Skip to content

ИТГЭЛИЙН ЖИШЭЭ | МАГДАЛЫН МАРИА

«Би Эзнийг харлаа!»

«Би Эзнийг харлаа!»

 Магдалын Мариа урсах нулимсаа арчингаа тэнгэр өөд харав. Түүний хайрлаж хүндэлдэг Эзэн нь шонд хадуулсан байлаа. Хаврын тэр нэгэн өдрийн үд болж байсан хэдий ч «тэр нутаг даяар харанхуй болов» (Лук 23:44, 45). Мариа нөмрөгөөрөө биеэ ороон ойролцоо зогсож буй эмэгтэйчүүд рүү дөхөж очив. Гурван цагийн турш харанхуй болсноос харахад энэ үзэгдэл хэдэн минут болоод өнгөрдөг нар хиртэлт биш байсан нь тодорхой байлаа. Есүсийн ойролцоо зогсож байсан Мариа болон бусад хүмүүст өдрийн цагаар төдий л сонсогддоггүй амьтдын дуу сонсогдсон байж болох юм. Энэ явдлыг харж байсан хүмүүс «ихэд айн “Энэ хүн үнэхээр Бурхны Хүү байжээ” гэцгээв» (Матай 27:54). Есүсийн дагалдагчид болон бусад хүмүүс, Хүүгээ зовж тарчлан үхэхийг хараад Ехова шаналж, хилэгнэж байгаагаа илэрхийлж байна гэж бодсон байж болох юм.

 Есүсийн зовж тарчлахыг харж зогсох Магдалын Мариад хэцүү байсан ч түүнийг орхиод явж чадаагүй юм (Ёохан 19:25, 26). Есүс тэсвэрлэхийн аргагүй өвдөлт мэдэрч байлаа. Ээжид нь бас тайтгаруулж, дэм болох хүн хэрэгтэй байв.

 Мариа Есүсийн өөрийнх нь төлөө хийсэн бүхнийг бодоод, ачийг нь хариулж чадах бүхнээ хийхийг хүсжээ. Учир нь Есүс хар дарсан зүүд шиг амьдралыг нь өөрчилж гэрэл гэгээтэй, утга учиртай болгосон юм. Тэрбээр бат итгэлтэй эмэгтэй болжээ. Яаж тэр вэ? Түүний итгэлийн жишээнээс бид юу сурч болох вэ?

«Тэд эд хөрөнгөөрөө тусалдаг байв»

 Библид Мариагийн тухай анх дурдахдаа Есүс түүнийг аймшигт боолчлолоос чөлөөлж эрх чөлөө бэлэглэснээр бичсэн байдаг. Тухайн үед хүмүүс чөтгөрүүдийн нөлөөнд автах нь түгээмэл байв. Чөтгөрүүд хүмүүс рүү дайрч, тэр байтугай заримынх нь дотор орж тэднийг эзэмддэг байв. Хөөрхий Мариа яг ямар зовлон туулсныг бид мэдэхгүй ч хорон муу, гаж хүсэлтэй долоон чөтгөрт эзэмдүүлж байсныг нь мэддэг. Гэхдээ Есүс тэр чөтгөрүүдийг бүгдийг нь хөөж гаргасан (Лук 8:2).

 Ийнхүү Мариа эрх чөлөөтэй болж, амьдарлаа шинээр эхлэв. Тэрбээр талархлаа хэрхэн илэрхийлсэн бэ? Есүсийн үнэнч дагалдагч болж, үйл хэргийг нь байгаа бүхнээрээ дэмжсэн. Есүс болон элч нарт хоол хүнс, хувцас хунар, хоноглох газар хэрэгтэй байлаа. Тэд баян чинээлэг байгаагүйн дээр мөнгө олох ажил хийдэггүй байв. Тиймээс дэлгэрүүлэх, заах ажлаа голлон анхаарахад нь эд материалын тусламж хэрэгтэй байжээ.

