Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 23

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

Еховагийн гайхалтай урилга

Еховагийн гайхалтай урилга

«Миний орших газар бас тэдэнтэй хамт байх болно. Би тэдний Бурхан болно» (ЕЗЕ. 37:27).

ГОЛ САНАА

Ехова биднийг бэлгэдлийн асартаа зочноор урьсанд, гэрийн Эзнийхээ хувьд санаа тавьдагт талархах сэтгэлээ лавшруулаарай.

1, 2. Ехова үнэнч үйлчлэгчдэдээ ямар урилга өгдөг вэ?

 ХЭРЭВ хэн нэгэн: «Ехова таны хувьд хэн бэ?» гэж асуувал та юу гэж хариулах вэ? «Ехова бол миний Эцэг, миний Бурхан, миний Найз» гэж хариулах байх. Тэрбээр бас өөр олон цолтой. Гэхдээ түүнийг гэрийн Эзэн гэж бодож байсан уу?

2 Ехова болон үнэнч үйлчлэгчдийнх нь хоорондох дотно харьцааг Давид хаан гэрийн эзэн болон урьсан зочдынх нь харьцаатай зүйрлэсэн байдаг. Тэрбээр: «ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух [«зочин байх», ШЕ] вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?» гэж асуусан (Дуу. 15:1). Агуу хүчээр удирдуулан бичсэн эдгээр үгнээс бид Еховагийн зочид буюу анд нөхөд нь болох боломжтойг мэдэж авдаг. Түүний урилга үнэхээр гайхалтай биш гэж үү?

ЕХОВА БИДНИЙГ ЗОЧНОО БАЙЛГАХЫГ ХҮСДЭГ

3. Еховагийн анхны зочин хэн байсан бэ? Тэр хоёрт ямар санагдаж байсан бэ?

3 Ехова бүхнийг бүтээхээсээ өмнө ганцаараа байсан. Эхлээд ууган Хүүгээ бүтээж, бэлгэдлийн асартаа урьсан. Тэрбээр гэрийн Эзний хувьд их жаргалтай байв. Хүүгээ хараад «баяр бахдал» нь төрж байсныг Библид бичжээ. Анхны зочин болсон Хүү нь ч «[Еховагийн] өмнө үргэлж баярлаж байв» (Сур. 8:30).

4. Ехова асраа хэрхэн аажмаар тэлсэн бэ?

4 Тэгээд дараа нь Ехова өөр тэнгэрийн элч нарыг бүтээж, бас зочноор урьсан. Библид тэднийг «Бурхны ... хөвгүүд» гэдэг бөгөөд Еховатай хамт баяр хөөрөөр бялхаж байсныг бичжээ (Иов 38:7; Дан. 7:10). Маш олон жилийн турш тэнгэрт Бурхантай хамт амьдардаг бүтээлүүд нь л түүний зочид буюу анд нөхөд байлаа. Хожим нь Ехова асраа тэлж дэлхий дээрх хүмүүс ч зочид нь болов. Тэдний дунд Енох Ноа Абрахам Иов нар байсан. Эдгээр үнэнч үйлчлэгчдийг Бурхны анд нөхөр гэсэн бөгөөд тэд «жинхэнэ Бурхантай хамт» алхсан (Эх. 5:24, ШЕ; 6:9; Иов 29:4; Ис. 41:8).

5. Езекиел 37:26, 27-д бичсэн зөгнөлөөс бид юу мэдэж авах вэ?

5 Ехова найзуудаа зочноор урьсаар олон зуун жил өнгөрчээ (Езекиел 37:26, 27-г уншина). Жишээлбэл Езекиелийн зөгнөлөөс Бурхан үнэнч үйлчлэгчдээ өөртэй нь халуун дотно харьцаатай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэгийг мэдэж авна. Тэрбээр «тэдэнтэй энх тайвны гэрээ» байгуулахаа амласан. Энэ нь тэнгэрт болон дэлхийд амьдрах найдвартай үйлчлэгчид нь бэлгэдлийн асарт «нэг сүрэг» болж нэгдэх цаг үетэй хамаатай юм (Ёох. 10:16). Энэ зөгнөл яг одоо биелж байна!

БИД ХААНА Ч БАЙСАН БУРХАН САНАА ТАВЬДАГ

6. Хэрхэн Еховагийн зочин болдог вэ? Асар нь хаана оршдог вэ?

6 Библи бичигдэж байх үед хүмүүс асарт амардаг, мөн цаг агаар муудахад хоргоддог байсан. Асрын эзэн зочдодоо санаа тавьдаг. Бид Еховад амь амьдралаа зориулахаараа бэлгэдлийн асрынх нь зочин болдог (Дуу. 61:4). Тэгээд бэлгэдлийн элбэг дэлбэг хоол унднаас хүртэж, бусад зочинтой нь дотносдог. Еховагийн энэ асар тодорхой нэг газар оршдоггүй. Жишээлбэл та тусгай чуулганд оролцох зорилгоор гадаад улс орон руу зорчвол Бурхны асарт зочин нь болсон баяр жаргалтай найзуудтай нь уулзана. Үнэнч үйлчлэгчид нь хаана байна, тэнд Бурхны асар оршдог (Илч. 21:3).

