Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Хүчин мөхөс үедээ Бурхны хүчийг улам их мэдэрсэн

Хүчин мөхөс үедээ Бурхны хүчийг улам их мэдэрсэн

1985 онд эхнэр бид хоёрыг Колумбид ирэхэд улс орон урьд хожид байгаагүйгээр хүчирхийллээр дүүрсэн байлаа. Засгийн газар хар тамхины бүлэглэлүүд болон ууланд бүгсэн партизануудтай тэмцэж байв. Хожим нь бидний үйлчлэхээр очсон Меделлиний ойр хавьд зэвсэглэсэн залуучууд хаа сайгүй. Тэд хууль бусаар хар тамхи наймаалж, өөрсдөд нь мөнгө төлсөн хүнийг хамгаалж, бас захиалгаар хүний амь хороодог байсан. Тэдний нэг нь ч удаан амьдраагүй. Огт өөр ертөнцөд ирсэн юм шиг л бидэнд санагдсан.

Дэлхийн хамгийн хойд орнуудын нэг болох Финландын жирийн хоёр иргэн яаж яваад Өмнөд Америкт ирэв ээ? Бас энэ олон жилийн хугацаанд би юу сурсан бэ?

ЗАЛУУ НАСАА ФИНЛАНДАД

Би 1955 онд төрсөн. 3 хүүтэй айлын отгон нь. Финландын өмнөд эргийн ойролцоо буюу одоогоор Вантаа гэдэг хотод өсөж торнисон.

Ээж намайг төрөхөөс хэдэн жилийн өмнө баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон байв. Манай аав үнэнийг эсэргүүцдэг бөгөөд бидэнтэй хичээл хийх юм уу цуглаанд авч явахыг ээжид зөвшөөрдөггүй байлаа. Тиймээс аавыг эзгүй хойгуур ээж бидэнд Библийн үндсэн мэдлэгийг зааж өгдөг байсан.

Би 7 настайдаа Еховагийн талд бат зогссон

Хар багаасаа л би Еховагийн талд бат зогссон. Жишээлбэл 7-тойдоо багшийгаа уурлуулсан нэг явдал болсон. Финландын үндэсний цустай шарвин идэхээс би татгалзсан юм. Багш нэг гараараа хоёр хацрыг минь шахаад нөгөөгөөрөө шарвингаас сэрээдээд ам руу хийх гэж хүчилсэн. Тэгэхэд нь арайхийж би сэрээг нь түлхээд унагаасан.

Намайг 12-той байхад аав минь өнгөрсөн. Үүнээс хойш би цуглаандаа явдаг болов. Надад сайхан сэтгэлээр санаа тавьж байсан хурлын эрчүүд Еховатай дотносоход минь нөлөөлсөн. Өдөр бүр Библи уншиж, байгууллагын ном хэвлэлийг нямбай судалдаг болсон. Ийн судлах зуршилтай байсныхаа ачаар 1969 оны 8-р сарын 8-нд 14 настай байхдаа баптисм хүртсэн.

Би дунд сургуулиа төгсөөд удалгүй байнгын эхлэгч болов. Тэгээд хэдэн 7 хоногийн дараа Пиелавеси гэдэг хэрэгцээ ихтэй газар үйлчлэхээр нүүж очсон. Тэр нь Финландын төв хэсгээс холгүй оршдог.

Пиелавесид ирээдүйн эхнэр хайрт Сирккатайгаа танилцсан. Тэрбээр их даруу, Еховаг маш их хайрладаг байсан нь миний сэтгэлийг татсан юм. Сиркка бас нэр алдар, тав тухтай амьдралыг чухалчилдаггүй. Бидний хэн хэн нь Еховад хамаг чадлаараа үйлчлэхийг хүсдэг, хаана ч хуваарилагдсан юу ч хийхэд бэлэн байсан. 1974 оны 3-р сарын 23-нд бид гэрлэсэн. Бал сараараа аялахын оронд дэлгэрүүлэгчийн илүү хэрэгцээ ихтэй Карттулад үйлчлэхээр очсон.

Карттулад бидний түрээсэлж байсан байр, Финланд

ЕХОВА БИДЭНД САНАА ТАВЬСАН

Ахын минь бэлэглэсэн машин

Ехова эд зүйлээр хангана гэдгээ гэрлэсэн цагаас маань эхлэн харуулсан. Жишээ нь Карттулад бид машингүй байв (Мат. 6:33). Эхэндээ дугуйгаар дэлгэрүүлдэг байлаа. Гэхдээ тэндхийн өвөл нь маш хүйтэн. Хурлынхаа өргөн уудам нутаг дэвсгэрээр дэлгэрүүлэхийн тулд машин зайлшгүй хэрэгтэй ч бид худалдаж авах мөнгөгүй байсан.

