Skip to content

Шинжлэх ухаан Библитэй тохирдог уу?

Шинжлэх ухаан Библитэй тохирдог уу?

Библид юу гэж байдаг вэ?

 Тийм ээ. Библи хэдийгээр шинжлэх ухааны ном биш ч гэсэн шинжлэх ухааны талаар хөндсөн асуудлууд нь үнэн зөв байдаг. Шинжлэх ухаан Библи хоёр тохирдог болон Библи бичигдэж байх үеийн хүмүүсийн итгэдэг байснаас огт өөр шинжлэх ухаантай тохирсон баримтууд Библид олон байдгийг харуулсан зарим жишээг авч үзье.

  •   Орчлонт ертөнцөд эхлэл бий (Эхлэл 1:1). Эсрэгээр нь ихэнх домогт өгүүлснээр орчлонт ертөнц нь бүтээгдээгүй. Харин эмх замбараагүй байсан материуд зохион байгуулалтад орсноор бий болсон гэдэг. Вавилончууд хоёр далайнаас гарсан бурхад орчлонт ертөнцийг төрүүлсэн гэж итгэдэг байсан. Орчлонт ертөнц нь маш том өндөгнөөс бий болсон гэж үздэг домог яриа ч бий.

  •   Орчлонт ертөнц нь хувирамтгай бурхдын зан чанарт бус зүй зохистой байгалийн хуульд өдөр бүр захирагддаг (Иов 38:33; Иеремиа 33:25). Хүн төрөлхтөнийг урьдаас тааж мэдэхийн аргагүй, заримдаа бүр өршөөлгүй бурхдын өмнө өчүүхэн арчаагүй амьтан мэтээр харуулдаг домог олон байдаг.

  •   Дэлхий хоосон зайд оршин байдаг (Иов 26:7). Эртний хүмүүс дэлхийг хавтгай хэлбэртэй бөгөөд түүнийг усны үхэр, яст мэлхий гэх зэрэг амьтан юм уу, эсвэл аварга том хүн тулж байдаг гэж үздэг байжээ.

  •   Далай юм уу бусад эх үүсвэрээс ууршиж гарсан ус нь бороо, цас, мөндөр хэлбэрээр газрын гадаргуу дээр унаж гол горхийг усаар хангадаг (Иов 36:27, 28; Номлогчийн үгс 1:7; Исаиа 55:10; Амос 9:6). Эртний Грекчүүд газар доорх далайн ус гол горхийг тэтгэдэг гэж үздэг байсан бөгөөд энэ үзэл нь 18-р зууныг хүртэл хэвээр уламжлагдаж иржээ.

  •   Уулс өргөгдөх нь ч бий унах нь ч бий. Далай доорх гадаргуу ил гарснаар өнөө цагийн уулс бий болжээ (Дуулал 104:6, 8). Харин эсрэгээр нь уулсыг одоогийн энэ хэлбэрээр нь бурхад бүтээсэн гэж үздэг домог яриа олон байдаг.

  •   Ариун цэврийг сахих нь эрүүл мэндэд тустай. Израйл үндэстэнд өгөгдсөн хуульд нас барсан хүний биед хүрсний дараа угаал үйлдэх, халдварт өвчин туссан хүнийг тусгаарлах, хүний ялгадсыг газарт булах зэрэг зохицуулалтыг оруулсан байна (Левит 11:28; 13:1–5; Дэд хууль 23:13). Израйлчуудад дээрх хууль өгөгдсөн тэр цаг үед египетчүүд харин эсрэгээр нь хүний ялгадас орсон бэлдмэлийг шарх сорвинд түрхэх эмчилгээний аргыг хэрэглэдэг байжээ.

Библид шинжлэх ухаантай зөрчилддөг зүйл бий юү?

 Библийг нямбай судалбал зөрчилддөг зүйл байхгүй гэдгийг мэдэж болно. Библи шинжлэх ухаантай тохирдог ч хүмүүс буруугаар ойлгодог зарим жишээг авч үзье.

