Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 20

ДУУ 47 Сайн мэдээг тунхаглая

Хайрандаа хөтлөгдөн дэлгэрүүлээд л байя!

Хайрандаа хөтлөгдөн дэлгэрүүлээд л байя!

«Юуны түрүүнд, бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглагдсан байх ёстой» (МАРК 13:10).

ГОЛ САНАА

Хайрандаа хөтлөгдвөл хичээл зүтгэлтэй, чин сэтгэлээсээ дэлгэрүүлнэ гэхийн учир юу вэ?

1. 2023 оны жил тутмын уулзалтаар бид юуны тухай сонссон бэ?

 2023 оны жил тутмын уулзалтаар a бид зарим ойлголт шинэчлэгдсэнийг болон дэлгэрүүлэх ажилтай холбоотой зарлал сонсоод үнэхээр их баярласан. Тухайлбал, Агуу Вавилон устгагдсаны дараа ч зарим хүн Еховагийн ард түмэнтэй нэгдэх боломжтойг мэдсэн. Бас 2023 оны 11-р сараас эхлэн дэлгэрүүлэгчид дэлгэрүүлэх ажлынхаа талаар нарийн тайлагнах хэрэггүй болохыг сонссон. Эдгээр өөрчлөлт гарсан нь дэлгэрүүлэх ажил урьдынх шиг чухал, яаралтай биш болсон гэсэн үг үү? Огтхон ч үгүй!

2. Өдөр хоног өнгөрөх тусам дэлгэрүүлэх ажлаа илүү яаралтай хийх шаардлагатай болж байгаа гэхийн учир юу вэ? (Марк 13:10).

2 Өдөр хоног өнгөрөх тусам дэлгэрүүлэх ажлаа улам бүр яаралтай хийх шаардлагатай болж байна. Яагаад? Учир нь богинохон хугацаа үлджээ. Есүс эцсийн өдрүүдэд явагдах дэлгэрүүлэх ажлын талаар юу гэж хэлснийг бодоорой (Марк 13:10-ыг уншина). «Матай» номоос үзвэл «төгсгөл» болохын өмнө сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэж Есүс хэлсэн (Мат. 24:14). Энэ үгээр Сатаны ёс бус тогтолцоо бүрмөсөн дуусгавар болохыг илэрхийлжээ. Ехова «өдөр, цагийг» нь товлочихсон бөгөөд удахгүй болно (Мат. 24:36; 25:13; Үйлс 1:7). Өдөр өдрөөр тэр цаг ойртсоор байна (Ром 13:11). Бид төгсгөл болох хүртэл дэлгэрүүлээд л байх ёстой.

3. Бид юунд хөтлөгдөн дэлгэрүүлдэг вэ?

3 Дэлгэрүүлэх ажлын талаар бодууштай нэг асуулт бий. «Бид яагаад сайн мэдээ дэлгэрүүлдэг вэ?» Товчхон хариулбал хайрандаа хөтлөгддөг. Бид сайн мэдээг эрхэмлэж, хүмүүсийг, хамгийн гол нь Ехова болон нэрийг нь хайрладаг учраас дэлгэрүүлдэг. Одоо эдгээрийг нэг нэгээр нь үзье.

САЙН МЭДЭЭГ ЭРХЭМЛЭДЭГ

4. Сайхан мэдээ сонсохоороо бид яадаг вэ?

4 Та ямар нэг сайхан мэдээ сонссон үеэ санаж байна уу? Жишээ нь гэр бүлд тань шинэ хүн мэндлэх юм уу эсвэл яг хэрэгтэй ажлын санал аваад яасан бэ? Ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө энэ мэдээгээ хуваалцмаар санагдсан нь эргэлзээгүй. Тэгвэл хамгийн сайн мэдээ буюу Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ сонсоод бас тэгсэн үү?

5. Бурхны Үгнээс анх үнэнийг мэдэж аваад танд ямар санагдсан бэ? (Бас зургийг үзээрэй).

5 Бурхны Үгнээс анх үнэнийг мэдэж аваад ямар санагдсанаа дахин нэг бодоод үз дээ. Тэнгэрийн Эцэг тань таныг хайрладаг, гэр бүлдээ багтаахыг хүсдэг, бүх зовлон бэрхшээлийг арилгаж, нас барсан хайртай нэгнийг тань шинэ ертөнцөд амилуулах зэрэг олон юмыг мэдэж авсан (Марк 10:29, 30; Ёох. 5:28, 29; Ром 8:38, 39; Илч. 21:3, 4). Эдгээр үнэн сэтгэлийг тань хөдөлгөсөн байх (Лук 24:32). Та сурч мэдсэнээ эрхэмлэн хайрлаж, хүн болгонд ярихыг хүссэн биз ээ! (Иеремиа 20:9-тэй харьцуулаарай).

