Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 19

ДУУ 136 Хаанчлал тань ирэх болтугай!

Ехова ирээдүйд хүмүүсийг шүүх талаар бид юу мэддэг вэ?

Ехова ирээдүйд хүмүүсийг шүүх талаар бид юу мэддэг вэ?

«Ехова ... хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй» (2 ПЕТР 3:9).

ГОЛ САНАА

Ирээдүйд Ехова хүмүүсийг зөв, шударга шүүнэ гэдэгт итгэлтэй байж болно.

1. Бид сэтгэл догдлом цаг үед амьдарч байна гэж яагаад хэлж болох вэ?

 БИД сэтгэл догдлом цаг үед амьдарч байна! Библийн зөгнөл биелж байгааг өдөр бүр хардаг. Жишээлбэл «Умард зүгийн хаан» болон «Өмнө зүгийн хаан» дэлхийг захирах эрх мэдлийн төлөө нэг нэгэнтэйгээ тэмцэлддэг (Дан. 11:40). Бас Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй тунхаглагдаж, олон сая хүн Еховад үйлчлэхээр шийдэж байна (Ис. 60:22; Мат. 24:14). Мөн бид бэлгэдлийн хоол ундыг «цагт нь» элбэг дэлбэгээр авдаг (Мат. 24:45–47).

2. Бид юунд итгэлтэй байж болох вэ? Харин юуг хүлээн зөвшөөрөх учиртай вэ?

2 Удахгүй болох чухал үйл явдлуудын талаар илүү зөв ойлгоход маань Ехова тусалсаар ирсэн (Сур. 4:18; Дан. 2:28). Агуу их гамшиг эхлэхэд бид Еховад үнэнч байж, тэр хэцүү цаг үеийг эв нэгдэлтэйгээр даван туулахад шаардлагатай бүх мэдээлэлтэй байна гэдэгтээ итгэлтэй байж болно. Харин ойрын ирээдүйд болох зүйлийн талаар мэдэхгүй зүйл бас байгааг хүлээн зөвшөөрөх учиртай. Энэ өгүүллээр зарим үйл явдлын талаар өөрөөр тайлбарладаг болсон шалтгааныг үзнэ. Мөн ирээдүйн тухай болон тэнгэрийн Эцэг маань хүмүүсийг хэрхэн шүүх талаар бидний мэддэг зарим зүйлийг ярилцана.

БИДНИЙ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛ

3. Агуу их гамшиг эхэлсэн л бол Еховад итгэдэггүй хүмүүс яах боломжгүй гэж бид тайлбарлаж байсан бэ? Ингэж дүгнэсний учир юу вэ?

3 Өмнө нь бид агуу их гамшиг эхэлсэн л бол Еховад итгэдэггүй хэн ч түүний талд орж Хармагедоныг давах боломжгүй гэж тайлбарладаг байв. Ингэж дүгнэсний учир нь бид Ноагийн үед болсон үерийг ирээдүйд болох үйл явдлын үлгэр загвар гэж ойлгодог байсантай холбоотой. Жишээ нь Ехова үер буухаас өмнө авдрын хаалгыг хаасан шиг агуу их гамшиг эхлэхэд Сатаны тогтолцооны «хаалгыг хаах» буюу үүнээс хойш өөр хэн ч аврагдах боломжгүй гэж боддог байсан (Мат. 24:37–39).

4. Одоо бид үерийн түүхийг үлгэр загвар гэж үздэг үү? Тайлбарлана уу.

4 Бид үерийн түүхийг үлгэр загвар гэж үзэх ёстой юу? Үгүй. Яагаад? Учир нь үүнийг шууд дэмжих санаа Библид байхгүй. a Есүс «Ноагийн үеийг» өөрийнхөө ирчихээд байгаа үетэй харьцуулсан нь үнэн. Харин үерийг үлгэр загвар гэж хэлээгүй. Тухайн үед болсон бүх явдал, тэр дундаа Ехова авдрын хаалгыг хаасан нь зөгнөлийн утгатай, ирээдүйд төстэй үйл явдал болно гэж хэлээгүй. Гэхдээ энэ нь Ноа болон үерийн түүхээс сурах юм байхгүй гэсэн үг биш ээ.

5. а) Ноа үер буухаас өмнө юу хийсэн бэ? (Еврей 11:7; 1 Петр 3:20). б) Өнөөгийн дэлгэрүүлэх ажил Ноагийн үеийнхтэй юугаараа төстэй вэ?

