Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 26

ДУУ 49 Еховад хоргодъё

Еховаг өөрийнхөө Хад болгоорой

Еховаг өөрийнхөө Хад болгоорой

«Бидний Бурхан адил хад гэж байхгүй» (1 САМ. 2:2).

ГОЛ САНАА

Еховаг яагаад хадтай зүйрлэсэн бэ? Түүнийг бид хэрхэн дуурайх вэ?

1. Дуулал 18:46-д Давид Еховаг юутай зүйрлэсэн бэ?

 ЗАРИМДАА гэнэтийн бэрхшээлийн улмаас амьдрал маань хүнд болж, бүр орвонгоороо эргэж ч мэднэ. Гэхдээ бид Еховад хандан тусламж гуйх боломжтойдоо үнэхээр сэтгэл өег явдаг! Өмнөх өгүүллээр Ехова амьд Бурхан, бидэнд туслахад бэлэн гэдгийг үзсэн. Тусламжийг нь авахлаараа «[Ехова] амьд» гэдгийг мэдэрдэг (Дуулал 18:46-г уншина). Харин Давид ингэж хэлснийхээ дараахан Бурхныг «миний хад» гэжээ. Яагаад амьд Бурхан Еховаг амьгүй хадтай зүйрлэсэн юм бол?

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Тус өгүүллээр, Еховаг яагаад хадтай зүйрлэснийг болон энэ зүйрлэлээс юу мэдэж болохыг ярилцана. Мөн түүнийг хэрхэн өөрсдийнхөө Хад болгохыг үзнэ. Эцэст нь хадтай адил шинж чанартай Еховаг бид хэрхэн дуурайхыг бас үзнэ.

ЕХОВАГ ЯАГААД ХАДТАЙ ЗҮЙРЛЭСЭН БЭ?

3. Библид «хад» гэдэг үгийг ихэнхдээ ямар үед ашигласан бэ? (Зургийг үзээрэй).

3 Еховаг «хадтай» зүйрлэснээс ямар Бурхан гэдгийг нь мэдэх боломжтой. Бурхныг магтахдаа ийнхүү зүйрлэснийг Библид цөөнгүй тэмдэглэжээ. Дэд хууль 32:4-т Еховаг анх удаа «Хад» гэсэн. Ханна: «Бидний Бурхан адил хад гэж байхгүй» хэмээн залбирчээ (1 Сам. 2:2). Хабаккук ч Еховаг «миний хад» гэж дуудсан (Хаб. 1:12, ШЕ). 73-р дууллыг бичигч бас Бурхныг «зүрхний минь хад» гэжээ (Дуу. 73:26, АБН, 2013). Түүнчлэн Ехова ч өөрийгөө хадтай зүйрлэсэн (Ис. 44:8). Одоо хадтай адил түүний 3 шинж чанарыг ярилцаад, хэрхэн өөрсдийнхөө «Хад» болгохыг мэдэж авъя (Д.хууль 32:31).

Ард түмэн нь Еховаг хоргодох хадаа гэж үздэг (3-р догол мөрийг үзээрэй)


4. Ехова ямар утгаар хоргодох газар вэ? (Дуулал 94:22).

4 Ехова бол хоргодох газар. Асар том хад салхи шуурганаас хоргодох газар болдог шиг амьдралын шуургатай үед Ехова бидний хамгаалалт болдог (Дуулал 94:22-ыг уншина). Тэрбээр өөртэй нь дотно байхад тусалж, үүрдийн хохирол амсахаас хамгаалдаг. Үүгээр зогсохгүй, амар тайван, аюулгүй байдлыг маань эвдэх юуг ч үгүй хийхээ амладаг (Езе. 34:25, 26).

5. Ехова хэрхэн бидний хоргодох Хад болдог вэ?

5 Еховаг хоргодох Хадаа болгох нэг арга нь залбирах юм. Залбирахаар зүрх сэтгэл, ухаан бодлыг хамгаалах «амар тайвныг» Ехова өгдөг (Флп. 4:6, 7). Итгэл үнэмшлээсээ болж шоронд хоригдсон Артём гэдэг Гэрчийн тухай бодъё. Ширүүн догшин зантай байцаагч дахин дахин дуудаж байцаахдаа дарамталж, доромжилдог байв. Тэрбээр: «Байцаагч намайг дуудах болгонд би стресстдэг байсан. ... Тиймээс Еховад дандаа залбирна. Зүрх сэтгэлийг минь тайван байлгаж, мэргэн ухаан өгөхийг гуйдаг байв» гэжээ. Цааш нь «Тэгээд байцаагдахдаа тайван байгаагаа мэдэрсэн. ... Ехова тусалсан учир би чулуун хананы ард зогсож байгаа мэт санагдсан» гэж ярьжээ.