 Мариа болон өөр олон эмэгтэй тэдэнд үйлчлэхийн зэрэгцээ «эд хөрөнгөөрөө тусалдаг байв» (Лук 8:1, 3). Тэдний зарим нь хөрөнгө чинээтэй байжээ. Библид тэднийг хоол бэлдэх, хувцас хунар угаах юм уу тосгон бүрд хонох газар бэлдэж өгсөн гэж тодорхой бичээгүй. Гэхдээ тэд Есүс болон түүнтэй хамт яваа 20 орчим хүнд дуртайяа тусалдаг байжээ. Тэгсний ачаар Есүс элч нарынхаа хамт дэлгэрүүлэх ажилдаа анхаарлаа бүрэн хандуулж чаддаг байв. Мэдээж хэрэг, Есүсийн ачийг бүрэн хариулж чадахгүйгээ Мариа мэдэж байсан ч чадах бүхнээ хийсэндээ үнэхээр баярладаг байсан нь эргэлзээгүй!

 Өнөө цагт хүмүүс бусдын төлөө хар бор ажил хийдэг хүнийг дорд үзэх хандлагатай байдаг. Гэхдээ Бурхан тэгдэггүй. Тэрбээр өөрийгөө дуртайяа зориулан Есүс болон элч нарыг дэмжин чадах бүхнээ хийж байгаа Мариаг хараад ямар их баярлаж байсныг төсөөлөөд үз дээ! Орчин үед ч Христийн олон үнэнч дагалдагч бусдад даруухнаар үйлчилдэг. Заримдаа бодит тусламж үзүүлэх юм уу магтаж үг хэлэхэд л хүн урамшдаг. Ийм үйл хэрэг Еховагийн нүдэнд маш үнэ цэнтэй (Сургаалт үгс 19:17; Еврей 13:16).

«Есүсийн тарчлаах шонгийн дэргэд»

 Магдалын Мариа МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр Есүсийн хамт Иерусалимд ирсэн эмэгтэйчүүдийн нэг байжээ (Матай 27:55, 56). Тэрбээр Дээгүүр өнгөрөх баярын шөнө Есүсийн баривчлагдаж, шүүгдсэнийг сонсоод ихэд цочирдсон нь эргэлзээгүй. Гэвч удалгүй бүр муу мэдээ сонсов. Захирагч Понти Пилат Иудейн шашны удирдагчдын болон тэдний турхирсан олон түмний шахалтаар Есүсийг шонд хадаж алах шийдвэр гаргажээ. Биеийнх нь энд тэндгүй шарх, цус болж, эцэж туйлдсан Есүсийг урт, хүнд тарчлаах шонгоо үүрээд хөлөө арайхийн зөөн гудамжаар явахыг Мариа нүдээрээ харсан бололтой (Ёохан 19:6, 12, 15–17).

 Есүсийг тарчлаах шонд хадсаны дараа үдийн алдад газар дэлхийг харанхуй нөмрөх үед Мариа болон бусад эмэгтэйчүүд «Есүсийн тарчлаах шонгийн дэргэд» зогсож байв (Ёохан 19:25). Мариа энэ бүхнийг дуустал тэндээс алхам ч холдоогүй болохоор Ёоханд эхийг минь харж хандаарай гэж Есүсийн захихыг харсан. Бас зовж шаналан Эцэгтээ хандан чангаар хэлсэн үгийг нь ч сонссон. Эцэст нь амьсгал хураахынхаа өмнө Есүс ертөнцийг ялснаа илэрхийлж эцсийн хүчээ шавхан «Бүх юм гүйцлээ!» гэж хэлжээ. Мариагийн зүрх урагдах шиг болов. Гэсэн ч Есүсийг нас барсны дараа ч тэндээс яваагүй нь лавтай. Дараа нь Аримат нутгийн Иосеф гэгч баян хүн Есүсийн шарилыг шинэ булшиндаа тавихад ч бас булшны дэргэдээс холдоогүй (Ёохан 19:30; Матай 27:45, 46, 57–61).

