Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 8

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

Еховагийн удирдамжийг дагаж байцгаая

Еховагийн удирдамжийг дагаж байцгаая

«Би бол ... [Ехова] мөн. Би ... чамайг ... удирддаг» (ИС. 48:17).

ГОЛ САНАА

Ехова өнөөдөр ард түмнээ хэрхэн удирддаг вэ? Бид удирдамжийг нь дагавал ямар ивээл хүртэх вэ?

1. Бидэнд яагаад Еховагийн удирдамж хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

 ТА ӨӨРИЙГӨӨ ой модонд төөрчихлөө гэж төсөөлөөрэй. Хаа сайгүй аюул! Зэрлэг араатан амьтан, хортой өвс ургамал болон хорхой шавж, бас хад чулуу ихтэй. Гэхдээ хаана аюул байгаа, хэрхэн зайлсхийхийг мэддэг туршлагатай хөтөчтэй бол та их баярлана даа! Энэ ертөнц ийм ойтой зүйрлэм. Бурхантай тогтоосон харьцаанд сэв суулгах аюул хаа сайгүй. Харин бидэнд төгс Хөтөч бий. Тэр бол Ехова. Тэрбээр аюулаас зайлсхийхэд маань тусалж, мөнх амь руу хөтөлдөг.

2. Ехова биднийг хэрхэн удирддаг вэ?

2 Ехова биднийг хэрхэн удирддаг вэ? Гол төлөв Үг нь болох Библиэр. Бас хүмүүсээр удирдуулдаг. Жишээлбэл зөв шийдвэр гаргахад тус болох бэлгэдлийн хоол ундыг «итгэмжит, ухаалаг боолоор» хангуулдаг (Мат. 24:45). Мөн өөр чадварлаг эрчүүдээр ч удирдуулдаг. Жишээ нь дүүрэг хариуцагчид болон ахлагчид хэцүү цаг үеийг давахад маань тустай заавар өгч, урам зориг хайрладаг. Эцсийн энэ хэцүү өдрүүдэд найдвартай удирдамж өгдөгт нь бид маш их талархдаг! Үүний ачаар Еховагийн сайшаалыг хүртэж, амийн замаар тууштай явж чаддаг.

3. Энэ өгүүллээр юуны талаар ярилцах вэ?

3 Харин Еховагийн удирдамжийг, ялангуяа төгс бус хүн өгөхөөр дагахад амаргүй санагдах үе бий. Яагаад? Өгч буй зөвлөгөө нь заримдаа таалагдахгүй байж болох юм. Эсвэл заавар нь тохиромжгүй бөгөөд Ехова өгөөгүй гэж бодогдож магадгүй. Ийм үед л Ехова ард түмнээ удирддаг, мөн удирдамжийг нь дагавал ивээл хүртэнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Итгэлээ батжуулахын тулд энэ өгүүллээр 1) Библи бичигдэж байх үед Ехова ард түмнээ хэрхэн удирдсаныг, 2) өнөөдөр хэрхэн удирддагийг, 3) удирдамжийг нь дагавал ямар ач тустайг ярилцана.

Эрт үеэс өнөөг хүртэл Ехова томилсон хүмүүсээрээ ард түмнээ удирдсаар байна (3-р догол мөрийг үзээрэй)


ЕХОВА ИЗРАЙЛ ҮНДЭСТНИЙГ ХЭРХЭН УДИРДСАН БЭ?

4, 5. Ехова израйлчуудыг Мосегоор дамжуулан удирдаж буйгаа хэрхэн харуулсан бэ? (Зургийг үзээрэй).

