Skip to content

Хань тань дургүй хүргэм зан гаргавал

Хань тань дургүй хүргэм зан гаргавал

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨЛГӨӨ | ГЭРЛЭЛТ

  •   Та гэнэт шийдвэр гаргах дуртай, хань тань бүх юмыг төлөвлөх дуртай.

  •   Та дуу цөөтэй хүн, харин хань тань олонсог хүн.

 Ханийнхаа биеэ авч явахыг хараад заримдаа дургүй хүрдэг үү? Үүнийг анхаараад байвал гэр бүлийн харьцаанд сэв сууж мэднэ. Библид энэ тухай «Хэргийг дахин дахин ярьдаг хүн дотны анд нөхдийг салгадаг» гэж бичсэн байдаг (Сургаалт үгс 17:9).

 Дургүй хүрмээр занг нь анхаараад байвал муудалцана. Ингэхийн оронд сайн талыг нь хараарай.

Энэ өгүүллээр дараах зүйлийг ярилцана.

 Сайн талыг нь хараарай

 Дургүй хүргэм зан нь танд таалагдах сайн талтай байж болох юм. Дараах жишээг бодоорой.

 «Нөхөр минь юм хийх юм уу эсвэл гэрээсээ гарах гэж их удна. Тийм учраас тэвчээртэй байдаг, намайг ч тэвчдэг. Удаад байхаар нь дургүй хүрдэг ч гэсэн тайван байдаг нь надад таалагддаг»—Чэлси.

 «Эхнэр минь бүх юмыг яг таг төлөвлөдөг. Бүх юмыг тооцож хянаж байж сэтгэл нь амардаг. Үүнд нь би заримдаа дургүй хүрдэг. Гэхдээ бүх юмыг, бүр нарийн ширийн юмыг ч орхидоггүй»—Кристофэр.

 «Манай нөхөр юу ч болж байсан тоодоггүйг хараад би тэвчиж чаддаггүй. Гэхдээ ямар ч үед тайван байдагт нь би анх татагдсан юм. Бүр стрэсстэй үед ч гэсэн амгалан байдаг нь гайхалтай»—Даниэл.

 Чэлси Кристофэр Даниэл гурвын анзаарснаар хүний зан чанар сайн муу гэсэн хоёр талтай. Тиймээс нэгийг нь хаяад нөгөөг нь авах боломжгүй. Яг л зоосны нэг талыг нь л үгүй хийх боломжгүйтэй адил.

 Гэхдээ зарим зан чанарт сайн тал гэж байхгүй. Жишээлбэл «Сургаалт үгс» номд «ууртай хүний» тухай гардаг (Сургаалт үгс 29:22). Тийм хүн «өширхөн хорсохоо, уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа» болихын тулд маш их хичээх хэрэгтэй (Эфэс 4:31). a

 Гэхдээ хань тань ийм муухай зангүй ч хааяа дургүйг тань хүргэвэл дараах Библийн зөвлөлгөөг дагаарай. «Гомдох шалтгаан байлаа ч хүлээцтэй хандаарай» (Колосай 3:13).

 Түүнчлэн ханийнхаа зан чанарын сайн талыг олж харахыг хичээгээрэй. Та ханийнхаа ийм зан чанарыг анх хараад татагдсан байж болох шүү дээ. Жосеф гэдэг эрэгтэй: «Муу талыг нь анхаараад байх нь алмаас эрдэнийн гоё сайхныг бус хурц үзүүрийг нь л харахтай адил юм» гэжээ.

 Юу ярилцах вэ?

 Эхлээд дараах асуултуудыг тус тусдаа бодож үзээрэй. Тэгээд ярилцаарай.

  •   Та хоёрыг маргалдахад хүргэх зан чанар ханьд тань бий юү? Тийм бол ямар зан чанар вэ?

  •   Энэ нь үнэхээр ноцтой юу? Эсвэл танд л таалагддаггүй зан чанар уу?

  •   Тэр зан чанар сайн талтай юу? Тийм бол сайн тал нь юу вэ? Яагаад сайн гэж боддог вэ?