5 Ноа Еховагийн сэрэмжлүүлгийг сонсоод авдар барьж итгэлтэйгээ баталсан (Еврей 11:7; 1 Петр 3:20-ийг уншина). Үүнтэй адилаар Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг сонссон хүмүүс итгэж байгаагаа үйл хэргээрээ харуулах ёстой (Үйлс 3:17–20). Петр Ноаг «шударга сайныг тунхагласан» гэж бичжээ (2 Петр 2:5). Гэхдээ өмнөх өгүүлэлд ярьсанчлан Ноа үер буухаас өмнө дэлхийн бүх хүнд дэлгэрүүлэх аян өрнүүлсэн эсэхийг бид мэдэхгүй. Өнөөдөр бид дэлхий даяар идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг. Харин хэчнээн хичээсэн ч төгсгөл болохоос өмнө дэлхийн бүх хүнд сайн мэдээ хүргэх боломжгүй. Яагаад?

6, 7. Төгсгөл болохоос өмнө бид сайн мэдээг дэлхийн хүн бүрд хүргэж чадахгүй гэж яагаад дүгнэх вэ? Тайлбарлана уу.

6 Есүс дэлгэрүүлэх ажлын маань цар хүрээний талаар юу гэж хэлснийг бодъё. Тэрбээр: «Сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» гэжээ (Мат. 24:14). Энэ зөгнөл өнөөдөр урьд өмнөхөөс ч илүү өргөн далайцтай биелж байна. Хаант төрийн тухай мэдээ 1 000 гаруй хэлээр орчуулагддаг бөгөөд jw.org веб сайтын ачаар дэлхийн хүн амын дийлэнх нь унших боломжтой.

7 Гэхдээ Есүс өөрийг нь ирэхээс өмнө шавь нар нь «бүх хот тосгонд сайн мэдээ хүргэж амжихгүй» буюу бүх хүнд дэлгэрүүлэх боломжгүйг бас хэлсэн (Мат. 10:23; 25:31–33). Энэ үг үнэн гэдэг нь өнөөдөр ч харагдаж байна. Олон сая хүн дэлгэрүүлэх ажлыг маань хязгаарласан газарт амьдардаг. Түүнээс гадна минут тутамд хэдэн зуун хүүхэд төрдөг. Бид сайн мэдээг «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд» хүргэхийн тулд чадах бүхнээ хийдэг (Илч. 14:6). Гэсэн ч төгсгөл болохоос өмнө дэлхийн хүн бүрд сайн мэдээ дуулгаж чадахгүй нь ойлгомжтой.

8. Ирээдүйд Ехова хэрхэн шүүх талаар ямар асуулт гарч болох вэ? (Бас зургийг үзээрэй).

8 Тэгэхээр «Агуу их гамшиг эхлэхээс өмнө сайн мэдээ сонсож амжаагүй хүмүүс яах вэ? Ехова болон түүнээс шүүх эрх авсан Хүү нь тэднийг хэрхэн шүүх вэ?» гэсэн асуулт гарч ирнэ (Ёох. 5:19, 22, 27; Үйлс 17:31). Тус өгүүллийн Библийн гол зүйлд «Ехова ... хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй, харин бүх хүнд гэмших боломж олгохыг хүсдэг» гэж бий (2 Петр 3:9; 1 Тим. 2:4). Үүнийг бид мэддэг ч дээрх асуултад Ехова хараахан хариулаагүйг ойлгох хэрэгтэй. Тэрбээр хийсэн эсвэл хийх зүйлийнхээ тухай бидэнд бүгдийг тайлбарлах албагүй нь мэдээж.

Агуу их гамшиг болохын өмнө сайн мэдээ сонсох боломжгүй байсан хүмүүсийг Ехова хэрхэн шүүх вэ? (8-р догол мөрийг үзээрэй) c


9. Ехова Библид юу илчилсэн бэ?

9 Ехова хийх гэж буй зарим зүйлээ Үгэндээ илчилсэн. Жишээ нь сайн мэдээ сонсож, амьдралаа өөрчлөх боломжгүй байсан «шударга бус» хүмүүсийг амилуулахаа Библид бичүүлжээ (Үйлс 24:15; Лук 23:42, 43). Үүнээс үүдээд өөр чухал асуултууд гарч ирнэ.