 Домог яриа: Орчлонт ертөнц нь 24 цагтай 6 өдөрт бүтээгдсэн гэж Библид байдаг.

 Баримт: Библид бичсэнээр бол Бурхан орчлон ертөнцийг өнө эртний нэгэн цаг үед бүтээсэн (Эхлэл 1:1). Эхлэл 1 дүгээр бүлэгт гардаг бүтээлийн өдрүүд гэдэг нь эрин үе бөгөөд хэр удаан үргэлжилснийг тодорхой дурдаагүй байдаг. Үнэндээ тэнгэр газрыг бүтээсэн нийт цаг үеийг бүхэлд нь бас өдөр гэсэн байдаг (Эхлэл 2:4).

 Домог яриа: Фотосинтезийн (ургамал гэрлийн энергийг химийн энерги болгон хувиргах үйл явц) үйл явцыг дэмждэг нар бүтээгдэхээс өмнө ургамал бий болсон гэж Библид байдаг (Эхлэл 1:11, 16).

 Баримт: «Тэнгэрийн» нэгэн том од болох нар нь ургамлаас өмнө бүтээгдсэн гэж Библид байдаг (Эхлэл 1:1). Бүтээлийн эхний «өдөр» буюу эрин үед нарны гэрлийн хугарал дэлхийн гадаргуу дээр туссан. Агаар мандал аажмаар цэвэршиж бүтээлийн гурав дах «өдөр» болоход гэрэл нь фотосинтезийн үйл явцыг дэмжихүйц хангалттай хүчтэй болж ирсэн (Эхлэл 1:3–5, 12, 13). Хэсэг хугацааны дараа дэлхийгээс харахад нар нь тодорхой нэгэн биет болж харагдаж эхэлсэн (Эхлэл 1:16).

 Домог яриа: Нар дэлхийг тойрдог гэж Библид бичсэн байдаг.

 Баримт: Номлогчийн үгс 1:5-д «Нар мандсаар, жаргасаар, Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ» гэж бичигдсэн байдаг. Гэхдээ энэ нь нарыг дэлхийгээс харахад ямар байгааг дүрсэлсэн төдий юм. Өнөөдөр хүмүүс нар мандах, нар жаргах гэж ярьдаг ч дэлхий нарыг тойрон эргэдгийг бүгд мэддэг билээ.

 Домог яриа: Дэлхий бол хавтгай гэж Библид бичсэн байдаг.

 Баримт: Библид дэлхий дээр хамгийн хол хэсэг гэсэн утгаар «дэлхийн хязгаар» гэсэн үгийг ашигласан боловч газар дэлхийг хавтгай юм уу зах ирмэгтэй гэсэн утгаар хэлээгүй (Үйлс 1:8, АББН). Үүнтэй адилаар «газрын дөрвөн зүг» гэсэн хэллэг нь газрын гадаргуу дахь бүхий л хэсгийг заасан зүйрлэл юм. Өнөөдөр хүмүүс дөрвөн зүг найман зовхис гэж ярьдаг нь үүнтэй төстэй зүйрлэл билээ (Исаиа 11:12; Лук 13:29).

 Домог яриа: Библид тойргийн урт нь диаметрийг 3-аар үржүүлсэнтэй тэнцүү гэж бичсэн байдаг. Гэхдээ үнэндээ 3 биш 3,1426 юм.

 Баримт: Хаадын дээд 7:23 болон Шастирын дэд 4:2-т цутгамал төмрөн тэнгисийн хэмжээг тодорхойлохдоо диаметр нь 10 тохой, «тойрог нь 30 тохой хэмжээтэй» гэжээ. Энд дурдсан нь хамгийн дөхүүлсэн тоо хэмжээ байж болох юм. Эсвэл тойргийн уртыг доторх хүрээний хэмжээгээр нь, диаметрийг гадна талын нэг захаас нөгөө зах хүртэлх хэмжээгээр нь дурдсан байж болох юм.