Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 6

ДУУ 9 Ехова Бурхнаа магтъя!

«[Еховагийн] нэрийг магтагтун»

«[Еховагийн] нэрийг магтагтун»

«[Еховагийн] зарц нар аа, магтагтун, [Еховагийн] нэрийг магтагтун» (ДУУ. 113:1).

ГОЛ САНАА

Еховагийн ариун нэрийг үргэлж магтах ямар шалтгаан байдаг вэ?

1, 2. Нэрийг нь гутаахад Еховад ямар санагдсаныг төсөөлөхөд юу тус болох вэ?

 ДАРААХ явдлыг төсөөлөөрэй. Дотнын хүн тань таны тухай маш муугаар ярьжээ. Худал гэдгийг та мэдэх ч зарим нь итгэсэн. Тэгээд зогсохгүй бусдад тарааж, бүр олон хүн үнэмшжээ. Танд ямар санагдах вэ? Хүмүүсийг болон өөрийн нэр хүндийг эрхэмлэдэг бол ийм гүтгэлгийг сонсоод та гомдоно биз дээ? (Сур. 22:1).

2 Нэр хүндийг нь унагахад Еховад ямар санагдсаныг ойлгоход энэ жишээ тустай. Тэнгэрийн хөвгүүдийн нэг нь Еховагийн тухай худал ярихад анхны эмэгтэй Ева итгэжээ. Ийнхүү бидний өвөг дээдэс Еховад дуулгаваргүй загнасан. Үүний уршгаар хүн төрөлхтөн нүгэл өвлөж үхдэг болжээ (Эх. 3:1–6; Ром 5:12). Үхэл хагацал, дайн дажин, гай гамшиг зэрэг энэ ертөнц дэх бүх зовлон бэрхшээл Еден цэцэрлэгт Сатаны ярьсан худал үгнээс эхтэй. Энэ гүтгэлэг болон хор уршгаас нь болж Ехова маш их шаналсан нь гарцаагүй. Гэхдээ тэрбээр өширхөж хорсоогүй, харин ч «жаргалтай Бурхан» хэвээр байгаа (1 Тим. 1:11).

3. Бид ямар завшаан эдэлдэг вэ?

3 Бид «[Еховагийн] нэрийг магтагтун» гэсэн энгийн тушаалыг дагаж нэрийг нь ариусгах үйл хэрэгт хувь нэмэр оруулах завшаан эдэлдэг (Дуу. 113:1). Түүний тухай үнэнийг ярьж ариун нэрийг нь магтан алдаршуулах боломжтой. Та ингэх үү? Бурхныхаа нэрийг чин сэтгэлээсээ магтах 3 чухал шалтгааныг одоо ярилцъя.

ЕХОВАГ БАЯРЛУУЛНА

4. Бид магтахад Ехова яагаад баярладаг вэ? Жишээгээр тайлбарлана уу (Бас зургийг үзээрэй).

4 Нэрийг нь магтвал тэнгэрийн Эцэг маань баярлана (Дуу. 119:108). Энэ нь Төгс хүчит Бурхан маань төгс бус хүн шиг өөртөө итгэлгүй, магтуулахыг хүсдэг гэсэн үг үү? Үгүй. Нэг жишээ бодъё. Жаахан охин аавынхаа хүзүүгээр чанга тэврээд «Та бол энэ дэлхийн хамгийн сайн аав» гэж хэлж байна. Гэнэт ингэж хэлсэн охиноо хараад аав нь инээмсэглэн баяр жаргалаар бялхана. Яагаад? Бид түүнийг өөртөө итгэлгүй тул хүүхдээрээ магтуулахыг хүсдэг аав гэж бодох уу? Үгүй. Харин ч охиндоо хайртай бөгөөд магтаж, хайраа илэрхийлэхэд нь баярлаж байна гэж бодно. Охин нь ийнхүү хайр, талархлаа илэрхийлж сурвал том болоод жаргалтай хүн болно гэдгийг аав нь мэддэг. Үүнтэй адил шалтгаанаар, бид магтаалаа өргөхөд хамгийн агуу Эцэг Ехова баярладаг.

Хүүхэд нь хайртайгаа, талархдагаа хэлэхэд аав нь баярладаг шиг бид нэрийг нь магтвал Ехова баярлана (4-р догол мөрийг үзээрэй)


5. Бурхны нэрийг магтсанаар бас ямар худал үгийг няцаах вэ?

