Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Библид бичсэн зарим зүйл яагаад давтагддаг вэ?

БИБЛИ бичигчид зарим үг хэллэгийг яг таг давтаж бичсэн. Үүнд нөлөөлсөн байж болох 3 шалтгааныг ярилцъя.

Тухайн цаг үе. Эрт үед Израйлд ихэнх хүн Мосегийн хуулийн өөрийн гэсэн хуулбартай байгаагүй. Ард түмэн голдуу асрын өмнө цугларсан үедээ Хуулийг сонсдог байсан (Д.хууль 31:10–12). Бөөндөө хэдэн цагийн турш зогсоод сонсоход анхаарлыг нь сарниулах зүйлс бишгүй байсан нь лавтай (Нех. 8:2, 3, 7). Ийм нөхцөлд чухал үг хэллэгийг давтан хэлсэн нь Сударт бичигдсэнийг тогтоож, амьдралдаа хэрэгжүүлэхэд тустай байсан биз ээ. Ялангуяа Еховагийн шийдвэр, хууль тогтоол зэргийн нарийн ширийнийг тогтооход дөхөм байв (Лев. 18:4–22; Д.хууль 5:1).

Хэв маяг. Библийн 10 орчим хувь нь дуу байдаг. Тухайлбал «Дуулал», «Соломоны дуун», мөн «Гашуудал» гэх мэт. Зарим дуу давтагдсан үг хэллэгтэй. Энэ нь тухайн дууны сэдвийг онцолсон бөгөөд сонсогчдод үгийг нь цээжлэхэд амар байв. Жишээ нь Дуулал 115:9–11-д «Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм. Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм. ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм» гэж бичжээ. Энд зарим үг хэллэгийг давтсан нь оюун бодол, зүрх сэтгэлдээ чухал санааг гүн хоногшуулахад дуучдад тустай байсныг та анзаарав уу?

Чухал юмыг онцлох. Библи бичигчид зарим чухал санааг давтан бичсэн. Жишээлбэл Ехова израйлчуудад цус идэж болохгүй гэсэн тушаал өгөхдөө Мосегоор шалтгааныг нь хэд хэдэн удаа давтан хэлүүлсэн. Махан биеийн амь нь цусанд байдаг буюу цус амийг төлөөлдөг гэдгийг Ехова онцлохыг хүссэн (Лев. 17:11, 14). Хожим нь Иерусалим дахь элч нар болон ахлагчид Еховагийн таалалд нийцүүлэхийн тулд юунаас зайлсхийх ёстойг жагсаахдаа цусыг цээрлэх хэрэгтэйг дахин онцолжээ (Үйлс 15:20, 29).

Библид зарим үг хэллэг давтагддаг ч Ехова биднийг эшлэлийг нь давтан хэлдэг зуршилтай болоосой гэж хүсээгүй. Есүс: «Залбирахдаа ... нэг юмаа дахин дахин бүү хэл» гэсэн (Мат. 6:7). Мөн Бурхны хүсэлд нийцүүлж юуны тухай залбирч болохыг зааж өгсөн (Мат. 6:9–13). Тиймээс бид нэг үгээ давтан давтан хэлэхээс зайлсхийж, харин нэг юмны талаар дахин дахин залбирдаг (Мат. 7:7–11).

Бурхны агуу хүчээр удирдуулан бичигдсэн Библид зарим үг хэллэг давтагдсан нь ийм учиртай. Энэ бол Агуу Багш маань бидэнд тустайг сургахын тулд ашигладаг олон аргуудын нэг юм (Ис. 48:17, 18).