СУДРЫН ТАЙЛБАР
Дуулал 37:4—«ЭЗЭНд баярлагтун»
«Еховагийн үйлсэд ихэд баярла. Тэгвэл тэрбээр зүрхний чинь хүслийг биелүүлнэ»—Дуулал 37:4, «Шинэ ертөнц» орчуулга
«ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө»—Дуулал 37:4, АББН 2004
Дуулал 37:4 ямар утгатай вэ?
Дуулалч Бурхны үйлчлэгчдийг Бурхантай дотно болсондоо баярлаж явах учиртайг онцолжээ. Ехова a өөртэй нь анд нөхөр болсон хэн бүхний зөв зохистой хүслийг нь биелүүлнэ.
«Еховагийн үйлсэд ихэд баярла». Үүнийг мөн «Еховаг бодон баясагтун», «ЭЗЭНд үйлчилдэгтээ баярлагтун» эсвэл «чамд амласан ЭЗЭНий амлалтад баярлагтун» гэж орчуулж болно. Нэг үгээр хэлбэл цорын ганц үнэн Бурхныг шүтдэгтээ баярлах хэрэгтэй гэсэн үг. Ингэж хэлэхийн учир юу вэ?
Библид тайлбарласнаар Еховаг шүтдэг хүмүүс аливаад хандахдаа түүний үзэл бодлыг дуурайхыг хичээдэг. Тэд Бурхныг мэдээд зогсохгүй түүнд дуулгавартай байхын ач тусыг ойлгодог. Тийм ч учраас зөв шийдвэр гарган, алдаа эндлээс хол амар тайван амьдардаг (Сургаалт үгс 3:5, 6). Жишээлбэл, сувдаг шунахай, шударга бус хүмүүс амжилтад хүрэхэд Бурхны үйлчлэгчид эгдүүцэн бачимддаггүй (Дуулал 37:1, 7–9). Харин Бурхан удахгүй шударга бус явдлыг устгаж зөв шударга хүнийг шагнахыг мэддэг тул амар амгалан, баяр баясгалантай амьдардаг (Дуулал 37:34). Мөн тэнгэрийн Эцгээ баярлуулдагтаа сэтгэл дүүрэн явдаг (Дуулал 5:12; Сургаалт үгс 27:11).
«Тэрбээр зүрхний чинь хүслийг биелүүлнэ». Үүнийг мөн «тэрбээр залбиралд чинь хариулна» эсвэл «үнэн голоосоо хүсэж байгаа зүйлийг чинь өгнө» гэсэн утгаар орчуулж болно. Гэхдээ гуйсан болгоныг Ехова өгөхгүй нь мэдээжийн хэрэг. Үр хүүхдэдээ халамж анхаарал тавьдаг эцгийн адилаар Ехова бидэнд юу хэрэгтэйг хамгийн сайн мэддэг. Нөгөөтээгүүр, бидний хүсэл сонирхол, амьдралын хэв маяг ч ёс суртахууны хэм хэмжээнд нь нийцэх шаардлагатай (Сургаалт үгс 28:9; Яаков 4:3; 1 Ёохан 5:14). Тэгсэн цагт «залбирлыг сонсдог Нэгэн» гуйлтыг маань сонсох болно (Дуулал 65:2; Матай 21:22).
Дуулал 37:4-ийн хам сэдэв
37-р дууллыг эртний Израйлын хаан Давид бичсэн. Тэрбээр уг дууллыг еврей хэлний цагаан толгойн үсгийн дарааллаар яруу найргийн хэлбэрт оруулан бичин үлдээжээ. b
Давид нэг бус удаа шударга бус явдлын золиос болж байсан. Саул хаан болон бусад дайснууд нь түүнийг алахаар мөшгөн хөөж байлаа (2 Самуел 22:1). Харин Давид үргэлж Еховад найддаг байсан бөгөөд удахгүй хорон муу хүмүүсийг Ехова шийтгэнэ гэдэгт итгэлтэй байсан (Дуулал 37:10, 11). Хорон муу хүн амжилтад хүрч, дэвжин дээшлээд байгаа мэт боловч «ногоон ургамал» хатаж хорчийх мэт үгүй болно (Дуулал 37:2, 20, 35, 36).
37-р дуулалд Бурхны хуулийг сахивал ямар ивээл хүртэхийг, зөрчвөл ямар шийтгэл хүлээхийг харьцуулан бичжээ (Дуулал 37:16, 17, 21, 22, 27, 28). Түүнчлэн Бурхны сайшаалыг хүртэж мэргэн ухаанаас нь суралцахад уг дуулал тус болдог.
«Дуулал» номыг товч танилцуулсан видеог сонирхоно уу.
a Еврей хэлээрх Бурхны нэрийг монголоор ихэвчлэн Ехова гэж дууддаг. «Ехова гэж хэн бэ?» гэдэг өгүүллээс Бурхны нэрийг Библийн орчуулгуудад яагаад янз бүрээр бичсэн байдгийг уншаарай.
b Уг яруу найргийн хэлбэр нь шүлгийн бадгийг еврей цагаан толгойн үсгийн дарааллаар эхэлдэг арга юм. Эхний бадаг цагаан толгойн эхний үсгээр эхэлсэн бол хоёр дахь бадаг цагаан толгойн хоёр дахь үсгээр эхлэх гэх мэтээр бичдэг байжээ. Яруу найргийн ийм найруулга нь шүлгийг амархан тогтооход их тустай байсан бололтой.