Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 24

ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!

Үүрд Еховагийн зочин байгаарай!

Үүрд Еховагийн зочин байгаарай!

«ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух [«зочин байх», ШЕ] вэ?» (ДУУ. 15:1).

ГОЛ САНАА

Еховатай найз байхын тулд яах хэрэгтэйг, мөн найзуудад нь хэрхэн хандаасай гэж Ехова хүсдэгийг мэдэж авна.

1. Дуулал 15:1–5-ыг судлах нь яагаад тустай вэ?

 ӨӨРИЙГӨӨ зориулж, Еховатай дотно харьцаатай болсон үйлчлэгчид нь бэлгэдлийн асарт зочин нь болох боломжтойг өмнөх өгүүллээр ярилцсан. Тэгвэл Еховатай ийм дотно байхын тулд бид яах ёстой вэ? Энэ талаар 15-р дуулал ихийг хэлж өгдөг (Дуулал 15:1–5-ыг уншина). Тэнд бидний хангах ёстой шаардлагуудыг бичсэн.

2. Дуулалч Давид Еховагийн асар гэж хэлэхдээ юуны тухай бодсон байж болох вэ?

2 15-р дуулал «ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?» гэж эхэлдэг (Дуу. 15:1). Дуулалч Давид Еховагийн «асар» гэж хэлэхдээ тухайн үед Гибеонд байсан шүтлэгийн асрыг бодсон бололтой. Мөн Бурхны «ариун уул» гэсэн нь Иерусалим дахь Сион уулыг хэлсэн байж болох юм. Энэ нь Гибеоноос өмнө зүгт хэдэн километрийн зайд орших бөгөөд сүм баригдах хүртэл гэрээний авдрыг байлгахын тулд тэнд Давид майхан барьсан (2 Сам. 6:17).

3. 15-р дуулал бидний анхаарлыг яагаад татдаг вэ? (Бас зургийг үзээрэй).

3 Ихэнх израйл хүн шүтлэгийн асарт үйлчлэх боломжгүй байсан бөгөөд гэрээний авдар байрлуулсан хэсэгт цөөн хэдэн хүн л орсон. Гэхдээ үнэнч үйлчлэгчид нь бүгдээрээ Еховагийн найз нь болж, үргэлж дотно байснаар бэлгэдлийн асрынх нь зочин байх боломжтой байсан. Бид ч зочин нь байхыг хүсдэг. Үргэлж Еховагийн найз байхын тулд ямар хүн байх ёстойг 15-р дуулалд бичсэн.

Давидын үеийн израйлчууд Еховагийн асарт зочин байхыг амархан төсөөлж чаддаг байв (3-р догол мөрийг үзээрэй)


ҮНЭНЧЭЭР ЯВЖ, ЗӨВ ШУДАРГЫГ ҮЙЛД

4. Ехова биднийг баптисм хүртсэн л бол боллоо гэж боддоггүй гэхийн учир юу вэ? (Исаиа 48:1).

4 Дуулал 15:2-т Бурхантай найзалдаг хүнийг «үнэнчээр явж, зөв шударгыг үйлддэг» гэжээ. Энд «явах», «үйлдэх» гэсэн үгээр байнга, тогтмол хийх ёстой үйлдлийг хэлсэн. Гэхдээ бид үнэхээр «үнэнчээр явж» чадах уу? Чадна. Төгс хүн гэж байхгүй ч өөрт нь дуулгавартай байхын тулд чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова «үнэнчээр явж» байна гэж үзнэ. Өөрийгөө зориулж, баптисм хүртээд бид Бурхантай хамт алхаж эхэлдэг. Библи бичигдэж байх үед Израйл үндэстэнд харьяалагддаг л бол Еховагийн зочин болчихдоггүй байсныг анхаараарай. Зарим хүн Бурхныг дууддаг мөртлөө «үнэн зөв дотор» байгаагүй (Исаиа 48:1-ийг уншина). Чин сэтгэлтэй израйлчууд Еховагийн шаардлагыг мэдэж авч, тэдгээрийг дагах ёстой байв. Үүнтэй адилаар өнөөдөр Бурхны сайшаалыг хүртье гэвэл баптисм хүртэж, Еховагийн Гэрч гэж дуудагдахаас илүүг хийх буюу үргэлж «зөв шударгыг үйлдэх» ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ?