10. Өөр ямар асуулт гарах вэ?

10 Агуу их гамшгийн үеэр нас барах бүх хүн амилах найдваргүйгээр бүрмөсөн устгагдах уу? Еховаг ил тод эсэргүүцэж Хармагедоноор устгагдах хүмүүс амилахгүй гэж Библид тодорхой бичсэн байдаг (2 Тес. 1:6–10). Гэхдээ бусад хүн, жишээлбэл өвчин хууч, өтөл нас, аюул ослоос болж нас барсан юм уу хүний гарт амь үрэгдсэн хүмүүс яах вэ? (Ном. 9:11; Зех. 14:13). Тэдний зарим нь шинэ ертөнцөд амилах «шударга бус» хүмүүсийн тоонд орох уу? Бид ерөөсөө мэдэхгүй.

БИДНИЙ МЭДДЭГ ЗҮЙЛ

11. Хармагедоны үед хүмүүсийг хэрхэн шүүх вэ?

11 Ирээдүйд болох үйл явдлуудын зарим нэг зүйлийг бид мэднэ. Жишээлбэл хүмүүсийг Христийн ах дүүст хэрхэн хандаж байснаар нь дүгнэн Хармагедоны үед шүүнэ гэдгийг бид мэддэг (Мат. 25:40). Христ болон тослогдогсдыг дэмждэгээ харуулсан хүмүүс хонинд тооцогдоно. Бас ах дүүсийнх нь зарим нь агуу их гамшиг эхэлсний дараа дэлхий дээрээ байх бөгөөд Хармагедон болохын өмнөхөн тэнгэрт гарна гэдгийг мэднэ. Дэлхий дээр байх хугацаанд нь тэднийг болон хийж буй ажлыг нь дэмжих боломж чин сэтгэлтэй хүмүүст олдоно (Мат. 25:31, 32; Илч. 12:17). Эдгээр баримт яагаад чухал вэ?

12, 13. «Агуу Вавилон» устгагдахыг харсан зарим хүн яаж магадгүй вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Агуу их гамшиг эхэлсний дараа зарим хүн «Агуу Вавилон» устгагдахыг хараад Еховагийн Гэрчүүд энэ тухай бүр өмнөөс ярьж байсныг санах байх. Тэгээд Еховад итгэдэг болох болов уу? (Илч. 17:5; Езе. 33:33).

13 Хэрэв тийм юм болбол Мосегийн үед болсонтой төстэй явдал болно. Тэр үед «холилдсон маш олон хүн» израйлчуудтай нийлж Египетээс гарсныг санаарай. Зарим хүн Мосегийн сэрэмжлүүлсэн арван гамшиг үнэхээр болсныг хараад Бурханд итгэдэг болсон байх (Ег. 12:38, ШЕ). Агуу Вавилон устгагдсаны дараа үүнтэй төстэй явдал болж, төгсгөл болохын өмнөхөн хүмүүс бидэнтэй нэгдвэл шударга бус санагдах уу? Мэдээж үгүй! Бид «өршөөнгүй, өрөвч, амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам, бүрэн итгэж болох» тэнгэрийн Эцгээ дуурайхыг хүсдэг (Ег. 34:6, ШЕ). b

«Агуу Вавилон» устгагдахыг харсан зарим хүн энэ тухай Еховагийн Гэрчүүд бүр өмнөөс ярьж байсныг санана (12, 13-р догол мөрийг үзээрэй) d


14, 15. Мөнх амьдрах нь хүн хэзээ нас барсан, хаана амьдардгаас хамаарах уу? Тайлбарлана уу (Дуулал 33:4, 5).

14 Итгэгч бус хамаатан нь нас барахад зарим хүн: «Тэр маань агуу их гамшиг болохоос өмнө нас барсан нь бараг болж дээ. Яагаад гэвэл амилах найдвартай» гэж ярихыг та сонссон байх. Сайхан сэтгэлээр ингэж хэлсэн нь ойлгомжтой. Гэхдээ мөнх амьдрах нь хүн хэзээ нас барснаас хамаарахгүй. Ехова төгс Шүүгч учраас үргэлж шударга, зөв шийдвэр гаргадаг (Дуулал 33:4, 5-ыг уншина). «Газар дэлхийн Шүүгч» зөвийг хийнэ гэдэгт бид бат итгэдэг (Эх. 18:25, ШЕ).

