Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Муу юм бодохгүйн тулд яах вэ?

Муу юм бодохгүйн тулд яах вэ?

 Чи өөрийгөө юу гэж дүгнэдэг вэ?

  •   Өөдрөг үзэлтэн

     «Би баяр баясгалантай, тайван амьдрахыг хичээдэг. Яагаад өдөр болгон инээмсэглэж болохгүй гэж?»—Валери.

  •   Гутранги үзэлтэн

     «Хэрвээ бүх юм санаснаар бүтчихвэл худлаа байгаа даа, ийм байх ёсгүй дээ гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирдэг»—Ребекка.

  •   Реалист үзэлтэн

     «Хэрэв би өөдрөг үзэлтэн байсан бол санаснаар болохгүй үед сэтгэлээр унана, гутранги үзэлтэн байсан бол дандаа л уруу царайлна. Харин реалист үзэлтэн учраас бүхнийг байгаагаар нь хүлээж авдаг»—Анна.

 Энэ нь яагаад чухал вэ?

 «Хэний зүрх хөгжилтэй байна, түүнд найр наадам үл тасарна» гэж Библид бичжээ (Сургаалт үгс 15:15). Дэмий юм бодож санаа зовохын оронд юмны сайн талыг олж харахыг хичээдэг хүмүүс бусдаас илүү жаргалтай, илүү олон найз нөхөдтэй байдаг. Тэгээд ч дандаа л баргар царайлж явдаг хүнтэй хамт байхыг хэн хүсэх вэ дээ, тийм биз дээ?

 Гэхдээ хэчнээн өөдрөг үзэлтэй байлаа гээд бодит байдлаас зугтах аргагүй. Жишээ нь:

  •   Дайн, терроризм, гэмт хэргийн тухай мэдээ байнга цацагддаг.

  •   Гэр бүлд янз бүрийн асуудал тулгардаг.

  •   Алдаа дутагдалтайгаа тэмцэх хэрэгтэй болдог.

  •   Найз чинь чамайг гомдоож магадгүй.

 Иймэрхүү юм тохиолдвол нүдээ аниад өнгөрөх юм уу санаа зовохын оронд байгаагаар нь хүлээж авахыг хичээгээрэй. Ингэвэл хэтэрхий муугаар бодохгүй, сэтгэлээр унахгүй.

Амьдралын шуургыг давна гэдэгтээ итгэлтэй байгаарай. Шуурга намжиж, тэнгэр цэлмэх нь зайлшгүй

 Яах вэ?

  •   Хүн болгон алддагийг санаарай

     Библид «Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө» хэмээжээ (Номлогчийн үгс 7:20). Чи алдаа гаргаж, буруу юм хийвэл бүтэлгүй амьтан биш, жирийн л хүн гэсэн үг.

     Реалист байхын тулд: Алдаа гаргалаа гэхэд засахыг хичээгээрэй. Гэхдээ төгс биш гэдгээ санаарай. Кэйлэб гэдэг залуу: «Би сэтгэлээр унахгүйн тулд алдаагаа анхаарахгүйг хичээдэг. Харин алдаанаасаа суралцаж, юугаа өөрчлөх хэрэгтэйгээ мэдэж авдаг» гэжээ.

  •   Өөрийгөө бусадтай бүү харьцуулаарай.

     Библид «Бардам зан гаргахгүй, өрсөлдөхгүй, атаархахгүй байцгаая» гэж бий (Галат 5:26). Үдэшлэг уулзалт дээр найзуудынхаа авхуулсан зургуудыг олон нийтийн сүлжээнээс хараад байвал гомдол төрж мэднэ. Яагаад гэвэл хамгийн сайн гэж бодож байсан чинь найзууд чинь чамайг уриагүй болохоор дайсан юм шиг санагдаж магадгүй.

     Реалист байхын тулд: Олон нийтийн арга хэмжээ болгонд чамайг урихгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Түүнээс гадна, бүх юмыг тэр зургуудаар дүгнэх аргагүй шүү дээ. Алексис гэдэг өсвөр насны охин: «Ер нь хүмүүс олон нийтийн сүлжээнд хамгийн гоё зургаа тавьдаг. Бусдыг нь хасчихдаг» гэжээ.

  •   Хүмүүстэй, ялангуяа гэрийнхэнтэйгээ эвтэй байх гэж хичээгээрэй.

     Библид «Боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй бай» гэдэг (Ром 12:18). Чи бусдад юу хийхийг нь зааж чадахгүй. Харин өөртөө зааж чадна. Эвтэй байх уу, үгүй юү гэдэг нь чамаас л шалтгаална.

     Реалист байхын тулд: Танай гэр бүлд үл ойлголцол гарвал гал дээр тос бүү нэмээрэй. Харин бусадтай эвтэй байх гэж хичээдэг шигээ гэрийнхэнтэйгээ ч эвтэй байгаарай. Мелинда гэдэг өсвөр насны охин: «Төгс хүн гэж байхгүй. Бид бүгдээрээ л эрт орой хэзээ нэгэн цагт бие биеэ гомдоох нь ойлгомжтой. Ийм үед эелдэг байж чадах уу, үгүй юү гэдгээс бүх юм шалтгаална» гэжээ.

  •   Талархаж сураарай.

     Библид «Үргэлж талархаж бай» гэсэн байдаг (Колосай 3:15). Талархах сэтгэлтэй хүн аливаа юмыг болж бүтэхгүй талаас нь хардаггүй. Харин болж бүтэж байгаа юмыг л анхаардаг.

     Реалист байхын тулд: Бэрхшээл тохиолдвол тоохгүй байж ч болохгүй, хэтэрхий эмзэглэх ч хэрэггүй. Нөгөөтээгүүр, амьдралд чинь тохиолдсон сайн сайхан зүйлийг олж харж байгаарай. Ребекка гэдэг бүсгүй: «Би тэмдэглэлийн дэвтэр дээрээ өдөр бүр нэг сайн юм бичдэг. Миний амьдралд сайн сайхан юм зөндөө байгааг мартахгүй байхыг хүсдэг» гэжээ.

  •   Ямар хүнтэй нөхөрлөдгөө бодож үзээрэй.

     Библид «Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» гэж байдаг (1 Коринт 15:33). Найзууд чинь шүүмжлэх дуртай, хардаж сэрддэг, танхай балмад бол чи бас тэдэн шиг муу хандлагатай болно шүү.

     Реалист байхын тулд: Найзууд чинь ч уйтгар гунигт автаж, зовж шаналдаг. Тэдэнд чадах ядахаараа тусалж байгаарай. Гэхдээ тэдний зовлонгоос болж хэтэрхий их шаналах хэрэггүй. Мишель гэдэг бүсгүй: «Дандаа л гомдоллож, гонсойж явдаг хүнтэй үргэлж хамт байхаас зайлсхийх хэрэгтэй. Хоёр сөрөг тоог нэмбэл нийлбэр нь бүр их сөрөг тоо гардаг биз дээ?» гэжээ.

 Өөдрөг байхад тустай материал уншиж судлаарай

 Бидний амьдарч буй цаг үеийг Библид «илүү хэцүү цаг» гэсэн байдаг (2 Тимот 3:1). Эргэн тойронд дандаа л бэрхшээл, зовлон байдаг болохоор өөдрөг байхад хэцүү санагддаг уу? «Хүн яагаад ингэж их зовдог вэ?» гэсэн гарчигтай өгүүллийг уншаарай.