Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Архи, согтууруулах ундааны талаар хүүхэдтэйгээ ярилцах нь

Архи, согтууруулах ундааны талаар хүүхэдтэйгээ ярилцах нь

 «Анх охинтойгоо согтууруулах ундааны тухай ярилцахад тэр маань зургаахан настай байсан. Бодсоноос хамаагүй их зүйлийг мэдэж байсанд нь бид их гайхсан шүү»​—Александр.

 Мэдэх хэрэгтэй зүйл

 Архи, согтууруулах ундааны талаар хүүхэдтэйгээ зайлшгүй ярилцах хэрэгтэй. Хүүхдээ өсвөр насанд хүрэхийг нь хүлээх хэрэггүй. Оросод амьдардаг Хамит гэдэг нэгэн аав «Хүүхдээ бага байхаас нь согтууруулах ундааны зөв хэрэглээний талаар ярилцах хэрэгтэй байснаа би их л хожуу ухаарсан юм даа. Учир нь хүү маань дөнгөж 13 настай байхдаа аль хэдийн архи уугаад эхэлчихсэн байж билээ» гэжээ.

 Яагаад ярилцах хэрэгтэй вэ?

  •   Ер нь хүүхдүүд архи, согтууруулах ундааны талаарх мэдээллийг ангийнхан болон реклам сурталчилгаа, телевизийн хөтөлбөрөөс авдаг.

  •   Монгол улсын ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2013 онд ерөнхий боловсролын сургуулийн 5129 сурагчийн дунд эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 26.5 хувь нь согтууруулах төрлийн ундааг ууж үзсэн гэж хариулсан бөгөөд тэдний 43.3 хувь нь 14 ба түүнээс доош насандаа хэрэглэсэн гэжээ.

 Архи, согтууруулах ундааны хор уршгийн талаар хүүхдэдээ багаас нь зааж өгөхийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд байнга сануулдаг. Тэгвэл хэрхэн заах вэ?

 Хэрэгжүүлж үзээрэй

 Тэдний тавих асуултуудыг урьдчилан бодоорой. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам сониуч зантай болдог. Тиймээс та асуултуудад нь хэрхэн хариулахаа урьдчилан сайн бодоорой. Жишээ нь:

  •   «Архи ер нь ямархуу амттай вэ?» гэж асуувал «Дарс бол исгэсэн жимсний шүүс шиг, харин пиво бол аймаар гашуун» гэж хариулж болно.

  •   «Алив амсаж үзье» гэвэл «Хүүхдэд хортой» гэж хэлээрэй. Архи уувал хүний биед ямар өөрчлөлт гардгийг хэлж өгөөрэй. Жишээ нь: «Архи хүний сэтгэлийг тайвшруулдаг ч, хэтрүүлж уувал толгой эргэж, өөрийгөө хянах чадваргүй болж, улмаар харамсах үг хэлэх аюултай» гэж тайлбарлаж болно. (Сургаалт үгс 23:29–35).

 Сайн судлаарай. Библид «Хэрсүү хүн болгон ухаанаар үйлддэг» гэж байдаг (Сургаалт үгс 13:16). Архины нөлөөний талаар болон хэдэн наснаас эхлэн архи, согтууруулах ундаа хэрэглэж болох тухай танай улсын хуульд юу гэж заасан байдгийг олж мэдээрэй. Тэгвэл та хүүхдэдээ туслахад бэлэн болно.

 Санаачилга гарган ярилцаарай. Англид амьдардаг Марк гэдэг нэгэн аав «Архи, согтууруулах ундааны хэрэглээ нь бага насны хүүхдийн хувьд ойлгомжгүй зүйл юм. Би найман настай хүүгээсээ архи уух нь зөв үү, буруу юу гэж асуусан. Тэгэхдээ тайван чөлөөтэй ярилцахыг хичээсэн учраас хүү маань бодож явдаг зүйлээ ний нуугүй ярьсан» гэжээ.

 Нэг удаа ярилцаад орхилгүй, хэд хэдэн удаа ярилцвал ой тойнд нь илүү тод хоногшино. Замын хөдөлгөөний дүрэм, бэлгийн боловсрол гэх зэрэг амьдралын чухал асуудлуудын адилаар архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар хүүхдийнхээ насанд тохируулан сайтар ярилцаарай.

 Үлгэр дуурайл болоорой. Хөвөн усыг амархан шингээдэг шиг хүүхэд эргэн тойронд нь байгаа зүйлийг шууд хүлээн авдаг. Хүүхдүүдэд эцэг эх нь хамгийн их нөлөөлдөг гэдгийг судалгаа харуулдаг. Хэрэв та архи, согтууруулах ундаа хэрэглэж байж л тайвширч, стрессээ тайлдаг бол хүүхэд тань архи бол амьдралын асуудлуудыг шийдэх хамгийн хялбар арга зам юм байна гэж боддог болно. Тиймээс хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэхийн тулд юуны түрүүнд та өөрөө хариуцлагатай байгаарай.

Архи, согтууруулах ундааг зөв хэрэглэж хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлээрэй