Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 5

ДУУ 151 Бурхны хөвгүүд илчлэгдэнэ

«Би чамайг хэзээ ч орхихгүй!»

«Би чамайг хэзээ ч орхихгүй!»

«[Бурхан]: “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй” гэж айлдсан» (ЕВР. 13:5б).

ГОЛ САНАА

Христийн тослогдсон дагалдагчдын сүүлчийнх нь тэнгэрт гарахад Бурхан дэлхий дээрх үйлчлэгчдээ орхихгүй гэдэгт итгэлтэй байж болно.

1. Тослогдсон дагалдагчдын сүүлчийнх нь хэзээ тэнгэрт гарах вэ?

 БУРХНЫ ард түмэн олон жилийн өмнө «Тослогдсон дагалдагчдын сүүлчийнх нь хэзээ тэнгэрт гарах юм бол?» гэж боддог байв. Тослогдогсдын зарим нь Хармагедоны дараа Диваажин болсон дэлхийд үлдээд хэсэг хугацаанд амьдрах байх гэж бид боддог байсан. Харин «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 7-р сарын 15-ны дугаараас дэлхий дээрх тослогдсон дагалдагчид бүгд Хармагедон болохоос өмнө тэнгэрт гарна гэдгийг мэдэж авсан (Мат. 24:31).

2. Ямар асуулт гарч болох вэ? Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

2 Тэгвэл «“Агуу их гамшгийн” үеэр дэлхий дээрх үнэнч “өөр хоньд” яах вэ?» гэсэн асуулт гарч болох юм (Ёох. 10:16; Мат. 24:21). Тослогдсон хайрт ах дүүс маань тэнгэрт гарсны дараа удирдах хүнгүй, яахаа мэдэхгүй болох вий гэж зарим хүн санаа зовж магадгүй. Тэднийг ийн бодоход нөлөөлсөн байж болох Библийн 2 жишээг ярилцъя. Тэгээд бид санаа зовох хэрэггүйн учрыг мэдэж авъя.

ЮУ БОЛОХГҮЙ ВЭ?

3, 4. Зарим хүн юу гэж санаа зовж магадгүй вэ? Яагаад?

3 Удирдах Зөвлөлийн гишүүд тэнгэрт гарсны дараа удирдан чиглүүлэх хүнгүй болж өөр хоньд Еховад үйлчлэхээ болих вий гэж зарим хүнд бодогдож болох юм. Магадгүй тэд Библид байдаг зарим түүхийг уншаад ийнхүү санаа зовсон байх. Библид гардаг 2 жишээг одоо ярилцъя. Эхнийх нь Еховагийн үнэнч үйлчлэгч, тэргүүн тахилч Иехоиадагийн үед болсон явдал юм. Тэрбээр эхнэр Иехошабеатын хамт бяцхан хүү Иехоашийг хамгаалсан бөгөөд үнэнч, сайн хаан болоход нь тусалсан. Өндөр настай Иехоиадаг амьд ахуй цагт Иехоаш сайныг үйлддэг байжээ. Гэвч Иехоиадаг нас барсны дараа хорон муу түшмэдийн үгэнд орж, Еховаг орхисон (Ш.дэд 24:2, 15–19).

4 Дараагийн жишээ нь МЭ II зуунд болсон явдал юм. Элч нараас хамгийн сүүлд амьд байсан Ёохан нь Христийн олон дагалдагчид сайн үлгэр дуурайл болж, Еховад тэвчээртэй үйлчлэхэд нь тусалсан (3 Ёох. 4). Бусад үнэнч элчийн хамт тэрбээр хуралд тархаж буй тэрс явдалтай уйгагүй тэмцсэн (1 Ёох. 2:18; 2 Тес. 2:7). Гэтэл Ёоханыг нас барсны дараа тэрс явдал гал түймэр мэт тархсан. Хэдхэн арван жилийн дотор Христийн дагалдагчдын хурлууд тэр аяараа завхран гажууджээ.

