Тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел гэж хэнийг хэлдэг вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Михаелыг «Ариун Михаел» гэж зарим шашныхан хэлдэг. Есүс дэлхийд ирэхээсээ өмнө ч, тэнгэрт буцсаныхаа дараа ч Михаел гэдэг нэртэй байв. a Тэрээр Мосегийн цогцосны талаар Сатантай маргалдаж, зөнч Даниелд Бурхны мэдээг хүргэхээр явж байсан тэнгэрийн элчид тусалдаг (Даниел 10:13, 21; Юуда 9). Михаел гэдэг нь «Бурхантай адилхан нь хэн бэ?» гэсэн утгатай. Тэрээр нэрийнхээ утгын дагуу Бурхны эрх мэдлийг дэмжиж, дайснуудтай нь тэмцдэг (Даниел 12:1; Илчлэл 12:7).
Есүсийг тэргүүн тэнгэрийн элч Михаел гэж үзэх нь яагаад зүйд нийцэхийг авч үзье.
Михаел нь «тэнгэрийн элчүүдийн тэргүүн» юм (Юуда 9). «Тэнгэрийн элчүүдийн тэргүүн» гэдэг цол нь Библийн хоёр зүйлд л гардаг. Хоёуланд нь ганц тоогоор бичсэн байдаг нь тэнгэрийн элчүүдийн тэргүүн нь ганц гэдгийг харуулдаг. Энэ хоёр зүйлийн нэгийг нь үзвэл, амилсан Есүсийг «тэнгэрээс бууж ирээд, тэнгэрийн элчүүдийн тэргүүний хувьд тушаал буулгана» гэж байдаг (1 Тесалоник 4:16). Есүсийг «тэнгэрийн элчүүдийн тэргүүний хувьд тушаал буулгана» гэснийг үзвэл тэргүүн тэнгэр элч Михаел гэдэг нь Есүс байх нь ээ.
Михаел тэнгэрийн элчүүдийн жанжин. «Михаел тэнгэрийн элчүүдтэйгээ хамт луутай тулалдав» (Илчлэл 12:7). Тэрээр тэнгэрийн элчүүдийг захирах эрх мэдэлтэй бөгөөд түүнийг «Тэргүүн жононгуудын нэг», «Агуу жонон» гэж хэлсэн байдаг (Даниел 10:13, 21; 12:1). Тиймээс Михаелыг «тэнгэрийн элчүүдийн жанжин» гэж дүрсэлдэг хэмээн «Шинэ Гэрээ»-ний судлаач Дэйвид Авн тэмдэглэжээ.
Тэнгэрийн элчүүдийг удирддаг нэгний өөр нэг нэрийг Библид хэлсэн байдаг. «Эзэн Есүс хүчирхэг тэнгэрийн элчүүдтэйгээ хамт тэнгэрээс, дүрэлзэх галын дунд илчлэгдэх үедээ ... өшөө авна» гэжээ (2 Тесалоник 1:7, 8; Матай 16:27). Есүс «тэнгэрт гараад Бурхны баруун талд байгаа бөгөөд тэнгэрийн элчүүд, эрх мэдлүүд, хүчнүүд түүнд захирагддаг» гэж байдаг (1 Петр 3:21, 22). Бурхан үнэнч тэнгэрийн элчүүдийг удирдуулахаар Есүс, Михаел гэдэг хоёр өөр нэртэй хоёр жанжныг томилсон гэж үзэх үндэсгүй юм. Харин Михаел нь Есүсийн өөр нэг нэр гэж үзэх нь зүйд нийцнэ.
Михаел «хэзээ ч байгаагүй хүнд цаг болоход» «босно» (Даниел 12:1). «Даниел» номонд гардаг «босно» гэдэг үгээр, ихэвчлэн хаан хүн тусгай арга хэмжээ авахаар босохыг хэлдэг (Даниел 11:2–4, 21). Есүс Христийг «Бурхны Үг» гэдэг бөгөөд тэрээр «хаадын Хааны» хувьд тусгай арга хэмжээ авахаар босно. Өөрөөр хэлбэл Бурхны ард түмнийг хамгаалахын тулд Бурхны бүх дайсныг устгана (Илчлэл 19:11–16). Энэ нь «ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, хойшид ч болохгүй агуу их гамшгийн» үеэр болох үйл явдал юм (Матай 24:21, 42).
a Библид гардаг зарим хүн хэд хэдэн нэртэй байдаг. Тухайлбал Иаковыг Израиль гэдэг байсан бол Петрийг Симон, Таддайг Юудас гэдэг байжээ (Эхлэл 49:1, 2; Матай 10:2, 3; Марк 3:18; Үйлс 1:13).