«Эцсийн өдрүүд» буюу «төгсгөлийн ... цагийн» шинж тэмдэг юу вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Библид «энэ тогтолцооны төгсгөлийн үе» буюу «[энэ] үеийн төгсгөлд» ямар ямар үйл явдал болохыг, мөн дэлхийн нөхцөл байдал, хүмүүсийн зан төлөв ямар болохыг бичсэн байдаг (Матай 24:3; АББН). Библид бас энэ үеийг «эцсийн өдрүүд», «төгсгөлийн ... цаг» гэдэг (2 Тимот 3:1; Даниел 8:19).
«Эцсийн өдрүүдийн» талаар Библид юу гэж зөгнөсөн бэ?
Библид эцсийн өдрүүдийн «шинж тэмдэг» болсон цогц үйл явдлыг зөгнөсөн байдаг (Лук 21:7). Заримыг нь авч үзье.
Томоохон хэмжээний дайн. Есүс: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтна» гэж зөгнөсөн (Матай 24:7). Бас Илчлэл 6:4-т «дэлхийн энх тайвныг үгүй хийх» морьтон гарч ирэх буюу дайн дэгдэхийг зөгнөсөн байдаг.
Өлсгөлөн. Есүс: «Өлсгөлөн болно» гэж зөгнөжээ (Матай 24:7). Мөн «Илчлэл» номд зөгнөснөөр, олон газрыг хамарсан өлсгөлөн дагуулах өөр нэг морьтон гарч ирэх ажээ (Илчлэл 6:5, 6).
Хүчтэй газар хөдлөлтүүд. «Хаа сайгүй ... газар хөдөлнө» гэж Есүс зөгнөсөн (Матай 24:7; Лук 21:11). Дэлхийн өнцөг булан бүрд хүчтэй газар хөдлөлтүүд болсноор урьд өмнө байгаагүй их зовлон зүдгүүр учирч, олон хүний амь нас сүйднэ.
Өвчин. «Гай гамшиг» буюу аймшигт халдварт өвчин гарахыг Есүс зөгнөжээ (Лук 21:11, АББН).
Гэмт хэрэг. Гэмт хэрэг зуун зууны туршид байсан хэдий ч эцсийн өдрүүдэд «ёс бус явдал ихсэх» талаар Есүс зөгнөсөн байдаг (Матай 24:12).
Дэлхийг сүйрүүлэх. Хүн төрөлхтөн дэлхийгээ сүйрүүлэхийг Илчлэл 11:18-д зөгнөсөн байдаг. Хүмүүсийн бусармаг үйлдэл, буруутай үйл ажиллагаанаас болж хүрээлэн буй орчин маань бохирдон, сүйрч байна.
Хүний зан байдал муудах. 2 Тимот 3:1–4-т хүмүүсийн дийлэнх нь «талархдаггүй, үнэнч бус, ... эвлэршгүй, гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, урвагч, бодлогогүй, бардам ихэмсэг» болно гэж зөгнөсөн. «Илүү хэцүү цаг» гэж тодорхойлогдсон өнөө үед эдгээр зан чанар улам гаарч байна.
Гэр бүлийн сүйрэл. 2 Тимот 3:2, 3-т олон хүн гэр бүлийнхнээ «хайрладаггүй», хүүхдүүд нь «эцэг эхдээ захирагддаггүй» болно гэж зөгнөсөн.
Бурхныг хайрлахаа болих. «Ихэнх хүний хайр хөрнө» гэж Есүс зөгнөжээ (Матай 24:12). Тэрбээр энэ үгийг, ихэнх хүний Бурхныг хайрлах хайр нь хөрнө гэсэн утгаар хэлжээ. Үүнтэй адил зүйлийг 2 Тимот 3:4-т зөгнөхдөө «Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог [болно]» гэсэн байна.
Шашин шүтлэгийн хувьд хоёр нүүр гаргах. Хүмүүс Бурхныг шүтдэг гэж аман дээрээ ярих боловч тогтоосон хэм хэмжээнийх нь дагуу амьдардаггүй болно гэж 2 Тимот 3:5-д зөгнөсөн.
Библийн зөгнөлийг илүү сайн ойлгодог болох. «Даниел» номд «цаг хугацааны төгсгөл» буюу «төгсгөлийн цаг үе»-д Библийн үнэний тухай мэдлэг өсөн нэмэгдэж, тэр дундаа эдгээр зөгнөлийг илүү нарийн зөв ойлгодог болохыг зөгнөжээ (Даниел 12:4).
Дэлхий даяар дэлгэрүүлэх ажил. «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана» гэж Есүс зөгнөсөн (Матай 24:14).
Үл тоомсорлох, басамжлан доромжлох. Төгсгөл ойрхон байгаагийн тодоос тод нотолгоог хүмүүс нийтээрээ үл тоомсорлохыг Есүс зөгнөжээ (Матай 24:37–39). Мөн түүнээс гадна, зарим хүн энэ баттай баримтыг үгүйсгэж, басамжлан доромжлохыг 2 Петр 3:3, 4-т бичсэн байдаг.
Бүх зөгнөл биелэх. Эцсийн өдрүүдэд дээрх зөгнөлүүдийн цөөн хэд нь юм уу эсвэл ихэнх нь биелнэ гээгүй, харин бүгд нэгэн зэрэг биелнэ гэдгийг Есүс онцлон хэлсэн (Матай 24:33).
Одоо «эцсийн өдрүүд» мөн үү?
Тийм ээ. Дэлхийн нөхцөл байдлыг болон Библид үндэслэсэн он тооллыг авч үзвэл эцсийн өдрүүд нь дэлхийн І дайн дэгдсэн 1914 онд эхэлснийг мэдэж болно. Одоо тохиож байгаа үйл явдлуудыг ажихад бид үнэхээр эцсийн өдрүүдэд амьдарч байгаа нь тодорхой байна. Дараах видеог үзээрэй.
1914 онд Бурхны Хаант төр тэнгэрт захирч эхэлсэн бөгөөд эхлээд Сатан Диавол болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөж дэлхий орчимд хорьсон (Илчлэл 12:7–12). Сатан хүмүүст нөлөөлж байгаа нь олон хүний илэрхийлдэг муу зан байдал, үйл хэргээс харагддаг. Энэ нь эцсийн өдрүүдийг «илүү хэцүү цаг» болгож байна (2 Тимот 3:1).
Өнөөгийн хэцүү цаг үе олон хүнийг бухимдуулж байна. Тэд нийгмийн байдал уруудан доройтож байгаад санаа зовдог. Зарим нь бүр ирээдүйгээс айх болжээ.
Нөгөөтээгүүр, дэлхийн нөхцөл байдалд санаа зовнидог хэдий ч найдвар өвөрлөдөг хүмүүс бас байдаг. Бурхны Хаант төр удахгүй дэлхийн бүх асуудлыг шийдэх арга хэмжээ авна гэдэгт тэд итгэдэг (Даниел 2:44; Илчлэл 21:3, 4). Мөн Бурхны амлалт биелэхийг тэвчээртэйгээр хүлээдэг бөгөөд «Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана» гэсэн Есүсийн үгэнд тайвширдаг (Матай 24:13; Мика 7:7).