5. Амьдралын бүх хүрээнд Еховад дуулгавартай байна гэдэг нь яахыг хэлэх вэ?

5 Еховагийн нүдэнд «үнэнчээр явж», «зөв шударгыг үйлдэх» нь цуглаанд тогтмол явдаг байхаар хязгаарлагдахгүй (1 Сам. 15:22). Бид амьдралын бүх хүрээнд, ганцаараа байх үедээ ч Бурханд дуулгавартай байхыг хичээх ёстой (Сур. 3:6; Ном. 12:13, 14). Энэ нь жижиг гэж санагдах зүйл дээр ч чухал. Ингэснээр Бурхнаа үнэн голоосоо хайрладаг маань харагдаж, түүгээр улам их хайрлуулна (Ёох. 14:23; 1 Ёох. 5:3).

6. Еврей 6:10–12-т бичсэнээр, өнгөрсөн хугацаанд үйлдсэн сайн үйлсээс маань илүү юу чухал вэ?

6 Өнгөрсөн хугацаанд өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд маань Ехова маш их талархдаг. Гэхдээ энэ нь түүний асарт үргэлж зочин нь байх шаардлага хангасан гэсэн үг биш. Энэ талаар Еврей 6:10–12 тодорхой хэлжээ (уншина). Ехова хийсэн сайн үйлсийг маань мартдаггүй ч «эцэс хүртэл» бүхий л зүрхээрээ хамгийн сайныгаа хийгээд л байгаасай гэж хүсдэг. Хэрэв «бууж өгөхгүй байвал» биднийг шагнах буюу үүрд найз маань байна (Гал. 6:9).

ЗҮРХЭНДЭЭ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛ

7. Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн ямар байдаг вэ?

7 Еховагийн асарт сайшаалыг нь хүртсэн зочин нь байхыг хүссэн хүн «зүрхэндээ үнэнийг өгүүлдэг» байх ёстой (Дуу. 15:2). Энэ нь зөвхөн худлаа ярихгүй байна гэсэн үг биш. Харин Ехова биднийг юу ч хэлсэн, юу ч хийсэн үнэнч шударга байгаасай гэж хүсдэг (Евр. 13:18). Ийм байх нь үнэхээр чухал. «Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм» (Сур. 3:32).

8. Ямар байхаас зайлсхийх ёстой вэ?

8 «Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг» хүн ганцаараа байхдаа Бурхны хуулийг зөрччихөөд олны өмнө дуулгавартай дүр эсгэдэг хүнтэй адилгүй (Ис. 29:13). Тэд заль хэрэглэдэггүй. Зальтай хүн Еховагийн бүх тушаал зөв гэдэгт эргэлздэг (Яак. 1:5–8). Ийм хүн тийм ч чухал биш гэж санагдсан юман дээр Еховад дуулгаваргүй ханддаг. Тэгээд дуулгаваргүй байсан нь ямар ч муу үр дагаварт хүргээгүй юм шиг санагдаад бүр ч муу юм хийж эхэлдэг. Тэрбээр хоёр нүүр гарган үйлчилж байгаа хэрэг (Ном. 8:11). Харин бид бүх талаараа үнэнч шударга байхыг хүсдэг.

9. Есүсийн анх Натанелтай танилцсан явдлаас бид юу ойлгох вэ? (Бас зургийг үзээрэй).

9 «Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг» хүн байх нь маш чухал. Үүнийг Филип найз Натанелыгаа Есүстэй анх танилцуулсан явдлаас бид ойлгож болно. Хэдийгээр Есүс Натанелтай нэг ч удаа уулзаж байгаагүй ч «Заль мэхгүй, жинхэнэ израйл хүнийг хар даа» гэж хэлдэг (Ёох. 1:47). Есүс бусад шавиа ч үнэнч шударга гэж үздэг байсан нь тодорхой. Гэхдээ Натанелын чин сэтгэл их онцгой байсныг харсан. Натанел бидний адилаар төгс бус ч хоёр нүүр гаргадаггүй, бүх талаараа үнэнч шударга байсан. Тиймээс Есүс түүнийг ихэд хүндэлж, магтсан. Биднийг ч Есүс ийнхүү магтвал сайхан санагдахгүй гэж үү?