5. Библийн дээрх 2 жишээг бодоод бид юу гэж дүгнэх хэрэггүй вэ?

5 Дээрх 2 жишээг үзвэл тослогдогсод тэнгэрт гарсны дараа Христийн өөр хоньдод бас төстэй явдал тохиолдох болов уу? Дэлхий дээрх үнэнч дагалдагчид Иехоашийн адилаар Еховаг орхих уу? Эсвэл МЭ II зууны ихэнх дагалдагч шиг тэрс явдалд автах уу? Тийм юм огт болохгүй! Тослогдогсод тэнгэрт гарсны дараа Ехова өөр хоньдод санаа тавина, тэд ч үнэнч үйлчилсээр байна гэдэгт бид итгэлтэй байж болно. Яагаад?

ЦЭВЭР ШҮТЛЭГ ЗАВХРАН ГАЖУУДАХГҮЙ

6. Ямар 3 цаг үеийн тухай товч ярилцах вэ?

6 Цэвэр шүтлэг өнөөдөр ч, ирээдүйд хүнд хэцүү цаг болоход ч завхран гажуудахгүй гэдэгт яагаад итгэж болох вэ? Учир нь бид өнөөгийн цаг үеийн тухай Библид юу гэж бичсэнийг мэддэг. Бидний амьдарч буй цаг үе нь эртний Израйл болон Христийн II зууны дагалдагчдын үеэс маш их ялгаатай. Одоо 1) эртний Израйлын үе, 2) элч нар нас барсны дараах үе болон 3) өнөө үе буюу «бүхн[ийг] сэргээх ... цаг» үеийн тухай тус бүрд нь ярилцъя (Үйлс 3:21).

7. Эртний Израйлын хаад болон ард түмэн бузар муу юм хийдэг болсон ч үнэнч хүмүүсийн зориг мохоогүйн учир юу вэ?

7 Эртний Израйлын үе. Мосе нас барахынхаа өмнөхөн израйлчуудад «Намайг үхсэний дараа та нар ялзарч, миний та нарт тушаасан замаас эргэнэ» гэж хэлсэн (Д.хууль 31:29). Мөн, хэрэв тэрсэлбэл цөлөгдөнө гэдгийг анхааруулжээ (Д.хууль 28:35, 36). Үнэхээр ийм юм болсон уу? Тийм ээ. Олон зууны турш, Израйлын ихэнх хаан Еховагийн жигшдэг юмыг хийж, ард түмэн нь хуурамч бурхдыг шүтдэг байсан. Тиймээс Ехова тэрслүү ард түмнээ шийтгэж, хаад захирахыг болиулав (Езе. 21:25–27). Гэхдээ Бурхны үг биелснийг харсан израйлчууд үнэнчээр үйлчлээд л байх зоригтой болсон (Ис. 55:10, 11).

8. II зууны хурлууд завхран гажуудсан нь гайхах зүйл биш гэхийн учир юу вэ?

8 Элч нар нас барсны дараах үе. II зуунд Христийн дагалдагчдын хурлууд завхран гажуудсан нь гайхах зүйл мөн үү? Үгүй ээ. Есүс тэрс явдал газар авна гэж зөгнөсөн (Мат. 7:21–23; 13:24–30, 36–43). Энэ зөгнөл аль хэдийн МЭ I зуунд биелж эхэлснийг элч Паул Петр Ёохан нар харжээ (2 Тес. 2:3, 7; 2 Петр 2:1; 1 Ёох. 2:18). МЭ II зуун гэхэд Христ шашин завхран гажуудаж, бүх хуурамч шашныг бэлгэддэг Агуу Вавилоны томоохон хэсгийг бүрдүүлэх болсон. Ийнхүү бас Есүсийн хэлсэн үг биелжээ.

9. Бидний амьдарч буй цаг үе эртний Израйл болон Христийн II зууны дагалдагчдын үеэс ямар ялгаатай вэ?

