Өөрийгөө хайрлах талаар Библид юу гэж байдаг вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Хүн өөрийгөө зохих ёсоор хайрладаг байх нь зөв бөгөөд хайрлах ч хэрэгтэйг Библи хэлж өгдөг. Өөртөө анхаарал халамж тавьж, өөрийгөө хүндэлж, үнэлдэг бол өөрийгөө хайрлаж байна гэсэн үг (Матай 10:31). Библид хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй ч үүнийгээ хэтрүүлж аминч үзэлд автахгүй байхыг зөвлөдөг.
Хэнийг эхлээд хайрлах ёстой вэ?
Зүрх сэтгэлд маань Бурхныг хайрлах хайр эхлээд байх ёстой. Хамгийн чухал тушаал нь юу болохыг Библид ийн хэлсэн байдаг. «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла» (Марк 12:28–30; Дэд хууль 6:5).
Хоёр дахь чухал тушаал нь: «“Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла”» юм (Марк 12:31; Левит 19:18).
Өөрийгөө хайрлах талаар Библид тодорхой тушаал байдаггүй. Гэхдээ «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» гэсэн тушаалыг бодож үзвэл өөрийгөө зохих ёсоор хайрлах ёстой байх нь. Өөрийгөө хайрладаг байх нь зөв бөгөөд ач тустай.
Есүс хэнийг эхлээд хайрладаг байсан бэ?
Тэрээр Бурхныг, хөршөө, өөрийгөө хайрлахдаа дүн нуруутай ханддаг байсан. Энэ жишээг нь дуурайхыг шавь нартаа захисан (Ёохан 13:34, 35).
Есүс эхлээд Ехова Бурхнаа хайрладаг байсан бөгөөд даалгасан ажлыг нь биелүүлэхийн тулд өөрийгөө бүрэн зориулсан. Тэрээр: «Би Эцгээ хайрладгаа ертөнцөд мэдүүлэхийн тулд Эцгийнхээ тушааснаар л хийж байна» хэмээн хэлжээ (Ёохан 14:31).
Есүс хөршөө хайрладаг байв. Хүмүүст санаа тавьж, тусалж, тэр байтугай амиа золиос болгон өгсөн (Матай 20:28).
Тэрээр өөрийгөө зохих ёсоор хайрладаг байлаа. Жишээ нь амрах, идэж уух цаг гаргаж, дагалдагчид болон шавь нь болох ирээдүйтэй хүмүүстэй хамт амарч зугаацдаг байв (Марк 6:31, 32; Лук 5:29; Ёохан 2:1, 2; 12:2).
Өөрийнхөө эрх ашгийг хойш тавин бусдыг хайрлавал өөрийгөө хүндэтгэж, жаргалтай байхад саад болох уу?
Үгүй. Яагаад гэвэл Бурхан хүнийг хамгийн гол чанар нь болох амин хувиа боддоггүй хайрыг илэрхийлэх чадвартайгаар бүтээсэн (Эхлэл 1:27; 1 Ёохан 4:8). Тийм учраас бид бусдыг хайрлаж чаддаг. Өөрийгөө зохих ёсоор хайрлахаас гадна Бурхныг хэнээс ч, юунаас ч илүү хайрлаж, бусдын төлөө сайныг үйлддэг бол жинхэнэ ёсоор жаргалтай байдаг. Тэгээд ч Библид «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж байдаг (Үйлс 20:35).
Өөрийгөө эхлээд хайрлаж байж аз жаргалтай амьдарна гэж боддог хүмүүс өнөө цагт олон болсон. Тэдний хувьд “хөршөө хайрла” гэдэг тушаал “өөрийгөө л хайрла” гэж өөрчлөгдсөн гэлтэй. Гэхдээ орчин үеийн судалгаагаар, «Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» гэсэн Библийн мэргэн зөвлөгөөг дагадаг хүн аз жаргалтай амьдарч, эрүүл мэнд нь сайжирдгийг тогтоожээ (1 Коринт 10:24).