6. Еховад үргэлж найдаж болохын учир вэ? (Исаиа 26:3, 4).

6 Ехова бол найдвартай Нэгэн. Хад хөдөлшгүй байдаг шиг Ехова бидэнтэй үргэлж хамт байдаг. «Мөнхийн Хад» учир түүнд үргэлж итгэж найдаж болно (Исаиа 26:3, 4-ийг уншина). Мөнхөд амьд тэрбээр амлалтаа биелүүлж, залбирлыг маань сонсож, шаардлагатай тусламж үзүүлнэ. Бас үйлчлэгчдэдээ үнэнч учир найдаж болно (Илч. 15:4). Ехова бидний хийсэн бүхнийг марталгүй, заавал шагнана (Евр. 6:10; 11:6).

7. Еховад итгэж найдвал бид юуг ойлгох вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Еховад бүрэн итгэж найдвал өөрийнхөө Хад болгоно. Хүнд хэцүү цагт ч дуулгавартай байх нь өөрсдөд маань тустай гэдэгт бид итгэдэг (Ис. 48:17, 18). Тусламжийг нь авахаараа итгэл улам батжиж, хэчнээн хүнд сорилтод орсон ч зөвхөн Ехова тусална гэсэн итгэлтэй болно. Хэн ч тусалж чадахааргүй үед ганцхан Еховад л найдаж болохоо ойлгоно. «Урьдчилан хориход байсан хугацаандаа Бурхантай хамгийн их дотноссон. Ганцаархнаа, бас нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байсан тул Еховад улам бүр итгэж сурсан» гэж Владимир ярьжээ.

Еховад бүрэн итгэж найддаг бол өөрийнхөө Хад болгож байгаа хэрэг (7-р догол мөрийг үзээрэй)


8. а) Еховаг яагаад хувиршгүй гэж хэлэх вэ? б) Еховаг өөрийн Хад болгох нь ямар ач тустай вэ? (Дуулал 62:6, 7).

8 Ехова хувиршгүй. Хөдөлшгүй асар том хадтай адил. Зан чанар, санаа зорилго нь өөрчлөгддөггүй (Мал. 3:6). Адам Ева хоёрыг тэрслэхэд ч хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо өөрчлөөгүй. Элч Паул Еховаг «өөрийгөө хуурдаггүй» гэжээ (2 Тим. 2:13). Энэ нь юу ч болсон, хүмүүс юу ч хийсэн өөрөө хувирахгүй, санаа зорилго, хэм хэмжээгээ ч өөрчлөхгүй гэсэн утгатай. Ехова хувиршгүй учраас хүнд хэцүү үед тусална, ирээдүйд аварна гэдэгт нь бид итгэдэг (Дуулал 62:6, 7-г уншина).

9. Татьянад тохиолдсон явдлаас та юу мэдэж авсан бэ?

9 Еховагийн зан чанар, санаа зорилгын тухай эргэцүүлэн боддог бол түүнд итгэж, Хадаа болгоно. Ингэснээр сорилт тулгарахад сэтгэл санааны хувьд тогтвортой байж чадна (Дуу. 16:8). Итгэл үнэмшлээсээ болж гэрийн хорионд орсон Татьяна гэдэг Гэрч эмэгтэй үүнийг биеэрээ мэдэрсэн. Тэрбээр: «Би шууд утгаар орь ганцаараа болсон. Эхэндээ маш хэцүү санагдаж, сэтгэлээр унадаг байлаа» гэжээ. Гэхдээ соригдож байгаа нь Ехова болон санаа зорилготой нь ямар холбоотойг тунгаан бодоод дахин сэтгэлийн тэнхээтэй болж, сорилтыг давсан. Энэ тухайгаа тэрбээр: «Яагаад ийм юм тохиолдож байгааг эргэцүүлээд Еховагийн төлөө гэдгээ санасан. Үүний ачаар өөрийнхөө л тухай бодоод байхаа больсон» гэжээ.

10. Одооноос Еховаг хэрхэн өөрсдийнхөө Хад болгох вэ?

10 Удахгүй хүнд сорилт тулгарах тул Еховад хэзээ хэзээнээс илүү найдах шаардлага гарна. Тэр үед тэвчээртэй, үнэнч байхад хэрэгтэй бүхнээр Ехова хангана гэдэгт итгэх итгэлээ одооноос батжуулах нь чухал. Яаж? Библид гардаг болон орчин үеийн Гэрчүүдийн түүхийг уншаарай. Бурхан хэрхэн тэдний Хад болж дэмжсэнийг анхаараарай. Тэдгээр түүхийг сайтар эргэцүүлэн бодоорой. Ингэвэл та Еховаг өөрийнхөө Хад болгоно.

ХАДТАЙ АДИЛ ШИНЖ ЧАНАРТАЙ ЕХОВАГ ДУУРАЙХ НЬ

11. Бид яагаад Еховаг дуурайж хадтай адил шинж чанартай байхыг хүсдэг вэ? ( «Гэрч хөвгүүдийн тавьж болох зорилго» гэсэн хавсралтыг үзээрэй).

11 Еховаг хадтай зүйрлэм гэдгийг үзлээ. Одоо түүнийг хэрхэн дуурайхыг бодоцгооё. Бид хадтай адил шинж чанар илэрхийлдэг бол ах дүүсээ батжуулна. Жишээ нь Есүс Симонд «чулуу» гэсэн утгатай Кеф (орчуулбал Петр) гэдэг нэр өгсөн (Ёох. 1:42). Учир нь түүнийг хурлынхныгаа тайвшруулж, тууштай байхад нь тусална гэдгийг мэдэж байв. Бас ахлагчдыг «өндөр хадны сүүдэртэй» зүйрлэдэг. Энэ нь тэд хурлынхандаа хамгаалалт болно гэсэн үг (Ис. 32:2). Гэхдээ хурлын бүх хүн Еховаг дуурайж хадтай адил шинж чанар илэрхийлдэг бол хурал улам батжих нь тодорхой (Эф. 5:1).

12. Хэрхэн ах дүүстээ хоргодох газар болох вэ?

12 Хоргодох газар болох. Байгалийн гамшиг, үймээн самуун, дайнаас болж хохирсон ах дүүсээ гэртээ байлгах боломж гардаг. «Эцсийн өдрүүдэд» нөхцөл байдал улам муудах тусам нэг нэгэндээ туслах шаардлага илүү их гарах нь эргэлзээгүй (2 Тим. 3:1). Мөн бид ах дүүсээ тайвшруулж, хайраа илэрхийлээд хоргодох газар нь болж болно. Ингэх нэг арга нь танхимд ирэхэд нь найрсгаар угтаж хурлын халуун дулаан орчинд хувь нэмэр оруулах юм. Бид хахир хатуу, хөндий хүйтэн, стресс ихтэй нийгэмд амьдардаг. Тиймээс цуглаанд ирсэн ах дүүстээ хайр, амар тайвныг мэдрүүлж, тэднийгээ сэргээхийн тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг.

13. Ахлагчид хэрхэн хоргодох газар болох вэ? (Бас зургийг үзээрэй).

13 Ахлагчид бодит юм уу бэлгэдлийн салхи шуурганд өртсөн хурлын хүмүүст хоргодох газар нь болж чадна. Гамшгийн болон эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй үед тэд санаачилгатай байн бодитой тусламж үзүүлдэг. Мөн Библид үндэслэн заавар өгдөг, урамшуулдаг. Ахлагчид эелдэг зөөлөн ханддаг, дуртайяа сонсдог, сэтгэлийг нь ойлгохыг хичээдэг бол хурлынхан нь халгаж дөлөхгүй. Бас санаа тавьдгийг нь мэдрээд Библид үндэслэн өгсөн зааврыг нь дуртайяа дагана (1 Тес. 2:7, 8, 11).

Бодит юм уу бэлгэдлийн салхи шуурганд өртсөн хурлынхаа хүмүүст ахлагчид хоргодох газар нь болдог (13-р догол мөрийг үзээрэй) a


14. Хэрхэн найдвартай хүн гэдгээ харуулах вэ?