4 Ехова израйлчуудыг Египетээс гаргахдаа Мосег томилж, түүгээр дамжуулан удирдаж буйгаа тодорхой харуулсан. Жишээлбэл өдөр үүлэн баганаар, шөнө галан баганаар замыг нь чиглүүлж байв (Ег. 13:21). Ийнхүү ард түмнийг Улаан тэнгис рүү хөтөлсөн. Тэгтэл хүмүүс өөрсдийг нь мөшгөж буй Египетийн арми болон Улаан тэнгис хоёрын дунд ацан шалаанд орчихлоо гэж бодоод сандарцгаажээ. Үүнд тэд Мосег буруутгасан. Энэ нь буруу байв. Ехова Мосег зориуд ийн удирдаж ард түмнийг тэнд аваачжээ (Ег. 14:2). Дараа нь хэний ч санаанд оромгүй аргаар ард түмнээ аварсан (Ег. 14:26–28).

Цөлд үүлэн баганаар удирдаж буй Еховагийн араас Мосе ард түмнийг дагуулан явж байна (4, 5-р догол мөрийг үзээрэй)


5 Мосе үүнээс хойш 40 жилийн турш цөлд ард түмнээ үүлэн баганаар удирдсан Еховаг дуртайяа дагасан. a Ехова хэсэг хугацаанд Мосегийн асар дээр үүлэн баганаа байлгасан нь бүгдэд илт харагддаг байв (Ег. 33:7, 9, 10). Үүлэн багана дундаас Ехова Мосед удирдамжаа өгч, тэрбээр үүнийг ард түмэнд дамжуулсан (Дуу. 99:7). Энэ нь Ехова ард түмнээ удирдаж буйн тодоос тод баталгаа байв.

Мосе болон Иошуа (5, 7-р догол мөрийг үзээрэй)


6. Израйлчууд Еховагийн удирдамжид хэрхэн хандсан бэ? (Тооллого 14:2, 10, 11).

6 Гэтэл израйлчуудын ихэнх нь Мосе Еховаг төлөөлдгийн илэрхий баталгааг үл ойшоосон нь харамсалтай (Тооллого 14:2, 10, 11-ийг уншина). Мосе Еховагийн заавраар удирдаж байгааг тэд дахин дахин үгүйсгэсэн. Тийм учраас тухайн үеийн израйлчууд Амласан газар орох эрхгүй болжээ (Тоол. 14:30).

7. Еховагийн удирдамжийг дагасан хүмүүсийн жишээг дурдана уу (Тооллого 14:24). (Бас зургийг үзээрэй).

7 Харин Еховагийн удирдамжийг дагасан хүмүүс ч бий. Жишээлбэл Ехова: «Калеб ... Намайг бүрэн дагаж байсан» гэжээ (Тооллого 14:24-ийг уншина). Бурхан Калебыг шагнаж, Канаан нутгийн хүссэн газраа амьдрахыг зөвшөөрсөн (Иош. 14:12–14). Израйлын дараагийн үеийнхэн мөн сайн жишээ үзүүлжээ. Тэд Мосегийн дараагийн удирдагчаар томилогдсон Иошуаг «амьдралынх нь турш хүндэтгэсэн» (Иош. 4:14). Ийм учраас Ехова тэднийг ивээж Амласан газарт аваачжээ (Иош. 21:43, 44).

8. Хаад захирч байх үед Ехова ард түмнээ хэрхэн удирдсаныг тайлбарлана уу (Бас зургийг үзээрэй).

8 Олон жилийн дараа ард түмнийг удирдах шүүгчдийг Ехова томилсон. Хожим нь хаад захирч байх үед зөнчдийг томилдог болов. Үнэнч хаад тэдний заавар зөвлөгөөг дагадаг байжээ. Жишээ нь Давид хаан зөнч Натаны залруулга, зааврыг даруухнаар хүлээн зөвшөөрсөн (2 Сам. 12:7, 13; Ш.дээд 17:3, 4). Иехошафат хаан зөнч Иахазиелын удирдамжид найдсан бөгөөд Иудагийн ард түмэнд «итгэл найдвараа [Бурхны] эш үзүүлэгчдэд өгөхийг» уриалжээ (Ш.дэд 20:14, 15, 20). Хезекиа хаан зовлонгийн цагт зөнч Исаиад хандсан (Ис. 37:1–6). Хаад Еховагийн удирдамжийг дагах бүрдээ ивээгдэж, ард түмэн нь хамгаалагдаж байв (Ш.дэд 20:29, 30; 32:22). Ехова зөнчдөөр дамжуулан удирдаж буй нь хүн болгонд тодорхой байсан нь ойлгомжтой. Гэвч ихэнх хаад болон ард түмэн зөнчдийг үл тоомсорлосон (Иер. 35:12–15).

