамшигт өртсөн нэгнийхээ байшинг сэргээн барьж тусалдаг. Зарим нь нийтэд хэрхэн дэлгэрүүлэхийг сураад бусад эмэгтэйг ийн дэлгэрүүлэхэд нь сургадаг. Өөрсдийг нь сургасан ахлагчдын тухай тэд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Женнифер гэдэг Гэрч эмэгтэй: «Цуглааны танхим барих ажилд оролцоход нэг хариуцагч намайг сургахын тулд цаг заваа зориулсан. Тэрбээр миний хийсэн ажлыг хараад магтсан. Түүнтэй хамт ажиллахдаа би өөрийгөө хэрэгтэй, итгэл хүлээсэн хүн гэж мэдрээд баяртай байсан» гэжээ.

ИТГЭЛ НЭГТ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭГЧ ДҮҮ ШИГЭЭ ХАНДАХЫН АЧ ТУС

Еховагийн адилаар бид итгэл нэгт эмэгтэйчүүдээ хайрладаг! Тиймээс эгч дүү шигээ ханддаг (1 Тим. 5:1, 2). Тэдэнтэй мөр зэрэгцэн үйлчлэх нь завшаан юм. Бас хайр, тусламж дэмжлэгийг маань тэд мэдрэхлээр бид баярладаг. Ванесса гэдэг Гэрч бүсгүй: «Намайг урамшуулан зоригжуулдаг олон ах дүүтэй байгууллагад үйлчилдэгтээ би Еховад талархдаг» гэжээ. Тайваний нэг Гэрч эмэгтэй: «Эмэгтэйчүүд биднийг эрхэмлэж, хүндэлдэг Ехова болон байгууллагад нь би маш их талархдаг. Үүнийг бодохоор итгэл маань батжиж, Еховагийн байгууллагын нэг хэсэг байх завшаанаа улам бүр эрхэмлэдэг» гэжээ.

Ехова өөрийг нь дуурайн эмэгтэйчүүдийг эрхэмлэж, хүндлэхийг хичээдэг үнэнч эрчүүдээр ямар их бахархдаг бол оо! (Сур. 27:11). Шотландад үйлчилдэг Бенжамин гэдэг ахлагч: «Энэ ертөнцийн эрчүүд эмэгтэй хүнийг дорд үздэг. Тийм учраас цуглаанд ирсэн эмэгтэйчүүд хүндлэл, хайрыг мэдрээсэй гэж бид хүсдэг» гэжээ. Бид бүгд Еховаг дуурайн итгэл нэгт эмэгтэйчүүдээ хайрлаж, хүндлэхийн тулд чадах бүхнээ хийцгээе (Ром 12:10).

a «Хэврэг сав» гэсэн үгний дэлгэрэнгүй тайлбарыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2005 оны 3-р сарын 1-ний дугаарын «Нөхөр эхнэрүүдэд зориулсан ухаалаг зөвлөгөө», 2006 оны 5-р сарын 15-ны дугаарын «Хэврэг савны үнэ цэн» (англи) гэсэн өгүүллээс үзээрэй.