Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Сошиалд алдартай байх нь чухал уу?

Сошиалд алдартай байх нь чухал уу?

 Элэйн гэдэг охин: «Сошиалд зуу зуун дагагчтай ангийнхнаа хараад би “Хөөх! Ямар их алдартай юм бэ!” гэж бодсон. Үнэндээ бүр атаархсан шүү» гэжээ.

 Чамд ч ингэж санагдаж байсан уу? Тийм бол энэ өгүүлэл сошиал орчинд алдар нэр хөөцөлдөх аюулаас сэргийлэхэд чинь тустай.

 Ямар аюултай вэ?

 Сургаалт үгс 22:1-д «Сайн нэр нь агуу баялгаас ч дээр» гэж байдаг. Тиймээс сайн нэртэй байх, хүмүүст таалагдахыг хүсэх нь буруу биш ээ.

 Гэхдээ зарим хүн энэ хүсэлдээ хэт автан алдар нэрийн хойноос хөөцөлддөг. Ингэх нь аюултай болов уу? 16-тай Оняа «Тийм» гэсэн.

 «Нэр алдартай болохын тулд хүмүүс юу ч хийхээс буцдаггүй. Манай сургуулийн нэг хүүхэд сургуулийн хоёр давхраас үсэрсэн гээд бод доо!»

 Зарим хүн үе тэнгийнхнийхээ анхаарлыг татахын тулд аюултай юм хийж байгаа бичлэгээ интернэтэд тавьдаг. Жишээ нь олон хүүхэд угаалгын нунтагтай капсул идэж байгаа бичлэгээ интернэтэд тавьсан. Ийм юмыг хүн иднэ гэж үү?

 Библид ингэж байдаг: «Юуг ч ... сагсуурах гэсэн дэмий хүслээр бүү хий» (Филиппой 2:3, «Good News Translation»).

 Бодож үзээрэй:

  •   Чи сошиалд алдартай байхыг хэр чухалд үздэг вэ?

  •   Үе тэнгийнхнийхээ анхаарлыг татаж тэдэнд тоогдохын тулд чи эрүүл мэнд, амь насаа хохироох уу?

 «Алдартай хүний дүр эсгэх»

 Нэр алдартай болох гэсэн бүх хүн аюултай юм хийдэг гэсэн үг биш. Зарим нь өөр арга хэрэглэдэг талаар 22-той Эрика ийнхүү хэлжээ.

 «Зарим хүн зургуудаа олон нийтийн сүлжээнд зогсоо зайгүй тавьдаг. Тиймээс үүнийг харсан хүнд яасан олон найзтай юм бэ гэж бодогддог. Иймэрхүү байдлаар алдартай хүний дүр эсгэдэг».

 15-тай Карагийн хэлснээр алдартай хүн болж харагдахын тулд заль хэрэглэдэг хүн ч бий.

 «Зарим хүн хуурамч зураг тавьдаг юм билээ. Жишээ нь гэртээ байгаа хэр нь үдэшлэгт байгаагаар харуулсан зураг тавьчихсан байсан».

 22-той Мэтью бас ийм юм хийж байснаа хэлсэн.

 «Нэг удаа би зураг тавиад доор нь Эверест ууланд гэж биччихсэн. Үнэндээ бол би Азийн ямар ч улсад хөл тавьж үзээгүй хүн шүү дээ».

 Библид ингэж байдаг: «Бид үргэлж шударга байхыг хүсдэг» (Еврей 13:18).

 Бодож үзээрэй:

  •   Чи нэр алдартай болохын тулд худлаа юм постолж байсан уу?

  •   Чиний тавьсан зураг, бичсэн коммент чамайг хэн болохыг, юунд итгэдгийг чинь үнэнээр нь харуулдаг уу?

 Дагагч, лайкийн тоо чухал уу?

 Олон хүн сошиалд алдартай болохын тулд аль болох олон дагагчтай байхыг, олон лайк цуглуулахыг чухал гэж боддог. Дээр дурдсан Мэтью бас ийм бодолтой байсан байна.

 «Би хүмүүсээс “Чи хэдэн дагагчтай вэ?”, “Хамгийн дээд тал нь хэдэн лайк цуглуулж байсан бэ?” гэж асуудаг байв. Дагагчийнхаа тоог нэмэхийн тулд таньдаг танихгүй бүх хүнийг дагаад тэд эргээд намайг дагах байх гэж горьддог байсан. Би нэр алдарт шунан дурлаж, харин олон нийтийн сүлжээ шуналын дөлийг маань улам бадраасан».

Сошиалд алдартай болохыг шим тэжээлгүй юм идэхтэй зүйрлэж болно. Тухайн үед гоё санагдсан ч үнэндээ ямар ч ашиггүй

 25-тай Мариагийн анзаарснаар зарим нь цуглуулсан лайк, дагагчийнхаа тоогоор өөрсдийгөө дүгнэдэг.

 «Жишээ нь охид селфигээ олон нийтийн сүлжээнд тавьтал цөөхөн хүн түүнд нь лайк дарвал өөрсдийгөө царай муутай гэж дүгнэдэг. Энэ нь утгагүй хэрэг шүү дээ! Гэхдээ харамсалтай нь олон хүн ийм дүгнэлтэд хүрдэг. Үнэндээ тэд өөрөө өөрсдийгөө доош нь чихдэг гэсэн үг шүү дээ!»

 Библид ингэж байдаг: «Бардам зан гаргахгүй, өрсөлдөхгүй, атаархахгүй байцгаая» (Галат 5:26).

 Бодож үзээрэй:

  •   Олон нийтийн сүлжээнээс болж чи өөрийгөө бусадтай харьцуулдаг уу?

  •   Чи жинхэнэ найзуудтай болохоос илүү олон дагагчтай болохыг чухалчилдаг уу?