Хезекиа хаан болон зөнч Исаиа (8-р догол мөрийг үзээрэй)


ЕХОВА ХРИСТИЙН ЭРТНИЙ ДАГАЛДАГЧДЫГ ХЭРХЭН УДИРДСАН БЭ?

9. Ехова I зууны дагалдагчдыг хэнээр удирдуулсан бэ? (Бас зургийг үзээрэй).

9 Ехова МЭ I зуунд Христийн дагалдагчдын хурлыг үүсгэн байгуулжээ. Тэр үед дагалдагчдыг хэрхэн удирдсан бэ? Хурлын тэргүүнээр Есүсийг томилжээ (Эф. 5:23). Гэхдээ Есүс шавь болгоноо биечлэн удирдаагүй. Харин Иерусалим дахь элч нар болон ахлагчдаар дамжуулан удирдсан (Үйлс 15:1, 2). Мөн хурлуудад ахлагчдыг томилжээ (1 Тес. 5:12; Тит 1:5).

Элч нар болон Иерусалим дахь ахлагчид (9-р догол мөрийг үзээрэй)


10. а) I зууны ихэнх дагалдагч удирдлага зааварт хэрхэн хандсан бэ? (Үйлс 15:30, 31). б) Библи бичигдэж байх үед Еховаг төлөөлж буй хүмүүсийг зарим нь яагаад хүлээн зөвшөөрөөгүй вэ? (« Зарим нь яагаад илэрхий нотолгоог үгүйсгэсэн бэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

10 Христийн I зууны дагалдагчид элч нарын удирдлага зааварт хэрхэн хандсан бэ? Тэдний ихэнх нь зааврыг дуртайяа дагаж, «урмын үгтэй захид[лыг нь] уншаад ... баяр хөөр болсон» (Үйлс 15:30, 31-ийг уншина). Тэгвэл орчин үед Ехова ард түмнээ хэрхэн удирдаж байгаа вэ?

ЕХОВА ӨНӨӨДӨР ХЭРХЭН УДИРДДАГ ВЭ?

11. Ехова орчин үед чин сэтгэлтэй эрчүүдийг хэрхэн удирдсан талаар жишээ хэлнэ үү.

11 Ехова өнөөдөр ч ард түмнээ удирдаж байна. Тэрбээр удирдамжаа өөрийн Үг болон хурлын тэргүүн Есүсээр дамжуулан өгдөг. Орчин үед ч мөн хүмүүсийг томилж удирддаг гэсэн нотолгоо бий юү? Бий. Жишээ болгон 1870 оноос хойш юу болсныг бодъё. Чарлз Тейз Рассел болон нөхөд нь 1914 он бол Бурхны Хаант төр байгуулагдахтай хамаатай чухал он гэдгийг аажмаар ойлгосон (Дан. 4:25, 26). Тэд Библийн зөгнөлийг судлан ийм дүгнэлтэд хүрчээ. Ехова тэднийг удирдсан уу? Мэдээж. 1914 онд болсон үйл явдлууд Бурхны Хаант төр захирч эхэлснийг баталсан. Дэлхийн І дайн эхэлж, өвчин тахал дэгдэж, газар хөдлөлт, өлсгөлөн болсон (Лук 21:10, 11). Ехова ард түмэндээ туслахын тулд чин сэтгэлтэй тэднийг удирдсан нь тодорхой.

12, 13. Дэлхийн ІІ дайны үед дэлгэрүүлэх болон заах ажлыг өргөн цар хүрээтэй явуулахын тулд юу юу зохион байгуулсан бэ?