9 «Бүхн[ийг] сэргээх ... цаг» үе. Бидний амьдарч буй цаг үе эртний Израйл болон тэрс явдал үүссэн МЭ II зууны үеэс их ялгаатай. Өнөө үеийг Библид ёс бус тогтолцооны «эцсийн өдрүүд» гэжээ (2 Тим. 3:1). Үүнтэй зэрэгцээд илүү урт хугацаатай, илүү чухал эрин цаг эхэлсэн. Үүнийг «бүхн[ийг] сэргээх ... цаг» гэсэн бөгөөд энэ нь Мессиагийн Хаант төр хүн төрөлхтнийг төгс болгож, дэлхийг Диваажин болгон өөрчлөх хүртэл үргэлжилнэ (Үйлс 3:21). Энэхүү эрин цаг нь 1914 онд эхэлсэн. Тэгэхээр юу сэргээгдсэн бэ? Есүсийг тэнгэрт Хаанаар өргөмжлөв. Ийнхүү Ехова үнэнч хаан Давидын үр удмаас өөрийг нь төлөөлөх удирдагчийг дахин томилсон. Гэхдээ Еховагийн хийх зүйл ингээд дуусчихаагүй. Дараахан нь цэвэр шүтлэгийг сэргээж эхэлсэн! (Ис. 2:2–4; Езе. 11:17–20). Цэвэр шүтлэг дахин завхран гажуудах уу?

10. а) Өнөө үеийн цэвэр шүтлэгийн тухай Библид юу гэж зөгнөсөн бэ? (Исаиа 54:17). б) Үүнийг мэдвэл тайвширна гэхийн учир юу вэ?

10 Исаиа 54:17-г уншина. «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» гэсэн зөгнөлийг бодоорой. Агуу хүчээр удирдуулан бичсэн энэ үг өнөөдөр биелж байна. Сэтгэл тайвшруулам дараах үг бас өнөөгийн цаг үетэй хамаатай. «Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь аугаа их болно. Үнэн зөв дотор чи байгуулагда[на] ... Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна. Учир нь аюул чамд ойртохгүй» (Ис. 54:13, 14). «Өнөө үеийн бурхан» Сатан ч Еховагийн ард түмний явуулж буй боловсролын ажлыг зогсоох чадалгүй (2 Кор. 4:4). Цэвэр шүтлэг үүрд сэргэсэн бөгөөд дахин хэзээ ч завхран гажуудахгүй. Бидний эсрэг бүтээгдсэн ямар ч зэвсэг бүтэлгүйтнэ!

ЮУ БОЛОХ ВЭ?

11. Тослогдогсод тэнгэрт гарахад үй олон хүн орхигдохгүй гэдэгт яагаад итгэлтэй байх вэ?

11 Тослогдогсод тэнгэрт гарсны дараа юу болох вэ? Есүс бол бидний Хоньчин гэдгийг санаарай. Тэрбээр Христийн дагалдагчдын хурлын тэргүүн. «Та нар Христ гэдэг ганц Удирдагчтай» гэж Есүс тодорхой хэлсэн (Мат. 23:10). Бидний Хаан хэзээд үүргээ биелүүлдэг. Христ санаа тавьдаг учир дэлхий дэх дагалдагчид нь юунаас ч айхгүй. Тэр цагт тэрбээр хэрхэн удирдах талаар нарийн ширийн зүйлийг бид мэдэхгүй нь үнэн. Тиймээс биднийг тайвшруулах Библийн зарим жишээг одоо ярилцъя.

12. а) Мосег нас барсны дараа Ехова ард түмнээ хэрхэн харж хандсан бэ? б) Елиаг өөр даалгавар авсны дараа Ехова ард түмнээ хэрхэн харж хандсан бэ? (Бас зургийг үзээрэй).

