ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Архаг ядаргаанд орохгүйн тулд яах вэ?
Архаг ядаргаанд орох гээд байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл энэ өгүүлэл чамд тус болно!
Яагаад архаг ядаргаанд ордог вэ?
Хэт их ачаалалтай байх. Жүли гэдэг охин: «Амьдралын бүх хүрээнд юу ч хийсэн чинээнд нь тултал хийж, ахиж дэвшиж, том зорилготой байж, амжилт гаргаж яв гэж байнга сонсдог. Энэ нь үнэхээр дарамттай санагддаг!» гэжээ.
Техник хэрэгсэл. Ухаалаг утас, таблет болон бусад хэрэгслээр хүмүүс бие биетэйгээ хүссэн үедээ харьцах боломжтой болсон нь ажлын бус цагаар ч ажлаа хийхэд хүргэдэг. Үүнээс болж стрессдэж, эцэст нь архаг ядаргаанд ордог.
Нойр дутуу явах «Ажил, сургууль, амралт чөлөөт цаг гэсээр байгаад эрт босож орой унтдаг зуршилтай болчихдог» гэж Миранда ярьжээ. Энэ зуршил нь архаг ядаргаанд оруулдаг.
Яагаад тоохгүй өнгөрөөж болохгүй вэ?
Ажилсаг байхыг Библи сайшаадаг (Сургаалт үгс 6:6–8; Ром 12:11). Гэхдээ бүхнээ, түүний дотор эрүүл мэндээ золиослон байж хөдөлмөрлөхийг уриалдаггүй.
«Авсан даалгавартаа хамаг анхаарлаа хандуулаад өдөржингөө хэлэн дээрээ юу ч тавихгүй явах үе байдаг. Ажлын хэнээтэй байх нь сайн биш юм байна гэдгийг би ойлгосон. Эрүүл мэнд, аз жаргалаа хэзээ ч гаргуунд нь гаргаж болохгүй»—Ашли.
«Үхсэн арслангаас амьд нохой дээр» гэж Библид бичсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш ээ (Номлогчийн үгс 9:4). Өөрийгөө шахвал хэсэг хугацаанд арслан шиг хүчтэй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ өөрийгөө архаг ядаргаанд оруулбал эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ.
Юу хийж болох вэ?
Үгүй гэж хэлж сураарай. «Даруу зан болбоос мэргэн ухаан» гэж Библид бий (Сургаалт үгс 11:2). Өөрөөр хэлбэл даруу хүн хэр чадлаа мэддэг бөгөөд чадахгүй зүйлээ хийнэ гэж амладаггүй.
«Хийж чадахгүйгээ мэдсээр байж хийнэ гэж хэлдэг хүн архаг ядаргаанд орох магадлал өндөр байдаг. Ийм хүнийг даруу гэж хэлэхгүй шүү дээ. Үгүй гэж хэлж сурахгүй бол яваандаа архаг ядаргаанд орно»—Жордан.
Сайн унтаж амраарай. «Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр» гэж Библид байдаг (Номлогчийн үгс 4:6). Нойрыг «тархины хоол» гэж нэрлэдэг. Өсвөр насны хүүхдүүд 8-10 цаг унтаж амрах ёстой. Гэлээ ч тэд ийм хугацаагаар унтдаггүй учраас бүрэн нойроо авч чаддаггүй байна.
«Би ачаалал ихтэй үедээ нойр дутуу явдаг. Гэхдээ нойроо сайн авах нь маргаашийг үр бүтээлтэй, жаргалтай өнгөрүүлэхэд чухал байдаг»—Брүклин.
Хувийн зохион байгуулалт сайтай байгаарай. «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» гэж Библид бий (Сургаалт үгс 21:5). Цаг зав, хүч чадлаа зөв зохицуулж сурах нь насан туршид чинь хэрэг болох нэг чухал чадвар юм.
«Сайн төлөвлөгөөтэй байвал стресст орох олон зүйлээс хол байна. Бас юугаа өөрчлөх хэрэгтэйгээ мэдэж авна. Ингэж байж л архаг ядаргаанд орохгүй»—Ванесса.