Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Интернэтэд зургаа постлох талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Интернэтэд зургаа постлох талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

 Амралтаа ямар гоё өнгөрөөж байгаагаа чи найз нартаа хэлэхийг хүслээ гэж бодъё! Ямар аргаар хэлэх вэ?

  •  А. Найз болгондоо ил захидал илгээнэ.

  •  Б. Бүх найзууддаа мэйл явуулна.

  •  В. Интернетэд зургаа тавина.

 Өвөө эмээ чинь залуу байх үед магадгүй «А» хариулт тэдний цорын ганц сонголт байсан байж болох юм.

 Харин аав ээж чинь залуу байхдаа «Б» аргыг ашиглаж болох байсан байх.

 Гэхдээ орчин үеийн бараг бүх хүүхэд залуучууд интернетэд зургаа тавих «В» аргыг ашигладаг болсон. Чи бас тэгэх үү? Хэрэв тийм бол, зарим нэг аюулаас зайлсхийхэд энэ өгүүлэл чамд туслана.

 Ямар давуу талтай вэ?

 Хурдан. «Гоё газраар аялах юмуу найзуудтайгаа цагийг сайхан өнгөрүүлж байхдаа зургаа аваад шууд постолж чаддаг.»—Мелони.

 Хялбар. «Постолсон зургийг нь хараад л найзуудаа ямар байгааг амархан мэдэж чаддаг. Мэйл ашигласнаас хамаагүй амар байдаг.»—Жордан

 Байнга холбоотой байдаг. «Гэрийнхэн, найзуудын маань зарим нь хол газар амьдардаг ч зургаа байнга интернетэд тавьдаг болохоор өдөр бүр уулздаг юм шиг л санагддаг!»—Карон

 Юунаас болгоомжлох хэрэгтэй вэ?

 Өөрийгөө аюулд оруулж магадгүй. Зургийн камерь чинь байршил тогтоогч функцтай бол зургаа интернетэд тавихад бусад хүмүүс чиний хүсээгүй мэдээллийг бас мэдэж болох юм. «Тодорхой байршлын мэдээлэл бүхий зураг болон материалыг интернетэд тавибал зарим хүн буруу зорилгоор мөрдөгч програм ашиглан байгаа газрыг чинь олох боломжтой» гэж «Дижитал Трэндс» сайтад мэдээлсэн байна.

 Мэдээж чиний байхгүй байгаа газрыг илүү сонирхдог гэмт хэрэгтнүүд ч бас байдаг. «Дижитал Трэндс» сайтад бичсэнээр, нэг удаа гурван хулгайч эзгүй байсан 18 айлыг ухсан хэрэг гарсан байна. Хулгайч нар тэдгээр айлуудын эзгүй байгааг яаж мэдсэн юм бол? Тэд хүмүүсийн хаана явж байгааг онлайнаар мөрдөх киберкэйсин хэмээх технологийг ашигласан байна. Ийм аргаар 100000 гаруй америк доллар(ойролцоогоор 276 сая төгрөг)-ын эд зүйлийг хулгайлан оджээ.

 Эвгүй сэтгэгдэл төрүүлэх зүйл харах аюултай. Өнөө үед ичиж зовохоо мэдэхгүй ямар ч хамаагүй зургаа постолдог хүмүүс олон болжээ. Өсвөр насны Сэра: «Танихгүй хэрэглэгчийн хаягаар хэсэх нь маш аюултай. Яг л газрын зураг ч үгүй хэрнээ танихгүй хотоор тэнэж байгаатай адил. Явж явж ерөөсөө хүсээгүй газраа хүрэх магадлал маш өндөр байдаг» гэж хэлжээ.

 Цагаа алдах аюултай. «Шинээр тавьсан юм үзэж, үлдээсэн сэтгэгдэл болгоныг нь уншсаар байгаад бүр амтанд нь орчихдог. Дараа нь зав л гарвал гар утсаа гаргаж ирээд шинэ юм үзэх гээд байдаг болчихдог» хэмээн Ёоланда гэдэг залуу эмэгтэй ярив.

Зураг постолдог сайт ашигладаг бол чамд биеэ барих чадвар заавал хэрэгтэй

 Өсвөр насны Сомэнда: «Миний хувьд зураг постолдог сайт ашиглах цагаа хязгаарлах хэрэгтэйгээ ойлгосон. Тийм сайтад хаяг нээе гэвэл өөрийгөө захирах чадвар заавал хэрэгтэй юм билээ» гэжээ.

 Туршаад үзээрэй

  •   Зохисгүй юмыг үзэж харахгүй байхаар шийдээрэй. Библид ингэж байдаг. «Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй» (Дуулал 101:3).

     «Би дагадаг хүмүүсийнхээ сайтад тавьсан юмыг тогтмол шалгадаг. Хэрвээ зохисгүй зүйл тавьсан хүн байвал түүнийг дагахаа больдог» —Стивен.

  •   Чиний баримталдаг ёс суртахууны хэм хэмжээг үл тоодог, өөр зүйлийг үнэлж эрхэмлэдэг хүмүүсээс зайлсхийгээрэй. Библид ингэж байдаг. «Бүү мэхлэгд. Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» (1 Коринт 15:33).

     «Алдартай юм чинь гээд л хэн нэгнийг бүү дагаарай. Эс бөгөөс бүдүүлэг үг хэллэг, садар самуун юмуу эвгүй сэтгэгдэл төрүүлэх зүйлтэй амархан учирч мэднэ»—Жессика.

  •   Зураг постолдог сайтыг ашиглах хугацаагаа, мөн зураг тавих тоогоо хязгаарлаарай. Библид ингэж байдаг. «Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга. Цагаа зөв ашигла» (Эфэс 5:15, 16).

     «Ямар ч хэрэггүй зургийг дэндүү их постолдог хүмүүсийг би дагахаа больсон. Жишээ нь, далайн эрэг дээр очоод яг адилхан хясааны зураг 20 ширхэгийг аваад постолж байна гээд боддоо. Дэндүү байгаа биз? Тэр бүгдийг нь үзье гэвэл үнэхээр их цаг алдах болно!»—Ребека

  •   Хүмүүст зөвхөн өөрийгөө л боддог гэсэн ойлголт бүү төрүүлээрэй. Библийн бичээч Паул: «...би та бүхэнд үүнийг хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж бүү бод» гэж хэлжээ (Ром 12:3). Бүх найзууд чинь чамайг юмуу хийсэн зүйлийг чинь сонирхоно гэж бүү бодоорой.

     «Зарим хүн өөрийнхөө зургийг аваад байнга л постолж байдаг. Найзууд л юм бол царайг нь сайн мэддэг болохоор зогсоо зайгүй сануулах хэрэг байхгүй ш дээ!»—Эллисон.