Гэтэл гэнэт бага ах минь манайд зочлохоор ирэв. Тэрбээр сайхан сэтгэлээр бидэнд машинаа бэлэглэсэн. Даатгалыг нь ч төлчихсөн байлаа. Түлш л хийх хэрэгтэй байв. Ингээд яг хэрэгтэй машинтай боллоо.

Бидний хэрэгцээг хангах нь өөрийнх нь үүрэг гэдгийг Ехова тодорхой харуулсан. Хаант төрийн үйл хэргийг эн тэргүүнд тавих нь л бидний хийх ёстой зүйл байв.

ГИЛЕАД СУРГУУЛЬ

Эхлэгчийн сургуулийн ангийнхан, 1978

1978 онд биднийг Эхлэгчийн сургуульд сурч байхад багш нарын нэг Раймо Куокканен a Гилеад сургуулийн анкет бөглөхийг зөвлөсөн юм. Тиймээс тэнд сурах зорилгоор англи хэл сурч эхэллээ. Гэтэл 1980 онд анкет бөглөхийн өмнө биднийг Финландын салбарт үйлчлэхийг урьсан. Тэр үед бетелчид Гилеадад сурах боломжгүй байв. Гэхдээ бид өөрсдийнхөө бус, Еховагийн хамгийн сайн гэж үзсэн газарт үйлчлэхийг хүссэн. Тиймээс урилгыг хүлээн авсан. Харин Гилеадад сурах боломж гарч магадгүй гэж бодоод англи хэлээ сурсаар байлаа.

Хэдэн жилийн дараа Удирдах Зөвлөл бетелчдийг Гилеад сургуульд сурч болохыг зарлав. Бид шууд л анкет бөглөсөн. Гэхдээ Бетел таалагдаагүйдээ биш шүү. Харин ч эсрэгээрээ! Хэрэв бид шаардлага хангавал хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийг л хүссэн. Ингээд Гилеад сургуульд сурахаар болж, 1985 оны 9-р сард 79-р ангийг дүүргэсэн. Тэгээд Колумбид томилогдов.

МИССИОНЕРЫН АНХНЫ ТОМИЛОЛТ

Колумбид биднийг эхлээд салбарт томилсон. Би даалгавраа биелүүлэхийг хамаг чадлаараа хичээж байсан ч, нэг жилийн дараа өөрчлөлт хийх хэрэгтэйгээ мэдэрсэн. Тэгээд анхны бөгөөд сүүлчийн удаа томилолтыг маань өөрчлөхийг гуйлаа. Дараа нь Хуила мужийн Нейва хотод миссионероор үйлчлэхээр болов.

Би ер нь дэлгэрүүлэх их дуртай. Финландад ганц бие эхлэгч байхдаа ч, гэрлэсний дараа Сирккатай хоёулаа ч хар өглөөнөөс харанхуй бүрий болтол дэлгэрүүлэх үе байсан. Хол хэсэгт дэлгэрүүлбэл заримдаа машиндаа унтчихна. Ингэвэл цагаа хэмнэж, маргааш өглөө нь эрт дэлгэрүүлэх боломжтой байв.

Миссионер болоод дэлгэрүүлсэн чинь өмнөх шигээ урам зоригтой болсноо мэдэрсэн. Хурал маань өргөжиж, Колумбийн ах дүүс маань биднийг хүндэлж, хайрлаж, талархдаг байв.

ЗАЛБИРЛЫН ХҮЧ

Нейвагийн ойролцоох хотуудад Гэрч байдаггүй тул тэнд сайн мэдээг яаж хүргэх вэ гэж би нэлээд санаа зовж байсан. Гэтэл партизануудын өрнүүлж буй дайн ялангуяа тэндхийн уугуул бус иргэдэд аюул учруулж болох байв. Тийм болохоор аль нэг хотод нь хэн нэгэн хүн Гэрч болоосой гэж би залбирсан. Миний бодлоор тэр хүн нь үнэнийг мэдэхийн тулд Нейвад амьдардаг байх ёстой. Бас түүнийг баптисм хүртэж, төлөвшөөд төрсөн хотдоо очиж дэлгэрүүлээсэй гэж залбирсан. Харин Ехова миний бодсоноос ч илүү сайнаар шийдэхийг тухайн үед би яаж мэдэх вэ дээ.