12 Мөн дэлхийн ІІ дайны үед юу болсныг бодож үзье. Байгууллагын төвийн эрчүүд Илчлэл 17:8-ыг судлаад энэ дайн үргэлжлээд Хармагедон болох биш, харин тайван цаг ирж өргөн цар хүрээтэй дэлгэрүүлэх боломж бүрдэхийг ойлгосон. Тиймээс тухайн үед тохиромжгүй мэт санагдсан байж болох ч Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургуулийг байгуулж, дэлхий даяар дэлгэрүүлж, заах ажилд оролцох миссионеруудыг сургах болжээ. Дайн дажин болж байсан ч миссионеруудыг улс орнууд руу илгээж байв. Түүнчлэн итгэмжит боол хурлын бүх хүнийг сайн дэлгэрүүлэгч, багш болгох зорилгоор тусгай сургалтыг b зохион байгуулжээ. Ийнхүү Бурхны ард түмэн цаашдын дэлгэрүүлэх ажилдаа бэлтгэгдсэн.

13 Эдгээр үйл явдал Ехова ард түмнээ хүнд хэцүү цагт ч удирдаж байсныг тодорхой харуулж байна. Еховагийн ард түмэн Дэлхийн ІІ дайнаас хойш олон улс оронд тайван, чөлөөтэй дэлгэрүүлж байгаа билээ. Үүний дүнд Еховаг мэддэг хүн улам олон болж, сайн мэдээ дэлгэрүүлэх ажил улам бүр өргөжиж байна.

14. Еховагийн байгууллага болон томилогдсон ахлагчдын удирдамжид итгэх ямар үндэс байгаа вэ? (Илчлэл 2:1). (Бас зургийг үзээрэй).

14 Өнөөдөр ч Удирдах Зөвлөлийн гишүүд Христээр удирдуулдаг. Тэд ах дүүстээ удирдлага заавар өгөхдөө Бурхан болон Христийн үзэл бодолд нийцүүлдэг. Тэр зааврыг дүүрэг хариуцагчид болон ахлагчид хурлуудад дамжуулдаг. c Тослогдсон ахлагчид, өргөн утгаараа хурлын бүх ахлагч Христийн «баруун гарт» бий (Илчлэл 2:1-ийг уншина). Тэд төгс бус, алдаа гаргадаг нь мэдээж. Мосе, Иошуа, элч нар ч заримдаа алддаг байсан (Тоол. 20:12; Иош. 9:14, 15; Ром 3:23). Гэхдээ Христ итгэмжит боол, томилогдсон ахлагчдыг анхааран удирддаг бөгөөд цаашид ч «энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал» удирдана (Мат. 28:20). Тиймээс тэдний удирдлага зааварт итгэх бүрэн үндэстэй.

Өнөөгийн Удирдах Зөвлөл (14-р догол мөрийг үзээрэй)


ЕХОВАГИЙН УДИРДАМЖИЙГ ҮРГЭЛЖ ДАГАХ НЬ АЧ ТУСТАЙ

15, 16. Еховагийн удирдамжийг дагасан хүмүүсээс та юу мэдэж авсан бэ?

15 Еховагийн удирдамжийг дагадаг бол одоо ч ач тус хүртэнэ. Жишээ нь Энди Робин хоёр энгийн амьдраарай гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлжээ (Мат. 6:22). Тэгээд байгууллагын барилгын ажилд сайн дураараа оролцох боломжтой болсон. Эхнэр Робин нь: «Ихэнхдээ бид гал тогоогүй жижигхэн байранд амьдарч байв. Би гэрэл зураг авах хоббитой ч аппарат, бас бус хэрэгслүүдээ зарсан. Бүр уйлж билээ. Гэхдээ Абрахамын эхнэр Сара шиг арагшаа биш, урагшаа харахаар шийдсэн» гэжээ (Евр. 11:15). Тэд ямар ач тус хүртсэн бэ? Робин: «Бид бүхнээ Еховагийн төлөө өгч байгаа учраас маш их сэтгэл хангалуун байдаг. Байгууллагын ажилд оролцоод шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг зах зухаас нь мэдэрсэн» гэж ярьжээ. Энди бас үүнтэй санал нийлж «Бид Бурхны Хаант төрийн төлөө чадах бүхнээ хийгээд их баяртай байгаа» гэжээ.

