Skip to content

Цусны талаарх Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн минь

Цусны талаарх Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн минь

Цусны талаарх Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн минь

ЭМЧИЙН ЯРИА

БИ хурлын өрөөнд хэсэг эмч нарт задлангийн ажлаа тайлагнаж байлаа. Өвчтөн хорт хавдраар нас барсан байв. Би тэдэнд «Өвчтөний үхлийн шууд шалтгаан нь их хэмжээний цус сэлбэснээс үүдэн цусан дахь улаан эс устаж, бөөр нь ноцтой гэмтсэнээс болсон» гэж хэлсэн юм.

Нэг профессор босож ирээд уурлан «Чи тэгээд таарахгүй цус юүлснээс болсон гэх гээд байна уу?» гэж хашхичиж гарав. Би: «Үгүй л дээ, би тэгж хэлэх гээгүй» гэлээ. Өвчтөний бөөрний жижиг хэсгүүдийн зургийг слайдаар үзүүлээд «Бөөрөнд их хэмжээний улаан эс задарсан. Тийм болохоор бөөрний хурц дутагдалд орсон * гэж дүгнэж болно» гэж хэллээ. Уур амьсгал нилээн ширүүсэж миний уруул ам хатсан байлаа. Би хэдийгээр залуухан эмч ч гэсэн мөчөөгөө өгөөгүй юм.

Энэ явдал болох үед би Еховагийн Гэрч болоогүй байв. Би 1943 онд Японы хойд зүгт байдаг Сэндай гэдэг хотод төрсөн. Аав маань эмгэг судлаач, сэтгэл мэдрэлийн эмч байсан болохоор би бас анагаахаар явахаар шийдсэн юм. Анагаах ухааны сургуулийн 2-р курст байхдаа, 1970 онд Масуко гэдэг бүсгүйтэй гэрлэсэн.

Эмгэг судлалын салбарт ажиллах болсон минь

Намайг сургууль төгсөх хүртэл Масуко ажил хийж гэр орноо авч явдаг байв. Анагаах ухаан сонирхлыг минь улам их татсан. Хүний биеийн бүтэц үнэхээр гайхамшигтай. Гэхдээ үүнийг бүтээсэн Бүтээгч байдаг тухай огт бодож байгаагүй. Анагаах ухаанаа сайн судлаад явбал утга учиртай амьдарна гэж боддог байлаа. Эмч болсон ч өвчний онцлог шалтгаан, үр нөлөөний тухай нарийвчлан судалж, эмгэг судлалаар зэрэг ахиуллаа.

Хорт хавдраар нас барсан өвчтөний биед задлан хийж байгаад, цус сэлбэх нь үр дүнтэй гэдэгт эргэлзэх болсон. Хавдрын эцсийн шатанд орсон өвчтөн цус их алдсанаас цус багадалттай болсон байдаг. Химийн эмчилгээнээс болж цус багаддаг тул эмч нар өвчтөнд цус сэлбэхийг зөвлөдөг. Гэхдээ цус сэлбэлээ гэхэд хавдар улам тархдаг байж магадгүй гэсэн дүгнэлтэд би хүрсэн юм. Юутай ч цус сэлбэсний улмаас дархлаа суларч, хавдар дахих эрсдэл ихсэж, өвчтөний аврагдах магадлал буурдаг. *

Өгүүллийн эхэнд гарсан үйл явдал 1975 онд болсон. Нас барсан өвчтөнийг хариуцсан профессор нь гематологич (цусны бүтцийг судалдаг) хүн байсан юм. Тийм болохоор цус сэлбэснээс болж өвчтөн нас барсан гэж хэлэхийг минь сонсоод уурлах нь ч аргагүй. Гэсэн хэдий ч би яриад л байлаа. Профессор ч сүүлдээ тайвширсан юм.

