Skip to content

Бурхан байдаг уу?

Бурхан байдаг уу?

Библид юу гэж байдаг вэ?

 Тийм ээ, байдаг. Библид Бурхан байдгийн хөдөлшгүй нотолгоонууд бий. Мөн шашны сургаалыг сохроор дагах биш, харин «ойлгох чадвар» болон «оюун ухаанаа дайчлан» судалж мэдсэний үндсэн дээр Бурханд итгэх хэрэгтэй гэж Библи уриалдаг (1 Ёохан 5:20, зүүлт; Ром 12:1). Энэ өгүүллээр Бурхан байдгийн нотолгоонуудыг Библиэс үзэцгээе.

  •   Амьд организм орших бүх нөхцөл бүрдсэн, эмх цэгцтэй орчлонт ертөнц нь Бүтээгч байдаг гэдгийн нэг нотолгоо юм. Библид «аливаа гэрийг хэн нэгэн барьдаг. Харин бүх юмыг барьж бүтээсэн нь Бурхан мөн» гэж байдаг (Еврей 3:4). Энгийн боловч оновчтой энэхүү тайлбарыг мэргэжил боловсролтой олон хүн хүлээн зөвшөөрдөг ажээ. a

  •   Хүн төрөлхтөн бид «Амьдралын утга учир юу вэ?» «Хүн яагаад бий болсон бэ?» гэдэг асуултуудын хариуг мэдэх төрөлхийн хүсэлтэй. Бие махбодынхоо хэрэгцээг хангасан ч гэсэн эдгээр асуултууд бодогдсоор байдаг шүү дээ. Үүнийг Библид Бурхны тухай мэдэх хэрэгцээ буюу Бурхныг шүтэх хүсэл гэдэг (Матай 5:3, Илчлэл 4:11). Хүнд ийм хэрэгцээ байдаг гэдэг нь хайр халамжтай Бүтээгч Бурхан байдаг төдийгүй, хүмүүс өөрийг нь таньж мэдээсэй гэж хүсдэгийг нь баталдаг (Матай 4:4).

  •   Библийн зөгнөлүүд тухайн үйл явдал болохоос хэдэн зууны өмнө нарийн ширийн бичигдсэн байдаг бөгөөд яг таг биелдэг нь ер бусын хүчээс эхтэйг нь тодорхой харуулдаг (2 Петр 1:21).

  •   Библид гардаг шинжлэх ухааны мэдээллүүд ямагт үнэн зөв байдаг. Тухайлбал эрт үеийн хүмүүс дэлхийг заан, бодон гахай, үхэр гэх мэт амьтдын нуруун дээр тогтдог гэж боддог байжээ. Харин Библид «Бурхан хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг» гэж бичжээ (Иов 26:7). Мөн дэлхийн хэлбэрийн талаар Библи дээр «Бөмбөрцөг», «Бөөрөнхий» гэж зөв бичсэн байдаг (Исаиа 40:22). Тухайн үеийн хүмүүсийн мэдэх боломжгүй мэдээлэл Библид байдаг нь Библийг Бурхан бичүүлсний нэг нотолгоо юм.

  •   Хүн амьдралаас урган гарч ирдэг асуултуудынхаа зөв хариуг олж авч чадахгүй бол Бурхангүй үзэлтэй болох аюултай. Харин зөв хариу нь Библид бий. Жишээ нь «Бурхан хайр халамжтай, төгс хүчтэй юм бол ертөнц яагаад зовлон зүдгүүр, муу муухай явдлаар дүүрэн байдаг вэ?» «Шашнууд хүмүүст яагаад сайнаасаа илүү муугаар нөлөөлдөг вэ?» гэх мэт асуултуудын хариуг Библиэс авах боломжтой (Тит 1:16).

a Жишээлбэл одон орон судлаач Аллан Сандаж «Орчлонт ертөнц дэх эмх цэгц нь эмх замбараагүй байдлаас бий болох огт боломжгүй гэж би боддог. Эмх цэгцтэй болгосон ямар нэг эх булаг байх ёстой шүү дээ. Хэдийгээр би Бурхны тухай сайн таньж мэдэхгүй ч, юу ч үгүйгээс ахуйг бий болгосон гайхамшгийн эзэн бол Бурхан мөн» хэмээн өгүүлжээ.