ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭЦЭГ ЭХ
Хүүхэд ба цахим орчин—1-р хэсэг: Хүүхдэдээ олон нийтийн сүлжээ ашиглахыг зөвшөөрөх үү?
Нэг судалгаагаар өсвөр насныхны 97 хувь нь олон нийтийн сүлжээг ашигладаг гэсэн тооцоо гарчээ. Танай хүүхэд бас олон нийтийн сүлжээ хэрэглэхийг хүсээд байна уу? Хэрвээ тийм бол дараах хэдэн зүйлийг санаарай.
Энэ өгүүлэл дараах асуултад хариулна.
Танай хүүхэд хэр их цаг зарцуулах вэ?
HelpGuide вэб сайтад «Олон нийтийн сүлжээний платформ нь хүний анхаарлыг их татдаг, сүүлд ирсэн мэдээллийг байнга шалгах зуршилтай болгох, онлайнд байнга идэвхтэй байлгах зорилготой бүтээгдсэн байдаг» гэжээ.
«Хэдхэн минут харъя гээд сошиал руу ордог, нэг мэдсэн олон цаг болчихсон байдаг. Өөр үр бүтээлтэй юманд цагаа зарцуулъя гэсэн ч больж чаддаггүй»—Лийн, 20 настай.
Бодож үзээрэй: Олон нийтийн сүлжээг ашиглахад нь хязгаар тогтоовол манай хүүхэд дагах болов уу? Хүүхэд маань өөртөө хязгаар тавьж түүнийгээ дагах чадвартай юу?
Библийн зарчим: «Мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга. Цагаа зөв ашигла» (Эфэс 5:15, 16).
Ямар хүнтэй найзлах вэ?
«Олон нийтийн сүлжээнд» олон хүнтэй холбогдож, найз болох боломжтой. Гэхдээ жинхэнэ найзууд болдог уу гэвэл тийм биш ээ.
«Залуучууд цахим орчинд олон дагагчтай болж, лайк цуглуулбал огт танихгүй хүн ч өөрийг нь анхаарч, санаа тавьж байна гэж боддог. Гэхдээ үнэндээ тийм биш»—Патришиа, 17 настай.
Бодож үзээрэй: Манай хүүхэд олон дагагчтай болж, лайк цуглуулахыг л чухалд үзэх юм биш биз? Амьд харьцааг хэр чухалчлах бол оо?
Библийн зарчим: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17).
Сэтгэл санаанд нь яаж нөлөөлөх вэ?
Олон нийтийн сүлжээг цаг наргүй ашигладаг хүүхэд ганцаардмал, санаа зовомтгой болж, сэтгэл гутралд ордгийг судлаачид тогтоожээ.
«Найзууд маань надгүйгээр цуглаад хамт авхуулсан зургаа тавьсан байхыг харахлаар үнэхээр муухай санагддаг»—Серена, 19 настай.
Бодож үзээрэй: Манай хүүхэд олон нийтийн сүлжээ ашигласаар байгаад өөрийгөө л анхаардаг, бусадтай өрсөлддөг, бусдад атаархдаг болчихгүй байгаа?
Библийн зарчим: «Бардам зан гаргахгүй, өрсөлдөхгүй, атаархахгүй байцгаая» (Галат 5:26).
Олон нийтийн сүлжээнд биеэ зөв авч явах болов уу?
Олон нийтийн сүлжээнд нэгнийгээ дээрэлхэх, порно үзэх, сексийн утгатай мессеж, зураг, бичлэг илгээх гээд олон аюул отож байдаг. Танай хүүхэд өөрөө ийм юм хийхгүй байлаа ч санаандгүй өртчихөж мэднэ.
«Гайгүй байх гэж бодсон контентоо үзэж байтал онцгүй юм гарч ирдэг. Бүдүүлэг үг хэллэг, зохисгүй дуу хөгжим их байдаг»—Линда, 23 настай.
Бодож үзээрэй: Манай хүүхэд олон нийтийн сүлжээнд биеэ зөв авч явах чадвартай юу? Зохисгүй юм үзэхгүй, ёс суртахуунтай байж чадах уу?
Библийн зарчим: «Садар самуун, аливаа бузар булай шуналын талаар та нар дурсах ч учиргүй. Ичгүүргүй авирлах, дэмий хоосон юм ярих, шалиг завхай юм ярьж хошигнох нь зохисгүй» (Эфэс 5:3, 4).
Танай хүүхдэд заавал хэрэгтэй юу?
Олон нийтийн сүлжээ амьдралд зайлшгүй хэрэгтэй юм биш ээ. Хэрэглэхгүй байлаа гээд аз жаргалгүй болчихгүй. Олон нийтийн сүлжээг ашигладаггүй ч сэтгэл хангалуун байдаг залуус олон бий. Тэдний зарим нь хэрэглэхээ бүр больжээ.
«Эгчид минь муугаар нөлөөлж байгааг хараад би сошиал медиа хэрэглэхээ больсон. Хэрэглэхээ больсон чинь миний амьдрал илүү сонирхолтой, жаргалтай болсон»—Нэйтан, 17 настай.
Хамгийн гол нь: Хүүхдэдээ олон нийтийн сүлжээ хэрэглэхийг зөвшөөрөхөөсөө өмнө «Манай хүүхэд цагийн хязгаараа баримталж чадах уу? Найз нөхдийн талаар зөв үзэлтэй байж чадах уу? Зохисгүй юм үзэхгүй байж чадах уу?» гэдгийг сайтар бодоорой.
Библийн зарчим: «Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» (Сургаалт үгс 14:15).