Ехова гэж хэн бэ?
Библид юу гэж байдаг вэ?
Библийнхээр бол Ехова гэдэг нь цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд бүх зүйлийн Бүтээгч юм (Илчлэл 4:11). Зөнч Абрахам, Мосе хоёр Еховаг шүтдэг байсан. Есүс ч бас Еховаг шүтдэг байжээ (Эхлэл 24:27; Египетээс гарсан нь 15:1, 2; Ёохан 20:17). Ехова бол зөвхөн нэг үндэстний Бурхан биш, харин «Бүх дэлхийн» Бурхан юм (Дуулал 47:2).
Библид Бурхны оноосон нэрийг Ехова гэж бичсэн байдаг (Египетээс гарсан нь 3:15; Дуулал 83:18). Ехова гэдэг нэр нь «болох» гэсэн утгатай еврей үгээс гаралтай бөгөөд олон эрдэмтэн энэ нэрийг «Тэр болгодог» гэсэн утгатай гэж ойлгодог. Энэ тайлбар Еховагийн «Бүтээгч», «Санаа зорилгоо Биелүүлэгч» гэдэг цолтой нь яг тохирдог (Исаиа 55:10, 11). Мөн Библиэс Еховагийн нэрийг илэрхийлдэг зан чанарууд, ялангуяа гол зан чанар болох хайрынх нь тухай мэдэх боломжтой (Египетээс гарсан нь 34:5–7; Лук 6:35; 1 Ёохан 4:8).
Бурхны еврей нэрийг монголоор хөрвүүлбэл Ехова болно. Англиар бол Jehovah. Энэ нь Тетраграмматон гэгддэг еврей дөрвөн үсэг יהוה (ЙХВХ)-г хөрвүүлсэн нэр юм. Эртний еврей хэлээр Бурхны нэрийг яаж дууддаг байсныг мэдэх аргагүй ч 1530 оны Уильям Тиндалын Библи дээр англиар анх удаа Jehovah гэж хөрвүүлжээ. Энэ нь Jehovah гэдэг нэрийг их эртнээс хэрэглэж эхэлснийг харуулдаг. a
Бурхны нэрийг яаж дуудах нь яагаад тодорхойгүй байдаг вэ?
Эртний еврей хэлэнд үгийг бичихдээ эгшиг үсэг хэрэглэдэггүй, зөвхөн гийгүүлэгч үсгээр тэмдэглэдэг байжээ. Тухайн үеийн еврей хэлтэй хүмүүс үгнүүдээ тохирох эгшгээр амилуулж, ядах юмгүй уншдаг байсан нь лавтай. Гэвч Еврей Судар буюу Хуучин Гэрээг бичигдэж дууссаны дараа иудейчүүд Бурхны оноосон нэрийг дуудаж болохгүй гэсэн мухар сүсэгт автаж эхэлжээ. Тэд Бурхны нэр орсон Библийн зүйлийг уншихдаа ЭЗЭН, БУРХАН гэдэг үгээр орлуулдаг болсон. Ийнхүү Бурхны нэрийг яаж дууддаг байсан нь яваандаа мартагджээ. b
Бурхны нэрийг «Яавэ» гэж дууддаг байсан гэж зарим хүн үздэг. Харин зарим нь өөрөөр дууддаг байсан байх гэдэг. Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон хуйлмал бичгийн Левит номын нэг хэсэгт Бурхны нэрийг грек хэлээр Иао гэж хөрвүүлсэн байжээ. Эртний Грекийн бичгийн хүмүүс Иае, Иабе, Иаоуе гэдэг байсан байж ч болохыг тэмдэглэн үлдээсэн юм. Гэхдээ эртний еврей хэлээр Бурхны нэрийг хэрхэн дууддаг байсан нь одоо ч нотлогдоогүй байна. c
Библи дэх Бурхны нэртэй холбоотой буруу ойлголтууд
Буруу ойлголт: Зарим орчуулгад Ехова гэдэг нэрийг нэмж бичсэн.
Үнэндээ бол: Еврей Библид Бурхны нэрийг илэрхийлдэг дөрвөн үсэг буюу Тетраграмматон 7000 орчим удаа гардаг. d Олон орчуулгад Бурхны нэрийг зориуд хасаж ЭЗЭН гэх мэт цолоор орлуулсан байдаг.