Есүс анх Натанелтай уулзахдаа «заль мэхгүй» хүн гэж хэлээд чин сэтгэлтэйг нь онцолсон. Бидний тухайд ч ингэж хэлэх болов уу? (9-р догол мөрийг үзээрэй)


10. Бид яагаад хэл яриагаа анхаарах ёстой вэ? (Яаков 1:26).

10 15-р дуулалд бичсэн шаардлагуудын ихэнх нь бусдад хэрхэн хандах талаар ажээ. Дуулал 15:3-т Еховагийн асрын зочин «хэлээрээ гүтгэдэггүй, өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй» гэжээ. Хэрэв бид хүмүүсийг гүтгэвэл тэднийг хохироож, өөрсдөө ч Еховагийн асрын зочин байхаа болино (Яаков 1:26-г уншина).

11. Гүтгэлэг гэж юу вэ? Бусдыг гүтгээд гэмшээгүй бол яах вэ?

11 Дуулалчийн онцолсон гүтгэлэг гэдэг нь юу вэ? Хэн нэгний нэр хүндийг унагах худал үг яриа юм. Бусдыг гүтгээд гэмшээгүй хүнийг хурлаас хасдаг (Иер. 17:10).

12, 13. Ямар үед бид анд нөхдийнхөө нэр хүндийг санаандгүй унагаж магадгүй вэ? (Бас зургийг үзээрэй).

12 Дуулал 15:3-т бас Еховагийн зочин бусдад муу юм хийдэггүй бөгөөд найз нөхдөө эсэргүүцэн буруутгадаггүйг сануулдаг. Энэ нь яахыг хэлэх вэ?

13 Бид хэн нэгний тухай ярьж байгаад санаандгүй нэр хүндийг нь унагаж магадгүй. Дараах нөхцлүүдийг бодоорой. 1) Гэрч эмэгтэй эхлэгчээр үйлчлэхээ больсон, 2) гэрлэсэн хос Бетелээс гарсан, 3) Гэрч эрэгтэй ахлагч юм уу туслах үйлчлэгч байхаа больсон. Тэд ямар нэг буруу юм хийгээд ингэсэн байх даа гэж таамаглан бусдад ярих нь зохисгүй. Бидний мэдэхгүй өөр хүндэтгэх шалтгаан байгаа ч юм билүү? Еховагийн асрын зочин «өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй».

Бусдын талаар сөрөг юм ярих амархан. Гэхдээ энэ нь гүтгэлэг болж мэднэ (12, 13-р догол мөрийг үзээрэй)


ЕХОВАГААС ЭМЭЭГЧДИЙГ ХҮНДЛЭГТҮН

14. «Олиггүй хүнийг» үл тоомсорлох гэдгийг юу гэж ойлгох вэ?

14 Дуулал 15:4-т Еховагийн анд найзууд «олиггүй хүн[ийг] жигшдэг [«үл тоомсорлодог», МБН, 2015]» гэжээ. Харин бид өөрсдийнхөө санаа оноо, үзэл бодолд үндэслэн хэн нэгнийг олиггүй гэж дүгнэх учиргүй. Яагаад? Бид төгс бус учир дуртай хүнтэйгээ найзалж, дургүй хүндээ муухай хандчихдаг. Тиймээс Еховагийн «олиггүй» гэж үзсэн хүнээс л хол байх ёстой (1 Кор. 5:11). Энэ нь жишээлбэл мууг үйлдээд гэмшдэггүй, итгэл үнэмшлийг маань хүндэлдэггүй, Еховатай тогтоосон харьцааг маань бусниулахыг оролддог хүн юм (Сур. 13:20).

15. «ЭЗЭНээс эмээгчдийг ... хүндлэх» нэг арга юу вэ?

15 Дуулал 15:4-т цааш нь «ЭЗЭНээс эмээгчдийг ... хүндлэх» ёстой гэжээ. Тэгэхээр бид Еховагийн анд найзуудад сайхан сэтгэлээр хандаж, хүндлэх учиртай (Ром 12:10). Яаж? Нэг арга нь Дуулал 15:4-т бичсэнээр Еховагийн зочин «өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй». Амласнаасаа няцвал бусдыг хохироох аюултай (Мат. 5:37). Жишээ нь гэрлэлтийн тангарагтаа үнэнч байхыг Ехова эхнэр нөхрүүдээс хүсдэг. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ амласнаа биелүүлэхийг чин сэтгэлээсээ хичээдэг бол Ехова баярлана. Бид амлалтаа биелүүлэхийн тулд Еховаг болон бусдыг гэсэн хайрандаа хөтлөгдөн чадах бүхнээ хийдэг.

