ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Ичимхий бол яах вэ?
Сөрөг тал: Ичимхий зан нь найз нөхдийн сайхан холбоо тогтооход мөн амьдралын сайн сайхныг мэдрэхэд саад болдог.
Эерэг тал: Ичимхий байх нь тийм ч муу зүйл биш. Ичимхий зантай хүн ярихаасаа өмнө боддог, юмыг сайн ажигладаг, бусдыг анхааралтай сонсдог.
Сайн мэдээ: Ичимхий зантай байлаа гээд болохгүй бүтэхгүй гэсэн үг биш. Энэ зангаа өөртөө сайнаар эргүүлэх боломжтой. Үүний тулд яах хэрэгтэйг энэ өгүүллээр авч үзье.
Юунаас айдгаа олж мэдэх
Ичимхий зантай хүн бусадтай нүүр тулж ярихаас эмээдэг байж болох юм. Үүнээс болж бусдаас хөндийрөх нь бий. Яг л харанхуй өрөөнд орь ганцаараа байгаа мэт аймшигтай санагдаж магад. Гэхдээ гэрэл асаахад айгаад байх зүйл байхгүйг ойлгодог. Үүнтэй адил юу айдас төрүүлээд байгааг эхлээд тодруулах нь зүйтэй. Ичимхий зантай хүмүүсийн санааг нь зовоодог зүйлсээс гурвыг авч үзье.
1. Юуны тухай ярихаа мэдэхгүй байх
Үнэндээ бол, хүмүүс чиний юу ярьсныг бус харин хэрхэн хандсаныг илүү санадаг. Бусдад чин сэтгэлээсээ санаа тавин, анхааралтай сонсож сурах нь айж ичихгүй байхад тустай.
Бодууштай зүйл: Чи ямар хүнтэй найзлах вэ? Ам хуурай байдаггүй хүнтэй юү, эсвэл бусдыг сайн сонсдог хүнтэй юү?
2. Намайг уйтгартай хүн гэж бодох вий хэмээн айх
Үнэндээ бол, ичимхий ч бай, үгүй ч бай хүмүүс чиний талаар ямар нэгэн ойлголттой л байх болно. Өөрийнхөө хэн болохыг бусдад сайтар ойлгуулахыг хичээвэл тэд ч чамайг эергээр дүгнэнэ, чи ч айдсаа ялна.
Бодууштай зүйл: Хүмүүс чамайг буруугаар ойлгоод байгаа юм шиг санагддаг уу? Чи өөрөө тэднийг буруугаар ойлгосон байж ч болох шүү дээ.
3. Хэрэв буруу юм хэлчихвэл хүмүүсийн доог тохуу болох вий гэж айх
Үнэндээ бол, буруу юм хэлчих үе хүн бүрд бий. Тийм үед өөрийгөө төгс гэж боддоггүйгээ бусдад харуулах боломж гэж бодоорой. Тэгвэл айдас төрөх нь бага байна.
Бодууштай зүйл: Өөрсдийнхөө төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүмүүстэй хамт байх чамд таалагддаг биз дээ?
Дашрамд хэлэхэд, зарим хүн мессежээр их харьцдаг болохоороо өөрийгөө ичимхий хүн биш гэж боддог. Харин жинхэнэ найз нөхдийн холбоо биечлэн ярилцаж байж л тогтдог. «Хүмүүс бие биеийнхээ царайг харж, дуу хоолойг сонсож байж л жинхэнэ амьд харьцаа үүсгэдэг» гэж дижитал технологи хүний зан төлөвт хэрхэн нөлөөлдгийг судалдаг сэтгэл зүйч Шерри Тёркл бичжээ. a
Оролдоод үзээрэй
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Заавал нүүрэмгий байх албагүй. Гэхдээ ичимхий зандаа дийлдэхгүйг хичээвэл найз нөхөдтэй болох, шинэ юм мэдэж авахын сайхныг мэдэрнэ.
«Бусадтай ярилцахдаа заавал хөгжилтэй уур амьсгал бий болгох гэж хичээх юм уу, яриа өрнүүлэх гэж хэт чармайх шаардлага байхгүй. Зүгээр л өөрийгөө танилцуулах юм уу энгийн хэдэн асуулт асуухад л болдог»—Алиша
Библийн зарчим: «Харин хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» (Галат 6:4).
Ажигч байгаарай. Нийтэч хүмүүс бусадтай хэрхэн харьцдагийг ажиглан, ямар үед яриа нь сайхан өрнөж, харин ямар үед болж өгөхгүй байгааг анзаараад үзээрэй. Тэдний юуг нь чи дуураймаар байна вэ?
«Хүмүүстэй амархан найзалдаг хүнийг ажиглаад, суралцаж болно. Тэд хүмүүстэй анх уулзаад хэрхэн харьцаж, юу ярьж байгааг нь ажиглах их зүгээр»—Аарон
Библийн зарчим: «Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг» (Сургаалт үгс 27:17).
Асуулт тавиарай. Ер нь хүмүүс санал бодлоо хуваалцах дуртай байдаг болохоор асуулт асуух нь яриа эхлэх сайн арга юм. Энэ нь бусдын анхаарлыг өөр дээрээ татахгүй байхад тустай.
«Бэлтгэлтэй байвал сандрах нь бага. Ямар нэг уулзалтад очихын өмнө хэд хэдэн сэдвийн талаар бодоод асуулт бэлдээд очвол хүмүүстэй танилцахдаа нэг их сандардаггүй»—Алана
Библийн зарчим: «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Филиппой 2:4).
a «Reclaiming Conversation» номоос