Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

 Эрт орой хэзээ нэгэн цагт хүүхэд тань алдаа гаргаж, горыг нь амсах нь дамжиггүй. Тийм үед нь хэрхэн туслах вэ?

 Юу мэдэх хэрэгтэй вэ?

 Алддаггүй хүн байхгүй. Библид «Бид бүгдээрээ алддаг» гэж бичжээ (Яаков 3:2). Энэ үг хүүхдэд бас хамаатай. Алдаа гаргах нь дандаа муу үр дагавартай байдаггүй. Сайн тал ч бий. Аливаад наанатай цаанатай хандаж сурдаг. Хүүхэд болгон ийм чадвартай төрдөггүй ч хөгжүүлж болдог. Лора гэдэг эмэгтэй: «Манай нөхөр бид хоёр нэг зүйлийг ойлгосон. Хүүхэд алдаа гаргавал юу ч болоогүй юм шиг дуугүй өнгөрөх хэрэггүй юм билээ. Алдаанаасаа суралцаж байх хэрэгтэй. Тэгвэл санаснаар болоогүй үед бууж өгөхийн оронд зорьсондоо хүрэхийн тулд цөхрөлтгүй оролдож сурна» гэж ярьсан юм.

 Зарим хүүхэд бүтэлгүйтэхээрээ юу хийхээ мэддэггүй. Алдаа гаргасан хүн хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг зарим эцэг эх хүүхдэдээ ойлгуулдаггүй учраас хүүхэд нь юу хийхээ мэддэггүй. Жишээлбэл, хүүхэд нь муу авсан бол юу ч бодолгүйгээр багшийг нь буруутгадаг. Эсвэл найзтайгаа муудалцсан бол шууд л найзыг нь буруутгадаг.

 Эцэг эх нь иймэрхүү байдлаар хүүхдээ өмөөрч, урдуур нь ороод байвал хүүхэд яаж хариуцлага хүлээж сурах вэ дээ!

 Яах хэрэгтэй вэ?

  •   Үйлдэл бүхэн үр дагавартай гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай.

     Библид «Хүн юу тарьснаа хурааж авдаг» гэж бий (Галат 6:7).

     Аливаа үйлдэл үр дагавартай байдаг. Алдаа гаргавал горыг нь амсана гэдгээ хүүхэд мэддэг байх ёстой. Юм эвдэж сүйтгэвэл засах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хийсэн хэргийнхээ хариуцлагыг тодорхой хэмжээгээр хүлээх ёстой. Тиймд хүүхдээ өмөөрч, бусдыг буруутгахаас зайлсхийгээрэй. Хийсэн үйлдлийнх нь үр дагаврыг насанд нь тохируулаад хүүхдэдээ ойлгуулаарай. Буруу юм хийгээд ямар хохирол учруулснаа хүүхэд маш сайн ойлгосон байх ёстой.

  •   Хүнд байдлаас гарахад нь хүүхдэдээ туслаарай.

     Библийн зарчим: «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» (Сургаалт үгс 24:16).

     Ажил үйлс бүтэмжгүй болбол хэцүү л дээ. Гэхдээ яах ч аргагүй болсон гэсэн үг биш. Болсон явдлыг шударга бус байна гэж гомдоллохын оронд дараа ийм юм болбол яах хэрэгтэйгээ мэдэж авахад нь хүүхдэдээ туслаарай. Жишээлбэл хүү тань шалгалтад муу дүн авсан бол илүү сайн хичээгээд дараагийн удаа сайн дүн авахад нь туслаарай (Сургаалт үгс 20:4). Охин тань найзтайгаа муудалцсан бол гол буруутан нь хэн бэ гэдгээс үл хамааран, эхэлж очоод эвлэрэхийн тулд яах хэрэгтэйг нь бодуулаарай (Ром 12:18; 2 Тимот 2:24).

  •   Даруу байхыг заагаарай.

     Библийн зарчим: «Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод» (Ром 12:3).

     «Чи ийм тийм юмаараа хамгийн мундаг нь» гэж хүүхдэдээ хэлэх нь үнэнд нийцэхгүй, бас тустай биш. Тэгээд ч сурлага сайтай хүүхэд дандаа онц аваад байдаггүй. Спортод сайн хүүхэд цаг үргэлж ялаад байдаггүй. Өөрийгөө мундаг гэж боддоггүй хүүхэд алдаа гаргаж бүтэлгүйтлээ гэхэд хүнд байдлаас амархан гардаг.

     Саад бэрхшээл хүнийг сэтгэлийн тэнхээтэй, тэсвэр хатуужилтай болгодог гэж Библид байдаг (Яаков 1:2–4). Бүтэлгүйтэхээрээ хүн сэтгэлээр унадаг нь үнэн. Гэлээ ч өөдрөг үзэлтэй болоход нь хүүхдэдээ туслаарай.

     Хүүхдэд ямар ч чадвар эзэмшүүлэхэд, түүний дотор аливаад уян хатан ханддаг болгож сургахад ихээхэн цаг, хүч шаардагддаг. Гэхдээ таны хичээл зүтгэлийн үр шим тэднийг өсвөр насанд хүрэх үед тодорхой харагдана. Нэг номд «Бэрхшээлийг давж сурсан өсвөр насны хүүхэд хүнд байдалд орохоороо аюултай юм хийх, мунхаглах нь харьцангуй бага байдаг. Огт бодож байгаагүй юм гэнэт тохиолдоход самгардахгүй» гэжээ (Letting Go With Love and Confidence). Аливаад уян хатан хандаж сурах нь насанд хүрсэн хойно ч хэрэгтэй.

 Зөвлөгөө: Үлгэр дуурайл болоорой. Хүнд байдлаас хэрхэн гарч буй таныг хүүхэд тань хараад өөрийнхөө бэрхшээлийг давж сурна.