16. Еховагийн найзуудыг хүндлэх бас нэг арга юу вэ?

16 Еховагийн анд нөхдийг хүндлэх бас нэг арга нь зочломтгой, өгөөмөр байх юм (Ром 12:13). Ах дүүстэйгээ чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг бол тэдэнтэйгээ төдийгүй Еховатай ч улам дотносно. Түүнчлэн зочломтгой байх нь Еховаг дуурайж буй хэрэг.

МӨНГИЙГ БҮҮ ХАЙРЛА

17. 15-р дуулалд яагаад мөнгөний тухай дурдсан бэ?

17 Еховагийн найзууд «өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй» (Дуу. 15:5). Ийм богинохон дуулалд яагаад мөнгөний тухай дурдав? Учир нь мөнгөнд дурлавал бусдыг гомдоогоод зогсохгүй, бүр Бурхантай тогтоосон харьцаагаа сэвтээх аюултай (1 Тим. 6:10). Библи бичигдэж байх үед зарим хүн ядуу ах дүүстээ хэрэгцээгээр нь далимдуулан мөнгө хүүтэй зээлүүлж шударга бус хандсан. Мөн зарим шүүгч авлига авч, буруугүй хүмүүсийг шударга бусаар шүүсэн. Ехова ийм явдлыг жигшдэг (Езе. 22:12).

18. Мөнгөний талаар ямар үзэлтэйгээ мэдэхийн тулд өөрөөсөө юу гэж асуух вэ? (Еврей 13:5).

18 Мөнгөний талаар зөв үзэлтэй эсэхээ шалгадаг байх нь сайн. Та өөрөөсөө «Юу худалдаж авах вэ гээд л би дандаа мөнгө бодож явдаг уу? Мөнгө зээлдүүлсэн хүнээ мөнгөтэй юм чинь гээд өрөө өгөхгүй удаадаг уу? Би мөнгөтэй ч бусдын төлөө хэдэн төгрөг зарцуулахдаа нарийлдаг уу? Чинээлэг итгэл нэгтнээ эд юманд дуртай гэж шүүмжилдэг үү? Би баянтай нь найзалж, эд юмгүй нэгнээ үл ойшоодог уу?» гэж асуугаарай. Бид Еховагийн анд найз болох гайхалтай урилга хүлээж авсан тул эдгээр асуултыг өөрөөсөө асуух нь маш чухал. Мөнгийг хайрладаггүй хүн Еховагийн зочин байсаар байна. Тэгвэл Ехова ч биднийг хэзээ ч орхихгүй! (Еврей 13:5-ыг уншина).

ЕХОВА НАЙЗУУДАА ХАЙРЛАДАГ

19. Ехова гол нь ямар зорилгоор 15-р дуулалд бичсэн шаардлагуудыг тавьдаг вэ?

19 15-р дуулал «Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй» гэсэн үгээр дуусдаг (Дуу. 15:5). Энд дуулалч Ехова гол нь ямар зорилгоор дээрх шаардлагуудыг тавьдгийг хэлж өгсөн. Биднийг аз жаргалтай байгаасай гэснийх юм. Тиймээс Еховагийн хэлснийг хийдэг бол сайхан амьдарч, хамгаалагдана (Ис. 48:17).

20. Еховагийн зочид юуг тэсэн ядан хүлээж байгаа вэ?

20 Еховагийн сайшаалыг хүртсэн зочдыг гайхалтай ирээдүй хүлээж байна. Үнэнч тослогдогсод тэнгэрт Есүсийн бэлдсэн «орон байранд» амьдарна (Ёох. 14:2). Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс Илчлэл 21:3-т бичсэн амлалт биелэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Еховагийн анд нөхөр болох сэтгэл дулаацуулам урилга авсан бид түүний асарт үүрдийн зочин байх завшаанаа маш ихээр эрхэмлэдэг!

ДУУ 4 Бурхны өмнө сайн нэр олъё