 Бид Мариагийн жишээнээс хүнд сорилттой тулгарсан итгэл нэгт ах дүүсийнхээ төлөө юу хийж болохыг сурдаг. Хэдийгээр учирсан сорилт бэрхшээлийг нь тэр дор нь арилгаж чадахгүй байж болох ч тэднийгээ өрөвдөн тайвшруулж, зоригтой байж чадна. Хүнд үед нь зүгээр л дэргэд нь байхад л тэдэнд их дэм болдог. Ингэх нь Бурхан болон итгэл нэгт ах дүүстээ үнэнч гэдгээ харуулж буй хэрэг бөгөөд ах дүүсийг маань асар их тайвшруулдаг (Сургаалт үгс 17:17).

Дэргэд нь Мариа байсан болохоор Есүсийн ээж тайвширсан нь дамжиггүй

«Би авах гэсэн юм»

 Есүсийн шарилыг булшинд тавьсны дараа Мариа болон бусад эмэгтэйчүүд түүний биед түрхэх гэж анхилуун үнэрт ургамал худалдаж авчээ (Марк 16:1, 2; Лук 23:54–56). Амралтын өдрийн дараах өглөө Мариа эртлэн бослоо. Харанхуй гудамжаар эмэгтэйчүүдийн хамт Есүсийн булш руу алхаж буй Мариаг төсөөл дөө. Замдаа тэд булшны амыг тагласан хүнд чулууг яаж зайлуулахаа бодсоор явна (Матай 28:1; Марк 16:1–3). Гэсэн ч тэд хүнд чулуунаас бэрхшээж гэр лүүгээ буцаагүй юм. Бат итгэлтэй тэд өөрсдийн чадах бүхнээ хийхээр шийдэж, бусдыг нь Еховад даатгасан.

 Мариа бусад эмэгтэйчүүдээс түрүүлээд булшинд хүрсэн бололтой. Булшны дэргэд очоод гайхан зогтусав. Чулууг аль хэдийн зайлуулчихсан байснаас гадна булш хоосон байлаа! Угийн шаламгай Мариа, Петр Ёохан хоёр луу гүйн очоод «Эзнийг булшнаас нь аваад явчихжээ. Хаана тавьсныг нь мэдсэнгүй» хэмээн амьсгаадан хэлэхэд мөнөөх хоёр ч бас тэр даруй булш руу гүйн очив. Тэгээд булш үнэхээр хоосон байгааг хараад гэр гэртээ харьжээ * (Ёохан 20:1–10).

 Мариа ганцаараа булш руу буцаж ирээд тэндээс явсангүй. Өглөө эрт анир чимээгүйд хов хоосон булшийг хараад тэсэлгүй уйллаа. Эзнийхээ шарилыг алга болсонд итгэж чадаагүй тэрбээр булш руу бөхийж хараад алмайрч орхив. Цагаан хувцастай хоёр тэнгэрийн элч тэнд сууж байлаа! Тэд: «Та юунд уйлна вэ?» гэхэд сандарч тэвдсэн Мариа элч нарт хэлсэн шигээ «Эзнийг минь аваад явчихжээ. Хаана тавьсныг би мэдэхгүй байна» гэж хэлжээ (Ёохан 20:11–13).

 Тэгээд арагш эргэн хартал нэгэн эрэгтэй зогсож байлаа. Мариа түүнийг танихгүй болохоор тэндхийн цэцэрлэгч гэж боджээ. Эрэгтэй түүнээс «Та юунд уйлна вэ? Хэнийг хайгаа вэ?» гэж аядуу зөөлөн асуухад Мариа «Та түүнийг авч явсан бол хаана тавьснаа хэлээч. Би авах гэсэн юм» гэжээ (Ёохан 20:14, 15). Бодоод үз дээ. Мариа ганцаараа эрүүл чийрэг, идэр биетэй байсан Есүс Христийн шарилыг өргөөд авч явж чадах байсан гэж үү? Гэхдээ Мариа тэгж санаа зовон эргэлзээгүй. Тэрбээр зөвхөн хийж чадах зүйлээ хийе гэж л бодож байлаа.

