ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ
Хорхой хүргэм зүйлийг хэрхэн эсэргүүцэх вэ?
Элч Паул: «сайныг хийхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг» хэмээн бичжээ (Ром 7:21). Чамд ч бас ийм бодол төрдөг үү? Хэрэв тийм бол буруу хүслээ даран хорхой хүргэм зүйлийг эсэргүүцэхэд энэ өгүүлэл тус болно.
Юу мэдэх хэрэгтэй вэ?
Хорхой хүргэм зүйл болон үе тэнгийнхний дарамт шахалт зоосны хоёр тал гэлтэй. «Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» гэж Библид байдаг (1 Коринт 15:33). Хэвлэл мэдээлэл болон эргэн тойрныхноос болж янз бүрийн хүсэл хүнд төрдөг. Энэ нь цаашлаад хорхой хүргэм зүйлд уруу татаж, бүр «олныг дагаж муу юм хийх» аюулд хүргэж болзошгүй (Египетээс гарсан нь 23:2).
«Бусдад таалагдах гэсэн хүсэл тэднийг даган дуурайж юу ч хийхэд хүргэж болзошгүй»—Жереми
Бодууштай зүйл: Хүмүүс намайг юу гэж бодох бол гэж хэтэрхий санаа зовбол хорхой хүргэм зүйлийг эсэргүүцэхэд хэцүү болдог (Сургаалт үгс 29:25).
Хамгийн гол нь, үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад автан ёс суртахууны хэм хэмжээгээ бүү сулруулаарай.
Яах нь зүйтэй вэ?
Итгэл үнэмшилдээ эзэн нь байгаарай. Хэрэв итгэл үнэмшлээ өөрийн болгоогүй бол утсан хүүхэлдэйнээс өөрцгүй юм. «Аливаа юмны зөв эсэхийг магадал. Сайнаас зуур» гэсэн Библийн зөвлөгөөг дагах нь их тустай (1 Тесалоник 5:21). Итгэдэг зүйлээ ойлгож мэдэхийн хэрээр итгэлийнхээ дагуу амьдрахад, хорхой хүргэм зүйлийг эсэргүүцэхэд амар болно.
Бодууштай зүйл: Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээ нь бидний сайн сайхны төлөө гэдэгт итгэхийн учир юу вэ?
«Ямар ч үед итгэл үнэмшилдээ үнэнч байж, хорхой хүргэм зүйлд уруу татагдахгүй байвал хүмүүс илүү их хүндэлдэг юм байна лээ»—Кимбэрли
Үлгэр дуурайл болсон Библийн баатар: Даниел өсвөр настай байхаасаа Бурхны хууль тушаалыг чанд баримтлахаар «сэтгэлдээ шийдсэн» юм (Даниел 1:8).
Сул талаа мэдэх нь: Библид «залуу насны хүсэл тачаал»-ын тухай бичсэн байдаг (2 Тимот 2:22). Энэ нь ялангуяа бага залуу байхад хүчтэй оргилдог. Зөвхөн бэлгийн дур хүслээс гадна өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх мөн эцэг эхээсээ хараат бус байх гэсэн хүсэл ч багтана.
Бодууштай зүйл: Библид «Харин хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог» гэж бичсэн байдаг (Яаков 1:14). Чи юунд илүү уруу татагдах гээд байдаг вэ?
«Юунд амархан уруу татагддагаа мэдэж аван өөрөө өөртөө шударгаар хандах хэрэгтэй. Хэрхэн эсэргүүцэх талаар судалж, хэрэг болох зүйлийг тэмдэглэн авч болох юм. Энэ нь сорилт тулгарвал хэрхэн эсэргүүцэхээ мэдэхэд тустай»—Силвиа
Үлгэр дуурайл болсон Библийн баатар: Давид заримдаа бусдын дарамт шахалт, тэр байтугай өөрийн муу хүсэлдээ ч автаж байсан. Гэсэн хэдий ч тэрээр алдаанаасаа суралцаж, давтахгүйг хичээдэг байв. Тиймээс Давид: «Миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» хэмээн Еховад залбирчээ (Дуулал 51:10).
Нөхцөл байдлыг гартаа ав. «Бузар мууд бүү дийлд. Харин бузар мууг сайнаар дийлж бай» гэж Библид бичжээ (Ром 12:21). Энэ нь хорхой хүргэм зүйлд дийлдэж өөрийгөө хохироолгүй харин биеэ зөв авч яван сайныг үйлддэг хүн байх боломжтой гэсэн үг юм.
Бодууштай зүйл: Уруу татагдвал ямар үр дүнд хүрэх бол? Сайнаар дуусах болов уу, саараар дуусах болов уу?
«Хорхой хүргэм зүйлд уруу татагдаад буруу юм хийчихвэл ямар санагдах бол гэж би боддог. Сайхан байх болов уу? Магадгүй л юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сайхан санагдсан хэвээрээ байх болов уу? Мэдээж үгүй, түр зуурынх юм чинь. Бодох тусам муухай санагдана. Тийм байдалд орохыг хэн хүсэх билээ!»—Софиа
Үлгэр дуурайл болсон Библийн баатар: Паул буруу хандлагатай байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ тэрээр уг хандлагадаа автахгүйн тулд өөрийгөө боол мэт чанд сахилгажуулдаг байснаа тэмдэглэн үлдээжээ (1 Коринт 9:27).
Хамгийн гол нь, машиныг жолооч нь л залдгийн адил хорхой хүргэм зүйлтэй тулгарахад яах эсэхээ хүн өөрөө л шийддэг.
Хорхой хүргэм зүйлс түр зуурынх. 20 нас хүрч яваа Мелиса: «Ахлах сургуульд байхад сонирхлыг минь учиргүй их татдаг байсан зүйлс одоо эргээд харахаар шалихгүй юм л байдаг юм» хэмээн ярьжээ. Мөн тэрээр: «Ингээд бодохоор одоо хорхой хүргээд байгаа зүйлс ч удахгүй сонирхол татахаа болино. Тэсээд гарсан нь ёстой болж гэж бодогдох өдөр ирнэ дээ» гэсэн юм.