Библийн үнэнийг анх мэдээд сэтгэл маш их хөдөлж, хүн болгонд яримаар санагдсан! (5-р догол мөрийг үзээрэй)


6. Эрнест Роза хоёроос та юу мэдэж авсан бэ?

6 Нэг жишээг бодъё. Эрнест b гэдэг Гэрч эрэгтэй 10 настай байхдаа аавыгаа үхэлд алджээ. Тэрбээр: «“[Аав маань] тэнгэр лүү явсан юм болов уу? Эсвэл үүрд алга болсон юм болов уу?” гэсэн бодол толгойноос минь салахгүй байв. Би аавтай хүүхдүүдэд атаархдаг болсон» гэжээ. Эрнест үе үе булшин дээр нь очиж өвдөглөн суугаад «Бурхан, би танаас гуйя, аав маань хаана байгааг хэлж өгөөч» гэж залбирдаг байсан. Аав нь нас барснаас хойш 17 жилийн дараа тэрбээр Библийн хичээлийн талаар сонсоод шууд л хийхээр болжээ. Тэгээд нас барсан хүн гүн нойронд автсан хүнтэй адил юу ч мэдэрдэггүйг, бас ирээдүйд амилна гэсэн амлалт Библид байдгийг мэдээд сэтгэл нь ихэд хөдөлжээ (Ном. 9:5, 10; Үйлс 24:15). Эцэст нь олон жилийн турш мэдэхийг хүсэж байсан асуултуудынхаа хариуг олоод их баярласан! Эхнэр Роза нь хичээлд нь оролцдог болж, нөхрийнхөө адилаар Хаант төрийн мэдээг эрхэмлэдэг болсон. Тэд 1978 онд баптисм хүртжээ. Эрхэм нандин үнэнийхээ тухай гэр бүлийнхэн, найз нөхөд болон сонсохыг хүссэн бүхэнд идэвхтэй дэлгэрүүлсэн. Үүний дүнд Эрнест Роза хоёр 70 гаруй хүнд Еховатай танилцаж, баптисм хүртэхэд нь тусалсан.

7. Библийн үнэнийг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг хүн яадаг вэ? (Лук 6:45).

7 Библийн үнэнийг гэсэн хайр зүрхэнд үндэслэхэд дуугүй байж чадахгүй болдог (Лук 6:45-ыг уншина). «Үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй» гэж хэлсэн Есүсийн дагалдагчидтай адил сэтгэгдэл бидэнд төрдөг (Үйлс 4:20). Үнэнийг маш их эрхэмлэдэг учраас аль болох олон хүнд мэдүүлэхийг хүсдэг.

ХҮМҮҮСИЙГ ХАЙРЛАДАГ

8. Бид юунд хөтлөгдөн хүмүүст сайн мэдээ дуулгадаг вэ? ( «Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё» гэсэн хавсралтыг үзээрэй). (Бас зургийг үзээрэй).

8 Бид Ехова болон Хүүгийнх нь адилаар хүмүүсийг хайрладаг (Сур. 8:31; Ёох. 3:16). «Итгэж найдах юмгүй, Бурхныг мэддэггүй» тэднийг бид их өрөвддөг (Эф. 2:12). Хүмүүсийн амьдрал асуудал бэрхшээлээр дүүрэн, яг л далайд живж буй гэлтэй. Харин бидэнд аврах хантааз бий. Тэр нь Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ юм. Бид хайр, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн үнэ цэнтэй энэхүү сайн мэдээгээ дуулгахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэд үүнийг хүлээж авбал найдвар өвөрлөж, одоо жаргалтай амьдраад зогсохгүй «жинхэнэ амьтай» болох буюу Бурхны шинэ ертөнцөд мөнх амьдрах найдвартай болно (1 Тим. 6:19).

Бид хайр, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн хүмүүст сайн мэдээ хүргэхийн тулд чадах бүхнээ хийдэг (8-р догол мөрийг үзээрэй)


9. Бид ирээдүйн тухай юу сэрэмжлүүлдэг вэ? Яагаад? (Езекиел 33:7, 8).

