ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ
Уураа хэрхэн барих вэ?
Хань тань таны уурыг хүргэх зүйл ярьсан эсвэл хийсэн гэж бодъё. Тэгэхэд нь та уураа хүчээр даржээ. Гэтэл таныг анзаараад яасныг тань шалгааж эхэллээ. Одоо таны уур бүр ч их хүрнэ. Ийм тохиолдолд уураа хэрхэн барих вэ? Яасан нь дээр вэ?
Мэдэх хэрэгтэй зүйл
Уурандаа дийлдвэл эрүүл мэндэд тань муу. Биеэ хянаж чадахгүй болтлоо уурлавал цусны даралт ихэсдэг. Улмаар зүрхний өвчтэй болох, сэтгэл санаа гутрах, ходоод өвдөх эрсдэлтэй гэдгийг судалгаанаас мэдэж болно. Мөн нойр хулжих, сэтгэл түгших, арьс өнгөө алдах, бүр цаашлаад элдэв хурц өвчний шалтгаан болдог. Ийм учраас Библид «Уурлахаа больж, хилэнгээ март» гэж байдаг (Дуулал 37:8).
Уураа хүчээр дарах нь ч эрүүл мэндэд тань муу. Уураа хадгалсаар байх нь хүний биеийг дотроос нь иддэг өвчин туссантай адил юм. Үүнээс болж бусдыг шоолдог, эсвэл шүүмжилдэг болж мэднэ. Тийм хандлагатай болчихвол тантай хамт байхад хүмүүст хэцүү санагдаж, гэр бүлийн харьцаанд тань хор хөнөөл учирна.
Хэрэгжүүлж үзээрэй
Ханийнхаа сайн талыг олж хараарай. Та ханийнхаа ямар зүйлээр бахархдаг вэ? Гурвыг нэрлээрэй. Тэгээд дараа нь хань тань таны уурыг хүргэвэл нөгөө гурван зүйлээ бодоорой. Ингэх нь уураа барихад тань тус болно.
Библийн зарчим: «Үргэлж талархаж бай» (Колосай 3:15).
Уучилж сураарай. Эхлээд ханийнхаа оронд өөрийгөө тавьж үзээрэй. Ингэвэл Библид байдаг «бие биеэ гэсэн сэтгэл» буюу өрөвч сэтгэлийг илэрхийлж чадна (1 Петр 3:8). Дараа нь өөрөөсөө ингэж асуугаарай. «Энэ үнэхээр уучилж чадахааргүй тийм ноцтой зүйл гэж үү?»
Библийн зарчим: «Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ» (Сургаалт үгс 19:11).
Үзэл бодлоо эвтэйхэн, эелдгээр илэрхийлээрэй. Ханиа шүүмжлэхийн оронд өөрт тань ямар санагдаж байгааг хэлээрэй. Жишээлбэл, «Чи чинь одоо хаашаа алга болчихдог юм бэ?» гэж хэлэхийн оронд «Чамайг оройтохоор ямар нэгэн муу юм болоогүй байгаа гэж бодоод санаа зовоод байх юм» гэж хэлээрэй. Дотроо бодож байгаа зүйлээ эвтэйхэн илэрхийлж сурах нь уураа барихад тань тус болно.
Библийн зарчим: «Та нар хүмүүстэй давсаар амт оруулсан мэт эелдэг ярьж бай» (Колосай 4:6).
Хүндэтгэлтэйгээр сонсоорой. Үзэл бодлоо эвтэйхэн илэрхийлснийхээ дараа ханийнхаа яриаг таслахгүй, тэвчээртэйгээр сонсоорой. Тэгээд ярьж дуусахаар нь сонссон зүйлээ өөрийн үгээр давтан хэлж зөв ойлгосон эсэхээ шалгаарай. Сайн сонсох нь уураа барихад тань чухал үүрэг гүйцэтгэнэ.
Библийн зарчим: «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» (Яаков 1:19).