7. Үнэнч байгаад нас барсан хүмүүс Еховагийн асрын зочид хэвээрээ гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Үнэнч байгаад нас барсан хүмүүсийн тухай юу хэлж болох вэ? Тэд Еховагийн асрын зочид хэвээрээ юү? Тийм ээ! Яагаад гэвэл тэд Еховагийн ой санамжид амьд байгаа. Есүс: «Мосе ч бутны тухай дурдахдаа Еховаг “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээсэн нь үхэгсэд амилахыг хэлсэн хэрэг юм. Тэр бол үхсэн хүний биш, амьд хүний Бурхан. Түүний хувьд бүх хүн амьд» гэж хэлжээ (Лук 20:37, 38).

Үнэнч байгаад нас барсан хүмүүсийг ч Ехова асрынх нь зочин хэвээрээ гэж үздэг (7-р догол мөрийг үзээрэй)


АЧ ТУС Ч ХҮРТЭНЭ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА Ч ХҮЛЭЭНЭ

8. Еховагийн зочид асарт нь байснаар ямар ач тус хүртдэг вэ?

8 Хүмүүс асарт амарч, цаг агаарын муу нөхцөлд хоргоддог шиг Еховагийн асарт түүнтэй тогтоосон харьцааг маань сэвтүүлэх бүхнээс бид хамгаалагдаж, жинхэнэ найдвар өвөрлөдөг. Еховатай үргэлж дотно байдаг бол Сатан биднийг үүрд хохироож чадахгүй (Дуу. 31:23; 1 Ёох. 3:8). Шинэ ертөнцөд Ехова үнэнч найзуудаа өөртэй нь дотно байхад саад болох бүх зүйлээс хамгаалаад зогсохгүй үхлээс ч аварна (Илч. 21:4).

9. Ехова зочдоосоо юу хүсдэг вэ?

9 Еховагийн асарт зочин байж, үүрд мөнхөд түүнтэй дотно харьцаатай байх нь үнэхээр нэр төрийн хэрэг билээ. Үргэлж зочин нь байхын тулд биеэ хэрхэн авч явах ёстой вэ? Хэрэв та хэн нэгнийд уригдвал гэрийн эзний хүсэлд нийцүүлнэ биз дээ? Жишээ нь орохдоо гутлаа тайлаарай гэвэл хэлснийг нь дагана. Үүнтэй адилаар бид Еховагийн асарт үргэлж зочин нь байхын тулд юу шаарддагийг нь мэдэхийг хүсдэг. Еховаг хайрлах хайрандаа хөтлөгдөн түүнд «улам их таалагдахын» тулд чадах бүхнээ хийнэ (Кол. 1:10). Хэдий Еховаг Найзаа гэж үздэг ч бидний хүндэтгэлийг хүлээх зохистой Бурхан, Эцэг гэдгийг ч бас ойлгодог (Дуу. 25:14). Үүнийг бид хэзээ ч марталгүй үргэлж гүнээ хүндэтгэх ёстой. Ийм хүн түүнийг гомдоох юм хийхгүй. Бид Бурхантайгаа «хамт даруухнаар алхах» чин хүсэлтэй (Мика 6:8).

ЕХОВА ИЗРАЙЛЧУУДЫН ХЭНИЙГ НЬ Ч АЛАГ ҮЗЭЭГҮЙ

10, 11. Ехова израйлчуудад хэрхэн хандсанаас хэнийг ч алаг үздэггүй нь харагддаг гэхийн учир юу вэ?

10 Ехова зочдоо алаг үздэггүй (Ром 2:11). Синаин цөлд тэрбээр израйлчуудад хэрхэн хандсанаас ялгаварладаггүйг нь сайн мэдэж авна.

11 Египетийн боолчлолоос ард түмнээ чөлөөлсний дараа Ехова шүтлэгийн асарт үйлчлэх тахилчдыг томилсон. Мөн ариун асрын зарим ажил үүргийг гүйцэтгүүлэхээр левичүүдийг ч томилжээ. Тэрбээр асарт үйлчилдэг юм уу ойрхон амьдардаг хүмүүст бусдаас илүү санаа тавьдаг байсан уу? Үгүй! Ехова хэнийг ч алаг үздэггүй.

12. Өөрийн үндэстнээр сонгосон ард түмний Эзний хувьд Ехова хэнийг ч алаг үзээгүй нь хэрхэн харагдсан бэ? (Египетээс гарсан нь 40:38). (Бас зургийг үзээрэй).

