Skip to content

СУДРЫН ТАЙЛБАР

Ром 10:13—«Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно»

Ром 10:13—«Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно»

 «Еховагийн нэрээр дууддаг хүн бүр аврагдана»—Ром 10:13 «Шинэ ертөнц» орчуулга

 «Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно»—Ром 10:13, АББН 2004

Ром 10:13 ямар утгатай вэ?

 Бурхан хэнийг ч алаг үздэггүй бөгөөд яс үндэс, нийгэмд эзлэх байр суурь зэргээс үл хамааран бүх хүн аврагдаасай, мөнх амьтай болоосой гэж хүсдэг. Харин аврагдахын тулд Төгс хүчит Бурхны нэр болох Ехова a гэдэг нэрийг дуудах учиртай (Дуулал 83:18, 1838 оны орчуулга).

 Бурхныг нэрээр нь дуудах гэдэг нь тухайн нэрийг мэдэх төдийгөөр хязгаарлагдахгүй. Мөн Бурхныг шүтэхдээ нэрийг нь зүгээр нэг хэрэглэж байгааг Бурхны нэрийг дуудаж байна гэж ойлгох боломжгүй юм (Дуулал 116:12–14). Харин түүнд бүрэн итгэж, тусална гэдэгт нь үргэлж найдах багтдаг (Дуулал 20:7; 99:6).

 Бурхны нэрийг Есүс Христ ихэд чухалчилж үздэг байв. Тиймээс ч тэрээр «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж залбирахыг жишээ болгон заасан (Матай 6:9). Үүнээс гадна мөнх амьтай болохын тулд Бурхныг таньж мэдэн, түүнд дуулгавартай байж, хайрлах учиртайг Есүс онцолсон (Ёохан 17:3, 6, 26).

 Ариун Бичээс Библийн Нийгэмлэгээс гаргасан 2004 оны орчуулгын Ром 10:13-т байдаг «Эзэн» гэдэг үгийн оронд Ехова гэдэг нэр байх ёстой байв. Учир нь энэ зүйлийг Еврей эх бичигт нь «Эзэн» гэдэг цолыг биш харин Бурхны нэрийг дурдсан Иоел 2:32-оос эш татсан аж. b

Ром 10:13-ын хам сэдэв

 Ром номын X бүлэгт Бурхантай сайн харьцаатай байх нь Есүст итгэх эсэхээс хамаардаг болохыг онцолсон (Ром 10:9). Хуучин гэрээний хэд хэдэн зүйл ч үүнийг баталжээ. Итгэлтэй хүн авралын сайн мэдээг «олон нийтэд тунхагладаг». Үүний үр дүнд хүмүүс мөнх амь руу хөтлөх итгэлтэй болох боломж бүрддэг (Ром 10:10, 14, 15, 17).

Ром 10 болон зүүлт тайлбаруудыг нь уншиж үзээрэй.

a Библийн эртний гар бичмэлд Бурхны нэрийг 7 000 гаруй удаа бичсэн байдаг. Еврей сударт гардаг Бурхны нэрийг тэмдэглэсэн 4 үсгийг Тетраграмматон гэдэг. Үүнийг зарим эрдэмтэд Яахве гэж буулгахыг тохиромжтой гэж үзэх нь бий. Энэ нэрийг голдуу «Ехова» гэж монгол хэлэнд хөрвүүлдэг.

b Грек судрыг бичигчид «Хуучин гэрээ»-нээс эш татахдаа Бурхны нэрийг хэвээр нь бичдэг байсан. Нэгэн толь бичгийн (The Anchor Bible Dictionary) «Шинэ Гэрээнд гардаг Тетраграмматон» гэдэг гарчигтай өгүүлэлд «Х[уучин] Г[эрээнээс] аваад Ш[инэ] Г[эрээний] эх бичигт оруулсан зарим юм уу бүх ишлэлд Бурхны нэрийг заасан Тетраграмматон буюу Яахве байсныг батлах хэдэн баримт байна» гэж тайлбарлажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг «Бурхны үгийг судлах хөтөч» товхимлын 2-р хэсгээс үзнэ үү.