«Би авах гэсэн юм»

 Бид дааж давахад хэцүү уйтгар гуниг, саад бэрхшээлтэй тулгарахдаа Магдалын Мариаг хэрхэн дуурайж болох вэ? Хэрэв бид зөвхөн дутагдлаа, хүч хүрэхгүй зүйлийг хэт их бодоод байвал айдаст автан юу ч хийж чадахгүй болдог. Харин нөхцөл байдалдаа тохируулан чадах бүхнээ хийхээр шийдэж, үлдсэнийг нь Еховагийн гарт даатгавал төсөөлж байснаасаа ч ихийг хийж чадна (2 Коринт 12:10; Филиппой 4:13). Тэгснээр хамгийн гол нь Еховаг баярлуулж чадна. Мариа ч бас тэгсэн учраас Ехова түүнийг үнэхээр гайхалтай аргаар ивээсэн.

«Би Эзнийг харлаа!»

 Мариагийн өмнө зогсож байсан тэр эрэгтэй цэцэрлэгч биш байлаа. Тэрбээр мужаан байж байгаад багш, тэгээд Мариагийн хайртай Эзэн болсон Есүс байв. Гэвч Мариа түүнийг танилгүй, тэндээс явах гэлээ. Есүс хүчирхэг үл үзэгдэх биетэй болон амилсныг төсөөлөхөд Мариад бэрх байсан биз ээ. Есүс золиос болгон өргөсөн биеэрээ бус, харин өөр дүрээр Мариагийн өмнө зогсож байлаа. Есүс амилсныхаа дараа хэд хэдэн удаа үзэгдсэн бөгөөд зарим тохиолдолд тэрхүү сэтгэл догдлом мөчид сайн таньдаг шавь нар нь хүртэл түүнийг таниагүй (Лук 24:13–16; Ёохан 21:4).

 Есүс Мариад өөрийгөө ямар аргаар таниулсан бэ? Тэрбээр өмнөх шигээ «Мариа!» гэж дуудмагц Мариа эргэж хараад урьд нь Есүсийг дуудахдаа дандаа хэлдэг байсан тэр л еврей үгээр «Рабуни!» гэж чанга дуу алдав. Тэр бол түүний хайртай багш нь байлаа! Мариа үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр бялхав. Тэрбээр түүнээс чанга гэгч нь зуурч, тавьж явуулахыг хүссэнгүй (Ёохан 20:16).

 Есүс Мариагийн бодлыг мэдээд «Надаас зуурахаа боль» гэж хэлэв. Ингэхдээ инээмсэглэн зөөлөн дуугаар хэлсэн байх. Тэгээд өөрөөс нь зуурч байсан Мариагийн гарыг эвтэйхэн тавиулаад «Би Эцэг рүүгээ хараахан яваагүй байна» гэж тайвшруулав. Түүний тэнгэр рүү буцах цаг хараахан болоогүй байлаа. Дэлхий дээр хийх ажил нь арай дуусаагүй байсан бөгөөд Мариаг өөрт нь туслаасай гэж хүсжээ. Мариа Есүсийн «Ах дүүд минь очиж “Би өөрийнхөө болоод та нарын Эцэг рүү, өөрийнхөө болоод та нарын Бурхан руу явж байна” гэдгийг хэл» гэж хэлэхийг нэг ч үг гээлгүй анхааралтай сайн сонссон (Ёохан 20:17).

 Эзэн Мариад үнэхээр онцгой үүрэг даалгажээ! Мариа амилсан Есүстэй анх уулзсан шавь нарынх нь нэг болоод зогсохгүй одоо энэхүү сайн мэдээг хүмүүст дамжуулах хүндтэй завшаан авсан нь энэ. Тэрбээр шавь нарыг бушуухан олж уулзахсан гэж яаж баярлан хөөрч, тэсэж ядан байсныг төсөөл дөө. Тэрбээр ихэд амьсгаадан «Би Эзнийг харлаа!» гэсэн мартагдашгүй үгийг тэдэнд хэлсэн. Тэгээд Есүсийн өөрт нь хэлсэн бүхнийг сэтгэл догдлон тэдэнд дамжуулсан (Ёохан 20:18). Мариагийн хэлсэн үгээс шавь нар Есүсийн хоосон булшинд очсон бусад эмэгтэйчүүдийн үнэн хэлснийг мэдээд зогсохгүй илүү олон зүйлийг мэдэж авчээ (Лук 24:1–3, 10).

