Skip to content

Дэлхий сөнөх үү?

Дэлхий сөнөх үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Үгүй. Газар дэлхий хэзээ ч сөнөхгүй. Галан галав юүлэх юм уу, эсвэл өөр гараг дэлхий бий болохгүй. Библид Бурхан дэлхийг хүн төрөлхтний мөнхийн гэр орон болгохоор бүтээсэн гэж байдаг.

  •   «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

  •   «Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд [Бурхан] газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан» (Дуулал 104:5).

  •   «Дэлхий ертөнц үүрд үлддэг» (Номлогчийн үгс 1:4).

  •   «Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» (Исаиа 45:18).

Хүн төрөлхтөн дэлхийгээ устгах уу?

 Дэлхийг байгалийн бохирдол, дайн, эсвэл өөр ямар нэг аргаар бүрэн сүйрүүлэхийг Бурхан хүн төрөлхтөнд зөвшөөрөхгүй. Харин, тэрээр «дэлхийг устгагчдыг устгана» (Илчлэл 11:18). Бурхан энэ үгээ хэрхэн биелүүлэх вэ?

 Дэлхийг зөв захирч чадаагүй хүний засгийн газруудыг устгаж, тэнгэрийн төгс Хаант төрөөр солино (Даниел 2:44; Матай 6:9, 10). Уг Хаант төрийн тэргүүн бол Бурхны Хүү, Есүс Христ юм (Исаиа 9:6, 7). Есүс дэлхийд байхдаа гайхамшгаар байгалийн хүчийг захирдаг байсан (Марк 4:35–41). Бурхны Хаант төрийн Хаан Есүс, дэлхий болон байгалийг бүхэлд нь захирах болно. Тэрээр дэлхийг бүрэн шинэчилж Еден цэцэрлэг шиг болгоно (Матай 19:28; Лук 23:43).

Библид дэлхий галаар устгагдана гэж бичсэн байдаг уу?

 Үгүй. 2 Петр 3:7-д байдаг «өнөөгийн тэнгэр газар нь ... галаар устгагдахын тулд ... хадгалагдаж байна» гэдэг үгийг шууд утгаар ойлгосноос болж буруу ойлголт үүсжээ. Библийн энэ зүйлийг зөв ойлгохын тулд дараах хоёр чухал санааг бодож үзье.

  1.   Библид «тэнгэр», «газар», «гал» гэдэг үгийг олон утгаар хэрэглэдэг. Жишээ нь, Эхлэл 11:1-д «Бүх дэлхий нэг хэлтэй ... байлаа» гэж байдаг. Энд бичсэн «дэлхий» гэдэг үгээр хүний нийгмийг хэлдэг.

  2.   2 Петр 3:7-гийн хам сэдвийг үзвэл, тэнгэр, газар болон гал гэдэг үг юуг илэрхийлж байгааг ойлгож болно. 5, 6-р зүйлд Ноагийн үед болсон усан галавын талаар бичсэн байдаг. Тэр үед, эртний ертөнц устсан ч газар дэлхий үгүй болоогүй. Харин усан галаваар устсан «газар» бол хүчирхийллээр дүүрсэн хүний нийгэм юм (Эхлэл 6:11). Тэр үед «тэнгэр» буюу уг нийгмийг захирч байсан хүмүүс мөн устгагджээ. Товчхон хэлбэл, газар дэлхий биш, хорон муу хүмүүс устгагдсан гэсэн үг. Харин Ноа болон түүний гэр бүл дэлхий дээр амьд үлджээ (Эхлэл 8:15–18).

 Усан галавын үед хүний нийгэм усаар устаж үгүй болсон шиг 2 Петр 3:7-д байдаг «гал» нь хорон муу хүний нийгмийн сүйрлийг илэрхийлдэг. Харин дэлхий тэр чигээрээ байсаар байх болно. «Шинэ тэнгэр, шинэ газрыг Бурхан амласан» бөгөөд «тэнд шударга ёс үүрд ноёлно» (2 Петр 3:13). «Шинэ газар» буюу хүмүүсийн шинэ нийгмийг «шинэ тэнгэр» буюу шинэ засгийн газар болох Бурхны Хаант төр захирна. Уг Хаант төрийн удирдлага дор газар дэлхий энх амгалан диваажин болно (Илчлэл 21:1–4).