Шарил чандарлах талаар Библид юу гэж байдаг вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Библид шарил чандарлах тухай тодорхой заавар байдаггүй. Өөрөөр хэлбэл шарилыг булж оршуулах, эсвэл чандарлах тухай заасан хууль тушаал байхгүй.
Бурханд үнэнч хүмүүс талийгаачийнхаа цогцсыг булж оршуулсан тухай Библид гардаг. Жишээ нь, Абрахам эхнэр Сарагаа нас барахад оршуулах тохиромжтой газар олох гэж их хичээжээ (Эхлэл 23:2–20; 49:29–32).
Мөн Бурханд үнэнч хүмүүс нас барагсдын цогцсыг чандарлаж оршуулсан тухай ч Библид бичсэн байдаг. Жишээ нь, Израйлын хаан Саул болон түүний гурван хөвгүүн дайнд амь үрэгдэхэд дайснууд тэдний цогцсыг гутаан доромжилжээ. Үүнийг сонссон Израйлын үнэнч дайчид тэдний цогцсыг авч, чандарлаж оршуулсан (1 Самуел 31:8–13). Библид тэдний хийсэн зүйлийг Бурхны таалалд нийцсэн үйлдэл гэж бичжээ (2 Самуел 2:4–6).
Чандарлах тухай буруу ойлголт
Буруу ойлголт: Чандарлах нь шарилыг гутаан доромжилж байгаа хэрэг.
Үнэн: Библид нас барсан хүн тоос шороондоо буцна гэж байдаг. Энэ нь цогцос задарч газарт шингэх үйл явцыг хэлж байна (Эхлэл 3:19). Чандарласан цогцос үнс буюу тоос шороо болдог учраас газарт илүү хурдан шингэдэг.
Буруу ойлголт: Библид Бурхны таалалд нийцдэггүй хүмүүсийн шарилыг л чандарласан тухай байдаг.
Үнэн: Ахан болон түүний гэр бүл гэх зэргийн үнэнч бус хүмүүсийн цогцсыг чандарласан тухай Библид байдаг нь үнэн (Иошуа 7:25). Гэхдээ тэр нь тушаал зааврын дагуу хийсэн оршуулга биш онцгой тохиолдол байсан (Дэд хууль 21:22, 23). Дээр дурдсанчлан, Саул хааны хүү Ионатан гэх мэт зарим үнэнч хүмүүсийн шарилыг ч чандарласан тухай Библид гардаг.
Буруу ойлголт: Талийгаачийг чандарлаж оршуулбал Бурхан тэр хүнийг дахин амилуулах боломжгүй болно.
Үнэн: Талийгаачийг булж оршуулсан ч, чандарласан ч, бүр далайд живсэн, эсвэл зэрлэг араатанд бариулж нас барсан хүнийг ч Бурхан амилуулж чадна. (Илчлэл 20:13). Төгс хүчит Бурхан хүнийг шинэ биетэй болгон амилуулах чадвартай (1 Коринт 15:35, 38).