Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Ирээдүйд юу болохыг зөгнөх Еховагийн чадварын талаар Библид юу гэж байдаг вэ?

Ехова ирээдүйн тухай зөгнөж чаддагийг Библид тодорхой бичсэн байдаг (Ис. 45:21). Гэхдээ юу, хэзээ, хэрхэн зөгнөдөг талаар нэг бүрчлэн бичээгүй учраас бид мэдэмхийрч болохгүй. Харин зарим зүйлийг тодорхой бичжээ.

Еховагийн зөгнөх чадварт хязгаар гэж үгүй ч заримдаа өөрөө өөртөө хязгаар тавьдаг. Тэрбээр хязгааргүй мэргэн ухаантай учир хүссэн бүхнээ урьдчилан хэлж чадна (Ром 11:33). Харин өөрийгөө төгс захирдаг тул зарим зүйлийг урьдаас мэдэхгүй байхаар шийддэг (Исаиа 42:14-тэй харьцуулаарай).

Ехова хүссэнээ биелүүлдэг. Энэ нь зөгнөх чадвартай нь ямар холбоотой вэ? Исаиа 46:10-т «Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. “Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна» хэмээн бичжээ.

Тэгэхээр Ехова хүссэнээ биелүүлэх чадвартай нь ирээдүйг зөгнөж чаддагийн нэг шалтгаан юм. Киног үзэхээсээ өмнө төгсгөлийг нь үзээд хэрхэн дуусахыг нь мэдэж болдог. Харин ирээдүйд юу болохыг мэдэхэд Еховагийн хувьд ийм арга хэрэглэх шаардлагагүй. Тэрбээр ямар нэг зүйлийн цаг хугацааг товлоод яг тэр цагтаа биелүүлдэг (Ег. 9:5, 6; Мат. 24:36; Үйлс 17:31).

Ийм шалтгаанаар Ехова ирээдүйд юу хийхээ хэлэхдээ «төлөвлөх» гэсэн үгийг хэрэглэдэг (Х.дэд 19:25; Ис. 46:11). Энэ үг нь эх хэлэндээ «ваарчин» гэдэг үгнээс үүссэн ажээ (Иер. 18:4). Чадварлаг ваарчин шаврыг хэлбэржүүлж гоё ваар хийдэгтэй адил Ехова аливаа юмыг удирдан залж хүссэнээ биелүүлж чадна (Эф. 1:11).

Ехова сонгох эрх чөлөөг маань хүндэлдэг. Тэрбээр хүн бүрд хувь тавилан гэж оноогоогүй. Сайныг үйлдэхийг нь ч, мууг үйлдэхийг нь ч урьдчилан тогтоодоггүй. Хүн бүрд сонгох боломж олгодог бөгөөд зөв зам сонгохыг уриалдаг.

Хоёр жишээг бодъё. Эхнийх нь ниневечүүдийн тухай. Тэд бузар мууг үйлддэг байсан учраас хот нь устгагдахыг Ехова зөгнөсөн. Гэхдээ гэмшихэд нь тэрбээр «тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй» (Иона 3:1–10). Ниневечүүд сануулгыг нь хүлээн авч сонгох эрх чөлөөгөө зөв эдлэн гэмшсэн тул Ехова бодлоо өөрчилжээ.

Хоёр дахь жишээг ярилцъя. Кореш гэдэг хүн иудейчүүдийг Вавилоноос чөлөөлж, сүмийг нь сэргээх тушаал гаргана гэж Ехова зөгнөсөн (Ис. 44:26—45:4). Энэхүү зөгнөлийг Персийн хаан Кореш (Кир) биелүүлжээ (Езр. 1:1–4). Гэхдээ тэрбээр жинхэнэ Бурхныг шүтдэггүй байв. Ехова зөгнөлөө биелүүлэхийн тулд Корешийг ашигласан ч сонгох эрхийг нь хүндэтгэж өөрийгөө шүтүүлэх гэж хүчлээгүй (Сур. 21:1).

Еховагийн ирээдүйг зөгнөх чадвартай холбоотой цөөн хэдэн тодорхой зүйлийг ярилцлаа. Чухамдаа хэн ч Еховагийн бодол санаа, үйл хэргийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй (Ис. 55:8, 9). Гэсэн хэдий ч бидний мэддэг зүйл нь Ехова хэзээ ямагт, тэр дундаа ирээдүйн тухай зөгнөхдөө ч зөвийг үйлддэг гэдэгт итгэх итгэлийг маань батжуулдаг.