Удалгүй би Фернандо Гонзалес гэдэг залуутай Библийн хичээл эхэлсэн. Тэрбээр Гэрч байдаггүй нөгөө хотуудын нэг Алхесираст амьдардаг байв. Фернандо Нейвад ажлаа хийхийн тулд 50 километрийн цаанаас ирдэг. Хичээл болгондоо маш сайн бэлдэж, шууд л бүх цуглаанд явдаг болсон. Мөн хичээл эхэлсэн эхний 7 хоногоосоо л хотынхоо хүмүүсийг цуглуулаад Библиэс сурч мэдсэнээ тэдэнд заадаг байв.

Фернандотой хамт, 1993

Фернандо хичээл эхэлснээсээ хойш 6 сарын дараа буюу 1990 оны 1-р сард баптисм хүртсэн. Дараахан нь байнгын эхлэгч боллоо. Алхесираст нутгийн нэг Гэрчтэй болсон учир салбар тийшээ тусгай эхлэгчдийг томилох нь харьцангуй аюулгүй гэж үзсэн. 1992 оны 2-р сард тэнд хурал байгуулагдсан юм.

Фернандо төрсөн хотдоо л дэлгэрүүлээд байсан уу? Үгүй! Тэрбээр гэрлэснийхээ дараа Сан Висенте дель Кагуан гэдэг Гэрч байхгүй бас нэг хотод эхнэртэйгээ нүүж очсон. Тэнд хуралтай болоход тэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Фернандо 2002 онд дүүрэг хариуцагчаар томилогдож, эхнэр Ольгагийн хамт энэ ажлаа өнөөдрийг хүртэл хийж байна.

Бурхны өгсөн даалгаврыг гүйцэтгэхдээ тодорхой залбирах нь чухал гэдгийг би дээрх явдлаас ойлгосон. Бидний хийж чадахгүйг Ехова чадна. Угаасаа л ургацын ажил биднийх биш, Еховагийнх шүү дээ (Мат. 9:38).

ЕХОВА «ХҮСЭЛ ТӨРҮҮЛДЭГ, ХҮЧ ЧАДАЛ ХАЙРЛАДАГ»

Биднийг 1990 онд дүүргийн ажилд томилсон. Анхны томилолт маань нийслэл хот Богота байв. Энэ даалгавраа сайн биелүүлж чадах болов уу гэж бодсон. Эхнэр бид хоёр ямар нэг онцгой авьяасгүй, жирийн л хүмүүс. Тэгээд ч хүн ам ихтэй ийм том хотод амьдарч үзээгүй. Гэхдээ Ехова Филиппой 2:13-т байдаг «Бурхан та нарт нөлөөлж, таалалд нь нийцдэг бүх юмыг хийх хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг» гэсэн амлалтаа биелүүлсэн.

Хожим нь, оршил хэсэгт ярьсан Меделлин хотод дүүргийн ажилд томилогдсон. Тэндхийн оршин суугчид гудамжинд болж буй хүчирхийлэл, буудалцаан зэрэгт дасчихсан, ер тоохоо больсон байв. Жишээ нь нэг удаа би суралцагчийндаа Библийн хичээл хийж байтал гадаа нь бөөн буудалцаан болов. Би шууд л шалан дээр хэвтэх зуураа суралцагч руугаа хартал мань хүн ер тоосон шинжгүй догол мөрөө үргэлжлүүлэн уншиж байв. Тэгээд уншиж дууссанаа уучлалт гуйгаад гадагшаа гараад явчихав. Хэсэг хугацааны дараа 2 бага насны хүүхэдтэйгээ орж ирээд тайвнаар «Уучлаарай, хүүхдүүдээ авах хэрэгтэй байсан юм аа» гэдэг юм даа.

Бас нэг аюултай явдал тохиолдсон. Айлаар дэлгэрүүлж байтал эхнэр минь цонхийчихсон гүйж ирэв. Нэг эрэгтэй өөр лүү нь буугаа онилсон гэхэд нь би бүр шоконд орсон. Гэтэл буутай хүн Сиркка луу бус, яг хажууд нь байсан хүн рүү онилсныг дараа нь ойлгосон.

Яваандаа бид дээрх шиг нөхцөл байдалд учиргүй цочирдоод байхаа больсон. Энэ болон үүнээс ч дор нөхцөл байдалд байсан нутгийн Гэрчүүдийн тэсвэр тэвчээр биднийг зоригжуулсан. Ехова тэдэнд тусалсан шигээ бидэнд ч туслах нь мэдээж. Нутгийн ахлагчдын зөвлөгөөг үргэлж сонсож, аюулгүй байдлын арга хэмжээ урьдчилан аваад, үлдсэнийг нь Еховад даатгасан.

