Ямар хүмүүс тэнгэрт гарах вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Бурхан үнэнч дагалдагчдын дундаас цөөн тооны хүнийг сонгох бөгөөд тэд нас барсныхаа дараа тэнгэрт амилна (1 Петр 1:3, 4). Тэнгэрт амьдрахаар сонгогдсон хүн тэнгэрийн шагналаа хүлээн авах шаардлага хангахын тулд Христийн дагалдагчийн ёсоор үргэлж бат итгэлтэй байж, биеэ ариунаар авч явах учиртай (Эфэс 5:5; Филиппой 3:12–14).
Тэнгэрт гарсан хүмүүс юу хийх вэ?
Хаан, тахилч болж 1 000 жил Есүстэй хамт үйлчилнэ (Илчлэл 5:9, 10; 20:6). Тэд «шинэ тэнгэр» буюу тэнгэрийн засгийн газрыг байгуулж, «шинэ газар» буюу дэлхий дэх хүний нийгмийг захирна. Бурхан анх дэлхийг, хүн төрөлхтнийг ямар зорилгоор бүтээсэн, яг тийм төгс болгоно (Исаиа 65:17; 2 Петр 3:13).
Хэдэн хүн тэнгэрт амилах вэ?
144 000 хүн тэнгэрт амилах тухай Библид тодорхой гардаг (Илчлэл 7:4). Илчлэл 14:1–3-т бичсэнээр «Сион уулан дээр Хурга болон 144 000 хүн зогсож байгааг» элч Ёохан үзэгдлээр үздэг. «Хурга» нь тэнгэрт амилсан Есүс юм (Ёохан 1:29; 1 Петр 1:19). «Сион уул» нь Есүс болон хамт захирах 144 000 хүний тэнгэр дэх өндөр байр суурь юм (Дуулал 2:6; Еврей 12:22).
Хаант төрд Христтэй хамт захирахаар «дуудагдсан, сонгогдсон» хүмүүсийг «өчүүхэн сүрэг» гэдэг (Илчлэл 17:14; Лук 12:32). Есүсийн бүх хонин сүрэгтэй харьцуулбал энэ нь харьцангуй бага тоо юм (Ёохан 10:16).
Тэнгэрт гарах хүмүүсийн талаарх буруу ойлголт
Буруу ойлголт: Бүх сайн хүн тэнгэрт гарна.
Үнэндээ бол: Сайн хүмүүсийн ихэнхийг дэлхий дээр мөнх амьдруулна гэж Бурхан амладаг (Дуулал 37:11, 29, 34).
Есүс: «нэг ч хүн тэнгэрт гараагүй» гэж хэлсэн (Ёохан 3:13). Өөрөөр хэлбэл, өөрөөс нь өмнө нас барсан Абрахам, Мосе, Иов, Давид нарын хүмүүс тэнгэрт гараагүй гэсэн үг (Үйлс 2:29, 34). Тэд дэлхийд амилах найдвартай (Иов 14:13–15).
Тэнгэрт амилах хүмүүсийг «эхлээд амилсан хүмүүс» гэдэг (Илчлэл 20:6). Үүнийг бодож үзвэл өөр амилалт бас байдаг байх нь. Энэ нь дэлхий дэх амилалт юм.
Библид Бурхны Хаант төр захирах цагт «үхэл байхгүй болно» гэж байдаг (Илчлэл 21:3, 4). Тэнгэрт үхэл гэж хэзээ ч байгаагүй. Тийм учраас энэ амлалт дэлхий дээр биелнэ.
Буруу ойлголт: Тэнгэрт амьдрах уу, дэлхий дээр амьдрах уу гэдгээ хүн өөрөө шийднэ.
Үнэндээ бол: Христийн үнэнч дагалдагчдын дотроос хэнд нь «тэнгэрт амьдрах» шагнал өгөхөө Бурхан шийддэг (Филиппой 3:14). Хүн өөрөө хүсээд энэ шагналыг авахгүй (Матай 20:20–23).
Буруу ойлголт: Тэнгэрт гарахад зохисгүй, дорд хүмүүс дэлхий дээр мөнх амьдарна.
Үнэндээ бол: Бурхан дэлхий дээр мөнх амьдрах хүмүүсийг «миний ард түмэн», «миний сонгосон хүмүүс», «ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүс» гэх зэргээр хэлсэн байдаг (Исаиа 65:21–23). Тэд хүн төрөлхтний талаарх Бурхны анхны санаа зорилго биелэхийг нүдээрээ үзэн, төгс болж дэлхий дээр үүрд мөнх амьдарна (Эхлэл 1:28; Дуулал 115:16; Исаиа 45:18).
Буруу ойлголт: 144 000 гэдэг тоо бэлгэдлийн утгатай.
Үнэндээ бол: «Илчлэл» номд бэлгэдлийн утгатай тоонууд байдаг ч шууд утгаар нь ойлгох хэрэгтэй тоонууд ч бий. Жишээ нь, «Хурганы 12 элчийн 12 нэр» гэсэн байдаг (Илчлэл 21:14). Одоо тэгвэл 144 000 гэдэг тоог шууд утгаар хэрэглэсний баталгааг авч үзье.
Илчлэл 7:4-т «тамгалуулсан хүмүүс» буюу [тэнгэрт амьдрах нь баттай болсон хүмүүсийг] 144 000 байна гэжээ. Энэ зүйлийн хам сэдвийг үзвэл «хэн ч тоолж чадахааргүй үй олон хүн» бас гардаг. Тэднийг ч бас Бурхан аварна (Илчлэл 7:9, 10). 144 000 гэдэг тоо бэлгэдлийн утгатай байгаад тоо нь тодорхойгүй байсан бол энэ хоёр бүлэг хүнийг ялгаад байх шаардлагагүй болно. a
Бас 144 000 хүнийг «хүн төрөлхтний дундаас анхны үр жимс болгон худалдаж авсан» гэж байдаг (Илчлэл 14:4). Олон хүний дундаас цөөн хүнийг төлөөлөгч болгон сонгосныг ийнхүү «анхны үр жимс» гэж хэлжээ. Христтэй хамт тэнгэрээс захирах энэ хүмүүс дэлхийд оршин суух, тодорхойгүй тооны хүмүүсийг бодвол цөөхөн гэдгийг ингэж хэлсэн нь тун оножээ (Илчлэл 5:10).
a Түүнчлэн профессор Роберт Л Томас Илчлэл 7:4-т 144 000 гэдэг тооны талаар «Энэ нь Илчлэлт 7:9-д гардаг тодорхойгүй тоог бодвол, яг хэд гэдэг нь тодорхой байна. Хэрэв 144 000 гэдэг тоог бэлгэдлийн утгатай гэж үзэх юм бол «Илчлэл» номд шууд утгаар ойлгох тоо гэж байхгүй болно» хэмээн бичжээ (Revelation 1-7: An Exegetical Commentary, page 474).