16 Еховагийн удирдамжийг үргэлж дагах нь өөр ямар ач тустай вэ? Марсиа дунд сургуулиа төгсөөд байгууллагын зөвлөгөөний дагуу Еховад бүрэн цагаар үйлчлэх чин хүсэлтэй байжээ (Мат. 6:33; Ром 12:11). Тэрбээр: «Би их сургуульд 4 жил тэтгэлгээр сурах боломжтой байв. Гэхдээ Еховагийн төлөө илүү ихийг хийхийг хүссэн. Тиймээс эхлэгчээр үйлчлэх зуураа өөрийгөө тэжээхийн тулд мэргэжил олгох сургуульд элссэн юм. Энэ нь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Одоо би байнгын эхлэгчээр баяр хөөртэй үйлчилж байна. Бас ажлын хуваариа өөрөө зохицуулдаг учраас Бетелд цагаар ажиллах зэрэг Еховад янз бүрийн аргаар үйлчлэх завшаан эдэлдэг» гэжээ.

17. Еховагийн удирдамжийг үргэлж дагах нь өөр ямар ач тустай вэ? (Исаиа 48:17, 18).

17 Заримдаа бид эд хөрөнгийг чухалчлах үзэл юм уу Бурхны хуулийг зөрчихөд хүргэх аюулаас сэрэмжлүүлсэн заавар зөвлөгөө авдаг. Еховагийн өгдөг ийм зөвлөгөөг дагах нь бас ач тустай. Цэвэр мөс чанартай байж, санаа зовоосон асуудлаас зайлсхийж чадна (1 Тим. 6:9, 10). Улмаар Еховаг бүх зүрхээрээ шүтэж, жинхэнэ ёсоор баяр баясгалантай, амар тайван, сэтгэл хангалуун амьдарна (Исаиа 48:17, 18-ыг уншина).

18. Та яагаад Еховагийн удирдамжийг үргэлж дагахаар шийдсэн бэ?

18 Ехова агуу их гамшгийн үед ч, Мянган жилийн засаглалын үед ч хүмүүсийг томилж үйлчлэгчдээ удирдах нь эргэлзээгүй (Дуу. 45:16). Тэр үед та хувийн хүслээ хойш тавьж удирдлага зааврыг нь дагасаар байх уу? Өнөөдөр хэрхэн дагадгаас шалтгаална. Тиймээс Еховагийн удирдамжийг, тэр дундаа биднийг анхаарч халамжлахаар томилогдсон эрчүүдийн зааврыг үргэлж дагацгаая (Ис. 32:1, 2; Евр. 13:17). Аюулыг тойрч гарахад Ехова биднийг залж, мөнх амь руу хөтөлдөг. Тэгэхээр Хөтөч Еховадаа бүрэн итгэж, дагаж байцгаая.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Ехова Израйл үндэстнийг хэрхэн удирдсан бэ?

  • Ехова Христийн эртний дагалдагчдыг хэрхэн удирдсан бэ?

  • Өнөөдөр Еховагийн удирдамжийг дагах нь ямар ач тустай вэ?

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

a Мөн Ехова ард түмнээ Амласан газар луу удирдахын тулд «хуарангийн урд явах» нэгэн тэнгэрийн элчийг томилсон. Тэр бол тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел буюу Есүс гэдэг нь тодорхой (Ег. 14:19, ШЕ; 32:34).

b Үүнийг хожим нь Дэлгэрүүлэгчийн сургууль гэж нэрлэх болсон. Өнөөдөр энэ сургалтыг ажлын өдөр болдог цуглааны үеэр явуулдаг.

c «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2021 оны 2-р сарын дугаарын 18-р хуудсан дахь «Удирдах Зөвлөлийн үүрэг» гэсэн хавсралтыг үзээрэй.