12 Израйлчуудыг Амласан газарт орохын өмнө Мосе нас барав. Бурхны ард түмэн яасан бэ? Удирдах хүнгүй орхигдсон уу? Үгүй. Тэднийг үнэнч байх үед нь Ехова санаа тавьсан. Нас барахынх нь өмнө Мосед ард түмний удирдагчаар Иошуаг томилохыг захисан. Мосе Иошуаг олон арван жил сургажээ (Ег. 33:11; Д.хууль 34:9). Түүнээс гадна удирдах чадвартай өөр эрчүүд буюу мянгатын, зуутын, тавьтын, бүр аравтын дарга нар байсан (Д.хууль 1:15). Бурхан ард түмнээ маш сайн харж хандсан. Елиагийн үеийн жишээ бас үүнтэй төстэй. Тэрбээр цэвэр шүтлэгийг дэмжихэд нь израйлчуудад олон арван жил тусалжээ. Дараа нь Ехова түүнд өөр даалгавар өгч Иуда руу илгээдэг (Х.дэд 2:1; Ш.дэд 21:12). Тэгэхэд арван овогт Израйлын хаант улсын үнэнч хүмүүс орхигдсон уу? Үгүй. Елиа Елишаг олон жил сургасан. Тэнд бас бэлтгэгдсэн «эш үзүүлэгчдийн хөвгүүд» байв (Х.дэд 2:7). Тэгэхээр Бурхны ард түмнийг удирдахад гар бие оролцох үнэнч эрчүүд олон байжээ. Ехова санаа зорилгоо ч биелүүлж, үнэнч үйлчлэгчдээ ч орхиогүй.

Мосе (зүүн зураг) болон Елиа (баруун зураг) өөрсдийнх нь ажлыг залгамжлан хийх чадварлаг хүмүүсийг бэлдсэн (12-р догол мөрийг үзээрэй)


13. Еврей 13:5б-д Еховагийн ямар амлалт байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Эдгээр жишээг бодож үзвэл тослогдогсдын сүүлчийнх нь тэнгэрт гарсны дараа юу болно гэж та бодож байна вэ? Санаагаа зовоох хэрэггүй. Ехова дэлхий дэх ард түмнээ хэзээ ч орхихгүй гэсэн энгийн бөгөөд сэтгэл тайвшруулам үнэнийг Библид бичжээ (Еврей 13:5б-г уншина). Мосе Елиа нарын адилаар өнөөдөр удирдах үүрэг хүлээдэг тослогдсон дагалдагчдын жижиг бүлэг хүмүүсээ сургахын чухлыг ойлгодог. Удирдах Зөвлөл олон арван жил өөр хоньдод багтдаг эрчүүдийг сургаж ирсэн. Жишээлбэл ахлагч, явуулын ахлагч, салбарын хорооны гишүүн, Бетелийн хариуцагч зэрэг хүмүүсийг сургах сургуулиудыг зохион байгуулсан. Бас Удирдах Зөвлөлийн хороодод туслахаар үйлчилдэг эрчүүдийг гардан сургадаг. Туслахууд чухал үүрэг даалгаврыг яг одоо үнэнчээр гүйцэтгэж байна. Тэд Христийн хоньдыг анхаарч халамжлах ажлыг үргэлжлүүлэн хийхэд сайтар бэлтгэгдсэн.

Удирдах Зөвлөл туслахуудыг сургах болон дэлхий дахинд ахлагч, явуулын ахлагч, салбарын хорооны гишүүн, Бетелийн хариуцагч болон миссионерыг сургах сургуулиудыг зохион байгуулахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг (13-р догол мөрийг үзээрэй)


14. Энэ өгүүллийн гол санаа юу вэ?

14 Энэ өгүүллийн гол санааг дүгнэе. Агуу их гамшиг дуусахын алдад тослогдогсдын сүүлчийнх нь тэнгэрт гарна. Харин Есүс Христ удирдаж байгаа тул дэлхий дэх үнэнч үйлчлэгчид Еховаг шүтэхээ болихгүй. Тэр үед Магогийн Гог буюу эвсэн нэгдсэн үндэстнүүд бидэн рүү дайрна (Езе. 38:18–20). Гэхдээ богинохон хугацаанд дайрч амжилт олохгүй бөгөөд Еховаг шүтэхэд маань саад хийж чадахгүй. Ехова биднийг баттай аварна! Элч Ёохан өөр хоньд буюу «үй олон хүнийг» үзэгдлээр харсан. Тэд бол «агуу их гамшгийг туулж ирсэн» хүмүүс юм (Илч. 7:9, 14). Тийм ээ, бид аврагдана гэдэгтээ итгэдэг!

