Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Бид зүгээр л найзууд уу? Эсвэл бие биедээ сайн уу?—2-р хэсэг: Би буруу ойлголт төрүүлээд байгаа юм биш биз?

Бид зүгээр л найзууд уу? Эсвэл бие биедээ сайн уу?—2-р хэсэг: Би буруу ойлголт төрүүлээд байгаа юм биш биз?

 Ер нь чи найзуудаа яръя гэхэд дуртайяа сонсдог. Сүүлийн үед чи нэг найзтайгаа байнга ярьдаг болоод байгаа. Харин тэр найз чинь эсрэг хүйсийн хүн. «Бид хоёр зүгээр л найзууд» гэж чи бодно. Нөгөө хүн маань ч бас тэгж бодож байгаа байх гэж чи найдна. Энэ талаар нухацтай бодох хэрэгтэй юм биш биз?

 Юу болж магадгүй вэ?

 Эсрэг хүйсийн найзтай байх нь буруу биш ээ. Гэхдээ чи хэн нэгнийг бусдаас илүү анхаараад байвал юу болох вэ? Нөгөө хүн чинь чамайг өөрт нь талтай юм байна гэж дүгнэхэд хүрнэ.

 Чи ийм ойлголт төрүүлэхийг хүсэхгүй биз дээ? Ийм ойлголт төрүүлж болох зарим тохиолдлыг ярилцъя.

  •   Эсрэг хүйсийнхээ хэн нэгэнд хэт их анхаарал тавьдаг бол.

     «Чи бусдын сэтгэл зүрхийг хянаж чадахгүй. Бид жирийн л найзууд гэсэн хэрнээ гал дээр тос нэмж байгаа юм шиг дахин дахин уулзаад, утсаар яриад байж болохгүй шүү»—Сьерра.

  •   Эсрэг хүйсийн хүн анхаарал тавихад нүүр өгдөг бол.

     «Нэг охин над руу өөрөө эхлээд мессеж бичдэг байлаа. Би тэр болгонд нь хариулаад л байдаг байсан. Эцэст нь нөгөө охиндоо хоёулаа зүгээр л найзууд шүү дээ гэж хэлэхэд их хэцүү байсан»—Ричард.

  •   Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах гэж оролддог бол.

     «Зарим хүн сээтгэнэхийг юман чинээ боддоггүй. Тийм хүмүүс үерхэх бодолгүйгээр хүний сэтгэлээр тоглодог. Үүнээс болж сэтгэл нь шархалсан олон хүнийг харсан»—Тамара.

 Хамгийн гол нь: Байнга холбогдож анхаарал халамж тавиад байвал чи надад таалагдаж байна гэсэн буруу ойлголт төрүүлнэ.

 Яагаад ноцтой асуудал вэ?

  •   Бусдын сэтгэлийг өвтгөнө.

     Библид ингэж байдаг: «Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг» (Сургаалт үгс 13:12). Эсрэг хүйсийн хүн аятайхан хандаад байвал чамд ямар санагдах вэ?

     «Загас барьчихаад усанд нь буцааж тавихгүй дэгээнд зоолттой байлгаад байвал загас их өвдөнө. Үүнтэй адилаар болзох сонирхолгүй хэрнээ харьцаад яваад байвал нөгөө хүнээ их зовооно»—Жессика.

  •   Чи нэр хүндгүй болно.

     Библид ингэж байдаг: «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Филиппой 2:4). Зөвхөн өөрийгөө л боддог хүнийг чи ямар зан чанартай гэж үзэх вэ? Ийм хүн сайн нэртэй байх уу?

     «Охидтой сээтгэнэдэг хөвгүүнд би дургүй. Сээтгэнэдэг хүн ханьдаа яаж үнэнч байх вэ дээ! Өөрийгөө бусдаас илүү гэж харагдуулахын тулд хүний сэтгэлээр тоглож байгаа үнэхээр хувиа хичээсэн хэрэг»—Жулиа.

 Хамгийн гол нь: Дотносож үерхэх бодолгүй хэрнээ сонирхож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлбэл хүнийг ч, өөрийгөө ч зовооно.

 Яах нь зүйтэй вэ?

  •   Библид «залуу эрчүүдийг ах дүү шигээ» бас «залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж ариун сэтгэлээр харьц» гэж байдаг (1 Тимот 5:1, 2). Хэрэв чи энэ зарчмыг баримталдаг бол эсрэг хүйсийнхээ хүнтэй найз байж чадна.

     «Хэрэв би гэрлэвэл бусдын нөхөртэй сээтгэнэхгүй. Одоо ганц бие байхдаа эсрэг хүйсийн хүнтэй зөв харьцаад сурчихвал хожим надад хэрэгтэй»—Леа.

  •   «Үг олшроход нүгэл зайлшгүй» гэж Библид байдаг (Сургаалт үгс 10:19). Энэ зарчим үг яриагаа бодож цэгнэхээс гадна мессеж бичихтэй ч холбоотой. Ямар утгатай мессежийг хэр олон удаа явуулж байгааг анхаараарай.

     «Тэр охиндоо үерхэх санал тавихгүй юм бол өдөр бүр мессеж бичээд байх хэрэггүй»—Брайн.

  •   «Дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн юуны түрүүнд ариун» гэж Библид байдаг (Яаков 3:17). Хар буруу саналгүй тэврэхэд хүртэл буруугаар ойлгож болох юм.

     «Би бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхгүйгээр нөхөрсөг харьцдаг»—Мариа.

 Хамгийн гол нь: Эсрэг хүйсийн хүнтэй хэрхэн харьцаж байгаагаа сайтар нягталж үзээрэй. «Сайхан нөхөрлөлийг бий болгоход амаргүй учир буруу сэтгэгдэл төрүүлэн найзыгаа алдахыг хүсэхгүй биз дээ» гэж өсвөр насны Женнифер хэлжээ.

 Зөвлөгөө

  •   Бусдын хэлж байгаа үгийг анхаараарай. Хэрэв хэн нэгэн чамаас «Чи түүнтэй болзож байгаа юм уу?» гэж асуувал та хоёр хэтэрхий дотно болсныг илтгэнэ.

  •   Эсрэг хүйсийн хүнтэй жирийн найзын хүрээнд л харьцаарай. Хэн нэгэнд онцгойлон анхаарал бүү хандуулаарай.

  •   Мессеж бичихдээ хэр олон удаа, ямар агуулгатай, өдрийн аль цагт явуулж байгаа гэх мэтээ анхаараарай. «Эсрэг хүйсийн хүн рүү шөнө дунд мессеж явуулах ямар ч шаардлагагүй» гэж Алиса охин хэлжээ.