Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Аав ээжийнхээ итгэлийг олохын тулд яах хэрэгтэй вэ?

Аав ээжийнхээ итгэлийг олохын тулд яах хэрэгтэй вэ?

 Юу мэдэх хэрэгтэй вэ?

 Чамайг хэр их итгэл даасан хүн гэдгээс эцэг эх чинь хэр их итгэл хүлээлгэх нь шалтгаална. Эцэг эхдээ дуулгавартай байх нь өр төлөхтэй адил юм. Өөрөөр хэлбэл чи эцэг эхдээ дуулгавартай байх өртэй гэсэн үг. Өрөө сайн төлөөд байвал их зээл авах (буюу илүү их эрх чөлөө эдлэх) боломжтой болно. Нөгөө талаар, итгэлийг нь хөсөрдүүлээд байвал эцэг эх чинь чамд «зээл» өгөхгүй.

 Итгэлийг нь олоход хугацаа хэрэгтэй. Эцэг эхийнхээ итгэлийг олж, илүү их эрх чөлөөтэй болохын тулд итгэл даадаг хүн гэдгээ батлах шаардлагатай.

 БОДИТ ЯВДАЛ: «Би өсвөр насандаа аав ээжийнхээ үгэнд орж байгаа юм шиг жүжиглэдэг байсан юм. Үнэндээ надаас юу хүсдэгийг нь сайн мэддэг байсан ч, цаанаа бол өөрийнхөө хүсдэг юмыг нууцаар хийдэг байсан. Тийм болохоор аав ээж надад итгэхээ больсон. Илүү их эрх чөлөөтэй болохын тулд жүжиглэж болохгүйг би дараа нь ойлгосон. Итгэлийг нь олъё гэвэл итгэл даадаг байх хэрэгтэй»—Крэйг.

 Юу хийж болох вэ?

 Хэлэхэд хэцүү байсан ч үнэнээ хэлээрэй. Хүн бүр л алдаа гаргадаг. Гэхдээ алдаагаа нууж худлаа хэлбэл (эсвэл үнэнийг гуйвуулж болсон явдлыг дутуу хагас яривал) эцэг эхийнхээ итгэлийг алдана. Нөгөө талаас, үргэлж үнэнээ хэлдэг бол эцэг эх чинь чамайг алдаагаа хүлээн зөвшөөрдөг, хариуцлагатай хүн гэж үзнэ. Ингэж байж л итгэлийг нь олно.

 «Чи алдаа гаргах болгондоо эцэг эхийнхээ итгэлийг алдахгүй. Харин алдаагаа нуух болгондоо итгэлийг нь алдана»—Анна.

 «Бид үргэлж шударга байхыг хүсдэг» гэж Библид байдаг (Еврей 13:18).

  •   Бодож үзээрэй: Аав ээж чинь хаашаа явж, юу хийх гэж байгааг чинь асуувал чи бүх үнэнээ хэлэх үү? Эсвэл хаашаа яваад, юу хийснийг чинь асуувал тэдний мэдэхийг хүсэж байгаа зүйлийг хагас дутуу ярих уу?

 Хариуцлагатай байгаарай. Гэрийнхээ бүх дүрэм журмыг дагаарай. Гэрийнхээ ажлыг цагт нь хийж байгаарай. Цаг барьж сураарай. Даалгавраа сайн хийгээрэй. Гэртээ цагтаа ирж байгаарай.

 «Аав ээж чинь чамайг 9 гэхэд ирээрэй гээд найзуудтайгаа явахыг чинь зөвшөөрчээ гэж бодъё. Гэхдээ чи 10 хагас гэж ирэх юм бол дахиад найзуудтайгаа явахыг чинь зөвшөөрнө гэж санахын ч хэрэггүй!»—Райен.

 «Хүн бүр ачаагаа үүрнэ» гэж Библид байдаг (Галат 6:5).

  •   Бодож үзээрэй: Цагтаа ирэх, гэрийн ажлаа дуусгах, гэрийнхээ дүрмийг сахих зэрэг хийх ёстой зүйлээ дургүй байсан ч хийдэг үү?

 Тэвчээртэй байгаарай. Эцэг эхийнхээ итгэлийг алдсан бол буцааж олж авахад хугацаа хэрэгтэй. Тэвчээртэй хүлээгээрэй.

 «Намайг том болсон ч аав ээж хоёр надад итгэл хүлээлгээгүйд би их цухалдсан. Нас нэмлээ гээд хариуцлагатай хүн болсон гэсэн үг биш гэдгийг би ойлгоогүй явсан юм байна лээ. Би итгэл даах хүн гэдгээ батлах боломж олгохыг аав ээжээсээ гуйсан. Цаг хугацаа хэрэгтэй байсан л даа. Гэхдээ үр дүнд хүрсэн. Бусдын итгэлийг олохын тулд нас биш, үйл хэрэг чухал юм байна лээ»—Рейчил.

 Библид «Өөрсдийгөө баталж бай» гэж бий (2 Коринт 13:5).

  •   Бодож үзээрэй: Эцэг эхийнхээ итгэлийг олохын тулд (эсвэл дахин олж авахын тулд) юу хийж болох вэ?

 ЗӨВЛӨГӨӨ: Цаг барих, гэрийн ажлаа хийх, цагтаа харих гэх зэргийн зорилго тавьж болох юм. Тавьсан зорилгоо эцэг эхдээ хэлж, тэднийхээ итгэлийг хүлээхийн тулд яах ёстойг асуугаарай. Тэгээд «буруу зам руу хөтөлж байсан хуучин хүнээ хувцас мэт тайл» гэсэн Библийн сануулгыг дагахын тулд өөрийгөө дайчлаарай (Эфэс 4:22). Яваандаа чамайг итгэл даадаг хүн болж байгааг эцэг эх чинь анзаарна.