15 Мөнх амьдрах нь бас хаана амьдардгаас хамаарахгүй гэж дүгнэх нь зүйд нийцнэ. Хаант төрийн тухай мэдээ огт сонсох боломжгүй улс оронд амьдардаг сая сая хүнийг Ехова шууд л «ямаанд» тооцно гэдэг нь санаанд багтамгүй (Мат. 25:46). Бидний хэнээс ч илүү газар дэлхийн шударга Шүүгч маань тэдний нэг бүрийг боддог. Ехова агуу их гамшгийн үеэр үйл явдлыг хэрхэн удирдан чиглүүлэхийг бид мэдэхгүй. Тэрбээр бүх үндэстний өмнө өөрийгөө алдаршуулахад түүний тухай мэдэж, түүнд итгэж, талд нь орох боломж зарим хүнд олдож магадгүй (Езе. 38:16).

Агуу их гамшиг эхэлсний дараа зарим хүн «Агуу Вавилон» устгагдахыг хараад ... Еховад итгэдэг болох болов уу?

16. Еховагийн тухай бид юу мэдэж авсан бэ? (Бас зургийг үзээрэй).

16 Тэгэхээр Ехова хүний амийг хэр их эрхэмлэдгийг бид улам сайн мэдэж авлаа. Тэрбээр бид бүгдэд мөнх амьдрах найдвар бэлэглэхийн тулд Хүүгийнхээ амийг өгсөн (Ёох. 3:16). Еховагийн хайр халамжийг бид мэдэрдэг (Ис. 49:15). Тэрбээр хүн болгоныг нэрээр нь мэддэг. Тэгээд зогсохгүй хүн нэг бүрийн нарийн ширийн зүйлийг болон ой санамжийг ч санадаг учир үхлээ гэхэд амилуулж чадна! (Мат. 10:29–31). Хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань мэргэн ухаантай, шударга, өршөөнгүй учир хүн бүрийг төгс шүүнэ гэдэгт бүрэн итгэж болно (Яак. 2:13).

Ехова мэргэн ухаантай, шударга, өршөөнгүй учир хүн бүрийг төгс шүүнэ гэдэгт бид итгэж болно (16-р догол мөрийг үзээрэй)


17. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Зарим зүйлийн талаарх бидний ойлголт улам тодорхой болсон нь дэлгэрүүлэх ажлыг хэзээ хэзээнээс илүү шуурхай хийх учиртайг ойлгуулдаг. Яагаад ингэж хэлж болох вэ? Бас юунд хөтлөгдөн тасралтгүй дэлгэрүүлсээр байх вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр дэлгэрэнгүй ярилцана.

ДУУ 153 Ямар гоё байдаг гээч!

a Ингэж тайлбарладаг болсон шалтгааныг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 3-р сарын 15-ны дугаарын 7–11-р хуудсанд буй «Ингэх нь Таны өмнө тааламжтай байсан» өгүүллээс уншаарай.

b Агуу Вавилон устгагдсаны дараа Магогийн Гог дайрахад Еховагийн бүх үйлчлэгч соригдоно. Тэдний дунд Агуу Вавилон устгагдсаныг хараад нэгдсэн хүмүүс ч байна.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бид дэлхий даяар дэлгэрүүлдэг ч зарим хүн сайн мэдээг сонсох боломжгүй байж болохыг харуулсан 3 зураг. 1) Тухайн нутгийн зонхилох шашнаас болж дэлгэрүүлэхэд аюултай улсад амьдардаг эмэгтэй, 2) засгийн газар нь хориглодгийн улмаас дэлгэрүүлэхэд аюултай улсад амьдардаг эхнэр нөхөр хоёр, 3) хэт алслагдмал, очих бараг боломжгүй газар амьдардаг залуу.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Еховагаас холдсон нэг бүсгүй «Агуу Вавилон» устгагдах талаар өмнө нь мэддэг байсан зүйлээ санаж байна. Тэрбээр бодлоо өөрчилж, Гэрч эцэг эх дээрээ эргээд иржээ. Хэрэв ийм юм болбол бид өршөөнгүй, өрөвч тэнгэрийн Эцгээ дуурайна. Бас нүгэл үйлдсэн нэгнээ буцаж ирсэнд нь баярлана.