5 Тэнгэрийн Эцгээ магтсанаар хүн бүрд хамаатай бас нэг худал үгийг няцаана. Үнэнч байж Бурхны нэр төрийг хамгаалах хүн нэг ч байхгүй гэж Сатан гүтгэдэг. Сорилт учирвал хэн ч үнэнч байж чадахгүй, эсвэл эрх ашгаа бодоод Бурхнаасаа урвана гэж хэлдэг (Иов 1:9–11; 2:4). Харин Иов үнэнч байж Сатаны худалчийг баталсан. Та яах вэ? Бидний хүн нэг бүр нэрийнх нь төлөө бат зогсож, үнэнч үйлчлэн тэнгэрийн Эцгээ баярлуулах завшаантай (Сур. 27:11). Энэ нь үнэхээр нэр төрийн хэрэг юм.

6. Давид хаан болон левичүүдийг хэрхэн дуурайх вэ? (Нехемиа 9:5).

6 Үнэнч хүмүүс Бурхныг хайрладаг учраас нэрийг нь чин сэтгэлээсээ магтан алдаршуулдаг. Давид хаан: «Сэтгэл минь ээ, [Еховаг] магтагтун. Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун» гэж дуулжээ (Дуу. 103:1). Еховагийн нэрийг магтах нь өөрийг нь магтаж буй хэрэг гэдгийг Давид ойлгож байсан. Еховагийн нэр түүний нэр хүндтэй холбоотой бөгөөд ямар Бурхан гэдгийг хэлж өгдөг. Нэрийг нь сонсохлоор сайхан зан чанарууд болон гайхалтай үйлс нь санаанд буудаг. Давид тэнгэрийн Эцгийнхээ нэрийг ариусгаж, «байгаа бүхнээрээ» буюу чин зүрхнээсээ магтахыг хүсжээ. Левичүүд ч түүний адилаар Еховаг магтаж үлгэр жишээ үзүүлсэн. Гэхдээ ариун нэрийг нь хэзээ ч зохих ёсоор, бүрэн алдаршуулж чадахгүйгээ даруухнаар хүлээн зөвшөөрсөн нь магтаалаас нь харагддаг (Нехемиа 9:5-ыг уншина). Тэдний чин сэтгэлийн магтаал Еховагийн зүрхийг баярлуулсан нь гарцаагүй.

7. Дэлгэрүүлэхдээ болон бусад үед Еховаг хэрхэн магтах вэ?

7 Еховаг хэр их хайрлаж, түүнд талархдагаа ярьдаг бол тэрбээр баярлана. Бид дэлгэрүүлэхдээ хүмүүсийг Еховатай дотносож, түүнийг халамжит Эцгээ болгоход нь тусална гэсэн гол зорилгоо үргэлж санаж явдаг (Яак. 4:8). Тиймээс Еховагийн хайр, шударга зан, мэргэн ухаан, хүч болон өөр зан чанарынх нь тухай Библид юу гэж байдгийг хүмүүст баяртайгаар мэдүүлдэг. Ийнхүү дэлгэрүүлэхээс гадна чадах бүхнээ хийн Еховаг дуурайдаг бол түүнийг магтаж, баярлуулна (Эф. 5:1). Ингэдэг бол бид бузар муу энэ ертөнцийнхнөөс ялгарна. Ялгардгийг маань анзаарсан хүмүүс шалтгааныг нь мэдэхийг хүсэж магадгүй (Мат. 5:14–16). Тэдэнтэй ярих боломж олдсон үедээ яагаад гэдгийг тайлбарлаж болох юм. Үүний дүнд чин сэтгэлтэй хүмүүс Бурхантай дотносдог. Тэгэхээр дэлгэрүүлэхдээ ч, бусад үед ч Еховаг магтдаг бол зүрхийг нь баярлуулна (1 Тим. 2:3, 4).

ЕСҮСИЙГ БАЯРЛУУЛНА

8. Хэн Еховагийн нэрийг магтах талаар хамгийн сайн жишээ үзүүлсэн бэ? Яагаад ингэж хэлэх вэ?