Өвчин үхэл үгүй болно

Тухайн үед эхнэр дээр маань Еховагийн Гэрч настай эгч ирдэг байсан юм. Ехова Ехова гээд л ярьдаг байхаар нь «Ехова гэж хэн бэ?» гэж эхнэр маань асууж л дээ. Гэрч эгч: «Ехова бол жинхэнэ Бурхны нэр» гэж хариулжээ. Масуко хүүхэд байхаасаа л Библи уншдаг байсан ч Библид нь Бурхны нэрийн оронд «ЭЗЭН» гэдэг үг гардаг байв. Ингээд эхнэр маань Бурхан нэртэй, бодитоор оршдог Нэгэн юм байна гэж мэддэг болсон.

Эхнэр маань төд удалгүй өнөө настай эгчтэй Библийн хичээл хийдэг болов. Намайг нэг удаа шөнийн 1:00 цагт гэртээ ирэхэд их л догдолчихсон, «Библид чинь өвчин үхэл байхгүй болно гэж байдаг юм байна!» гэв. Би «Тэгдэг бол сайхан л байна» гэж хариуллаа. Тэгсэн чинь эхнэр маань «Удахгүй шинэ ертөнц ирэх юм чинь чи ингэж цагаа дэмий үрээд яах юм бэ» гэдэг байгаа. Эмчийнхээ ажлыг хийхээ боль гэж байна гэж ойлгоод уур хүрчихэв. Бид хоёрын харьцаа нэлээн таагүй болсон.

Гэсэн хэдий ч эхнэр маань үнэний тухай ярихаа болиогүй ээ. Залбирч байгаад тохирох Библийн зүйлийг олоод надад үзүүлдэг байсан юм билээ. Номлогчийн үгс 2:22, 23-ын «Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ? ... шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ» гэсэн үг надад нэгийг бодууллаа. Энэ үг яг намайг хэлээд байгаа юм шиг санагдсан. Би анагаах ухаанд амь амьдралаа зориулан өдөр шөнөгүй ажилладаг байсан юм.

1975 оны 7-р сарын нэгэн бүтэн сайны өглөө эхнэр маань Гэрчүүдийн цуглааны танхим руу явлаа. Гэнэт явмаар санагдаад би ч араас нь гарав. Эхнэр маань намайг хараад маш их гайхсан. Гэрчүүд ч халуун дотноор угтаж авсан юм. Тэр цагаас эхлэн би бүтэн сайн болгонд цуглаанд явдаг боллоо. Сарын дараа нэг Гэрч надтай Библийн хичээл эхлэв. Масуко Еховагийн Гэрчүүдтэй уулзсанаасаа хойш гурван сарын дараа баптисм хүртсэн дээ.

Цусны талаарх Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрсөн минь

Удалгүй би Христийн дагалдагч хүн цуснаас цээрлэх ёстой байдгийг гэдгийг Библиэс мэдэж авлаа (Үйлс 15:28, 29; Эхлэл 9:4). Цус сэлбэх нь үр дүнтэй гэдэгт эргэлздэгийг ч хэлэх үү, цусны талаарх Бурхны үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөд тийм ч хэцүү байсангүй. Бүтээгч гэж байгаад, тэрээр бидэнд ингэж хэлсэн бол зөв л байх ёстой гэж би бодсон юм.

Адамын нүглээс болж, хүн өвдөж үхдэг болсныг бас мэдэж авлаа (Ром 5:12). Тухайн үед би артерийн судасны хатуурлын талаар судалж байсан юм. Нас ахих тусам артерийн судас хатуурч нарийсдаг. Үүнээс болоод зүрх судасны өвчтэй болдог, тархины судас нарийсдаг, бөөр мууддаг. Хүн төгс бус учраас ингэдэг нь зүйн хэрэг юм. Ганцхан Ехова л өвчин, үхлийг үгүй хийнэ! Энэ бүхнийг мэдсэнээс хойш анагаах ухааныг тэгтлээ шимтэн сонирхохоо больсон.