9 Бид хүмүүсийг хайрладаг учраас хорон муу энэ ертөнцийн төгсгөл ойрхон байгааг бас сэрэмжлүүлдэг (Езекиел 33:7, 8-ыг уншина). Хүмүүсийн төлөө, тэр дундаа итгэгч бус гэр бүлийнхнийхээ төлөө бидний сэтгэл их зовдог. Олон хүн «ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, хойшид ч болохгүй агуу их гамшиг» ойртож буйг мэдэлгүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаа (Мат. 24:21). Тиймээс шүүх өдөр болоход хуурамч шашин устгагдаж, Хармагедоноор ёс бус тогтолцоо бүхэлдээ сүйрэхийг бид мэдүүлэхийг хүсдэг (Илч. 16:14, 16; 17:16, 17; 19:11, 19, 20). Бас аль болох олон хүн энэ сэрэмжлүүлгийг анхаарч, одоо цэвэр шүтлэгт нэгдээсэй гэж залбирдаг. Гэхдээ тэд, ялангуяа гэр бүлийнхэн маань сэрэмжлүүлгийг тоохгүй бол яах вэ?

10. Цаг алдалгүй сэрэмжлүүлээд л байх нь яагаад чухал вэ?

10 Агуу Вавилон устахыг хараад бодлоо өөрчлөх хүмүүсийг аврах нь Еховагийн хүсэл байж болохыг өмнөх өгүүллээр үзсэн. Хэрэв тийм бол бид одоо цаг алдалгүй сэрэмжлүүлээд л байх нь бүр ч чухал. Өнөөдөр бидний юу ярьж байгааг хожим хойно нь тэд санаж болохыг бодоорой (Езекиел 33:33-тай харьцуулаарай). Тэд урьд нь сэрэмжлүүлгийг сонсож байснаа санаад хожимдохоосоо өмнө цэвэр шүтлэгт нэгдэж магадгүй. Филиппой дахь шоронгийн хуяг «газар хүчтэй хөдөлсний» дараа л бодлоо өөрчилсөн шиг өнөөдөр бидний тунхаглаж буй мэдээнд нааштай ханддаггүй хүмүүс Агуу Вавилон устгагдаж дэлхийг донсолгосны дараа л бодлоо өөрчилж болох юм (Үйлс 16:25–34).

ЕХОВА БОЛОН АРИУН НЭРИЙГ НЬ ХАЙРЛАДАГ

11. Еховад хэрхэн алдар, хүндэтгэл, хүчийг өргөх вэ? (Илчлэл 4:11). (Бас зургийг үзээрэй).

11 Сайн мэдээ дэлгэрүүлдгийн маань хамгийн гол шалтгаан бол Ехова Бурхан болон ариун нэрийг нь хайрлах хайр юм. Дэлгэрүүлэх ажлыг бид хайртай Бурхнаа алдаршуулах нэг арга гэж үздэг (Илчлэл 4:11-ийг уншина). Бүх алдар, хүндэтгэл, хүч Еховагийнх гэдгийг бид чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг. Ехова «бүх юмыг бүтээсэн» бөгөөд бид түүний ачаар амьд явдгийн нотолгоог хүмүүст мэдүүлж алдар, хүндэтгэлийг түүнд өргөдөг. Дэлгэрүүлэх ажилдаа цаг хүч, байгаа бүхнээ зориулдаг бол Еховад хүчээ өргөж байгаа хэрэг (Мат. 6:33; Лук 13:24; Кол. 3:23). Товчхондоо, бид хайртай Бурхныхаа тухай дэлгэрүүлэх дуртай. Түүнчлэн хүмүүст нэрийнх нь тухай болон ямар Бурхан болохыг нь ярих үүрэгтэйгээ ухамсарладаг. Яагаад?

Чадах чинээгээрээ дэлгэрүүлэхийн тулд цаг хүч, байгаа бүхнээ өгдөг нь Еховад хүчээ зориулж байгаа хэрэг (11-р догол мөрийг үзээрэй)


12. Бид дэлгэрүүлэхдээ Еховагийн нэрийг хэрхэн ариусгадаг вэ?