8 Тэнгэр, газар дээрх оюун ухаант бүх бүтээлээс хэн ч Еховаг Есүс шиг сайн мэдэхгүй (Мат. 11:27). Есүс Эцгээ хайрладаг бөгөөд түүний нэрийг магтах талаар бидэнд үлгэр дуурайл болдог (Ёох. 14:31). Нас барахынхаа өмнөх шөнө тэрбээр Еховад залбирахдаа «Би ... таны нэрийг тэдэнд мэдүүлсэн» хэмээн үйлчлэлээ дүгнэн хэлжээ (Ёох. 17:26). Хэрхэн мэдүүлсэн бэ?

9. Есүс Еховагийн тухай илүү сайн ойлгуулахын тулд ямар сургаалт зүйрлэл ярьсан бэ?

9 Есүс Бурхны нэр бол Ехова гэдгийг мэдүүлээд л болчихоогүй. Иудейчүүд Бурхны нэрийг угаасаа мэддэг байсан. Харин Есүс Эцгээ хэнээс ч илүү «таниулсан» (Ёох. 1:17, 18). Жишээлбэл Еврей Сударт Еховаг өршөөнгүй, өрөвч гэж байдаг (Ег. 34:5–7). Есүс энэхүү үнэнийг самуун хүү болон эцгийнх нь тухай сургаалт зүйрлэлээр урьд өмнөхөөс илүү тодорхой болгож өгсөн. Эцэг нь гэмшсэн хүүгээ ирж явааг «холоос хараад» гүйн очиж тэврэн, чин сэтгэлээсээ уучилсныг уншихлаар Ехова хэчнээн их өршөөнгүй, өрөвч гэдгийг маш сайн ойлгодог (Лук 15:11–32). Еховаг чухам ямар Бурхан гэдгийг танихад нь Есүс хүмүүст ийнхүү тусалсан.

10. а) Есүс Эцгээ нэрээр нь дууддаг байсныг, мөн бусдыг ч ингээсэй гэж хүссэнийг хаанаас мэдэх вэ? (Марк 5:19). (Бас зургийг үзээрэй). б) Есүс биднээс юу хүсдэг вэ?

10 Эцгийг нь нэрээр нь дуудаасай гэж Есүс хүсдэг байсан уу? Мэдээж. Тухайн үеийн шашны зарим удирдагч Бурхны ариун нэрийг нүгэлтэй хүн дуудах ёсгүй хэмээн үздэг байсан бололтой. Харин Есүс Библийн үндэсгүй энэ уламжлалыг үл тоон Эцгийнхээ нэрийг магтан алдаршуулдаг байсан. Нэг жишээ бодъё. Есүс Герас нутагт нэг хүнийг чөтгөрүүдээс чөлөөлсөн. Тэндхийн хүмүүс Есүсээс айж, тэндээс явахыг гуйдаг (Марк 5:16, 17). Гэвч тэрбээр Еховагийн нэрийг тэдэнд мэдүүлэхийг хүссэн. Тиймээс чөтгөрөөс чөлөөлсөн хүнд өөрийг нь бус, Ехова юу хийснийг хүмүүст ярихыг тушаасан (Марк 5:19-ийг уншина). a Өнөөдөр ч биднийг Эцгийнх нь нэрийг дэлхий даяар мэдүүлээсэй гэж хүсдэг! (Мат. 24:14; 28:19, 20). Бид хүслийг нь биелүүлбэл Хаан Есүсээ баярлуулна.

Есүс чөтгөрүүдээс чөлөөлсөн хүндээ Ехова хэрхэн тусалсныг хүмүүст яриарай гэж хэлсэн (10-р догол мөрийг үзээрэй)


11. Есүс дагалдагчдадаа юу гэж залбирахыг захисан бэ? Энэ нь яагаад чухал вэ? (Езекиел 36:23).