1976 оны 3-р сард их сургуулийн эмнэлгийн судалгааны ажлаа орхилоо. Би мэргэжлээрээ дахиад ажиллахгүй байх даа гэж бодож байсан ч өөр нэг эмнэлэгт ажилд орсон юм. 1976 оны 5-р сард би баптисм хүртсэн. Эхлэгч хийж Бурхандаа бүрэн цагаар үйлчлэх л амьдралын хамгийн сайн зам гэдгийг ойлгоод би 1977 оны 7-р сард эхлэгч болсон.

Цусны талаарх Бурхны үзэл бодлыг өмгөөлсөн минь

1979 онд Масуко бид хоёр Чибад байдаг дэлгэрүүлэгч хэрэгтэй хурал руу нүүлээ. Тэндхийн нэг эмнэлэгт би тал өдөр ажилладаг болсон юм. Ажилд орсон эхний өдөр мэс засалчид намайг бүчиж аваад «Та Еховагийн Гэрч гэсэн байх аа? Хэрвээ цус сэлбэх шаардлагатай өвчтөн ирвэл яах вэ?» гэж асуув.

Цус хэрэглэх талаар Бурхны хэлснийг л дагана даа гэж хүндэтгэлтэйгээр хариулсан юм. Бас цус сэлбэхээс өөр арга байдгийг, өвчтөнөө аврахын тулд чадах бүхнээ хийхээ хэллээ. Цаг орчим ярилцсаны эцэст ахлах мэс засалч: «Би таныг ойлгож байна. Гэхдээ өвчтөн их хэмжээний цус алдвал бид өөрсдийнхөөрөө хийнэ» гэв. Тэр мэс засалчийг их хэцүү хүн гэлцдэг ч тэгж ярилцсанаас хойш бид их сайн харьцаатай болсон. Миний итгэл үнэмшлийг ч их хүндэтгэнэ.

Цусыг эрхэмлэн үздэг минь соригдов

Биднийг Чибад үйлчилж байхад Еховагийн Гэрчүүдийн Япон дахь салбар Эбинад баригдаж байв. Эхнэр бид хоёр 7 хоногт нэг удаа тийшээ очиж, тэнд ажиллаж байгаа сайн дурынхны биеийг үздэг байлаа. Хэдэн сарын дараа Эбина дахь Бетелд бүрэн цагаар ажиллах урилга ирэв. 1981 оны 3-р сараас эхлэн бид тэнд амьдрахаар боллоо. Энд 500 гаруй сайн дурын ажилчид түр оршин сууж байсан. Өглөөгүүр барилгын талбар дахь усанд ордог өрөө, бие засах газрыг цэвэрлэж, өдөр нь хүмүүст үзлэг хийнэ.

Илма Излоб гэдэг нэртэй нэг өвчтөн байлаа. Тэрбээр 1949 онд Австралиас Японд ирсэн юм билээ. Эмч нар түүнийг цусны хорт хавдартай, хэдхэн сарын настай гэж оношилсон байлаа. Илма эгч цус сэлбүүлэн байж амь насаа уртасгахыг хүсээгүй бөгөөд үлдсэн хугацаандаа Бетелд байхыг хүссэн. Тухайн үед цусны улаан эсийг төлжүүлдэг эритропоэтин гэх мэтийн эм бэлдмэл байгаагүй. Бас Илма эгчийн гемоглобин заримдаа ердөө 3–4 граммд хүрдэг байв (Хэвийн хэмжээ нь 12–15 грамм). Би Илма эгчийг эмчлэх гэж чадах бүхнээ хийсэн. Хэдхэн сарын настай гэж оношлогдсоноосоо хойш 7 жилийн дараа буюу 1988 оны 1-р сард нас барсан. Тэрбээр эцсээ хүртэл Бурханд үнэнч байсан юм.

