САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?
Жимсний ялааны уран нислэг
Ялааг онох их хэцүү байдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Ялаа нүд ирмэхийн зуурт л бултаж амждаг.
Жимсний ялаа (drosophila) гэгдэх нэг төрлийн ялаа нь секундыг 5000 хувааснаас ч богино хугацаанд тийрэлтэт сөнөөгч онгоцны адилаар зүгээ өөрчлөн эргэж чаддагийг эрдэмтэд олж мэджээ. Энэ ялаа төрөхдөө л «мэргэжлийн нисгэгч» байдаг гэж профессор Майкл Дикинсон тодорхойлсон байна. Тэрээр: «Зүйрлэн хэлбэл, дөнгөж төрсөн хүүхдийг цэргийн онгоцны нисгэгчийн бүхээгт суулгахад тэр хүүхэд онгоцыг хөөргөж чадаж байгаатай адил юм» гэжээ.
Судлаачид энэ ялааг нисэж байхад нь бичлэг хийж, секундэд далавчаа 200 удаа дэвдгийг нь мэдэж авчээ. Ганцхан дэвэлтээр л зүг чигээ өөрчлөөд аюулаас зайлж чаддаг ажээ.
Тэгвэл аюулыг хэр хурдан мэдэрдэг вэ? Жимсний ялаа нь хүн нүдээ цавчих хугацааг 50 хуваасантай тэнцэх хугацаанд аюулыг мэдрээд бултах чадвартайг судлаачид тогтоожээ. «Энэ ялаа аюул хаанаас ирж байгааг тодорхойлоод хаашаа зугтах нь хамгийн аюулгүйг асар богино хугацаанд маш нарийн тооцоолдог» гэж Дикинсон тайлбарласан.
Жимсний ялаа гэгдэх энэ бяцхан амьтны тархи чухам яаж ийм үйлдэл хийдэг нь судлаачдын хувьд оньсого хэвээр байна.
Та юу гэж бодож байна вэ? Жимсний ялаа уран нислэг хийж чаддаг нь санамсаргүй хэрэг үү? Эсвэл жимсний ялааг ийм чадвартай бүтээсэн юм болов уу?