15, 16. Илчлэл 17:14-т бичсэнээр тослогдогсод Хармагедон дайны үед юу хийх вэ? Энэ нь яагаад урамтай санагдах вэ?

15 Гэхдээ зарим хүн: «Тослогдогсод яах вэ? Тэнгэрт гарсныхаа дараа юу хийх вэ?» гэж бодож болох юм. Библид хариу нь бий. Энэ ертөнцийн улс төрийн хүчнүүд «Хургатай тулалдах» боловч ялагдах нь тодорхой. «Хурга тэднийг ялна». «Дуудагдсан, сонгогдсон, үнэнч хүмүүс» буюу амилсан тослогдогсод түүнд тусална (Илчлэл 17:14-ийг уншина). Тэгэхээр агуу их гамшиг дуусахын алдад тослогдогсдын сүүлчийнх нь тэнгэрт гарсны дараа тэдний биелүүлэх анхны даалгавруудын нэг нь дайтах юм. Ямар онцгой даалгавар вэ! Тэдний зарим нь Еховагийн Гэрч болохоосоо өмнө армид алба хаах зэргээр байлдаж явсан. Гэхдээ Христийн жинхэнэ дагалдагч болж хүмүүстэй эв найртай байхыг сурчээ (Гал. 5:22; 2 Тес. 3:16). Дайныг ч дэмжихээ больсон. Харин тэд тэнгэрт гарсныхаа дараа Христ болон тэнгэрийн элчүүдийн хамт Бурхны дайснуудтай сүүлчийн удаа дайтна.

16 Бодоод үз дээ! Дэлхий дээрх тослогдсон зарим дагалдагч одоо өндөр настай, хүч тэнхээ муутай. Гэхдээ тэнгэрт амилаад хүчирхэг, үхэшгүй, үл үзэгдэх биетэй болж дайчин Хаан болох Христтэй хамт тулалдахаар томилогдоно. Хармагедон дайн дууссаны дараа тэд хүн төрөлхтнийг төгс болгох ажилд оролцоно. Төгс бус хүн байсан үеэ бодвол тэнгэрт гарсан тэд дэлхий дээрх хайртай ах дүүсийнхээ төлөө илүү ихийг хийх нь дамжиггүй!

17. Хармагедон дайны үед Бурхны бүх үйлчлэгч аюулгүй байна гэдгийг хаанаас мэдэх вэ?

17 Та өөр хоньдод багтдаг уу? Хармагедон дайн эхлэх тэр эгзэгтэй цаг үед та яах нь зүйтэй вэ? Еховад итгэж, зааврыг нь дагах нь чухал. Ямар заавар авч болох вэ? «Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл түр зуур нуугдагтун» гэж Библид бичжээ (Ис. 26:20). Тэр үед тэнгэр, газар дээрх бүх үнэнч үйлчлэгч аюулгүй байх болно. Элч Паулын адилаар, «төр засаг ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч ... Бурхан биднийг ... хайрлахад саад хийж чадахгүй» гэдэгт бид итгэдэг (Ром 8:38, 39). Тиймээс Ехова танд хайртай, таныг хэзээ ч орхихгүй гэдгийг үргэлж санаж яваарай!

ТОСЛОГДСОН ДАГАЛДАГЧДЫН СҮҮЛЧИЙНХ НЬ ТЭНГЭРТ ГАРСНЫ ДАРАА ...

  • юу болохгүй вэ?

  • цэвэр шүтлэг завхран гажуудахгүй гэдэгт итгэлтэй байхын учир юу вэ?

  • Ехова ард түмнээ харж хандана гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

ДУУ 49 Еховад хоргодъё