Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭЦЭГ ЭХ

Хүүхэд ба ухаалаг утас (1-р хэсэг): Хүүхдээ ухаалаг утастай болгох уу, яах вэ?

Хүүхэд ба ухаалаг утас (1-р хэсэг): Хүүхдээ ухаалаг утастай болгох уу, яах вэ?

 Ухаалаг утастай a хүүхэд улам бүр нэмэгдэж байна. Тэдний олонх нь өрөөндөө ганцаархнаа байхдаа интернэтэд холбогддог. Хүүхдээ ухаалаг утастай болгох нь ямар аюултай вэ? Ямар ашиг тустай вэ? Өдөрт хэр удаан ашиглахыг зөвшөөрөх хэрэгтэй вэ?

 Мэдэх хэрэгтэй зүйл

 Ашиг тус

  •   Хүүхэд маань аюулгүй байгааг мэдээд сэтгэл амарна. Өсвөр насны хоёр хүүхэдтэй Бетани: «Бид аюултай ертөнцөд амьдарч байна. Хүүхдүүд ээж аавтайгаа холбоо барих ямар нэгэн юмтай байх нь маш чухал» гэжээ.

     Бас Катерин гэдэг ээж: «Хүүхдээ хаана байгааг мэдэхэд зарим аппликейшн тустай. Машинаа унаад явж байвал хэр хурдалж байгааг нь ч мэдэх боломжтой» гэсэн.

  •   Багштайгаа харьцахад амар. «Багш нар э-мэйл юм уу мессежээр даалгавар өгч, хүүхдүүд ч багштайгаа ийн харьцдаг» гэж Мари гэдэг ээж хэлжээ.

 Аюул

  •   Хэтэрхий их цаг зарцуулах. Хүүхдүүд ер нь өдөр бүр олон цаг утсаараа оролддог. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцдаг ч гэсэн тийм хэмжээний цагийг бас утсандаа зарцуулдаг. Нэг сэтгэл зүйч зарим гэр бүлийг «Дэлгэц ширтсэн танихгүй хүмүүсийн өдөр бүрийн цугларалт» гэжээ. b

  •   Порно үзэх. Нэг судалгаагаар бол өсвөр насныхны талаас илүү хувь нь сар бүр интернэтээс порно материал хайдаг. Гар утсаар үзэх амархан учраас гайхах зүйл биш юм. Өсвөр насны хоёр хүүхэдтэй аав Виллиам: «Хүүхдээ ухаалаг утастай болгосноор төрөл бүрийн порно материалыг хаана ч байсан үзэх боломжийг санамсаргүйгээр олгодог» гэжээ.

  •   Донтох. Олон хүн утасгүй явж чадахаа больчихсон. Утас нь алга болчихвол сандарч, цөхрөнгөө барж, бүр өвдөх нь ч бий. Зарим эцэг эхийн анзаарснаар хүүхэд нь утас ашиглаж байхдаа бүдүүлэг зан авир гаргадаг ажээ. Кармен: «Хүүтэйгээ ярих гэхэд муухай царайлаад саад боллоо гэж уурлан бухимддаг» гэнэ.

  •   Бусад аюул. Ухаалаг утас хэрэглэснээр интернэтээр дээрэлхүүлэх, сексийн утгатай мессеж зураг явуулах болон буруу суух юм уу нойр дутуугаас янз бүрийн өвчин эмгэгтэй болох аюултай. Зарим хүүхэд ямар ч хүнд гэм хоргүй харагдах тооны машин шиг аппликейшн тавьдаг нь чухам юу ашигладгаа эцэг эхээсээ нуух зорилготойнх юм.

     Өсвөр насны охинтой аав Даниел ингэж дүгнэсэн. «Ухаалаг утасны дэлгэцээр интернэтэд байгаа бүх сайн муу юмыг харж болдог».

 Өөрөөсөө асуугаарай

  •   «Хүүхдэд маань ухаалаг утас хэрэгтэй юү?»

     Библид «Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэж байдаг (Сургаалт үгс 14:15). Үүнийг санангаа өөрөөсөө ийн асуугаарай.

     «Аюулгүй байгааг нь мэдэх зэрэг шалтгаанаар хүүхдээ ухаалаг утастай болгох нь зөв үү? Би ашиг тус аюулын аль алийг нь сайн тооцож үзсэн үү? Ухаалаг утсыг орлох өөр юм байгаа юу?»

     Тод гэдэг аав: «Одоо ч гэсэн энгийн утас байгаа шүү дээ. Интернэтэд орохгүй ч ярьж, мессеж бичиж чадна. Мөнгө ч хэмнэнэ» гэжээ.

  •   «Хүүхэд маань итгэл даах уу?»

     Библид «Ухаант хүний зүрх эзнээ баруун тийш [«зөв», ШЕ] хөтөлдөг» гэж байдаг (Номлогчийн үгс 10:2). Үүнийг бодонгоо дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.

     «Хүүхэд маань итгэлийг минь даах болов уу? Бидэнтэй илэн далангүй ярьдаг билүү? Хэнтэй найзалж байгаагаа нуух юм уу, үнэнээ хэлээгүй тохиолдол байсан уу? Телевиз үзэх, таблет компьютер ашиглаж байхдаа биеэ барьж чаддаг билүү?» Серина гэдэг ээж: «Ухаалаг утас ашигтай ч бас аюултай. Гэнэн томоогүй хүүхдэдээ чухал хариуцлага хүлээлгэж байгаагаа сайн бодоорой» гэжээ.

  •   «Би ямар хариуцлага хүлээхээ ойлгож байна уу?»

     Библид «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга» гэж байдаг (Сургаалт үгс 22:6). Үүнийг санангаа өөрөөсөө ингэж асуугаарай.

     «Утас хэрэглэхэд ямар аюул байдгийг, түүнээс хэрхэн зайлсхийхийг хүүхдэдээ зааж чадах уу? Утсан дээр байдаг эцэг эхийн хяналтын тохиргоог ашиглаж чадах уу? Утсаа зөв ашиглаж сурахад нь яаж туслах вэ?» Дээр дурдсан аав Даниел: «Хүүхдэдээ ухаалаг утас өгчихөөд ямар ч хяналтгүй орхичихдог эцэг эхчүүд байдгийг би мэднэ» гэжээ.

 Хамгийн гол нь: Хүүхэд ухаалаг утсыг зөв ашиглаж сурах нь маш чухал. Нэг номд «Эцэг эх хараа хяналт тавихгүй бол ихэнх хүүхэд өөрөө өөрийгөө захирч чадахгүй учраас утсаа цаг наргүй ашигладаг» гэжээ («Indistractable»).

a Энэ өгүүлэлд «ухаалаг утас» гэдгээр интернэтэд холбогддог утсыг хэлсэн.

b Томас Керстингийн «Disconnected» номоос эш татав.