Бүх шашин адилхан уу? Бүгд Бурхантай ойр дотно болгодог уу?
Библид юу гэж байдаг вэ?
Бүх шашин адилгүй. Библийг үзвэл Бурхны таалалд нийцдэггүй шашин олон байсан. Тэдгээрийг ерөнхийд нь хоёр ангилдаг.
1. Хуурамч бурхдыг шүтдэг шашин
Библид хуурамч бурхад шүтэхийг «хий хоосон», «худал хуурмаг, ашиггүй хоосон» гэсэн байдаг (Иеремиа 10:3–5; 16:19, 20). Ехова a Бурхан эртний израйл үндэстэнд «Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй» гэж тушаажээ (Египетээс гарсан нь 20:3, 23; 23:24). Израйлчуудыг өөр бурхад шүтэхэд Ехова «хилэгнэсэн» (Тооллого 25:3; Левит 20:2; Шүүгчид 2:13, 14).
Бурхан одоо ч хүмүүсийг «“бурхан” ... гэгддэг юмыг» шүтэхэд хилэгнэдэг (1 Коринт 8:5, 6; Галат 4:8). Өөрийг нь шүтдэг хүмүүсийг хуурамч бурхад шүтдэг хүмүүсээс хол байхыг тушааж «Тэднээс холдож, тусгаар бай”» гэжээ (2 Коринт 6:14–17). Бүх шашин адилхан байсан бол, Бурхантай ойр дотно болгодог байсан бол Бурхан тийм тушаал өгнө гэж үү?
2. Жинхэнэ Бурхныг таалалд нь нийцдэггүй маягаар шүтдэг шашин
Израйлчууд заримдаа Бурхныг шүтэхдээ хуурамч шашны итгэл үнэмшил, зан үйлийг дагадаг байсан. Гэвч Ехова жинхэнэ шашныг хуурамч шашинтай хольж хутгахыг нь огт таалдаггүй байв (Египетээс гарсан нь 32:8; Дэд хууль 12:2–4). Есүс тухайн үеийнхээ шашны удирдагчдыг Бурхныг таалалд нь нийцүүлж шүтдэггүй гэж буруутгасан. Тэд гаднаа шүтлэгтэй хүний дүртэй ч «шударга, өрөвч, үнэнч байхыг заасан Хуулийн илүү чухал тушаалуудыг үл тоомсорлож» хоёр нүүр гаргадаг байжээ (Матай 23:23).
Өнөө үед ч ялгаагүй зөвхөн үнэнийг заадаг шашин Бурхантай дотно болгодог. Тэр үнэн Библид бий (Ёохан 4:24; 17:17; 2 Тимот 3:16, 17). Гэтэл Библитэй зөрчилдсөн сургаал заадаг шашин хүмүүсийг Бурхнаас харин ч бүр холдуулдаг. Гурвал, үхэшгүй мөнхийн сүнс, мөнхөд тарчилгах там зэрэг хүмүүсийн Библийн үндэстэй гэж боддог сургаал үнэндээ, хуурамч шашнаас үүдэлтэй. Ийм сургаал номлодог шашин Бурхны хууль тушаалыг заахын оронд шашныхаа дэг жаягийг баримтлахыг заадаг учир «дэмий хоосон», хэрэггүй юм (Марк 7:7, 8).
Бурхныг шүтдэг гэдэг ч хэм хэмжээг нь баримталдаггүй хүнийг Бурхан жигшдэг (Тит 1:16). Тиймээс шашин хүнд зан үйл, дэг жаяг сахиулах төдий биш, харин Бурхантай ойр дотно болгож, өдөр тутмынх нь амьдралд Бурхны тогтоосон хэм хэмжээг баримтлуулах учиртай. Библид: «Хэрэв хүн өөрийгөө Бурхан шүтдэг гэж боддог ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийгөө хуурч, дэмий хоосон шүтэж байгаа хэрэг. Харин зовж зүдэрч байгаа өнчин, бэлэвсэн хүмүүсийг харж ханддаг, дуулгаваргүй хүний амьдралын хэв маягт автдаггүй хүний шүтлэгийг Бурхан Эцэг цэвэр, ариун гэж үздэг» гэж бий (Яаков 1:26, 27). Үүнийг Жеймс хааны орчуулгад «цэвэр шашин» гэж бичжээ.
a Библид бичсэнээр жинхэнэ Бурхныг Ехова гэдэг.