«Би Эзнийг харлаа!»

Тэд «эмэгтэйчүүдийн яриа[нд] ... итгэсэнгүй»

 Энэ мэдээг шавь нар хэрхэн хүлээж авсан бол? Эхэндээ тэд тийм ч уриалгахан хүлээж аваагүй юм. Библид «эмэгтэйчүүдийн яриа санаанд багтамгүй мэт санагдсан тул тэд итгэсэнгүй» гэж бичсэн байдаг (Лук 24:11). Шавь нар сайн хүмүүс байсан ч тухайн үеийн Иудейн шашны удирдагчид эмэгтэй хүн шүүхэд гэрчилж болохгүй гэж үздэг байснаас гадна эмэгтэйчүүдэд үл итгэх хандлага газар авсан нийгэмд өссөн учраас тэр байх. Тэд өөрсдийн мэдэлгүй нутаг орныхоо соёлын нөлөөнд автсан байж болох юм. Гэхдээ Есүс болон Эцэг нь хүмүүсийг ингэж алаг үздэггүй. Тэд Мариад итгэл хүлээлгэн чухал үүрэг даалгаагүй гэж үү!

 Есүс өөрт нь итгэж найдсан нь түүний хувьд хангалттай байсан учраас Мариа шавь нарт гомдоогүй. Есүс бас өөрийг нь дагадаг бүх хүнд итгэж, тэднээр «Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг» тунхаглуулдаг (Лук 8:1). Хүмүүс шавь нарынх нь хэлсэн бүх үгэнд нь итгэх юм уу хийсэн үйл хэрэгт нь талархана гэж Есүс хэлээгүй. Харин ч үл тоох хүн гарна гэсэн (Ёохан 15:20, 21). Тиймээс Христийн дагалдагчид бид Магдалын Мариагаас үлгэр дуурайл авууштай. Хэдийгээр итгэл нэгт ах дүүс нь түүнд итгэхгүй байсан ч тэрбээр Есүсийн амилсан тухай сайн мэдээг баяр хөөртэйгөөр дамжуулсан билээ!

 Түүнээс хойш Есүс элч нараасаа гадна өөр олон дагалдагчдаа үзэгдсэн. Бүр нэг дор 500 гаруй шавьдаа үзэгдсэн удаа бий (1 Коринт 15:3–8). Есүсийн үзэгдэхийг өөрөө харж, бусдаас сонсох бүрдээ Мариагийн итгэл бэхжиж байв. Магдалын Мариа Пентекостын өдөр Иерусалимд цугласан Есүсийн шавь нарын дээр Бурхны агуу хүч буух үед тэнд байсан эмэгтэйчүүдийн нэг байсан бололтой (Үйлс 1:14, 15; 2:1–4).

 Магдалын Мариа насан туршдаа бат итгэлтэй, үнэнч үйлчилсэн гэж үзэх хангалттай шалтгаан бидэнд бий. Есүсийн бидний төлөө хийсэн бүхэнд талархлаа илэрхийлж, Бурхны тусламжид найдан бусдад дуртайяа даруухнаар үйлчлэн Мариагийн итгэлийн жишээг дуурайж явцгаая.

^ Тэнгэрийн элчийг хамт явсан эмэгтэйчүүдэд нь Есүсийн амилсныг хэлэхээс өмнө Мариа тэндээс явсан бололтой. Эс бөгөөс Мариа Есүсийн шарил яагаад алга болсныг тайлбарлаж өгсөн тэнгэрийн элчийг харснаа Петр Ёохан хоёрт хэлэх байсан (Матай 28:2–4; Марк 16:1–8).