Үр хөндөх талаар Библид юу гэж байдаг вэ?
Библид ингэж байдаг
Ургийн амийг таслах гэсэн утгатай «үр хөндөх» гэдэг үг Библид байдаггүй. Гэхдээ Библийн олон зүйлд Бурхан хүний амийг юу гэж үздэг тухай, тухайлбал, хэвлийд байгаа ургийн амийг юу гэж үздэг тухай гардаг.
Амь бол Бурхны өгсөн бэлэг юм (Эхлэл 9:6; Дуулал 36:9). Бурхан амийг үнэ цэнэтэйд үздэг. Эхийн хэвлийд байгаа ургийн амь ч Бурхны нүдэнд үнэ цэнэтэй. Тиймээс хэвлийд байгаа ургийн амийг санаатайгаар таслах нь хүний амийг хороосноос өөрцгүй юм.
Бурхны израильчуудад өгсөн хуульд «Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар» гэж байдаг (Египетээс гарсан нь 21:22, 23). a
Хүний амьдрал хэзээнээс эхэлдэг вэ?
Үр тогтсон цагаас эхэлдэг. Хэвлийд байгаа ургийг ч Бурхан бүхэл бүтэн амь гэж үздэг тухай Библид олон удаа гардаг. Ургийн амь ч дөнгөж төрсөн хүүхдийн амь ч Бурхны нүдэнд үнэ цэнэтэй болохыг харуулсан зарим жишээг авч үзье.
Давид хаан Бурхнаар удирдуулан «Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг таны нүд харж л байсан» гэж хэлжээ (Дуулал 139:16). Тэгэхлээр Бурхан Давидыг эхийн хэвлийд байхаас нь хүн гэж үзсэн гэсэн үг юм.
Түүнчлэн Бурхан зөнч Иеремиаг төрөхөөс нь өмнө их тусгай үүрэг хүлээлгэн зөнчөө болгохыг зорьж байжээ. Тэрбээр Иеремиад «Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө [«бүрэлдэж байхад чинь», ШЕ] би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө би чамайг ариусгаж чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэж хэлсэн байдаг (Иеремиа 1:5).
Библийн бичигч, эмч Лук эхийнхээ хэвлийд байгаа ураг болон дөнгөж төрсөн нярайг адилхан грек үгээр тодорхойлж бичжээ (Лук 1:41; 2:12, 16).
Үр хөндүүлсэн хүнийг Бурхан уучлах уу?
Үр хөндүүлсэн хүн Бурхны өршөөлийг хүртэх боломжтой. Ургийн амийн талаарх Бурхны үзлийг ойлгосон хэн боловч урьд нь хийсэн буруу үйлээ бодож шаналах хэрэггүй. Ехова b «өрөвч, нигүүлсэнгүй. ... Өрнө дорноос хол байдаг шиг тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан» (Дуулал 103:8–12). Чин сэтгэлээсээ гэмшсэн хүний бүх нүглийг, тэр дундаа, үр хөндүүлснийг ч Ехова Бурхан уучилдаг (Дуулал 86:5).
Эх эсвэл ургийн амь нас эрсдэнэ гэж үзээд үр хөндөх нь зөв үү?
Төрөөгүй хүүхдийн талаар Библид юу гэж байдгийг үзвэл эх хүүхдийн аль нэг нь амиа алдах магадлалтай байлаа ч үр хөндөхийг зөвтгөх аргагүй байх нь.
Бас төрөх үед эх, хүүхдийн алийг нь аврах вэ гэсэн нөхцөл байдал ховор боловч үүсдэг. Ийм үед яах вэ? Холбогдох хүмүүс нь хэний амийг аврахаа өөрсдөө шийднэ.