12 Тусгай үүрэг хүлээсэн юм уу шүтлэгийн асартай ойрхон амьдардаг эсэхээс үл хамааран хүн бүр Бурхантай ойр дотно харьцаатай байх боломжтой байв. Жишээ нь Ехова хуарангийн бүх хүнд харагдахаар үүлэн ба галан баганыг асар дээр гайхамшгаар тогтоон байрлуулсан (Египетээс гарсан нь 40:38-ыг уншина). Хамгийн захад буудалласан хүн ч үүл өргөгдөхийг хараад ачаагаа баглаж, майхнаа буулгаж, бусадтайгаа нийлэн үүл хөдлөх зүг рүү аян замд гардаг байв (Тоол. 9:15–23). Энэ үед нүүж эхлэх хэрэгтэйг илтгэсэн мөнгөн 2 бүрээн дуу бүгдэд нь тод сонстоно (Тоол. 10:2). Тэгэхээр шүтлэгийн асартай ойрхон буудалласан хүн л Еховатай дотно гэсэн үг биш байв. Харин Еховагийн үндэстэн болсон ард түмний хүн бүр зочин нь байж, түүгээр удирдуулж, хамгаалуулах боломжтой байсан. Үүнтэй адил өнөөдөр хаана ч амьдардаг бай Ехова бидэнд санаа тавьж, биднийг хайрлаж, хамгаалдаг.

Шүтлэгийн асартай холбоотой зохион байгуулалт нь Бурхан хэнийг ч алаг үздэггүйг харуулдаг (12-р догол мөрийг үзээрэй)


ЕХОВА АЛАГ ҮЗДЭГГҮЙН ОРЧИН ҮЕИЙН ЖИШЭЭ

13. Өнөөдөр ч Ехова хэнийг ч алаг үздэггүй гэж яагаад хэлэх вэ?

13 Өнөөдөр Бурхны зарим үйлчлэгч байгууллагын төв эсвэл салбартай ойрхон амьдардаг юм уу тэндээ амьдран үйлчилдэг. Тиймээс тэнд болж буй үйл ажиллагаанд оролцох, удирдах үүрэг хүлээсэн хүмүүстэй харьцах боломжтой байдаг. Бас явуулын хариуцагч болон өөр янзаар тусгай бүрэн цагаар үйлчилдэг хүмүүс ч бий. Хэрэв та одоохондоо тэдэн шиг үйлчлэх боломжгүй дийлэнх үйлчлэгчдийнх нь нэг бол Ехова гэр бүлийн Эзнийхээ хувьд бүгдийг нь зочноо гэж үзэн хайрладагт итгээрэй. Мөн бидэнд нэг бүрчлэн санаа тавьдаг (1 Петр 5:7). Өөрөөр хэлбэл бэлгэдлийн хоол ундаар хангаж, удирдаж, хамгаалдаг.

14. Ехова алаг үздэггүйн өөр жишээг хэлнэ үү.

14 Дэлхийн бүх хүн Библийг унших боломжтой болсон нь Ехова алаг үздэггүйн өөр нэг жишээ юм. Ариун Судрыг анх еврей, арамей, грек хэлээр бичсэн. Эдгээр эх хэлээр нь уншиж чаддаг хүмүүс чаддаггүй хүмүүсээс Еховатай илүү дотно харьцаатай гэсэн үг үү? Огтхон ч үгүй (Мат. 11:25).

15. Ехова алаг үздэггүйн ямар баталгаа байдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

15 Еховад сайшаагдах нь боловсролын түвшин, хэлний мэдлэгээс шалтгаалахгүй. Өндөр боловсролтой эсэхээс үл хамааран Ехова дэлхийн бүх хүнд мэргэн ухаанаа хүртээмжтэй болгодог. Агуу хүчээрээ удирдан бичүүлсэн Библи нь мянга мянган хэлээр орчуулагдаж, улмаар хүмүүс сургаалаас нь ач тус хүртэж, түүнтэй хэрхэн дотнын найз болохыг мэдэж авдаг (2 Тим. 3:16, 17).

Өнөөдөр Библи бүх хүнд хүртээмжтэй байдаг нь Бурхан алаг үздэггүйн баталгаа гэж хэлэхийн учир юу вэ? (15-р догол мөрийг үзээрэй)


ҮРГЭЛЖ ЕХОВАГИЙН «ТААЛДАГ» ХҮН БАЙГААРАЙ

16. Үйлс 10:34, 35-д бичсэнээр яавал үргэлж Еховагийн таалдаг хүн байх вэ?

16 Еховагийн бэлгэдлийн асарт зочноор уригдах нь үнэхээр агуу завшаан билээ. Тэрбээр бидний төсөөлж чадах хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн хайр халамжтай, хамгийн зочломтгой Эзэн юм. Түүнчлэн хэнийг ч алаг үздэггүй бөгөөд амьдарч буй газар, гарал үүсэл, боловсрол, арьс өнгө, үндэс угсаа, нас хүйсээс үл хамааран биднийг хүлээж авдаг. Гэхдээ зөвхөн хэм хэмжээг нь баримталдаг хүнийг таалж зочноо болгодог (Үйлс 10:34, 35-ыг уншина).

17. Дараагийн өгүүллээр юу ярилцах вэ?

17 Дуулал 15:1-ийг үзвэл Давид: «ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?» гэж асуужээ. Тэгээд агуу хүчээр удирдуулан хариултыг нь бичсэн. Дараагийн өгүүллээр, үргэлж Еховагийн таалдаг хүн байхын тулд хангах ёстой шаардлагуудын заримыг ярилцана.

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!