Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ГЭРЛЭЛТ

Ажлын цаг дууссан бол ажлаа мартаарай. Яаж?

Ажлын цаг дууссан бол ажлаа мартаарай. Яаж?

 Техник технологи хөгжсөн энэ эрин үеийн хүмүүс нэг нэгэнтэйгээ хэзээ ч холбогдох боломжтой. Тиймээс ажил олгогч, хамтран ажиллагсад юм уу үйлчлүүлэгчид тантай хэзээ л бол хэзээ, аль ч өдөр холбогдож болох юм. Үүнээс болоод амьдралын хамгийн чухал зүйлийг орхигдуулж, ханьтайгаа хамт байх цагаас хороож мэднэ.

 Мэдэх хэрэгтэй зүйл

  •   Техник технологиос болоод ажил амьдрал хоёр ямар ч зааг ялгаагүй болжээ. Ажил тарсан ч утас дуугарч, э-мэйл, мессеж ирэхээр бушуухан хариулъя гэж боддог.

     «Ажил тарсны дараа гэрийнхэнтэйгээ хамт байдаг урьдын амьдрал ард хоцорчээ. Яагаад гэвэл ажлын газрынхан утсаар ярьж, э-мэйл явуулахаар гэрийнхнээ бус, ажлаа анхаарч эхэлдэг»—Жанет.

  •   Ажил амьдралаа зохицуулахын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй. Хэрэв та юу ч хийхгүй бол ажлаас болж ар гэрийн амьдралаа орхигдуулна.

     «“За яах вэ, хань минь намайг ойлгоно. Намайг уучилна. Дараа нь хоёулаа болно доо” гэж бодсоор байгаад юуны түрүүнд ханиа хайхрахаа больдог»—Холли.

 Ажил амьдралаа зохицуулахад тустай зөвлөгөө

  •   Юуны түрүүнд ханиа бодоорой. Библид «Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж байдаг (Матай 19:6). Хэн нэгэн хүн ханиас тань «салгах» ёсгүй гэж байхад ажлаасаа болоод салах нь зөв үү?

     «Зарим үйлчлүүлэгч мөнгө төлж байгаа учраас хэзээ л бол хэзээ холбогдох ёстой гэж боддог. Миний хувьд эхнэртэйгээ хамт байх нь чухал учраас “Ажлын бус цагаар холбогдох боломжгүй. Дараа нь ярилцъя” гэж хэлдэг»—Марк.

     Та өөрөөсөө «Би ханиа ажлаас чухал гэж үздэгээ үйлдлээрээ харуулдаг уу?» гэж асуугаарай.

  •   Шаардлагатай гэж үзвэл татгалзаарай. Библид «Даруу зан болбоос мэргэн ухаан» гэж бий (Сургаалт үгс 11:2). Даруу хүн зарим ажлаас татгалзах юм уу өөр хүнд даалгахыг дээр гэж үздэг.

     «Би сантехникч. Заримдаа яаралтай дуудлага гэнэт ирдэг. Очих боломжгүй гэж бодвол боломжтой өөр сантехникчтэй холбож өгдөг»—Кристофер.

     Та өөрөөсөө «Ханиа ганцаардуулахгүйн тулд ажлын бус цагаар ажиллахаас татгалздаг уу? Энэ талаар хань минь ямар бодолтой явдаг бол?» гэж асуугаарай.

  •   Хамт байх цаг гаргаарай. Библид «Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй» гэж байдаг (Номлогчийн үгс 3:1). Та ялангуяа маш их ажилтай бол зориуд төлөвлөж байгаад ханьдаа цаг гаргаарай.

     «Заримдаа маш их ажилтай болсон үед оройн хоол хамт идэх юм уу далайн эргээр зугаалах зэргээр жаахан ч гэсэн хамт байхаар ярилцаж тохирдог»—Дебора.

     Та өөрөөсөө «Ханьтайгаа байх цагийг би тогтмол гаргаж, юунд ч сатаарахгүй байж чаддаг уу? Энэ талаар хань маань юу гэж хэлэх бол?» гэж асуугаарай.

  •   Цахим хэрэгслээ унтраагаарай. Библид «илүү чухал юмыг магадалдаг байхыг» уриалдаг (Филиппой 1:10). Ажилтай холбоотой асуудлаас болж анхаарал сарнихаас зайлсхийх зорилгоор та цахим хэрэгслээ үе үе унтраах уу?

     «Би ажлын цаг дуусангуут ажиллахаа болихыг хичээдэг. Тэгээд утасныхаа дууг хаадаг»—Жереми.

     Та өөрөөсөө «Дарга юм уу үйлчлүүлэгч маань залгаж магадгүй гээд утсаа авахад бэлэн байх ёстой гэж боддог уу? Намайг яадаг гэж хань маань хэлэх бол?» гэж асуугаарай.

  •   Уян хатан байгаарай. Библид «Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй» гэж байдаг (Филиппой 4:5). Ажил тарсан байсан ч завгүй байх үе ханьд тань гарна. Жишээ нь ханийн тань ажлын онцлогоос шалтгаалан ажлын бус цагаар ч ажлынхантайгаа холбоотой байх шаардлагатай байж болох юм. Ийм үед уян хатан байгаарай. Ханьдаа бүү хатуурхаарай.

     «Нөхөр маань нэг жижигхэн бизнес эрхэлдэг юм. Заримдаа ажлын бус цагаар яаралтай асуудал шийдэх хэрэгтэй болдог. Үүнд нь би дургүй байдаг ч гэсэн бид хоёр ихэнх цагийг хамт өнгөрөөдөг учраас ойлгохыг хичээдэг»—Бэвэрли.

     Та өөрөөсөө «Ажил ихтэй байгааг нь ойлгоод ханьдаа хэтэрхий хатуу хандахгүй байхыг хичээдэг үү? Энэ талаар хань маань юу гэж хэлэх бол?» гэж асуугаарай.

 Юу ярилцах вэ?

 Эхлээд дараах асуултуудыг тус тусдаа бодож үзээрэй. Тэгээд ярилцаарай.

  •   Ажлаа гэртээ авчирлаа гээд хань тань дургүйцэж байсан уу? Таны бодлоор дургүйцэх нь зөв үү?

  •   Ажил амьдралаа зохицуулахын тулд юугаа өөрчлөх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

  •   Ажлын цаг нь дууссан байхад манай хүн ажиллаад л байх юм даа гэж бодож байсан уу? Тийм бол хэзээ вэ?

  •   Ажил амьдралаа зохицуулахын тулд хань тань юугаа өөрчилбөл зүгээр гэж боддог вэ?