ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Сурлагаа сайжруулахад нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
Танай хүүхэд хичээл номоо тоодоггүй, сурлагадаа огт анхаардаггүй, гэрийн даалгавраа ч хийдэггүй бол яах вэ? Сурлага нь ч ааш зан нь ч муудна шүү дээ. Тэгвэл хүүхдэдээ сайн суралцахад нь хэрхэн тусалж болох вэ?
Мэдэх хэрэгтэй зүйл
Дарамталж болохгүй. Хүүхдэдээ хэт их шаардлага тавивал сургууль дээрээ төдийгүй гэртээ байхдаа ч тайван байж чадахаа болино! Танаас айсандаа худлаа ярина, дүнгээ нууна, дүнгийн хүснэгтэд бичдэг эцэг эхийнхээ гарын үсгийг хуурамчаар зурна, эсвэл бүр хичээлээ тасалж ч магадгүй. Тэгвэл байдал бүр хүндэрнэ.
Дандаа шагнах нь үр дүнгүй. «Охиноо урамшуулах гээд онц авах бүрд нь шагнадаг байлаа. Харин охин маань яваандаа зөвхөн шагнал авах гэж л сургуульд сурдаг болсон. Муу сурсандаа харамсахаас илүү шагнал авч чадаагүйдээ сэтгэлээр унадаг болсон юм» гэж Эндрю гэдэг нэгэн аав ярьжээ.
Багшийг нь бүү буруутгаарай. Багш нь олигтой заахгүй учраас л муу сурч байна гэж ярьдаг бол, хүүхэд тань сайн үр дүнд хүрэхийн тулд хичээхээ болино. Товчхон хэлбэл, том хүнд байх ёстой гол чанар болох хариуцлага хүлээх чадварыг эзэмшиж чадахгүй.
Хэрэгжүүлж үзээрэй
Уураа бариарай. Ууртай байхдаа хүүхэдтэйгээ дүнгийнх нь талаар ярих хэрэггүй. Брет гэдэг нэгэн аав «Эхнэр бид хоёр хүүхэдтэйгээ ярилцахдаа сэтгэл тайван, түүнийг ойлгох хүсэлтэй байвал сайн үр дүнд хүрдэг гэдгийг мэдсэн» гэжээ.
Библийн зарчим: «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар. Яаран бүү уурла» (Яаков 1:19).
Асуудлын цаад учрыг олоорой. Хүүхэд муу сурч байгаагийн шалтгаан янз бүр байдаг. Жишээ нь хүүхдүүдэд дээрэлхүүлэх, сургууль шилжих, шалгалт өгөхөөс айх, нойр муутай явах, эсвэл гэр бүлийн асуудал, ажлаа төлөвлөж чаддаггүй, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй гэх мэт юу ч байж болно. Хүүхдээ залхуурч байна гэж шууд дүгнэх хэрэггүй.
Библийн зарчим: «Үгэнд анхаарлаа хандуулдаг хүн сайн сайхныг олно» (Сургаалт үгс 16:20).
Тохиромжтой уур амьсгалыг бүрдүүлээрэй. Гэрийн даалгавраа хийх, хичээлээ давтах цагийн хуваарь гаргаарай. Зурагт, гар утас гэх мэт хүүхдийн анхаарлыг сарниулах зүйл байхгүй газрыг бэлдэж өгөөрэй. Мөн анхаарч чадах хэмжээгээр нь гэрийн даалгаврыг нь хувааж өгөөрэй. Германд амьдардаг Хектор гэдэг нэгэн аав «Шалгалт ойртох үед гэнэт шахахгүйгээр наана нь хүүхэдтэйгээ хамт хичээлийг нь өдөр бүр бага багаар давтаж үздэг» гэжээ.
Библийн зарчим: «Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ» (Номлогчийн үгс 3:1).
Ач тусыг нь ойлгуулаарай. Сургуульд сурснаараа ямар ач тустай гэдгийг нь тайлбарлаж ойлгуулбал хүүхэд сурах хүсэлтэй болдог. Жишээлбэл халаасны мөнгөө тооцоход нь математикийн хичээл тус болдгийг хэлээрэй.
Библийн зарчим: «Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. ... Мэргэн ухааныг үнэлж цэгнэ» (Сургаалт үгс 4:5, 8).
Анхааруулга: Гэрийн даалгавар хийхэд нь туслах хэрэгтэй ч өөрөө хийж өгч болохгүй. Эндрю «Манай охин өөрөө бодохоо больж бидэнд найддаг болсон. Тиймээс хүүхдэдээ даалгавраа хэрхэн хийхийг зааж өгөх хэрэгтэй» гэжээ.