Буруу ойлголт: Төгс хүчит Бурханд оноосон нэр хэрэггүй.
Үнэндээ бол: Бурхан Библийн бичигчдийг удирдан нэрээ олон мянган удаа бичүүлсэн бөгөөд өөрийг нь шүтдэг хүмүүст нэрээр нь дуудахыг уриалдаг (Исаиа 42:8; Иоел 2:32; Малахи 3:16; Ром 10:13). Тэр ч байтугай ард түмэнд нь өөрийнх нь нэрийг мартуулахыг оролдсон хуурамч зөнчдийг шийтгэж байжээ (Иеремиа 23:27).
Буруу ойлголт: Иудейчүүдийн уламжлалын дагуу Бурхны нэр Библиэс хасагдах ёстой.
Үнэндээ бол: Иудейн хуулийн зарим багш Бурхны нэрийг дуудахаас цээрлэдэг байсан нь үнэн. Гэхдээ тэд Библиэс Бурхны нэрийг хасаагүй. Юутай ч, хүний уламжлалыг дагаж өөрийнх нь тушаалыг зөрчихийг Бурхан хүсдэггүй (Матай 15:1–3).
Буруу ойлголт: Бурхны нэрийг еврейгээр хэрхэн дуудах нь тодорхойгүй учраас Библид бичих хэрэггүй.
Үнэндээ бол: Ингэж боддог хүмүүс ямар ч хэлтэй хүн Бурхны нэрийг нэг л дуудлагаар дуудах ёстой гэж үздэг ажээ. Гэхдээ Бурхны эртний шүтэгчид янз бүрийн хэлээр ярьдаг байсан учраас хүний нэрийг ч өөр өөрөөр дууддаг байсан. Библиэс нэг жишээг авч үзье.
Израйлын шүүгч Иошуагийн нэрийг нэгдүгээр зууны үеийн еврей хэлтэй Христийн дагалдагчид Иехошуа, харин грек хэлтэй дагалдагчид Иесоус гэж дууддаг байсан бололтой. Еврей Судрын грек хэлээрх орчуулгад Иошуагийн нэрийг хэрхэн тэмдэглэснийг харвал нэгдүгээр зууны дагалдагчид хүний нэрийг өөрсдийнхөө хэл аялгууны онцлогт нийцүүлж дууддаг байсан нь тодорхой байна (Үйлс 7:45; Еврей 4:8).
Бурхны нэрийг хөрвүүлэхдээ үүнтэй адил зарчим хэрэглэж болно. Бурхны нэрийг яг яаж дуудахыг тогтоохоос илүү Библид анх бичигдсэн газарт нь байлгах нь хавьгүй чухал шүү дээ.
a Тиндалын орчуулгын Библийн эхний таван номд Бурхны нэрийг «Iehouah» гэж бичжээ. Цаг хугацаа улиран өнгөрч, англи хэлний хөгжлийн хувьслыг дагаад бичлэг нь өөрчлөгдсөөр ирсэн. Жишээлбэл 1612 онд Хенри Аинсворт Библийн «Дуулал» номыг орчуулахдаа «Iehovah» болгожээ. Улмаар 1639 онд номоо шинэчлэхдээ «Jehovah» болгон өөрчилсөн. Мөн Еврей сударт байдаг Бурхны нэрийг 1901 оны «American Standard Version» Библийн орчуулгад «Jehovah» гэж буулгажээ.
b «Католик шашны шинэ нэвтэрхий толь»-ийн 2 дахь хэвлэл, 14-р боть, 883, 884-р хуудсанд иудейчүүдийг МЭӨ 6-р зуунд Вавилоны цөллөгөөс буцаж ирсний дараа юу болсон талаар ийн бичжээ. «Цөллөгөөс чөлөөлөгдсөнөөс хойш хэсэг хугацааны дараа Яавэ гэдэг нэрээс хэтэрхий эмээх үзэл ард түмний дунд газар авч АДОНАИ, ЕЛОХИМ гэдэг үгээр орлуулан дуудах заншил бий болсон».
c Илүү ихийг мэдэхийг хүсвэл «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 1-р хуудасны «Еврей Сударт гардаг Бурхны нэр» хэсгээс үзнэ үү.
d «Theological Lexicon of the Old Testament»-ийн 2-р боть, 523, 524-р хуудаснаас үзнэ үү.