11 Еховагийн зорилго бол нэрээ ариусгаж, цагаатгах явдал гэдгийг Есүс мэдэж байв. Ийм учраас дагалдагчдадаа «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж залбирахыг захисан (Мат. 6:9). Энэ нь оюун ухаант бүх бүтээлд хамаатай хамгийн чухал асуудал гэдгийг тэрбээр ойлгож байв (Езекиел 36:23-ыг уншина). Тиймээс Еховагийн нэрийг ариусгахын тулд орчлонт ертөнцөд хэнээс ч илүү ихийг хийсэн. Гэтэл дайснууд түүнийг баривчлаад хэрхэн буруутгасан билээ? Бурхныг доромжилсон гэж! Эцгийнхээ ариун нэрийг доромжлох эсвэл гүтгэх нь хамгийн байж боломгүй нүгэл гэж Есүс бодож байсан нь гарцаагүй. Өөрийг нь ийнхүү буруутгасанд их зовж шаналсан. Баривчлагдахынхаа өмнө хэдэн цагийн турш «ихэд шаналж байсных» нь гол учир үүнд байж болох юм (Лук 22:41–44).

12. Есүс Эцгийнхээ нэрийг хэнээс ч илүү ариусгасан гэж хэлэхийн учир юу вэ?

12 Есүс Эцгийнхээ нэрийг ариусгахын тулд зовж тарчилж, бүх доромжлол, гүтгэлгийг тэвчсэн. Тэрбээр Эцгийнхээ хэлсэн бүхнийг дуулгавартай биелүүлснээ, ичиж зовох ямар ч юм хийгээгүйгээ мэдэж байв (Еврей 12:2). Мөн туйлын хэцүү үед нь Сатан өөр лүү нь шууд довтолж байгааг ч ойлгож байлаа (Лук 22:2–4; 23:33, 34). Сатан Есүсийг үнэнч бус болгох гэж байдгаараа хичээсэн ч бүрмөсөн ялагдсан! Ийнхүү Сатан бол хорон санаат худалч гэдгийг болон хамгийн хүнд сорилт тулгарсан ч Еховад үнэнчээ харуулах үйлчлэгчид байдгийг Есүс маргаангүй баталсан!

13. Одоо захирч буй Хаанаа хэрхэн баярлуулах вэ?

13 Одоо захирч буй Хаанаа та баярлуулмаар байна уу? Еховаг ямар Бурхан гэдгийг хүмүүст мэдүүлж нэрийг нь цаашид ч магтан алдаршуулаарай. Ингэвэл та Есүсийг дуурайна (1 Петр 2:21). Та ч Еховаг баярлуулж, атаат дайсан Сатаныг ичгүүргүй худалч гэдгийг нотолно!

АВРАГДАХАД НЬ ХҮМҮҮСТ ТУСАЛНА

14, 15. Еховагийн тухай хүмүүст зааж өгөхөд ямар гайхалтай зүйл болдог вэ?

14 Бид Еховагийн нэрийг магтсанаар аврагдахад нь хүмүүст тусална. Яаж? Сатан «үл итгэгч ... хүмүүсийн ухаан санааг ... сохолсон» (2 Кор. 4:4). Үүний уршгаар хүмүүс Сатаны дараах худал үгэнд итгэдэг. Бурхан гэж байдаггүй, байдаг ч хүйтэн хөндий учир хүн төрөлхтнийг хайхардаггүй, мөн харгис хэрцгий учир бурууг үйлдсэн хүнийг мөнхөд тарчлаан зовоодог. Эдгээр худал нь Еховагийн нэр хүндийг унагаж, хүмүүсийг түүнээс холдуулдаг. Харин биднийг дэлгэрүүлэх ажилд оролцоход Сатаны зорилго бүтэлгүйтдэг. Бид Эцгийнхээ тухай үнэнийг хүмүүст зааж ариун нэрийг нь магтан алдаршуулдаг. Ямар үр дүнд хүрдэг вэ?

15 Бурхны Үгэн дэх үнэн асар их хүчтэй. Бид хүмүүст Еховагийн тухай, чухам ямар Бурхан болохыг нь зааж өгөхөд гайхалтай зүйл болдог. Тэдний нүд нээгдэх мэт Сатаны худал үгэнд хууртахаа больж, хайртай Эцэг маань ямар гайхалтай болохыг ойлгодог. Хязгааргүй хүчтэйг нь мэдээд биширдэг (Ис. 40:26). Шударга зантайг нь ойлгоод итгэдэг (Д.хууль 32:4). Мэргэн ухаантай түүнээс их юм сурдаг (Ис. 55:9; Ром 11:33). Бурхан бол хайр гэдгийг мэдээд тайвширдаг (1 Ёох. 4:8). Тэд Еховатай дотносох тусам хүүхдүүд нь болж мөнх амьдрах найдвар нь улам бодитой болдог. Ийнхүү тэнгэрийн Эцэгтэйгээ ойртоход нь тэдэнд тусалдаг маань үнэхээр хосгүй завшаан! Ийм ажил хийдэг биднийг Ехова «хамтран зүтгэгчдээ» гэж үздэг (1 Кор. 3:5, 9).

