Skip to content

Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?

Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Үгүй. Библид мөнгийг бузар муу ч гэдэггүй, бузар муу бүхний цаад шалтгаан ч гэж хэлдэггүй. «Мөнгө бол бүх төрлийн бузар муугийн үндэс» гэж хүмүүс ярьдаг нь Библиэс дутуу эш татсантай холбоотой. Үнэндээ Библид «Мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн» a гэж бичсэн байдаг (1 Тимот 6:10, АББН).

 Библид мөнгөний талаар юу гэж байдаг вэ?

 Библид, мөнгийг ухаалаг зарцуулбал ач тустай, тэр байтугай, «хамгаалалт» болдог гэж бичсэн байдаг (Номлогчийн үгс 7:12). Түүнчлэн, бусдад мөнгө төгрөг гэх мэтээр тусалж өгөөмөр сэтгэл гаргадаг хүнийг магтсан байдаг (Сургаалт үгс 11:25).

 Гэхдээ Библи мөнгийг амьдралын хамгийн чухал зүйл болгохоос сэрэмжлүүлдэг. «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» гэж бичжээ (Еврей 13:5). Энэ нь баяжихын хойноос улайрахын оронд мөнгөө зөв зарцуулж сурах хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс хоол хүнс, хувцас хунар, гэр орон гээд зайлшгүй хэрэгцээтэй зүйл байгаа бол түүндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй (1 Тимот 6:8).

 Библид яагаад мөнгийг хайрлахаас сэрэмжлүүлсэн байдаг вэ?

 Шуналтай хүн мөнхийн амьтай болж чадахгүй (Эфэс 5:5). Яагаад гэвэл шунах гэдэг нь шүтээн шүтэхтэй адил юм (Колосай 3:5). Бас шуналтай хүмүүс хүслээ хангах гээд ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэдэг. Тэдний талаар «Баяжих гэж яарч тэвддэг хүнд заавал шийтгэл ирнэ» гэж Сургаалт үгс 28:20-д бичсэн байдаг. Шуналтай хүмүүс бусдыг айлган сүрдүүлж юм салгах, залилан мэхлэх, хүн хулгайлах, хүн амины хэрэг хийх зэргээр гэмт хэрэгт холбогдож ч мэднэ.

 Мөнгөнд хайртай гээд заавал ийм хэрэг хийнэ гэсэн үг биш л дээ. Гэхдээ л тэд муу үр дагавар амсдаг. «Баяжихаар шийдсэн хүн хорхой хүргэм зүйлд татагддаг, урхинд ордог, элдвийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд автдаг» (1 Тимот 6:9).

 Мөнгөтэй холбоотой Библийн зөвлөгөө ямар ач тустай вэ?

 Бид мөнгө олохын төлөө улайран зүтгэхийн оронд Бурханд таалагдах зөв юмыг хийгээд байвал өөрийгөө ч хүндэтгэнэ, Бурхны ивээл сайшаалыг ч алдахгүй. Өөрийг нь баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг хүнд Бурхан: «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй» гэж амладаг (Еврей 13:5, 6). Түүнчлэн «Итгэлтэй хүн ерөөлөөр бялхах болно» гэж батлан хэлдэг (Сургаалт үгс 28:20).

a Энэ зүйлийг бас «Мөнгөнд дурлах нь бүх муу муухай юмны нэг үндэс юм» гэж орчуулдаг.