12 Бид Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн нэрийг нь ариусгадаг (Мат. 6:9). Түүний талаар Сатаны ярьсан жигшмээр худал үгийг няцаахад бид хувь нэмрээ оруулах хүсэлтэй (Эх. 3:1–5; Иов 2:4; Ёох. 8:44). Тиймээс биднийг сонсох хүн бүхэнд Бурхныхаа талаар үнэнийг ярьдаг. Гол зан чанар нь хайр, захирах арга нь зөв бөгөөд шударга, бас удахгүй Хаант төрөөрөө бүх зовлон бэрхшээлийг арилгаж, хүн төрөлхтнийг амар тайван, аз жаргалтай амьдруулна гэдгийг бүх хүнд мэдүүлдэг (Дуу. 37:10, 11, 29; 1 Ёох. 4:8). Ийнхүү Еховагийн нэрийг ариусгана. Мөн бид Гэрчийнх нь ёсоор амьдардаг учраас сэтгэл хангалуун явдаг. Яаж?

13. Бид Еховагийн Гэрчүүд гэдэг нэрээрээ яагаад бахархдаг вэ? (Исаиа 43:10–12).

13 Ехова биднийг «гэрч нараа» болгон сонгосон (Исаиа 43:10–12-ыг уншина). Удирдах Зөвлөл: «Еховагийн Гэрч гэж дуудагдах нь бидний хувьд юутай ч харьцуулшгүй нэр төрийн хэрэг юм» гэж нэг захиандаа бичжээ. Яагаад тэгж хэлж болох вэ? Жишээгээр бодъё. Таныг буруу юм хийсэн гээд шүүхэд дууджээ. Тиймээс ийм юм хийхгүй, сайн хүн гэдгийг тань батлах гэрч одоо хэрэгтэй. Та хэнийг сонгох вэ? Сайн мэддэг, найдвартай, олны итгэлийг хүлээсэн нэр хүндтэй хүнийг сонгох нь лавтай. Үүнтэй адилаар Ехова биднийг сайн мэддэг бөгөөд цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг нь гэрчилнэ гэж итгэн Гэрчээрээ сонгосон. Үүнийг бид хүндтэй завшаан гэж үзэн боломж бүрийг ашиглан хүмүүст нэрийг нь мэдүүлж, түүний талаарх худал хуурмагийг няцаадаг. Ингэснээрээ бид Еховагийн Гэрчүүд гэдэг нэрээ бахархалтай авч явдаг! (Дуу. 83:18; Ром 10:13–15).

ТӨГСГӨЛ ХҮРТЭЛ ДЭЛГЭРҮҮЛЭЭД Л БАЙЯ

14. Ойрын ирээдүйд сэтгэл хөдлөм ямар явдал болох вэ?

14 Ойрын ирээдүйд юу болохыг бодохоор үнэхээр сэтгэл догдолдог! Агуу их гамшиг эхлэхийн өмнө Еховагийн тусламжтайгаар илүү олон хүн үнэнийг хүлээж авна гэдэгт бид найддаг. Мөн хүн төрөлхтний түүхийн хамгийн хар бараан үе болох агуу их гамшиг эхэлсний дараа ч бас өөр олон хүн Сатаны сүйрч буй ертөнцийг орхиж Еховаг алдаршуулахаар бидэнтэй нэгдэх боломжтой гэж бодохлоор их баярладаг! (Үйлс 13:48).

15, 16. Бид юуг, хэдий хүртэл хийсээр байх вэ?

15 Гэхдээ тэр болтол бидэнд хийх ажил бий. Бид дэлхий даяар Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах дахин хэзээ ч хийгдэхгүй ажилд оролцох завшаантай. Ингэхийн зэрэгцээ ёс бус энэ ертөнцийн төгсгөл маш хурдан ойртож байгааг хүмүүс мэдэх ёстой учраас үүний тухай үргэлж сэрэмжлүүлэх учиртай. Ингэвэл шүүх өдөр болоход бидний тунхаглаж байсан мэдээ Ехова Бурхнаас ирснийг хүмүүс ойлгоно (Езе. 38:23).

16 Тэгэхээр сайн мэдээг эрхэмлэж, хүмүүсийг хайрлаж, хамгийн гол нь Ехова болон нэрийг нь хайрладаг бид яахаар бат шийдсэн бэ? Еховаг «Одоо боллоо!» гэж хэлэх хүртэл оргилуун сэтгэлээр, цаг алдалгүй, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсээр байцгаая.

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

a Энэхүү уулзалт 2023 оны 10-р сарын 7-нд АНУ-ын Нью-Йорк дахь Еховагийн Гэрчүүдийн Ньюбург чуулганы танхимд болсон. Хөтөлбөрийн 1-р хэсгийг 2023 оны 11-р сард, 2-р хэсгийг 2024 оны 1-р сард JW телевизээр нэвтрүүлсэн.