16. Бурхны нэрийг мэдсэн нь зарим хүнд хэрхэн нөлөөлсөн бэ? Жишээ хэлнэ үү.

16 Бид хүмүүст эхлээд Бурхны нэр Ехова гэдгийг хэлдэг. Энэ нь чин сэтгэлтэй хүмүүст маш хүчтэй нөлөөлөх нь бий. Жишээ нь Аалия b гэдэг бүсгүй Христийн бус шашинтай гэр бүлд өссөн. Гэхдээ шашиндаа ч сэтгэл хангалуун биш, Бурхан ч бодитой санагддаггүй байв. Гэтэл Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл эхэлснээс хойш бодол нь өөрчлөгджээ. Түүнд Бурхан найз шиг нь санагдаж эхэлсэн. Мөн Бурхны нэрийг Библийн олон орчуулгаас хасаж, Эзэн зэрэг цолоор сольсныг мэдээд ихэд гайхсан. Еховагийн нэрийг мэдсэнээр амьдрал нь бүрмөсөн өөрчлөгдсөн. «Миний хамгийн сайн найз нэртэй юм байна!» гэж тэрбээр уулга алджээ. Тэгээд «Одоо миний сэтгэл их тайван болсон. Би маш их завшаантай хүн» гэжээ. Стив гэдэг хөгжимчин залуу иудей шашны ёс заншлыг хатуу баримталдаг гэр бүлд хүмүүжсэн. Шашныхан нь хоёр нүүр гаргадгийг нэг бус удаа харсан тэрбээр зайгаа барьжээ. Харин ээж нь нас бараад уй гашууд автсан байхдаа нэг Гэрчийн Библийн хичээлд суужээ. Бурхны нэрийг мэдээд сэтгэл нь маш их хөдөлсөн. Стив: «Би Бурхны нэрийг огт сонсож байгаагүй» гээд цааш нь «Бурхан сайхан зан чанаруудтай, амьд Нэгэн гэдгийг анх удаа л ойлгосон. Би жинхэнэ найзаа олсноо мэдэрсэн» гэж ярьжээ.

17. Та яагаад цаашдаа ч Еховагийн нэрийг магтахаар шийдсэн бэ? (Бас зургийг үзээрэй).

17 Та дэлгэрүүлэх болон заах ажилд оролцохдоо Еховагийн ариун нэрийг хүмүүст мэдүүлдэг үү? Чухам ямар Бурхан болохыг ойлгоход нь тусалдаг уу? Тэгдэг бол Бурхныхаа нэрийг магтаж байна гэсэн үг. Та Ехова гэдэг нэрийн цаана ямар зан чанартай Бурхан байдгийг хүмүүст мэдүүлж ариун нэрийг нь магтан алдаршуулаад л байх болтугай. Ингэснээр хүмүүсийн амийг аварч, Хаан Христ Есүсийн удирдлагыг дагаж, хамгийн гол нь хайрт Эцэг Еховагаа баярлуулна. Та түүний «нэрийг үүрд мөнхөд магтах» болтугай! (Дуу. 145:2).

Нэрийг нь мэдүүлж, чухам ямар Бурхан болохыг нь хүмүүст зааснаар бид Еховагийн нэрийг магтан алдаршуулдаг (17-р догол мөрийг үзээрэй)

БУРХНЫ НЭРИЙГ МАГТДАГ БОЛ ...

  • түүнийг хэрхэн баярлуулах вэ?

  • Христ Есүсийг хэрхэн баярлуулах вэ?

  • аврагдахад нь хүмүүст тусална гэхийн учир вэ?

ДУУ 138 Таны нэр бол Ехова

a Марк Есүсийн хэлсэн үгийг бичихдээ Бурхны нэрийг хэрэглэсэн нь бат нотолгоотой. Тиймээс Библийн «Шинэ ертөнц» орчуулгад нэрийг нь сэргээж бичсэн.

b Нэрсийг өөрчлөв.