14 Найдвартай хүн болох. Бид бусдыгаа, ялангуяа хэцүү үедээ бидэнд найдаасай гэж хүсдэг (Сур. 17:17). Хэрхэн найдвартай хүн гэдгээрээ танигдах вэ? Дандаа амлалтаа биелүүлж, цаг барих зэргээр Бурхнаа дуурайхыг хичээх хэрэгтэй (Мат. 5:37). Бас хэрэгтэй цагт нь бусдад тусалж байгаарай. Түүнээс гадна хүлээж авсан үүрэг даалгавраа зааврынх нь дагуу биелүүлээрэй.

15. Найдвартай ахлагчид хуралд хэрэгтэй гэхийн учир юу вэ?

15 Найдвартай ахлагчид хуралд их хэрэгтэй. Яагаад? Ахлагчдад, тэр дундаа дэлгэрүүлэх ажлын бүлгийнхээ хариуцагчид хэзээ ч хандах боломжтойгоо мэддэг хурлынхан сэтгэл амар явдаг. Бас ахлагч нар туслахад бэлэн байдаг бол хайр халамжийг нь мэдэрнэ. Түүнчлэн өөрийнхөө үзэл бодолд бус, Библи болон итгэмжит боолын гаргадаг ном хэвлэлд үндэслэн зөвлөгөө өгдөг бол итгэл нэгтнүүд нь тэдэнд улам бүр итгэнэ. Хувийн нууц хадгалж, хэлсэндээ хүрдэг ахлагчдад хурлынхан нь итгэж найддаг.

16. Тууштай, гуйвшгүй байх нь өөрт болон бусдад ямар ач тустай вэ?

16 Тууштай, гуйвшгүй байх. Бид зөвийг тууштай үйлдэж, Библийн зарчимд үндэслэн шийдвэр гаргадаг бол бусдад сайн жишээ үзүүлнэ. Үнэн зөв мэдлэгтэй, бат итгэлтэй болох тусам үнэний талд тууштай зогсоно. Шийдэмгий, туйлбартай байх бөгөөд худал сургаал, ертөнцийнхний үзэл бодлыг дагахгүй (Эф. 4:14; Яак. 1:6–8). Еховад болон амлалтад нь итгэдэг учраас муу юм сонссон ч тайван байна (Дуу. 112:7, 8). Бас сорилт тулгарсан нэгэндээ тусалж чадна (1 Тес. 3:2, 3).

17. Ахлагчид тууштай, гуйвшгүй байхад нь хурлынхандаа хэрхэн тусалдаг вэ?

17 Ахлагчид биеэ барьдаг, ухаалаг, эмх журамтай, дөлгөөн байх ёстой. Тэд «Бурхны үнэн үгийг чанд баримтлан» хурлынхныгаа батжуулж, тууштай, гуйвшгүй байхад нь тусалдаг (Тит 1:9; 1 Тим. 3:1–3). Тэдний үлгэр жишээ, хоньчноор үйлчилдэг нь дэлгэрүүлэгчдийг тогтмол цуглаандаа сууж, дэлгэрүүлж, бие дааж судлахад сайнаар нөлөөлдөг. Санаа зовоосон асуудал тулгарахад нь ах дүүстээ Еховад найдаж, амлалтыг нь анхаарахыг уриалдаг.

18. Бид яагаад Еховаг магтаж, түүнтэй дотносохыг хүсдэг вэ? ( «Еховатай дотносох нэг арга» гэсэн хавсралтыг бас үзээрэй).

18 Еховагийн гайхалтай шинж чанаруудыг ярилцаад бид Давид хааны хэлсэн дараах үгтэй санал нийлж байна. «Миний хад болох ЭЗЭН магтагдах болтугай» (Дуу. 144:1). Ехова бол хэзээд найдаж болох Нэгэн билээ. Бид амьдралынхаа туршид, нас өндөр болсон хойноо ч Ехова өөртэй нь дотно байхад үргэлж тусална гэдэгт бат итгэн «Тэр бол миний хад» гэж хэлнэ (Дуу. 92:14, 15).

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

a ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цуглааны танхимд Гэрч эмэгтэй санаа зоволгүйгээр хоёр ахлагчтай ярилцаж байна.