Заримдаа нөхцөл байдал таамаглаж байсан шиг тийм ч аюултай байгаагүй. Нэг удаа очсон айлын гадаа 2 эмэгтэй хэрэлдэж, нэг нэгнээ доромжилж байгаа нь сонсогдсон. Би тэр маргааныг огт сонирхоогүй ч гэрийн эзэн үүд рүү гараад хар даа гээд байв. Тэгэхээр нь харсан чинь үнэн хэрэг дээрээ хөршүүдийг дуурайн 2 тоть «маргалдаж» байсан.

ШИНЭ ДААЛГАВАР, ШИНЭ БЭРХШЭЭЛ

Намайг 1997 онд Үйлчлэл дээшлүүлэх сургуульд багшаар томилов. b Би байгууллагын сургуулиудад сурах үргэлж дуртай байсан ч бусдад заах завшаан эдэлнэ гэж огт төсөөлж байгаагүй.

Хожим нь муж хариуцагчаар томилогдсон. Харин энэ үүрэгт ажил байхаа больж, би эргээд дүүргийн ажлаа хийсэн. Тэгээд багш болон дүүрэг хариуцагчаар 30 гаруй жил үйлчлэв. Эдгээр даалгаврыг биелүүлээд маш олон ивээл хүртсэн. Гэхдээ дандаа амар байгаагүй. Тайлбарлая.

Би ер нь сэтгэлийн тэнхээтэй, өөртөө итгэлтэй хүн. Тийм ч учраас хүнд бэрхшээлүүдийг давж чадсан. Харин хурлуудад гарсан асуудлыг засаж залруулах гээд хааяа хэтрүүлчихдэг байв. Бие биедээ хайрын сэтгэлээр, ухаалаг хандахыг заримдаа хурлынхандаа маш эрчимтэй уриална. Инээдтэй нь тэр үед би өөрөө ч энэ чанаруудыг илүү хөгжүүлэх хэрэгтэй байсан юм билээ (Ром 7:21–23).

Алдаа дутагдлаасаа болж би заримдаа сэтгэлээр унана (Ром 7:24). Бүр миссионероор үйлчлэхээ больж Финланд руу буцсан нь дээр юм байна гэж хэлэн залбирсан удаатай. Тэр орой цуглаандаа суулаа. Тэгээд сонссон зүйлээсээ үүрэг даалгавраа биелүүлэхийн зэрэгцээ алдаа дутагдлаа засах хэрэгтэйгээ ойлгосон. Ехова залбиралд минь тодорхой хариулсныг бодохоор одоо ч сэтгэл хөдөлдөг. Түүнчлэн сул талтайгаа тэмцэхэд сайхан сэтгэлээр тусалсанд нь гүнээ талархдаг.

ИРЭЭДҮЙГ ИТГЭЛТЭЙ ХАРЪЯ

Сиркка бид хоёр амьдралынхаа ихэнх хугацааг бүрэн цагаар үйлчлэхэд зориулжээ. Ийм завшаан олгосон Еховагийн ачийг хэзээ ч хариулж дийлэхгүй. Мөн халамжтай, үнэнч хань өгсөнд нь талархдаг.

Удахгүй би 70 хүрээд багшлах болон дүүрэг хариуцагчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Гэхдээ сэтгэлээр унадаггүй. Яагаад гэвэл даруухнаар үйлчилж, хайр болон талархлаар бялхсан сэтгэлээр Еховаг магтах нь түүнийг хамгийн дээд зэргээр алдаршуулж байгаа хэрэг гэдэгт бат итгэдэг (Мика 6:8; Марк 12:32–34). Ингэхдээ бид олны анхаарлын төвд байх ч шаардлагагүй.

Эргээд бодоход, бусдаас илүү зохистой юм уу ур чадвартай гээд Ехова дээрх даалгавруудыг надад өгсөн юм биш. Огтхон ч үгүй! Намайг нигүүлссэн учраас сул талыг минь үл харгалзан ийм завшаан хайрласан. Зөвхөн түүний тусламжтайгаар л даалгавруудаа биелүүлж чадсанаа ойлгодог. Ийнхүү хүчин мөхөс үедээ Бурхны хүчийг улам их мэдэрсэн юм (2 Кор. 12:9).

a Раймо Куокканены намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 4-р сарын 1-ний дугаар дахь «Еховад үйлчлэхээр бат шийдсэн» гэсэн өгүүллээс уншаарай (англи).

b Хожим нь тус сургуулийг Сайн мэдээ тунхаглагчийн сургууль гэж нэрлэдэг болсон.