Энэ хэдэн жилийн хугацаанд Япон дахь салбарын хэд хэдэн сайн дурын ажилчдад мэс засал хийх шаардлага гарч байлаа. Ойролцоох эмнэлгийн эмч нар цусгүй мэс засал хийхийг дэмжин, мэс заслын үеэр намайг байлцуулж, үйл явцыг хянуулдаг байсан. Заримдаа би бас хагалгаанд нь оролцдог байв. Еховагийн Гэрчүүд бидний цусны талаарх үзэл бодлыг хүндэтгэдэг тэр эмч нарт би талархдаг. Тэдэнтэй хамтарч ажилласнаар итгэл үнэмшлээ хуваалцах олон боломж олдсон. Нэг нь баптисм хүртэж Гэрч болсон.

Еховагийн Гэрчүүдэд цусгүй хагалгаа хийсэн эмч нарын туршлага анагаах ухаанд ихээхэн хувь нэмэр оруулсан. Цус сэлбэхгүй байх нь ямар их давуу талтайг цусгүй мэс засал харуулдаг. Судалгаанаас үзэхэд, өвчтөн мэс заслын дараа элдэв хүндрэл багатай, хурдан эдгэрдэг.

Хамгийн агуу Эмчээс суралцсаар байна

Би анагаах ухааны хөгжил дэвшлээс хоцрохгүй байхыг хичээдэг ч гэсэн хамгийн агуу Эмчээс суралцсаар байна. Ехова хүний зөвхөн гаднаас нь биш, бүр зүрх сэтгэлийн хардаг (1 Самуел 16:7). Би өвчтнийхөө зөвхөн өвчнийг анхаарах биш, хувь хүн гэж үзэхийг хичээдэг. Ингэх нь өвчтөндөө хамгийн сайн эмчилгээ хийхэд дөхөм болдог.

Би Бетелд үйлчлэхийнхээ хажуугаар Еховагийн тухай бусдад ярьж, цусны талаарх үзэл бодлыг нь мэдүүлсээр байна. Үүн шиг баяр баясгалан гэж үгүй. Агуу Эмч, Ехова Бурхан маань удахгүй өвчин, үхлийг үгүй хийгээсэй гэж би залбирдаг (Ясүши Айзава).

[Зүүлт]

^ д/м 4 Доктор Дэнис М. Харменингийн «Цус нөөцөлж сэлбэх орчин үеийн арга барил» гэдэг номд «цус сэлбүүлээд юм уу жирэмслээд, эрхтэн шилжүүлэн суулгаад мэдрэмтгий болсон хүмүүст цус сэлбэсний дараа цус задрах урвал удаан явагддаг» гэж бичжээ. Ийм өвчтнүүдэд цус сэлбэхэд сөрөг хариу урвал үзүүлдэг эсрэг биетүүдийг «цус сэлбэхээс өмнөх ердийн судалгаагаар илрүүлэх боломжгүй» байдаг. «Цусны талаарх Дэйлигийн тэмдэглэл»-д «таарахгүй цусыг маш бага хэмжээгээр хийхэд л цусны улаан эс задардаг байна. Үүнээс болж бөөр цуснаас хорт бодисыг ялгаруулж чадахаа больдог. Бие махбодь аажмаар хордож бөөрний үйл ажиллагаа зогсдог» хэмээн бичжээ.

^ д/м 8 «Клиникийн хавдар судлал» сэтгүүлийн 1988 оны 8-р сарын дугаарт: «Хавдрын хагалгаанд орохоос өмнө цус сэлбэсэн өвчтөнүүдийн биеийн байдал, хагалгаанд орохоос өмнө цус сэлбээгүй өвчтөнүүдийнхтэй харьцуулахад хамаагүй муу байдаг» гэж бичжээ.

[Товч тайлбар]

«Цус сэлбэхээс өөр арга байдгийг, өвчтөнөө аврахын тулд чадах бүхнээ хийхээ хэллээ»

[Товч тайлбар]

«Цус сэлбэхгүй байх нь ямар их давуу талтайг цусгүй мэс засал харуулдаг»

[Зураг]

Дээд талд: Библид үндэслэсэн илтгэл тавьж байгаа нь

Баруун талд: Эхнэр Масукогийн хамт, одоо